Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Н.Б, /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1729000880048 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цагаан-Овоо 3-15 тоотод оршин суух иргэн М.Наранцэцэгийн орон гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхгийг хулгайлж бусдад 215,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 -р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 -р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2-503 дугаартай “Тус суманд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар монетон бөгж /хуучин/ 1 ширхэг нь 75000 төгрөг, монетон кулонтой гинж /хуучин/ 140,000 төгрөгийн үнэтэй байсан болно” гэх комиссын үнэлгээ /хх-ийн 16-р хуудас/

Хохирогч М.Наранцэцэгийн өгсөн : ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод албан ажилтай явсан юм. Улмаар манай нөхөр Бат-Эрдэнэ өглөө 06 цагт ажилдаа яваад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирдэг. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой манай нөхөр гэртээ ирэхэд манай байшингийн үүдний хаалгыг хөшсөн байсан ба онгойлгоогүй байсан. Тэгээд баруун талын жижиг өрөөний вакум цонхны онгойдог хаалга хэсгийг нь хагалаад цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний 2013 онд Улаанбаатар хотоос 110,000 төгрөгөөр худалдаж авсан бөгж 1 ширхэг, 2015 онд Улаанбаатар хотоос худалдаж авсан монетон гинж кулонтойгоо 1 ширхэг эд зүйл алга болсон байсан. ...Би монетон бөгжөө 110,000 төгрөг, монетон гинж кулонтойгоо 220,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би шүүх хуралд суух боломжгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Манай эхнэр Улаанбаатар хотод албан ажилтай явсан юм. Би өглөө эрт ажилдаа яваад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирдэг юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой би ажлаасаа гэртээ ирсэн чинь манай байшингийн жижиг өрөөний цонхыг хагалаад хулгай орсон юм шиг санагдаад эхнэр рүүгээ залгаад асуусан. Тэгсэн эхнэр мэдэхгүй байна эд зүйлээ бүртгэж үзэхэд, манай эхнэрийн 1 ширхэг монетон гинж кулонтойгоо, 1 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгээд манай эхнэр

Улаанбаатар хотоос ирээд эд зүйлээ бүртгэж үзээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47-р хуудас/,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цагаан-Овоо 3-15 тоотод оршин суух иргэн М.Наранцэцэгийн орон гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхгийг хулгайлж бусдад 215,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 -р хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 -р хуудас/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2-503 дугаартай комиссын үнэлгээ /хх-ийн 16-р хуудас/, хохирогч М.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Н.Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн материалд хохирогч М.Наранцэцэг нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 64-р хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байх тул 2 жилийн хорих ял дээр тус тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоолоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 33 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бгийн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Нямаагийн Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 4 /дөрөв/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 33 / гучин гурав/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА