Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 39

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Шүүгдэгч Н.Б

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох 1729000880048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, Бумбатын 4-6 тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийг хурааж, 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ялыг нэмж 2 жил 9 cap 26 хоногийн хугацаагаар хорих ял, Өмнөговь аймгийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Барга овогт Н.Б /регистрийн дугаар ЖН83031671/

          Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цагаан-Овоо 3-15 тоотод оршин суух иргэн М.Наранцэцэгийн орон гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэгийг хулгайлж бусдад 215000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Н.Б-г бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.Б-д оногдуулсан 4 /дөрөв/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 33 / гучин гурав/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг, Хэрлэн сумын Бумбатын 4-6 тоотод өндөр настай ээж Долгорсүрэнг асран халамжилж амьдардаг. Иймд миний ард үлдэж байгаа өндөр настай ээж болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 29-р шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Б Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын прокурор 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5/12 тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр Н.Батзаяагийн Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан нэмж нийт эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоожээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 15, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх нь хэрэгт цугларч бэхжсэн нотлох баримтыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн,  шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Н.Батзаяа нь иргэн М.Наранцэцэгийн гэрт 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэсэн мэдээлэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн тасагт иргэн М.Наранцэцэгийн гаргасан өргөдөл болон түүний хохирогч, гэрчээр, Д.Бат-Эрдэнэ, Н.Батзаяа нарын гэрчээр  мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл мөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэгт тэмдэглэгджээ. /хэргийн 07, 08,16, 18-19, 21,23 дугаар хуудас/

Гэтэл мөрдөн байцаалтын явцад гарсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, мөрдөн шалгах ажиллагааг харъяаллын бус  мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, хэрэг хянах хугацаа сунгах тухай прокурорын тогтоол, цагдан хорих байрыг өөрчлүүлэх тухай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал, прокурорын 5/12 тоот яллах дүгнэлт, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэрэгт гэмт хэрэг  үйлдэгдсэн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байхад шүүхээс дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт заасан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмт  хэрэг үйлдэгдсэн гэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг бодитой тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

2.  Яллагдагч Н.Батзаяа нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул түүнд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулан мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх тухай прокурорт гаргасан мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот санал хэргийн 04 дүгээр хуудсанд,  хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Н.Батзаяагаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл хэргийн 05-06 дугаар хуудсанд тус тус авагдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар өгсөн, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  даалгаврыг хүлээн авсан тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамт прокурорт хүргүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс хэргийн 05 дугаар хуудсанд Н.Батзаяагаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар прокурорын даалгаварыг үндэслэн эрх олгогдсон мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэрэгт яллагдагч Н.Батзаяад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын прокурорын  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1729000880048 тоот тогтоолыг танилцуулсан баримт байхгүй байх тул мөрдөгчийг яллагдагчид 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татсан шийдвэртэй танилцах эрхээ эдлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэсэн шаардлага хангаагүй  хуулбар хувиар авагдсан Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг шүүх  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэснийг зөрчсөн байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагын мөрдөгчийн Н.Батзаяагаас  яллагдагчаас авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй баримтуудыг шүүхээс ямар нэгэн байдлаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт заасан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэсэнтэй нийцээгүй байна.

4. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор ...2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьж байгаа нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт хийж, захирамжлах хэсгийн 2 дугаар заалтанд “Н.Батзаяаг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байрнаас Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд шилжүүлсүгэй” гэсэнболовч Н.Батзаяаг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хэзээ, ямар үндэслэлээр цагдан хорьсон тухай шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчиж дээрх шийдвэр гаргасан гэж үзнэ. 

 Мөн хэрэгт хоёр адилхан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/01 дугаартай, нэг нь цагдан хорих байрыг өөрчлүүлэх, нөгөө нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай агуулгатай Прокурорын санал  авагдсан байна.

Шүүхээс дээрх шийдвэрүүд, түүнд агуулагдсан мэдээлэлд дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоолыг ойлгомжтой, эргэлзээгүй бичигдэж чадаагүй гэж үзнэ.

5. Хэргийн 61 дүгээр хуудсанд Н.Батзаяагийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан “цагдан хорих шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул өмгөөлөгч томилон оролцуулж эрхийг минь хангаж өгнө үү” гэсэн хүсэлт авагдсан байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд заасан яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч оролцуулахыг хүссэн Н.Батзаяагийн хүсэлтийг шүүхээс шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг бүрэн, эсхүл, хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх шийдвэр гаргана гэсэнтэй нийцээгүй байна. Улмаар яллагдагчийн өмгөөлөгч томилуулах хүсэлтийг хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг явуулсан тухай тэмдэглэл авагдаагүй тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн явцыг энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэлд тусгаж танилцуулна гэснийг зөрчсөн гэж үзлээ.

 6. Хэргийн 56 дугаар хуудсанд “Н.Батзаяаг Дорнод аймаг дахь цагдан хорих байранд хоригдож байгаа тул хэргийн материал танилцуулаагүй болохыг тэмдэглэл болгон бичив” гэсэн мөрдөгч Н.Батжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн тэмдэглэл авагджээ. Мөрдөгчөөс энэ тэмдэглэл үйлдэх үед Н.Батзаяа цагдан хоригдож байсан тухай баримт хэрэгт байхгүй байсан төдийгүй дээрх тэмдэглэл үйлдсэн өдрөөс хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр прокурорын 5/01 тоот тогтоолоор Н.Батзаяагийн цагдан хоригдож байгаа байрыг солиулах, хэргийн материал танилцуулах үндэслэлээр хэрэг хянах хугацааг сунгасан боловч мөрдөгч, прокуророос хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд харин хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан болсон өдөр шүүхээс хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт байна. /хэргийн 67, 80 дугаар хуудас/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцуулаагүйгээс яллагдагч Н.Батзаяагийн хэргийн материалтай танилцаж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.2, 6.3-т заасан хүсэлт, гомдол гаргах, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт гаргах, мөн хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах зэрэг оролцогчийн хувьд хуулиар эдлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аливаа баримтат мэдээлийг нотлох баримт гэх бөгөөд уг баримтат мэдээлэл нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн баримтаар тогтоогддог.

Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ нотолгооны хэрэгсэл буюу тодорхой баримтуудын агуулгыг бичилгүйгээр нотлох баримтын нэрийг жагсаан бичсэн нь яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана гэсэнтэй нийцээгүй байна. Ингэснээр яллагдагч Н.Батзаяагийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, нотлох баримтыг шалгуулах, баримт сэлт гаргаж өгөх,  мэдээлэл авах болон бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлажээ.

8. Анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө улсын яллагчаас шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан эсэх баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, уг баримт нь хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан байна. Уг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас гэх баримтын урьд ял шийтгэгдсэн эсэх гэх хүснэгтэд “үгүй”  гэх хариултыг бичсэн байхад нөгөө хуудсанд “Нямаа Батзаяа” гээд 1-6 хүртэл дугаарлагдан “Тас огноо:...” гээд товчилсон үгээр бичигдсэн ойлгомжгүй мэдээлэлийг шүүх Н.Батзаяагийн ял шийтгүүлсэн байдал гэж шүүхийн шийтгэх тогтоолд бичжээ.

Энэ баримтын нэг талыг эх хувиараа гэж үзэхээр боловч нөгөө тал нь  хуулбар хувь байна. Түүнчлэн уг баримтын дээд хэсэгт 2013 онд хүчингүй болсон Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хамтарсан 2008 оны 547/494,/А113 дугаах захирамж, тушаалын гуравдугаар хавсралт  гэж бичигдсэн байх тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг хүчингүй төгөлдөр мөрдөгдөж буй шийдвэрээр батлагдсан журмын дагуу лавлагааг эрх бүхий байгууллагаас аваагүй гэж үзнэ.

 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн хүний лавлагааг мөн хуулийн 61.6 дэх хэсэгт заасныг үндэслэн гарсан Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/195 тоот тушаалаар батлагдсан “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлээ үнэлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах,хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх” журмын дагуу гаргаж хэрэгт хавсаргаж ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдлыг тогтоох болохыг шүүх анхаараагүйг дурдах зүйтэй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нотлох баримтын шаардлага хангаагүй шийтгэх тогтоолыг үндэслэн гарсан шийтгэх тогтоол нь өөрөө хууль ёсны байх шаардлага хангаагүй тул үүнээс үүсэх эрх зүйн үр дагаварт давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг магадлалд дурдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.   Үүнд:

1. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтын агуулгаас үзвэл Н.Батзаяаг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын Прокуророос 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байжээ.

Энэ үед 2017 оны 11 дүгээр сарын 07-нд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуудан Өмнөговь аймаг дахь Ханбогд сумын Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байна.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “.Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Энэ зохицуулалтыг хэрэглэх үндэслэл нь ялтаны урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон, уг ялаа эдэлж дуусаагүй  үедээ өөр гэмт хэрэг шинээр үйлдсэн ялтанд сүүлийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүссэн байхыг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл, ял шийтгүүлж хуулийн хүчин төгөлдөр тогтоолын үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ялтан нь  ялаа эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдвэл түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн оногдуулах боломжтой байна.

Яллагдагч Н.Батзаяагийн хувьд ялтан болоогүй үедээ хоёр өөр газар, нэг төрлийн гэмт хэрэгт буруутгагдан мөрдөн шалгах ажиллагаа зэрэг явуулж байсан хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж

болно” гэсний дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж нэг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс нэг шийдвэрээр гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлэх нь хууль ёсны  ба шударга ёсны зарчимд нийцэх боломжтой байсныг шүүх анхаараагүй байна.  

Эрүүгийн хуульд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг нь тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд ял оногдуулах журмыг зохицуулаагүй байна.

Шүүх Н.Батзаяад эхэлж хянан хэлэлцэж гарсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг дараагийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр бүгдийг нэмж нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо хэрэглэх ёсгүй Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын дагуу ял эдэлж буй ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шинэ гэмт хэрэгт ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж зохицуулсан байна.

Гэтэл шүүх эдлээгүй үлдсэн ялыг тогтоолгүйгээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүгдийг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт эдлэх ялын хэмжээг тогтоож Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэснийг тус тус дурдаж байна. 

Хуулиар тогтоосон журмыг зөрчиж цугларсан дээрх нотлох баримтын талаар анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлээгүй, шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримтыг үндэслэл болгож, мөн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд Н.Батзаяагийн ял хөнгөрүүлэх тухай гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгахаар тогтоосон болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Б-д холбогдох 1729000880048 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ