Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 29

 

 О.Батмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр О.Батмөнхөд холбогдох 1729000840014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1993 онд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Архангай аймаг, Цэцэрлэг сум, Хонгор баг, Шанд гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Боржигон овгийн Октябрийн Батмөнх /регистрийн дугаар: АН93052415/

          О.Батмөнх нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр фотон маркийн 23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 10-34 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 1915200 төгрөгийн үнэлгээтэй 684 кг ямааны махыг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: О.Батмөнхийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Батмөнхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Батмөнхөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

         О.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: О.Батмөнх нь гаалийн мэдүүлэг гаргаж, гаалийн бүст нэвтрэхдээ хязгаарласан бараа болох 684 кг ямааны махыг фотон маркийн 23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 10-34 БЧ дугаартай чиргүүлийн тэвшинд нүүрсэн доор нууж, гаалийн хяналтын бүст буюу гаалийн хил рүү нэвтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бараа тээврийн хэрэгслийг саатуулж, гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч Х.Мандахцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/, О.Батмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст/, гэрч С.Гомбоцогийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

          Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус хуульчилсан мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тогтоолд “улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийг .... гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл “...гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэж тодорхойлсноос үзэхэд шүүгдэгч О.Батмөнх нь гаалийн хилд нэвтрэн орсноор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг төгссөн болох нь нотлогдож байна.

          Иймд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж шийдвэрлэн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр шүүгч 2 үндсэн агуулгыг дурдаад дээрх байдлууд нь эргэлзээ төрүүлсэн гэсэн үндэслэл хэлдэг. Нэгдүгээрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд завдсан гэж, харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол дээр нэвтрүүлсэн гэж зөрүүтэй бичсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлсэн гэж бичсэн байдаг. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хязгаар тогтоосон барааг улсын хилээр, мөн гаалийн хилээр хууль бусаар аль нь болох зааг ялгааг тодруулаагүй байна гэж үзээд дээрх хоёр байдал нь хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-г журамлаад О.Батмөнхөд холбогдох хэргийг Монгол Улсын хилээр хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан. Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон ямааны махыг нууж гаалийн талбайд орсныг эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Нуун далдлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй байх аргаар энэ зүйлд тусгайлан заасан зүйлийг улсын хилээр эсхүл гаалийн хяналтын бүсээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл хамаарна гэж тодорхойлсноос үзэхэд О.Батмөнх нь Монгол Улсын хилээр хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг бүрэн төгссөн байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/03 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Хавтас хэрэгт гэрч О.Батмөнхийн ...миний жолоодож явсан 23-88 ӨМҮ улсын дугаартай авто машин хувь хятад хүний машин. “Таван толгой шин” ХХК-ний нэр дээр явдаг машин /хх-29/, гэрч С.Гомбоцогийн ...энэ авто машийн “Таван толгой шин” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай компаний машинууд хятад талдаа байдаг. Тэнд манай хөдөлмөр хамгааллын инженер Ганц модонд томилж ажиллуулж байгаа /хх-31/, яллагдагч О.Батмөнхийн ...би энэ машиныг Жижигээ гэж бид нэрлэдэг хятад хүнээс нүүрс тээвэрлэх зорилгоор хятадын Ганц модонд хүлээж авсан /хх-45/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тооцоогүй, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар хэрэгт цугларсан эд мөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тэмдэглэлд тусгаж бэхжүүлээгүй байна.

          Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд мөрийн баримт болох тээврийн хэрэгслийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хадгалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэхээр заасан байхад хэрэгт тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй нь мөрдөн шалгах ажиллагааг  гүйцэд хийсэн гэж үзэх боломжгүй байна.

          Мөн Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/299 дугаартай албан тоотод ...О.Батмөнх нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон БНХАУ руу нэвтрэхдээ улсын хилээр 684 кг ямааны махыг тээврийн хэрэгсэлд нуун нэвтүүлэхээр завдсаныг илрүүлэн холбогдох материалыг эд мөрийн баримтын хамт /бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас/ Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт хүргүүлсэн гэж дурдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         “Таван толгой шин” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/193 дугаартай ... тус компанийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай тээрийн хэрэгсэлтэй холбоотой хэрэг, зөрчил дээр ахлах менежер С.Гомбоцогийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасагт хүргүүлсэн байхад /хх-30/ түүнээс гэрчийн мэдүүлэг авсан /хх-31-32/.

          О.Батмөнхийг Монгол улсын хилээр хууль бусаар хязгаарласан барааг нэвтрүүлсэн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ий хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг /хх-37/ нотлох баримтаар хавтас хэрэгт авсан байхад дээрх нотлох баримтуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Батмөнхөд эрүүгийн хариуцлага оногдуулж гаргасан шийдвэртээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрнгө орлогыг албадан гаргуулахаар заасан байхад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, эсхүл үнийг гаргуулан улсын орлого болгох эсэх тухай асуудлыг шийдвэрлээгүй байна.

          Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй нь  шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй байхад тодруулаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

           Давж заалдах шатны шүүхээс О.Батмөнхөд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээд буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.Батмөнхөд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол О.Батмөнхөд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА