Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2021/00006

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00475/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд /цахим /

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба / цахим/

Хариуцагч М.*******

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148/ШШ2021/00032 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* нэхэмжлэлтэй М.*******, М.*******, М.******* нарт холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 30.000.000 төгрөг гаргуулах болон хохирол 32.332.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий 148/2020/00475/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* миний бие өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, ******* ******* улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудыг М.*******, М.*******, М.******* нартай худалдахаар харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашинуудыг М.*******, М.******* нарт хүлээлгэн өгсөн. Автомашинуудын нийт үнийн дүнг 80.000.000 /наян сая/ төгрөгөөр тохиролцож урьдчилгаа төлбөр болох 20.000.000 /хорин сая/ төгрөгнөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9.500.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4.500.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөгийг миний ХААН банк дахь тоот дансанд шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг нийт үнийн дүнгээс хасч, машин тус бүрийн үлдэгдэл төлбөрийг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тооцон төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

...одоо автомашины үлдэгдэл төлбөрөөс 200,000 төлөгдөөгүй байгаа болно. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хүртэлх хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх/ алдангид 29.800.000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг М.*******, М.*******, М.******* нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын дундуур манай хүргэн н. нь Төв аймгийн Заамар суманд 3 том машин байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав очиж үзэхэд тухайн машин надад таалагдахгүй байсан. Тэгээд бид гурав ярилцаж тохиролцоод ХЕНО маркийн гурван автомашин *******той ярьж тохиролцоод гурван машинаа нийт 80.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. ...Гэрээ байгуулахаас өмнө нэг машины 20.000.000 төгрөгийг төлсөн байсан. Үүний дараа бид нарыг цагдаад өгсөн. Бид нар намрын хураалтанд яваад мөнгө төгрөгөө төлөх бодолтой байсан боловч машин нь эвдрээд чадаагүй юм. 2019 онд Сайхны хөтөлийн зам засварын ажилд явж машиныхаа мөнгийг цувуулж өгсөн. Одоо үлдэгдэл 200.000 төгрөг байгаа гэжээ.

Хариуцагч нарын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын зүгээс тухайн машиныг хүлээн аваад хөдөлсөн цагаас эхлээд л доголдож, машин эвдрэлтэй болохыг мэдсэн. ...Тэгээд нэхэмжлэгч бид нартай ирж уулзахад нь бид нар машиныг нь буцааж өгөх талаар ярихад нэхэмжлэгч буцаахгүй харин мөнгө төгрөгийг цувуулж өгөөд байж болно гэсэн зүйл ярьсан. Үүний дараа удалгүй ирж Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед мөнгө төгрөгийг өгч дуусахад бид нараас алданги тооцсон бөгөөд бид нарын зүгээс маш их гомдолтой байгаа эвдрэл гэмтэлтэй машин зарж, бид нар эвдрэлтэй машин авч тухайн үед засвар хийлгэн, машины граж түрээслэх зэрэгт нилээн их мөнгө зарсан тул түүнийгээ нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

3 машиний нийт засвар үйлчилгээ болон граж түрээслэн машинаа тавьж учирсан хохирол 36,200,000 төгрөгийг *******оос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.6, 232.8, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар М.*******, М.*******, М.******* нараас тус тус 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нийт 300,000 /гурван зуун мянга/ төгрөг *******од олгосугай.

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч нараас *******од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн зардал нийт 36,230,000 /гучин зургаан сая хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 647,050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хангаж, үлдэх 29.700.000 (хорин есөн сая долоон зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ тайлбарлахдаа ... хариуцагч нараас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 29.800.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь ойлгомжгүй, алдангийн тооцоолборыг хэрхэн яаж тооцож гаргаснаа тайлбарлаагүй, 29.800.000 төгрөгийг гүйцэтгээгүй зохих үүргийн үнийн дүнгийн алданги гэж тооцон нэхэмжилж байгааг шүүх гаргах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, шүүгч зохиогчдын хооронд тус тус байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1-т Авто машины худалдах үнийг 20.000.000 (хорин сая) төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар хоёр тал хэлэлцэн тохирсон бөгөөд төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний /2019.04.01/ өдөр төлнө. Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцох-оор заасан гэж дүгнэсэн атлаа 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь ойлгомжгүй, алдангийн тооцоолборыг хэрхэн яаж тооцож гаргаснаа тайлбарлаагүй гэж үзсэн нь харин ойлгомжгүй байна.

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уг гэрээний үүрэг дуусах ёстой байсан ч гэрээний хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг л хугацаандаа төлсөн. Үүнээс хойш төлбөр дандаа хугацаа хэтэрсэн байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 2019 оны хамгийн эхний төлбөр болох 05 дугаар сарын 12-ны өдөр 9,600,000 төгрөг орж ирсэн. Энэ мэтчилэн үндэслэл бүрийг цаг хугацааны дараалалтайгаар нэхэмжлэлд дурдаж, анхан шатны шүүх хуралдаанд ч хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-с эхэлж 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 42 хоног байгаа. Энэ 42 хоногийн алдангийг тооцож үзвэл үндсэн төлбөр 58,800,000 төгрөгөөс алдангаа тооцвол 1 хоногийн алданги 293,442 төгрөг байгаа. Үүнийгээ 42 хоногт үржиж 12,348,000 төгрөг болно гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан байхад шүүхийн шийдвэрт тайлбарлаж чадаагүй, ойлгомжгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан чөлөөт үйлдлийн зарчмыг алдагдуулсан гэж үзэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай зөрчилдөж байна.

Түүнчлэн шүүгч алдангийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232.8-д заасныг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна. Хариуцагч талаас анзын хэмжээ илт их гэж мэтгэлцээгүй байхад тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй худалдан авагч нарын төлбөр зохих алдангийн хэмжээг багасгах ёсгүй ба, ийнхүү багасгаж шийдвэрлэсэн нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148/ШШ2021/00032 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд маш зөв зүйтэй шийдвэр гарсан гэж харж байна. Ойлгомжгүй, тооцоололгүй гэдэг дүгнэлт маш үндэслэлтэй. Ч.Жадамба өмгөөлөгчийн алданги тооцож байгаа хоног, үнийн дүнгийн талаар би анх удаа сонсож байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн тайлбар зэрэгт тодорхой дурдаж энэ хоногуудад ийм алданги тооцлоо гэсэн бол бид арай өөр байдлаар маргах байсан. Тэгэхээр давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг анхаарч үзээсэй гэж хүсье.

Гэрээний зохицуулалтыг нэхэмжлэгч тал хугацаандаа төлөөгүй бол мөнгө төлөх ёстой гэдэг. Тэгвэл бид яагаад төлөөгүй вэ? гэж маргалддаг. Яагаад боломжгүй байсан, яагаад гэрээ хуудуутай хийгдсэн бэ? Яагаад машины төлбөр шилжсэн хойно гэрээг нөхөж хийсэн бэ? гэх мэт яагаад нэхэмжлэгч өөрөө маргаан үүсгэж байна вэ? Нэхэмжлэгч маань тухай цаг хугацаанд гэрээ хийгээгүй, намайг залилсан байна гэж маргасан. Уг маргааны талаар цагдаагийн байгууллага шалгаж зээлийн гэрээтэй холбоотой маргаан байна гэсэн. Тухайн үед нэхэмжлэгч маань Би мөнгөө авсан одоо 200,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнд маргаан үүсгэхгүй гэсэн байдаг. Юу болсон гэдэг асуудлыг шүүх тодорхой тогтоох ёстой. Үйл явдлын хувьд М.*******, М.******* нарын дүү М.*******гийн нөхрийн хамаатны хүн машин зарж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэлтэй гэмтэлтэй байсан үүнийг ч нотлох баримтаар тогтоосон. Үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхад нэхэмжлэгч гадаад улс руу явлаа, ямар нэг хэлбэрийн төдий гэрээ хийе гэж хэлсэн байдаг.

Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээний агуулгыг дүгнээд, одоо шүүхээр дүгнүүлнэ гэж яриад байна. Яагаад гэвэл түрүүлж өгсөн 20,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнд өгсөн юм уу? бүгд хүлээн зөвшөөрсөн гэж ярьдаг ч яг ямар учиртай мөнгө вэ? Хэрвээ энэ гэрээг хуульд нийцсэн гэж харвал 3 машин 60,000,000 төгрөг болж, тодорхой байдлаар төлөгдөх байсан. Гэтэл цагдаагийн байгууллагад залилсан, гэрээнд заагаагүй байхад машиныг шилжүүлсэн гэх 2 үндэслэлээр хандаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдсан. Залилсан гэдэгт нь М.******* шалгагдаж, тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэдэгт нь Батцогт гэж төрийн албан хаагч шалгагдсан. Энэ машин ажил үүрэг гүйцэтгэж байж зээлийн гэрээний мөнгийг өгөх ёстой байсныг тухайн үед ******* хүлээн зөвшөөрдөг. Цагдаагийн байгууллага дээр маргаан үүсгэж байгаад мөнгөө авсан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг ямар байдлаар хангасан үйл баримтыг бүгдийг нь тодорхой болгосон. Энэ гэрээний 1.2-д зааснаар шударгаар, зохих ёсоор биелүүлэх байсан. Гэрээний 2.2-д автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэж өгөөд үүнээс цаашид ашиглалтын зардлыг хүлээж авснаараа хариуцна гэсэн. Аль хэдийн энэ гэрээ хийгдэхэд бүх машиныг хүлээгээд авсан байдаг. Бидний зүгээс маргаж буй асуудал бол энэ гэрээний агуулгаас болсон үйл явдлууд бодит байдлаас зөрөөд байна. Нөхцөл байдал бол гол агуулга. Нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, энэ үйл баримтын талаар яриулъя гэдэг ч Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар итгэмжлэл өгсөн учир гэж асуудалд хандсан. Одоо бодит нөхцөл байдал бол хугацаа хэтэрсэн байна. Гэхдээ яагаад ямар шалтгаан нөхцөлөөр хугацаа хэтэрсэн бэ? гэдэг үйл баримтыг тогтооё. Худалдаж авсан машин замдаа эвдэрчихээр яаж үүргээ гүйцэтгэх вэ? Засвар хийгдсэнтэй холбоотой бүх баримтыг гаргаж өгөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Гэхдээ бид маргааны үйл баримтаар юу болсон гэдгийг тодруулж өгсөн нотлох баримт юм. Нэхэмжлэгч эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлээгүй байна. Тиймээс өнөөдөр талууд сууж байгаад гэрээгээ дүгнэх ёстой байтал шүүхээр дүгнүүлж байна. Энэ бол энэ хэрэгт маш ач холбогдол бүхий зүйл юм. Өнөөдрийн байдлаар 79,800,000 төгрөг төлж, 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Одоо алдагдалтайгаа нийлж дахин 30,000,000 төгрөг өгөхөөр 70,000,000 төгрөгөөр эвдэрхий машин авах нь гэтэл Ч.Жадамба өмгөөлөгчийн ярьж буй үйл баримт болоогүй гэдгийг бид тайлбарлаж, нотолж байна. Ганцхан зүйл хэрэв зохих ёсоор та бүгд гэрээний үүргээ биелүүлсэн байхад энэ хүн биелүүлээгүй юм уу? Өнөөдөр ******* гэдэг хүн би гэрээ хийгээгүй, тухайн үед эд нар намайг залилсан гэж цагдаагийн байгууллагад хандаж, энэ асуудлаа шийдвэрлэж бүгд хоорондоо тохиролцсон байсан. Гэтэл яагаад өнөөдөр хүсэл зориг нь өөр болж байна вэ? итгэмжлэл өгсөн хязгаар нь юу вэ? алинд нь ч тайлбар хийхгүй байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.*******, М.*******, М.******* нарт холбогдуулан Зээлээр худалдан авсан автомашины үндсэн төлбөрт 200.000 төгрөг, автомашины үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан тул алданги 29.800.000 төгрөг тооцон нийт 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар худалдан авсан машинаар ажил хийж үнийг нь төлөхөөр тохиролцсон, автомашин нь доголдолтой эвдэрсэн тул засвар хийж хугацаа алдаж ажил хийж чадаагүй, нэхэмжлэгч ******* нь Цагдаагийн байгууллагад биднийг худалдсан автомашиныг залилан авсан гэж гомдол гаргаж шалгуулсан зэргээс болж төлбөрийг хугацаанд нь шилжүүлж чадаагүй тул алданги төлөхгүй гэж марган улмаар худалдан авсан гурван автомашин засварлахад гарсан нийт зардал 32.230.000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, алдангийн тооцоолборыг хэрхэн тооцож гаргаснаа тайлбарлаагүй гэсэн үндэслэлээр түүний нэхэмжилсэн алдангийн хэмжээг багасган шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага буюу гэрээнд тохиролцсоны дагуу алданги тооцон гаргуулахаар шаардлага гаргасан байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алдангийг хэрхэн тооцсон талаар тодорхой дурьдаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс алдангийг хэрхэн тооцоолсон, алданги тооцсон аргачиллаа буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмж тодруулалгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, алдангийн тооцоолборыг хэрхэн тооцож гаргаснаа тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэсэн, зохигчдын хооронд гэрээний үүрэг, түүнийг гүйцэтгэх хугацаа болон үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагын талаар маргасан гэж үзэхээр байхад хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг бөгөөд шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулах баримт билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар тодруулсан байдал зэргийг бичихээр заасан.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, зохигчдын мэтгэлцээний тодорхой ач холбогдол бүхий хэсгийг тусгалгүй орхигдуулсан нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг Давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болон дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306.450 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН