Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 410

 

Ё.Г, Э.М  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ё.Г- , түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, Ё.Г, Э.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч  Ё.Г, Э.М  нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эмэгтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э овогт Ё-ийн Г,

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Э-н М нар нь Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-, Ё.Г-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-, Ё.Г-  нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.М-аас 222,050 төгрөгийг гаргуулж Ё.Г- д олгож, шүүгдэгч Ё.Г- гийн 260,000 төгрөгийн нэхэмжлэлийг, шүүгдэгч Э.М-ын 200,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.М-ын 229,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.М-аас 282,000 төгрөг гаргаж Ё.Г- д, шүүгдэгч Ё.Г- гаас 229,300 төгрөг гаргаж Э.М-ад олгосугай...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.М- гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр … “Дархан гүн буян” ХХК-ийн байранд шүүгдэгч Ё.Г-  ирж хэрүүл маргаан хийж, улмаар худлаа орилж, гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь “Боль” гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэгээд бид хоёр үүнээс болж утас булаацалдаж зууралдсан. Ё.Г-  утсаа өгөхгүй гээд толгойгоо хоёр тийш нь савчаад ширээн дээр хэвтэж байсан. Би түүнийг зодоогүй, худлаа жүжиглэж орилоод бичлэг хийгээд байхаар нь болиулах гэж байсан юм. Би түүний толгой руу зодож, цохих үйлдэл гаргаагүй, гар утсыг нь эвдээгүй байхад түүний биед үүссэн тархи доргилтыг намайг учруулсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Харин Ё.Г-  намайг элдэв үгээр харааж загнаад, намайг гараараа санаатайгаар цохисон, бас хөл, гар луу өшиглөж миний биеийг хөхрүүлж эрүүл мэндээр минь хохироосон. Миний үйлдлийн улмаас Ё.Г- д тархи доргилт үүссэн нь хангалттай нотлогдоогүй тул би хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хохирол төлбөрийг буруу шийдсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн ч Ё.Г- гийн толгойн бариа хийлгэсэн нийт 70,000 төгрөгийг 170,000 төгрөг гэж нэмж нэхэмжилснийг хяналтын шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ё.Г-  гаргасан гомдолдоо “...Намайг гэм буруутайд тооцсон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь, хэргийн үйл баримтаас үзэхэд, Э.М- нь миний биед санаатайгаар хөнгөн хохирол учруулсан бөгөөд миний бие Э.М-ын биед хөнгөн хохирол учруулахаар үйлдэл огт хийгээгүй, мөн хийх боломжгүй байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл Э.М- нь миний биед хөнгөн хохирол учруулж миний эд хөрөнгө буюу гар утсыг булаан авахдаа өөрийнхөө үйлдлээс үүсгэсэн хөхрөлт бүхий байдлыг хоёр шатны шүүх харилцан зодолдсон гэж үзэж шинжээчийн 939 дүгээр дүгнэлтийг үнэлэн намайг гэм буруутайд тооцсоныг таамаглалд тулгуурлан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...Хэрэгт авагдсан шинжээчийн 939 дүгээр дүгнэлт нь эх сурвалжаа зааж чадаагүй гэрчийн хэзээ гэдгийг тодорхой мэдэхгүй, түүнчлэн зурагтай холбоотой баримтгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэн ...цус хуралтуудыг тоогоор илэрхийлсэн төдийгүй, гэмтэл хэзээ үүссэнийг тодорхойлох боломжгүй хэмээн дүгнэсэн дүгнэлтийг 2 шатны шүүх нотлох баримтаар үнэлж намайг гэм буруутайд тооцож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих асуудал нотлогдоогүй гэж үзэхээр байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх гэмтлийг тоогоор тоолж илэрхийлж, хэзээ үйлдэгдсэнийг хэлэх боломжгүй гэснээрээ ач холбогдлоо алдсан байна. Мөн ...шинжилгээний объект болгосон хэзээ авсан нь тодорхойгүй зургийг 939 дүгээр дүгнэлтэд тусгасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэхээр байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй дүгнэлт гаргасан шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны болоогүй гэж үзэж байна. ...Мөн зураг дээрх хөхрөлт, няцралтыг ногоорсон гэж бичсэн зэрэг нь тухайн 6 дугаар сард үүсээгүй, нэг бол өмнө нь, эсхүл шинжээчийн дүгнэлт гаргахаар өгсөн зураг нь үйл явдлаас 2-3 сарын дараах зураг учир өөр хэн нэгэнтэй маргалдсанаас үүссэн байж болохоор байтал 2 шатны шүүх үнэлж гэм буруутайд тооцсон нь хэрэглэвэл зохин хуулийг хэрэглээгүй үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Ё.Г-  надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Г- гийн өмгөөлөгч Р.Пүрэмлхам хэлсэн саналдаа “...Хоёр шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хууль, журмыг зөрчиж гаргасан 939 тоот дүгнэлтийг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл шинжээчийн 690 тоот дүгнэлтээр хөнгөн гэмтэлд хамаарахгүй гэдэг. Шинжээчийн 969 тоот дүгнэлтэд 15 ширхэг гэмтэл байна, энэ нь 1 хувиас илүүгүй байна гэсэн байдаг. Гэмт хэргийн шинж чанарыг агуулаагүй байхад гэмт хэргийн сэдэлт, зорилго байсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ё.Г- гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Э.М-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Ё.Г- гийн хувьд 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ё.Г, Э.М  нарын гаргасан гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ё.Г, Э.М  нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Д г б”ХХК--ийн ажлын байранд хоорондоо маргалдаж, улмаар зууралдан ноцолдох, маажих, цохих зэргээр зодолдож, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, улмаар уг нөхцөл байдлыг буруу тогтоосон гэж үзэх зөрчил, ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн шүүгдэгч тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ё.Г, Э.М  нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Ё.Г, Э.М  нар нь хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас тэдний хэн альных нь эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч нарын гаргасан “...Гэм буруутай нь хангалттай тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ё.Г, Э.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Г, Э.М  нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бол торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ё.Г, Э.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ё.Г, Э.М  нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН