Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

Д.Б-д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                  Б.Батзориг

                                          Шүүгчид                                Г.Давааренчин                                  

                                                                                Д.Буянжаргал

                                

                                     Оролцогчид

                                      Прокурор                                Т.Нансалмаа

                                      Шүүгдэгчийн  өмгөөлөгч     Г.Амартүвшин

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Д-гийн Б-д холбогдох эрүүгийн 1802003440020 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 3-22 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй НН овогт Д-гийн Б-д /РД: ИФ84022518/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Bottom of Form

 

 

Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Н овогт Д-гийн Б-г мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хууль бусаар ашигт малтмал олборлох” үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н овогт Д-гийн Б-д 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Б-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Б энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар ялтан Д.Б-гээс 48.000.000 /дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн 75-38 УБӨ улсын дугаартай тоёота приус маркийн машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжтэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Ялтан Д.Б-д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/шцт/119 дугаартай шийтгэх тогтоолоор үйлчлүүлэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж 1 хугацаагаар хорих ял оногдуулан, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар Д.Б-гээс 48000000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж 75-38 УБӨ улсын дугаартай т.приус маркийн авто машиныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд ...гомдолтой байна. ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байсаар байтап шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хуулийг мушгин гуйвуулж заавал шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах байр суурьтай байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай үйлчлүүлэгч Д.Б-гийн хувьд мөрдөн байцаалтын явцад байгаль орчимд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл байгаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь эрүүгийн хуулийн зорилтод нийцэхээр байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...миний бие дээрхи гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Мөн миний үйлдсэн гэмт хэргийн улмас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.Бусдад төлөх төлбөргүй байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.  ...Миний үйлдсэн хэгээс болж ар гэр ахуй амьдрал маань дордож мөн том охинд маань эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон тул энэхүү нөхцлийг харгалзан үзэж ялыг хөнгөлж тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Гэрээ хийсний үндсэнд энэхүү хоёр давж заалдах гомдлын Д.Б-гийн гараар бичсэн давж заалдах гомдлыг дэмжиж энэхүү шүүх хуралд оролцож байна. .. Д.Б-гийн гараар бичсэн давж заалдах гомдолд “... үйлдсэн хэргийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага охин нь 1 нас 10 сартай, дунд охин 5 нас 4 сартай, том охин Б.Нарансолонго нь үений үрэвсэл өвчний улмаас байнгын эмчилгээнд байдаг. Эхнэр нь охиноо асардаг, цаашид эмчилгээ хийх шаардлагатай байх тул надад оногдуулсан 01 жилийн ялыг тэнсэж өгнө үү ...” гэсэн гомдлыг гаргасан. Гомдолдоо охины эмчилгээний баримтууд, ээжийнх нь асаргаа, эмчийн тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс нэмж хэлэхэд анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалд эрэл хайгуул хийх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Иймд 48.000.000 төгрөг гаргуулсан. Эрэл хайгуул хийх гэмт хэрэгт тооцоход тухайн экскаваторыг ашигласан байдал нь эхлээд эрэл хайгуул хийж, дараа нь олборлох гэмт хэрэг үйлдэхдээ экскаваторыг ашиглах боломжтой. Олборлох нь байхгүй болсон тул хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Д.Б-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь өөрөө хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                               

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, харин “хууль бусаар ашигт малтмал олборлох” үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 01 жилийн хорих ял оногдуулан, уг ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Д.Б-д холбогдох эрүүгийн 1802003440020 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Д.Б нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Э /хх-ийн 25-28-р ху/, гэрч Ц.С /хх-ийн 40-41-р ху/, Д.З /хх-ийн 49-50-р ху/, У.У /хх-ийн 51-52-р ху/, Б.Б /хх-ийн 53-54-р ху/, нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Д.Б-гийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, /2хх-н 29-40-р ху/ Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №1/29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-89-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн давж заалдсан гомдол, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр түүний давж заалдсан гомдлыг дэмжин гаргасан тайлбар болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж  үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/19 дугаартай  шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад дараах байдлаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:

 

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Д.Б-г нэгдсэн бүртгэлд хамруулж, түүний сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийж байхыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

 

3 дугаар заалтыг

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ