Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00544

 

 

 

 

 

 

 

 

 

Х.В-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00288 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.В-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, хохиролд 32 483 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.В-аас 34 337 338 төгрөг гаргуулж, З-ны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох FD 20A бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Ажиллагааны явцад барьцааны зүйл болох бульдозерыг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь төлбөр авагч авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болдог. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан. Шийдвэрт өөр хөрөнгийн талаар тусгагдаагүй тул барьцаа хөрөнгөд ажиллагааг хийснээр дуусгавар болох ёстой. Гэтэл Х.В-аас дахин төлбөр гаргуулахаар данс хаах зэргээр хууль бус ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д зааснаар хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог. Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 тоот шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа барьцаа хөрөнгийг бусдад борлуулж, төлбөрийг банкны эрх хүлээн авагчид өгсөн үеэс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргаж байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 26-нд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл түдгэлзүүлсэн хэрнээ түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл арилаагүй байхад хууль бусаар нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах ажиллагааг хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны тогтоолоор дуусгавар болгож хаасан. Х.В- хариуцагчийн хууль бус үйлдлээс болоод аргагүйн эрхэнд өр төлбөргүй тухай тодорхойлолт хэрэгтэй болсон тул хүсэлт гаргасан. Иймд 2020 онд явуулсан энэ ажиллагаа мөн хууль бус тул дуусгавар болсныг тогтоолгох шаардлагаа дэмжиж байна. Төлбөр төлөгч Х.В- анх 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Бэрс хараа ХХК-иас 52.000 ам.доллараар бульдозерыг худалдан авахаар тохиролцсон байдаг. Төлбөрийг төлөхдөө 22.000 ам.долларыг өөрөөсөө гаргаж, үлдэх хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 52.000 ам.долларын үнэ бүхий бульдозерыг барьцаанд тавьж, банкнаас зээлж төлсөн болно. Гэтэл 3 сарын дараа буюу 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр банкны хүмүүс хурааж авсан. Үүнээс хойш барьцаа хөрөнгө банкны бүрэн мэдэлд байсан. З-ны нэр дээр бүртгэлтэй, барьцаа хөрөнгө болох бульдозерыг хадгалагдах явцад тоногдож, чанар муудсанаас гадна эвдэрч ашиглах боломжгүй болсон. Мөн 9 жилийн турш зориулалтын бус газарт хадгалж моралийн элэгдэлд оруулан төмрийн хаягдал болгосноос шууд шалтгаалж устгалын үнээр буюу төмрийн хаягдалд тооцон 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Дээр дурдсан нөхцөл байдалд Х.В-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй огт байхгүй тул өөрт учирсан хохирлоо З-ны эрх хүлээн авагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайн үед Х.В- З-инд удаа дараа хүсэлт, гомдол хүргүүлж байсан. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х.В-ыг 34 337 338 төгрөг буюу 26.721 ам.доллар төлөх ёстой болохыг тогтоосон. Бульдозерын үнэ болох 52 000 ам.доллараас 26.721 ам долларыг хасахад 25.279 ам.доллар гарна. Өөрөөр хэлбэл Х.В-ийн барьцаанд тавьсан хөрөнгийг үнэгүйдүүлснээс түүнд учирсан хохирол нь 25.279 ам доллар гэсэн үг. Үүнийг 2010 оны шүүхийн шийдвэрт нэг ам долларыг 1 285 төгрөг гэж заасан тул уг ханшаар тооцон хариуцагч З-ны эрх хүлээн авагчаас хохиролд 25.279 ам доллар буюу 32 483 515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.В-аас 34 337 338 төгрөг гаргуулж, З-ны эрх хүлээн авагчид олгож, үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох З-ны эрх хүлээн авагчийн мэдэлд байгаа бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2013 онд хураан авч, талууд үнийн санал харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 6 000 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан. Барьцаа хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч, авагч нараас ажиллагааны явцад гомдол гаргаж байгаагүй. Шийдвэрт заагдсан Х.В-аас гаргуулах мөнгөн дүнд барьцааг худалдан борлуулсан дүн хүрээгүй тул энэ үеэс ажиллагааг дуусгавар болгох ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд 95 300 төгрөг суутгалаар төлөгдсөнийг төлбөр авагч З-ны эрх хүлээн авагчид тус тус шилжүүлсэн. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус албанд төлбөр төлөгчийн Капитрон банкны данснаас 29 943 731 төгрөгөөс төлбөрийн үлдэгдэл 28 367 038 төгрөгийг суутган бусад харилцах данснуудын зарлагын гүйлгээг сэргээх тухай хүсэлтийг ирүүлсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18360346/04 дугаартай тогтоолыг банкинд хүргүүлсэн. Мөн тус албанд төлбөр төлөгч Х.В- 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргаж, дансанд төвлөрсөн 1 068 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгчийн данс руу буцаан шилжүүлсэн. Төлбөр төлөгч Х.В- 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус албанд хандан өргүй гэсэн тодорхойлолт гаргуулж авах шаардлагатай байна, нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбар гаргаж, төлбөрийн үлдэгдлийг тус албаны дансанд 28 367 038 төгрөгийг өөрөө тушааж ирсэн. Төлбөр төлөгч З-ны эрх хүлээн авагчийн данс руу шилжүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 99 тоот хүсэлтийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 9/134 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн төлөгдөж дуусгавар болсон тул шүүхээр тогтоох шаардлагагүй. Иймд манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.В- нь 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр З-наас 30 000 ам.долларын зээл авч, бульдозер барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 321 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 34 337 338 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үүссэн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК бульдозерийг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн үнэлгээн дээр талууд маргаан үүсгээгүй, худалдан борлогдож зээлийн өр төлбөрөөс төлөгдсөн. Үлдэгдэл төлбөрийг Х.В- 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд төлж, З-ны эрх хүлээн авагчийн дансанд шилжиж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/134 дугаар тогтоолоор дуусгавар болгож хаагдсан. Анх 2006 онд нэхэмжлэгч өөрийн компанидаа ашиглахаар бульдозерыг худалдан авахаар Бэрс хараа ХХК-ийн захирал н.Алтанхишигтэй гэрээ байгуулж, банкнаас зээл авч, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Уг худалдан авсан бульдозер шинэ биш доголдолтой байснаас худалдан авснаас хойш нэг сарын дараанаас ажиллаагүй гэдэг. Банкны холбогдох хүмүүс худалдагч талтай хамт очиж 2006 оны 9 дүгээр сарын 16-нд хураах акт үйлдсэн нь үнэн. Гэхдээ банк зээлийн барьцааны зүйлийн чанар байдлыг шалгах үүднээс энэ ажиллагаанд оролцсон. Хөрөнгийг манайх хурааж авч хадгалаагүй, харин худалдагч тал болох Бэрс хараа ХХК-ийн захирал н.Алтанхишигийн өөр нэртэй компани болох Монтурмарин ХХК-ийн хашаанд худалдагч тал өөрөө авч, хадгалагдаж байсан. Банк энэ хугацаанд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцаагүй, хадгалах үүрэг хүлээсэн, гэрээ, хэлцлийг зээлдэгч Х.В-тэй байгуулж байгаагүй болно. Банк болон эрх хүлээн авагчаас 2006 оны 11 дүгээр сарын 10-ны албан тоот, хамтран борлуулах саналыг олон удаа зээлдэгчид тавьж, худалдан авах сонирхолтой этгээдийн үнийн саналыг хэлж байсан боловч нэхэмжлэгч хөрөнгийн доголдлын асуудлаа шийдүүлнэ гээд зөвшөөрөөгүй байдаг. Х.В- бульдозерыг барьцаалан гэрээ байгуулсан байх тул банк түүний зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг дур мэдэн борлуулах эрх байхгүй байсан. Улмаар Бэрс хараа ХХК, Монтурмарин ХХК-ийг хуучин техникийг засаж сэлбэн шинийн үнээр зарсан асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. Эрүүгийн асуудал дууссаны дараа иргэний журмаар хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан ч хариуцагч компанийн захирал Монгол Улсын хилээр гадагш гарч шүүхээс эрэн сурвалж энэ асуудал шийдэгдээгүй удсан. Иймд банкны эрх хүлээн авагч нь шүүхэд 2010 оны 02 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2011 оны 5 сард зээлийн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч Х.Вдадимир нь барьцаанд тавьсан хөрөнгө болох бульдозерийг анхаарал хандуулахгүй он удаан жил өнгөрч хөрөнгийн үнэ, элэгдэл хорогдолд нөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Х.В- нь талуудтай байгуулсан гэрээг хангалттай биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг үндэслэл муутай гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан З- ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 6 457 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.В-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 025 915 төгрөгийг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650 007 төгрөгөөс илүү төлсөн 259 440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч банкны эрх хүлээн авагчаас тэмдэгтийн хураамжид 118 271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх барьцаа хөрөнгө болох 52 000 ам.долларын үнэ бүхий бульдозерыг үнэгүйдүүлж, устгалын үнэ буюу төмрийн хаягдалд тооцон 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан нөхцөл байдалд хамтран хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагчийг буруутай гэх үнэлэлт дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл 2006 оны 6 сард худалдаж авсан техникийг гуравхан сарын дараа буюу 2006 оны 9 сард хураан авч явснаас хойш эзэмшилдээ байлгаж, зохих ёсоор хадгалж хамгаалаагүй. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг хянан шийдвэрлэхдээ дээр дурьдсанаас эсрэг дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч Х.В- нь Оюу толгой компанийн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохын тулд зохих бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй болсон бөгөөд өр төлбөргүйн лавлагаа авахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт бичиж өгсөн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 тоот шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр биелэгдсэн тул шийдвэр гүйцэтэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл, З-, Х.В- нарын хооронд 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэрэглээний барьцаат зээлийн гэрээнд талууд бульдозерыг 52 000 ам.долларын үнэтэй болохыг хүлээн зөвшөөрч тусгасан, Бэрс хараа ХХК-ийн орлогын 2 ш падаан хэрэгт авагдсан, Х.В- өөрийн зүгээс 22 000 ам.доллар гаргаж, Бэрс хараа ХХК-д өгсөн. 00288 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Х.В-ыг маргаж буй бульдозерын үнэнд 14 720 ам.доллар шилжүүлсэн гэх үнэлэлт дүгнэлт хийж, Бэрс хараа ХХК-д шилжүүлсэн 22 000 ам.долларыг орхигдуулсан. Өөрөөр хэлбэл 22 000 ам.доллар х 1 285 төгрөг = 28 270 000 төгрөг., үүний 50 % буюу 14 135 000 төгрөгийг З- ХК дахь эрх хүлээн авагчаэс нэмж гаргуулан, Х.В-т олгох ёстой байсан. Эдгээрийг харгалзан үзэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдэж дууссан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, хохиролд 14 135 000 төгрөг нэмж, нийт 20 592 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, дутуу үнэлсэн гэж үзэж байна. Бэрс хараа ХХК-ийн худалдсан бульдозер нь биет байдлын доголдолтой байсан талаар талуудын гаргаж өгсөн нотлох баримт, шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар нотлогдсон. Энэ техникийн эвдрэлийн талаар Бэрс хараа ХХК-д Монсибалт ХХК-ийн захирал Х.В- нь мэдэгдсэнээр 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Бэрс хараа ХХК-ийн захирал Алтанхишиг техникийг завсарлах зорилгоор Улаанбаатар хот руу ачиж, өөрийн хашаанд буулгасан бөгөөд тухайн үед З- ХК-ийн орон нутгийн салбарын эдийн засагч нь техникийг хураан авч зээлийн өр төлбөрийг төлүүлэх худалдан борлуулах нөхцөлтэйгөөр хураах акт үйлдээгүй, барьцаа хөрөнгийн эвдрэлийн асуудалтай танилцах үүднээс очиж оролцсон гэдгийг зээлдэгч Х.В- нь өөрөө мэддэг. Энэхүү бульдозер нь эвдрэл гэмтэлтэй, биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсан талаар нэхэмжлэгч талын банкинд хэд хэдэн удаа гарган өгч байсан тайлбар хүсэлтэд тодорхой бичсэн байдаг. Банк 2006 оны 11 дүгээр сарын 10-ны албан тоот, хамтран борлуулах саналыг олон удаа зээлдэгчид тавьж байсан боловч Монсибалт ХХК-ийн захирал Х.В-, Бэрс хараа ХХК, Монтурмарин ХХК-ийн хоорондын үл ойлголцол, олон жилийн маргааны асуудал үүсч, цагдаагийн байгууллагаар шалгуулах, мөн холбогдуулан гэм хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах, бульдозер нь явдаггүй, ажилладаггүй байсан, тухайн нөхцөл байдалд хөрөнгийг шууд дур мэдэн өөрсдөө үнийг тогтоогоод худалдан борлуулах эрх банкинд байгаагүй, зээлдэгч худалдан борлуулах үнийн зөвшөөрөл өгдөггүй, техник нь эвдэрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Мөнх-Оргил трейд ХХК-иас бульдозерийг 6 000 000 төгрөгөөр үнэлэхэд хөрөнгийн асуудал буюу эрх зөрчигдсөн талаар гомдол гаргах эрх үүсэн байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч Х.В-ийн гаргасан 32 483 515.00 төгрөгийн шаардлагаас 6 457 600 төгрөгийг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд З-наас 6 457 600 төгрөгийг гаргуулж Х.В-т олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.В- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох /барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар/, хариуцагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хохиролд 32 483 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Х.В-аас 34 337 338 төгрөг гаргуулж, З--ны эрх хүлээн авагчид олгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Самсунг FD20А маркийн бульдозерыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 47-55-р тал/

 

Нэхэмжлэгч Х.В- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүх 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 182 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 46-р тал/. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Самсунг FD20А маркийн бульдозерийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжлэн, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хурааж, Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 2013 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 6 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 57, 62-67-р тал/.

 

Дээрх бульдозерийг шинжээчийн үнэлсэн үнээр Гранд повер ХХК худалдан авсан тул тус компанийн эзэмшилд шилжүүлэхээр хариуцагч байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Автотээврийн үндэсний төвд албан бичиг явуулжээ. /хх-ийн 71-р тал/.

 

Уг ажиллагаа хийгдсэнээр нэхэмжлэгч Х.В-ын хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэл 28 337 338 төгрөг болсон бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-ийн 77-р тал/.

 

Иймд барьцаа хөрөнгийг худалдан борлуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Учир нь барьцаа хөрөнгө болох бульдозрыг 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх ажиллагаа явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан ажиллагаа явуулсан тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хохиролд 32 483 515 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.В- нь 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Монсибалт ХХК-ийг гүйцэтгэх захирлын хувиар төлөөлөн Бэрс хараа ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, FD-20А маркийн бульдозерийг 52 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд мөн өдөр З- ХК-тай хэрэглээний барьцаат зээлийн гэрээ байгуулж, дээрх FD-20А маркийн бульдозерыг барьцаалан, 30 000 ам.долларыг, 5 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлсэн байна. /хх-ийн 116-118-р тал/

 

Зээлдүүлэгч З- ХК нь дээрх хэрэглээний барьцаат зээлийн гэрээг байгуулснаас 3 сарын дараа буюу 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэх үндэслэлээр барьцааны зүйл болох бульдозерийг хураан авчээ. /хх-ийн 18-р тал/

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-т барьцаалагч өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.2-т барьцаалуулагч энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох эрхтэй гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл барьцааны үнэ буурах нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч болон барьцаалуулагчийн хэн аль нь шаардлагатай арга хэмжээг авахаар хуульчилсан.

 

Нэхэмжлэгч Х.В- нь хохиролд 32 483 515 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагч нь бульдозерийг хураан авснаас шалтгаалан 2006 онд 52 000 ам.доллараар худалдан авсан эд хөрөнгийн үнэлгээ буурч 2013 онд 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

Барьцаалагч З- ХК нь барьцааны зүйл болох FD-20А маркийн бульдозерийг 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хураан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулах 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байсан тул барьцааны зүйлийн үнэ буурахтай холбоотой эрсдэлийн талаар барьцаалуулагчид мэдэгдэж, үнэ цэнийг нь бууруулахгүй байх арга хэмжээ авч байсан гэх байдлыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаар, нэхэмжлэгч Х.В- нь дээрх хуульд зааснаар барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгосон гэх нөхцөл байдал мөн тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Х.В-ыг барьцаа хөрөнгөд анхаарал хандуулаагүйгээс үнэ нь буурч, элэгдэл хорогдолд нөлөөлсөн гэх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд барьцаалуулагч буюу Х.В- шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс барьцааны зүйлийн үнэ буурсан нөхцөл байдалтай уялдаж байна.

 

Анхан шатны шүүх З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн эс үйлдэхүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Х.В-ын эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэж, гэм хор учирсан нөхцөл байдлын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн буруутай үйлдэл зэргийг харгалзан хохирлын хэмжээг 6 457 600 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагч З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөн давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагч нь барьцааны зүйл болох FD-20А маркийн бульдозерийг эзэмшилдээ авсны дараа буюу 2010-2011 онд энэ асуудлаар шүүхэд маргаан үүссэн. Барьцаалагчийн эзэмшилд байх хугацаанд барьцааны зүйлийн үнэлгээ ямар хэмжээнд тогтоогдохыг барьцаалуулагч буюу Х.В- мэдэх боломжтой нөхцөл байдал байгаагүй учраас энэ талаарх хариуцагчийн гомдлыг мөн хангах боломжгүй. Анхан шатны шүүх барьцаалагч, барьцуулуулагч талуудын хэн алины буруу барьцааны зүйлийн үнэ буурахад нөлөөлсөн гэж үзэн, хохирлын зарим хэсгийг З- ХК дахь Банкны эрх хүлээн авагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч З- ХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ