Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01271

 

Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1649 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Отгонбаатар, С.Алимаа нарт холбогдох

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч С.Алимаа, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Ариунзул нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Оюунбилэг нь хашаандаа ганцаараа бие муутай, олон жил группэд байсан болохоор хашаандаа ханьтай айл буулгая гэж бодож 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Отгонбаатар, С.Алимаа нарыг өөрийн хашаандаа 2 жилийн хугацаатай буулгаж 350 000 төгрөгийг ямар нэг хүүгүйгээр авсан. Түүнээс хойш эднийх 12 жил амьдарч байна. 2004 оноос хойш бид ямар ч төлбөр аваагүй. Өнгөрсөн хугацаанд Д.Отгонбаатар, С.Алимаа нарт нүүхийг олон удаа хэлэхэд нүүж өгөхгүй иргэн миний өмчид халдаж хашаа тусгаарлаж бариад хойшоо харсан хаалга гаргаж хашаан дотор жорлон нэмж ухсан. Миний бие Д.Отгонбаатар, С.Алимаа нарын гэр бүлийг 12 жилийн хугацаанд хашаандаа амьдруулсан. Энэ хугацаанд нэг ч төгрөг шаардаагүй. Нүүхийг олон удаа хүссэн боловч үндэслэлгүй өмчийн маргаан үүсгэж өнөөдрийг хүргэлээ. Иймд Д.Отгонбаатарынхыг манай хашаанаас нүүлгэн гаргаж өгнө үү. Энэ 564 м.кв газрыг “иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 тоот захирамжаар өмчилж авсан. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22010222847 дугаарт нэг хүний өмчөөр бүртгүүлэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хариуцагч нар худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Худалдах худалдан авах гэрээ болон ямар нэг хэлцэл хийгдээгүй. Тэгж тохирсон зүйл байхгүй. Анх 350 000 төгрөгийг хүүгүйгээр зээлсэн. Уг мөнгийг хашаандаа байлгасны төлбөрт тооцвол хаана нь ч хүрэхгүй. 350 000 төгрөг нь хашаагаа түрээсэлсэн бол 2 жилийн төлбөр л болж байгаа. Түрээсэлсэн гэж тооцсон ч хаанаа ч хүрэхгүй мөнгө байгаа. Бид хашаанаас нүүхийг удаа дараа шаардаж байсан боловч нүүдэггүй. Иймд шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Б.Оюунбилэг нь 2004 онд хашаа газраа таллаж зарна гэсний дагуу бид очиж уулзан 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулан мөнгөө өгч авалцсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн газар очиж бүртгүүлэх гэсэн боловч тэр өдөр дотоод ажилтай гэсэн тул бүртгүүлж амжаагүй. Түүнээс хойш үл хөдлөх дээр очих гэхээр Б.Оюунбилэг бичиг баримтаа авчхаад өгөхгүй хамт очихгүй зугтаагаад байсан. Бид тухайн үед газраа худалдаж аваад гэр барьж буусан. Тэр үед хоосон хашаа хямд 300 000-400 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түрээсийн хашаа 10-20 000 төгрөгийн үнэтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Б.Оюунбилэгийн ах нь бэлэглэлийн гэрээ байгуулж өгнө, татвар бага ордог гээд бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бидэнд энэ талаар баримт бичиг үлдээгүй, бүгд Б.Оюунбилэгт байгаа. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотариат дээр очиж гэрээний нэг хувьд үлдсэн эсэх талаар асуухад нотариатын бичиг баримтыг 10 жил хадгалдаг тул устгалд оруулсан. Одоо ямар ч бичиг баримт байхгүй гэсэн. Бид тухайн үед худалдаж авч байсныг гэрчлэх гэрч байгаа боловч ар гэрийн гачигдлаар хөдөө явсан тул ирэх боломжгүй байгаа. Анх хашааг авахдаа өгсөн 350 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан, зээлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч мөн энэ талаар баримт хэрэгт байхгүй байдаг. Бид уг хашаанд 12 жил амьдарч дүүрэг хороондоо бүртгүүлэн өрхийн дэвтэр нээлгэсэн. Тусдаа хаяг 826 гэсэн тоот хашааны дугаар авсан. Анх хашааг авахдаа Д.Отгонбаатарын нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 2-8 тоот байшинг 1 300 000 төгрөгөөр тооцон М.Баасанжав гэж хүнд зараад уг мөнгөнөөсөө Б.Оюунбилэгт 350 000 төгрөгийг өгч газрыг нь таллан худалдаж авсан. Үүнийг гэрчлэх орон сууц бэлэглэлийн гэрээг гаргаж өгсөн. Цаг хугацааны хувьд яг ижил байгааг харж үзнэ үү. Б.Оюунбилэг өөрөө бидэнд хашаагаа зарчхаад одоо ингэж хүнийг хөөж гаргах гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Б.Оюунбилэгийн ах Б.Баасанжав биднийг хашаанаас хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 75.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаатар, С.Алимаа нарыг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-р гудамжны 82 тоот хашаанаас албадан нүүлгэхийг хүссэн Б.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1649 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Хавтаст хэргийн материалд Б.Оюунбилэгийн өмчлөлийн газар болох Г-2201022847 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан мөн хашааг зарсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд уг байшинг худалдаагүй байхад хариуцагч нар шүүхэд үнэн зөв тайлбар өгөхгүй хууль зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нүүхийг, хашаа чөлөөлж өгөхийг шаардсан, удаа дараа шаардахад дандаа асуудал ярьж хойшлуулахыг гуйдаг байсан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “... шүүх арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно...” гэж заасан байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болохгүй юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг нь Д.Отгонбаатарын гэр бүлийг хашаанаас нүүлгэх шаардлагын үндэслэлийг тухайн хашааны 564 м.кв газрыг өмчлөгч, хариуцагч нарыг түр буулгасан гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 122 дугаар захирамжаар Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоотын 571,75 м.кв газрыг Б.Оюунбилэгт өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу тэрээр уг хаягт байрлах 564 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр авсан байна. /хх-7-8/

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчилсөн газрын хэмжээ нь түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээнээс бага байгаагаас гадна нэхэмжлэгч нь 82 тоотод, хариуцагч нар нь 82/б тоотод гэсэн хаяг, бүртгэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас хариуцагч нар ямар хэмжээгээр эзэмшиж байгаа, газрын давхцал байгаа эсэх, нэг хашаанд хаягийн хоёр өөр бүртгэл хийгдсэн эсэх зэрэг хэргийн нөхцөл байдал нь тодорхой бус болжээ.

Хоёр шатны шүүх хэргийн нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлага нь түүний өмчлөх эрхтэй нь холбоотой байхад, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлагад хамааруулан дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1649 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР