Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бямбасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003440020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 3-22 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ноёд овогт Даваасүрэнгийн Бямбасүрэн РД: /ИФ84022518/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Бямбасүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Эрдэнэ-Очирын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинэ гурвалжин ХХК Д.Бямбасүрэнгийн хариуцсан уурхайн улмаас 2.831.832 төгрөг гарсан, нөхөн сэргээлт хийх зардал нь 989.772 төгрөгийг хуулийн дагуу зохих байгууллагаар нь төлүүлж хамгийн гол нь эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Гэрч Ц.Саруултөгсийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд яг эзэмшсэн мэргэжилгүй боловч багаасаа хувиараа алт олборлоод ажиллаж явсан болохоор GPS дээр ажилладаг, координатын цэг тавиад түүнийг зурган дээр буулгаад сурчихсан юм. 2018 оны хавар миний танил Төмөрбат /утас:99870712/ надтай уулзаад миний таньдаг хүний найз нь хайгуул хийх гээд байгаа юм байна, тэр хүнд GPS дээр ажилладаг, координатын цэг тавиад явах хүн хэрэгтэй гэнэ, 1 сарын цалин нь 1,5-2,0 сая төгрөг гэнэ, чи ажиллах юм уу, хэрэв ажиллана гэвэл би чамд тэр хүний утасны дугаарыг өгье” гэхээр зүгээр байж байхаар ажил хийнэ гээд зөвшөөрөөд Төмөрбат ахаас тэр хүнийнх нь утасны 98095009 дугаарыг аваад ярихад Д.Бямбасүрэн гэж хүн байсан ба бид нар одоо талбай руугаа нүүж байна, талбай дээрээ очих арай болоогүй байна, талбай дээрээ очоод чамайг дуудъя гэж хэлсэн. Д.Бямбасүрэнтэй би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үед ярьсан. Тэгээд хүлээгээд байж байтал 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үед Д.Бямбасүрэн над руу утсаар яриад бид нар талбай дээрээ нүүгээд ирчихлээ, чи хүрээд ирэх үү гээд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд хүрээд ир гэж хэлсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр замын машинд дайгдаад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төв орсон ба Д.Бямбасүрэн намайг тосож аваад Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Ерөө сумын Бугант тосгоны хилийн заагт байрлах 16-н даваа гэх нэртэй газарт шөнө очсон. Намайг тэнд очиход Д.Бямбасүрэн кемп гээд 6 гэр барьчихсан байсан ба олборлолт, хайгуул явуулж эхлээгүй байсан. Маргааш өглөөнөөс нь буюу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс би Д.Бямбасүрэнгийн тусгай зөвшөөрөл дээр байсан 6 цэгийг нь тавьж талбайн зах буланг нь тогтоож өгсөн юм. Тэр өдрөө шууд ажил эхлээгүй ба ажил хийх шатахуун түлш байхгүй гээд хэсэг байж байгаад 2018 оны 06 сарын 24- ний өдрөөс ажиллаж уг газарт алт байгаа эсэхийг тогтоох зорилгоор шруп тавьж эхэлсэн. Уг газар нь эхний 2 метр орчим давхарга нь намагтай, түүнээс хойш 6 метр орчим давхарга нь лаг шавартай байсан ба шрупээ тавьж чадахгүй 1 экскаватороо шаварт суулгаад 3,4 хонож байж гаргаж авсан. Уг газар нь бага талбайд шруп тавьж ухалт хийхээр экскаватор шаварт суугаад байсан тул талбайгаа томруулж газар ухахаар ярилцаад өмнөх экскаватор дээрээ нэмж 1 экскаватор, нийт 2 экскаватор ажиллуулж хөрс хуулалтыг хийж эхлэх гэтэл шавраас гаргаж ирсэн экскаваторын мотор цохиод ажиллахаа больсон, тэгээд үлдсэн нэг экскаватороор 2018 оны 06 сарын 28-ны өдрөөс 06 сарын 29-ний өдөр ажиллаж байтал гидер нь ажиллахаа болиод бүр ажил зогссон. Тэгээд 2018 оны 06 сарын 30-ны өдөр ажил хийхгүй амарсан ба маргааш нь буюу 2018 оны 07 сарын 01-ний өдөр танай байгууллагаас шалгалт ирсэн. Тэнд ажиллаж байсан хүмүүсийг Д.Бямбасүрэн хариуцаж ажиллуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ Гэрч Ч.Найдандоржийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Бямбасүрэн гэдэг хүнийг танихгүй манай компанид тийм хүн байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулаагүй Гахайт гэх газар нь хаана байдаг болохыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/ Гэрч Д.Нямсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Бямбасүрэн одоо Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байгаа. Одоо 98880612 дугаарын утастай байгаа. Манай аав Даваасүрэн, ээж Лхамаажав нар надтай хамт Улаанбаатар хотод амьдардаг. Даваасүрэнгийн утас 98116129, ээжийн утас 99776673. 81-06 УНЗ улсын дугаартай автомашин миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/ Гэрч Д.Заяабадрахын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагаас Баасанжаргалын Батхолбоо нь 2017 онд 1700-24 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27-27УН улсын дугаартай эксковатор барьцаалж 15,000,000 төгрөгийн зээл авсан ба эксковатороо манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ Гэрч У.Ууганбаатарын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Бямбасүрэн гэдэг хүнийг танина. 2018 оны 06 сард намайг ажил дээрээ байхад хотоос мод авахаар ирээд надтай уулзаж танилцаж байсан, тухайн үедээ манай суманд явж байсан ба тэндээс экскаватор түрээслэх хүн байна уу гэж асуухаар нь өөрийн танил Б.Батхолбоо гэх залууг зааж өгч утсыг нь өгсөн ба тухайн үед Б.Батхолбоо нь Хүдэр суманд техникийн засвар үйлчилгээ хийж өгнө гэсэн явж байхад нь Д.Бямбасүрэнд зааж өгсөн. Би Б.Батхолбоотой нэг аймгийн гэдгээрээ 2008 оноос хойш бие биенийгээ мэдэх найз нөхдийн холбоотой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/ Гэрч Б.Батхолбоогийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сайн танихгүй, У.Ууганбаатараар дамжуулан 2018 оны 06 сарын 22-нд анх уулзаад 23-нд нь өөрийнхөө машин техникийг үзүүлж түрээслэхээр ярьж тохирсон юм, тухайн үед миний техникүүд эвдрэлтэй засвар үйлчилгээ хийх ажилтай байгааг хэлсэн ба надаас сарын 18 сая төгрөгөөр түрээслэхээр амаараа ярьж тохирсон юм. Надад Д.Бямбасүрэн нь урьдчилгаа гээд 6.800.000 төгрөгийг өгч үүнийгээ техникийн засвар үйлчилгээнд ашиглахаар болсон юм. Би уг мөнгийг 2018 оны 06 сарын 23-нд авч техникийг сэлбэгийг авч экскаварторыг засварласан, ингээд өөрийн ажилчин гэж Ганаа, Очоо хоёрыг хамт хөдөө явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/ Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/29 дугаартай: “...1.Тус тогтоолоор өгөгдсөн 1. N49° 31' 33.53” Е107° 2Г 46.55”, 2. N49° 31’ 31.48”, Е107° 21’ 49.54”, 3. N49° 3Г 29.78”, Е107° 21’ 47.63”, 4. N49° ЗГ 32.16”, Е107° 21’ 43.88”, 5. N49° 31’ 34.90”, Е107° 21’ 39.56”, 6. N49° 31’ 35.40”, Е107° 2Г 40.39” солбицол дахь талбайд хоёр ухаш нүх үүссэн байх ба нийт 5900м2 талбай эвдсэн байна. 2.Дээрх эвдэгдсэн нүхнүүд бүгд эрүүл газар шинээр ухагдаж эвдэгдсэн нүхнүүд байна. 3.Шинээр эвдэгдсэн нүх нь өвс ургамал тасарсан, үндэстэйгээ унасан, хар шороон хөрс эргүүлж хаясан гэх зэрэг шинжтэй. 4.Эвдэгдсэн талбайн хэмжээ 5900м2, тус эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны хохирлын үнэлгээ нь 2 831 832 төгрөг байна. 5.Тус эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 989 772 төгрөг болж байна. 6.Тус талбай нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл болон орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалттай газар биш байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-90 дүгээр тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар тал/ Байгаль орчин Аялал жуулчлалын яамны лавлагаа /хх-ийн 110-11 дүгээр тал/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар тал/ Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 162-164 дүгээр тал/ Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/002 дугаартай: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 Toyota Prius 20, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2013/07/25 онд МУ-д орж ирсэн Мөнгөлөг өнгөтэй Улсын дугаар 7583УБӨ арлын дугаар NHW203191922 Хуучин 10.000.000 Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/001 дугаартай: № Эд зүйлийн нэр Чанар байдлын Зах зээлийн Нэмэлт тайлбар тодорхойлолт дундаж үнэ /төг/ 1 Hyundai Robex 2900 LC-3 2001 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд МУ-д орж ирсэн, шар өнгөтэй УЛсын дугаар 2727 УН, арлын дугаар Е904GH11368 Хуучин 50.000.000 2 Hyundai Robex 2900 LC-3 2000 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд МУ-д орж ирсэн, шар өнгийн Улсын дугаар 18-44 УН, арлын дугаар E904GH11260 Хуучин 48.000.000 Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 212-214 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг Гахайт гэх газар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг: Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 2.831.832 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Бямбасүрэн нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бямбасүрэн нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн гэмт үйлдэлдээ ашигласан Hyundai Robex 2900 LC-3 маркийн 50.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, Hyundai Robex 2900 LC-3 маркийн 48.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковаторуудаас нэг эксковатор нь тухайн үйл явцад ашиглаагүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул арай хямд үнэ бүхий эксковатор буюу 48.000.0000 төгрөгийн үнэлгээтэй эксковаотрыг гэмт үйлдэлдээ ашигласанд тооцож түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ноёд овогт Даваасүрэнгийн Бямбасүрэнг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ноёд овогт Даваасүрэнгийн Бямбасүрэнд мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч Д.Бямбасүрэн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнгээс 48.000.000 /дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

8.Шүүгдэгч Д.Бямбасүрэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                   Б.ЭРДЭНЭХИШИГ