Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00588

 

Х.Вийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалтай,

Х.Вийн нэхэмжлэлтэй

ЗБЭХА болон НШШГГт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 34 337 338 төгрөг гаргуулж, ЗБЭХАид олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох FD 20А бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох FD 20А маркийн бульдозерыг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь төлбөр авагч ЗБЭХА авсан. Гэтэл дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч гэх Х.В 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 52 000 ам.долларын үнэ бүхий FD 20А маркийн бульдозерыг 30 000 ам.долларын барьцаанд авсан бөгөөд 3 сарын дараа буюу 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр авагч болох банкны хүмүүс ирээд баримт үйлдэн барьцаа хөрөнгийг хурааж авсан болно. Төлбөр авагч тал барьцаа хөрөнгийг хадгалах явцдаа чанарыг нь муутгаснаас гадна эвдэлж ашиглах боломжгүй болгосон. Мөн 9 жилийн турш хадгалж моралийн элэгдэлд оруулж төмрийн хаягдал болгосноос шууд шалтгаалж устгалын үнээр буюу төмрийн хаягдалд тооцон 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг. Дээр дурдсан нөхцөл байдалд Х.Вын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. ЗБЭХАаас шалтгаалсан байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газарт өгөхгүй иргэн Х.Выг хохироож байгаа болно. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан байхад иргэн Х.Ваас дахин төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д зааснаар хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог. ЗБЭХА болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Х.Выг 28 337 338 төгрөг төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Харин ч Х.В барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлснээс учирсан хохиролд 20 000 ам.долларыг ЗБЭХАаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1926 дугаар шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох Зоос банкны мэдэлд байсан FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдэж дууссан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗБЭХАийн төлөөлөгч Н.Ариунбат шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаар тогтоолоор хариуцагч Х.Ваас 34 337 338 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зоос банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зоос банк нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12/2973, 12/2973 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан төлбөрөө төлүүлэхээр гэрээ хийж өгсөн болно. Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох бульдозерыг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлбөр төлөгч Х.Вын төлбөрийн үлдэгдэл 28 337 338 төгрөг байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 34 337 338 төгрөг гаргуулж, ЗБЭХАид олгож, үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ЗБЭХАийн мэдэлд байгаа FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2013 онд хураан авч, талууд үнийн санал харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18360346/03 дугаар тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд 95 300 төгрөг суутгалаар төлөгдсөнийг төлбөр авагч ЗБЭХАид тус тус шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөөс 28 242 038 төгрөг төлөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн Х.Вын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 329 640 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 259 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч тал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 1. 1382 тоот Магадлалын хянавал хэсэгт: “ Иймд төлбөр төлөгчөөс 6 095 300 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 28 242 038 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгах боломжгүй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн: -1-т: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ваас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14 780 ам.доллар буюу бүгд 34 337 338 төгрөг гаргуулж ЗБЭХАид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 280 ам.долларыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцон төгрөгт хөрвөх дүнгээр нийт 36 935 722 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. -2-т: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох Зоос банкны мэдэлд байгаа FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцоогүйд гомдолтой байна. 2. 1382 тоот Магадлалын хянавал хэсэгт: “Хэргийн 18 дугаар талд авагдсан зээлдэгчтэй харилцсан, газар дээр нь очиж шалгасан тухай тэмдэглэл гэх баримтад 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгө болох 60-90 УБД улсын дугаартай FD20 А маркийн хар өнгийн бульдозерыг Зоос банкны 103 дугаар салбарт хадгалахаар хүлээлгэж өгсөн бөгөөд бульдозерын чанар байдал, үнийн талаар тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт зааснаар барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхээр зохицуулжээ. Иймд төлбөр авагч буюу хариуцагч ЗБЭХА нь бульдозерыг өөрийн мэдэлд байлгахдаа үнэгүйдүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар барьцаа хөрөнгө болох бульдозерын үнэлгээний талаар талууд удаа дараа харилцан тохиролцсон болох нь тогтоогдоно. Үүнд: Зоос банкны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1526 тоот албан бичигт: таны манайд ирүүлсэн албан тоотуудын дагуу арга хэмжээ авч зээлийн барьцаанд хураагдсан FD 20 маркийн бульдозерыг зах зээлд борлогдох боломжит ханшаар хамтран борлуулж нэн тэргүүнд өөрийн банкны хохирлыг барагдуулан үлдэх хэсгээр таны хохирлыг барагдуулахад тус банкны зүгээс татгалзах зүйлгүй болно. гэж байгаа. /Зоос банкнаас авсан зээл, түүний хүүг төлөөд цаана нь Х.Вт учирсан 22 0000 ам.долларын хохирлыг барагдуулах боломжтой гэсэн үг/ Мөн Зоос банкны зүгээс барьцаа хөрөнгийг хадгалахаар авч яваагүй, өөрийн хохирлыг барагдуулахаар хурааж авсан гэдгээ илэрхийлсэн байхад хоёр шатны шүүх буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Чанар байдлын хувьд гэвэл шинээр авсан бульдозерыг ердөө 3-н сарын дараа Зоос банкны ажилтнууд хураан авч явсан тул шинэ гэж үзэхээс өөр аргагүй. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.В нь хариуцагч ЗБЭХА, НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Х.В нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...өөрийн Монсибальт ХХК-ийн нэрээр 60-90 УБ улсын дугаартай FD 20A бульдозерыг 2006 оны 6 сарын 7-ны өдөр Бэрс хараа ХХК-иас, Зоос банкны лизингээр, 52 000 ам.доллараар худалдан авсан боловч 3 сарын дараа буюу 2006 оны 9 сарын 16-ны өдөр, зээлийн төлөлт хийгээгүй гэсэн үндэслэлээр Зоос банк хураан, төлбөртөө авсан. Банк барьцааны зүйлийг худалдан борлуулаад зөрүү мөнгийг өгнө гэж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/001 тоот актаар битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулж, шинжээч 6 000 000 төгрөгөөр үнэлсэн, улмаар бусдад уг үнээр худалдсан байна. 2006 онд хураан авсан эд хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгдөөгүй гэж хохироолоо. Уг бульдозер 52 000 ам.долларын үнэтэй учраас Зоос банк барьцаалж, лизингийн зээл олгосон бөгөөд дөнгөж худалдан авсан шинэ бульдозерийг 3 сарын дараа, 2006 онд хураан авсан тул төлбөр төлөгдсөн гэж үзэж байна..., шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 14 780 ам.доллар буюу 34 337 338 төгрөг гаргуулж ЗБЭХАид олгож, барьцаа хөрөнгө болох FD 20A маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн ба 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Х.В нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хэнд нь ямар үндэслэл зааж, шаардлагаа тодорхойлсон нь тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийн үндэслэл тодорхой болсон тохиолдолд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэх үндэс бүрдэнэ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага аль хариуцагчид хэрхэн холбогдож байгаа ач холбогдол бүхий эрх зүйн асуудлыг тодруулж дүгнэж чадаагүй, тодорхой бус болохыг анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь Зоос банкинд холбогдуулан хохирлыг арилгуулах замаар зээлийн өрөө харилцан тооцох агуулгатай эсвэл барьцааны зүйлээр үүргийг хангуулсан гэж үзэж байгаа эсэх, НШШГГт холбогдуулан угаасаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах учиргүй эсвэл эд хөрөнгийн үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус гэж үзэж байгаа алин болохыг зааглаж, тодруулах замаар зохигчийн мэтгэлцүүлэх, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Түүнчлэн шүүх “...барьцааны зүйл болох бульдозерийг Зоос банкны 103 дугаар салбарт хадгалахаар хүлээлгэж өгсөн боловч эд хөрөнгийн чанар байдал, үнийн талаар тохиролцоогүй, ЗБЭХА бульдозерийг өөрийн мэдэлд байлгахдаа үнэгүйдүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэж дүгнэхдээ зээлийн болон барьцааны гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, Зоос банкны 2006 оны 11 сарын 10-ны 1526 тоот албан бичиг зэрэг хэрэгт байгаа бусад баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл тодорхой бус, зохигч мэтгэлцэж чадаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй, улмаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА