Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1298

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Х.В-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: З, 

Хариуцагч: НШ-уудад холбогдох,  

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч НШрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа, Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттүвшин, Т.Болд, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгохыг хүсэж байна.

Шүүх Х.Ваас 34,337,338 төгрөг гаргуулж Зид олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох “FD 20A” бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн гэсэн үг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох FD 20А маркийн бульдозерыг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь төлбөр авагч буюу З авсан. Гэтэл дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

Төлбөр төлөгч гэх Х.В нь 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 52,000 ам.долларын үнэ бүхий FD 20А маркийн бульдозерыг 30,000 ам.долларын барьцаанд авсан бөгөөд гуравхан сарын дараа буюу 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр авагч болох банкны хүмүүс ирээд баримт үйлдэн барьцаа хөрөнгийг хурааж аваад явсан болно. Үүнээс хойш барьцаа хөрөнгө банкны бүрэн мэдэлд байсан.

Төлбөр авагч тал барьцаа хөрөнгийг хадгалах явцдаа чанарыг нь муутгаснаас гадна эвдэлж ашиглах боломжгүй болгосон. Мөн 9-н жилийн турш хадгалж моралийн элэгдэлд оруулж төмрийн хаягдал болгосноос шууд шалтгаалж устгалын үнээр буюу төмрийн хаягдалд тооцон 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг. Дээр дурдсан нөхцөл байдалд Х.Вын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй огт байхгүй, Заас өөрөөс нь шалтгаалсан байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газарт өгөхгүй иргэн Владимирыг хохироож байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болдог.

Хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан байхад иргэн Х.Ваас дахин төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д зааснаар хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог.

Бодит байдал ийм байхад З болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зүгээс Х.Выг 28,337,338 төгрөг төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна. Харин ч Х.В нь барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлснээс учирсан хохирол болох 20,000 ам.долларыг төлбөр авагч буюу Заас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Зийн нэхэмжлэлтэй, иргэн Х.Вт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 1926 тоот шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох Зоос банкны мэдэлд байсан FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдэж дууссан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор хариуцагч Х.Ваас 34,337,338 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зоосбанкинд олгохоор шийдвэрлэсэн.

Зоосбанк нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12/2973, 12/2973 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан төлбөрөө төлүүлэхээр гэрээ хийж өгсөн болно.

Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох бульдозерыг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлбөр төлөгч Х.Вын төлбөрийн үлдэгдэл 28,337,338 төгрөг байна.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 34,337,338 төгрөг гаргуулж Зид олгож, үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Зийн мэдэлд байгаа FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2013 онд хураан авч, талууд үнийн санал харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18360346/03 дугаар тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд 95,300 төгрөг суутгалаар төлөгдсөнийг төлбөр авагч Зид тус тус шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөөс 28,242,038 төгрөг төлөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.В нь хариуцагч НШар болон З нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор тус тус Х.Ваас 34,337,338 төгрөг гаргуулж Зид, улсын тэмдэгтийн хураамжид 277,686 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрүүдэд 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 182 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

НШар /хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/ нь ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан

60-90 УБ улсын дугаартай “FD 20A” хар өнгийн бульдозерыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/001 тоот актаар битүүмжлэн хурааж, “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 

Энэ үнэлгээгээр 60-90 УБ улсын дугаартай “FD 20A” хар өнгийн бульдозерыг “Гранд повер” ХХК 2015 оны 12 дугаар сард худалдан авсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1/1385 тоот албан бичгээр тус компанийн эзэмшилд бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвөөс хүссэн байх ба төлбөрийн Зид шилжүүлжээ.

 

Үүнээс хойш 2019 оны 2 дугаар сард Х.Вын данснаас 95,300 төгрөгийг суутгасныг мөн Зид шилжүүлсэн байна.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөрөөс нийт 6,095,300 төгрөг хариуцагч Зид төлөгдсөн, өөр төлбөр төлөгдөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “...FD-20А маркийн бульдозерыг 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Бэрс Хараа” ХХК-аас 52,000 ам.доллараар худалдаж авахдаа 30,000 ам.долларыг зээлийг “Зоос банк”-аас 5 сарын хугацаатай зээлж, “Зоос банк”-тай 2006 оны 6 дугаар сарын 07-ний өдөр хэрэглээний барьцаа зээлийн гэрээ байгуулсан, үүнээс хойш 3 сарын дараа барьцаа хөрөнгийг банк хураан авсан, хөрөнгийг өөрийн мэдэлд байлгахдаа үнэгүйдүүлсэн, шүүх барьцаа хөрөнгийг худалдаж төлбөрийг төлүүл гэж шийдвэрлэсэн тул түүнийг хэдэн төгрөгөөр зарснаас үл хамааран гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж энэхүү шаардлагаа гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 34,337,338 төгрөг гаргуулж Зид олгохоор заасан бөгөөд дээрх төлбөрөөс барьцаа хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого 6,000,000 төгрөг, банкны харилцах данснаас суутгагдсан 95,300 төгрөг буюу нийт 6,095,300 төгрөг төлөгдсөн, өөр төлбөр төлөгдөөгүй байх тул шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй гэж үзлээ.

 

Барьцааны зүйл 2006 оны 9 дүгээр сараас хойш 2013 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдах хүртэл төлбөр авагчийн эзэмшилд байсан, 2006 оны 6 дугаар сард 52,000 ам.долларын үнэтэй байсан хөрөнгө 6,000,000 төгрөгөөр худалдан борлогдох хүртлээ үнэ буурсан үйл баримт тогтоогдсон бөгөөд ийнхүү хөрөнгө үнэгүйдэх болсон шалтгаан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1, 157.5.2-т зааснаар барьцааны зүйлийн үнэ буурах нөхцөл байдлын талаар хариуцагч З нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч Х.В барьцаалагчийн шаардлага хангах өөр арга санал болгоогүй буюу хэн аль нь шаардлагатай арга хэмжээ аваагүйгээс болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ нөхцөл байдал нь төлбөр төлөгчийг төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэв хөрөнгө үнэгүйдсэн үйл баримтад өөрийн буруу байхгүй, төлбөр авагчийн буруутай ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж нэхэмжлэгч үзвэл тусдаа өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргах замаар энэ асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэйг тэмдэглэе.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн Х.Вын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 329,640 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, улсын орлогоос илүү төлөгдсөн 259,440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ө.УЯНГА