Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 72

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шинжээч эмч Д.Туяа,

Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ё.Ггийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Шүүгдэгч Э.М, Ё.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Э.М, Э овогт Ё.Г нарт холбогдох эрүүгийн 1818005150489 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С овогт Э.М /РД: /, Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

2. Монгол улсын иргэн, Э овогт Ё.Г /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Э.М, Ё.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.М, Ё.Г нар нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дархан гүн буян” ХХК-ийн байранд маргалдаж, шүүгдэгч Ё.Г нь гар утсаараа бичлэг хийхэд Э.М нь бичлэгийг зогсоох зорилгоор гар утсыг нь авахаар шүүгдэгч Ё.Гтай харилцан зууралдаж, ноцолдож, маажиж, цохисноор шүүгдэгч Э.Мын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуянд 3 ширхэг, зүүн бугалга тохойд 2 ширхэг, баруун бугалганы урд гадаргууд 4 ширхэг, зүүн өвдөгний гадна хэсэгт 2 ширхэг, баруун шилбэнд 4 ширхэг, зүүн шилбэнд 2 ширхэг, баруун гуяны урд дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 1 ширхэг,  баруун шилбэний дотор доод хэсэгт 1 ширхэг, ууцанд 2 ширхэг бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Ё.Ггийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүр төвшин дэх цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Мын өгсөн: ...Шүүгдэгч Ё.Г нь “Туяанаа” гэх нэртэй фейсбүүк хаяг нээгээд намайг болон манай гэр бүлийг зогсоо зайгүй янз бүрээр доромжилдог байсан. Тэр өдөр Ё.Г нь гар утсаараа бичлэг хийгээд худлаа орилоод байхаар нь гар утсыг нь авах гээд би түүнийг татсан нь үнэн. Манай тэр ширээний ар талд шургуулгатай. Би шүүгдэгч Ё.Гг түлхэж байгаад гар утсыг нь аваад Т.Ут уг гар утсыг өгөөд “хайраа наад бичлэгийг нь болиулчих” гээд өгсөн. Тэгтэл Т.У нь бичлэгийг нь зогсоож чадахгүй байна гэж хэлсэн. Тэр хооронд шүүгдэгч Ё.Г нь намайг 2-3 удаа цохисон. Би нөхрийгөө цагдаа дуудчих гэж хэлэхэд шүүгдэгч Ё.Г нь өөрөө гарч гүйгээд цагдаа дуудсан. Би шүүгдэгч Ё.Ггийн гараас нь мэдээж барьсан. Тэгтэл шүүгдэгч Ё.Г нь “чи намайг аллаа. Эд нар бөөнөөрөө нийлж хүн зодож байна” гээд тэр хавиар нэг орилсон. Яг цагдаа ирэхэд Ё.Г нь намайг шороон дээр чирчихсэн зогсож байсан. Би гар утсыг нь өгөхгүй гээд байж байсан. Эмчилгээний зардалд 229.300 төгрөгийн эм тариа авсан. Мөн манай нөхөр Т.У нь Ё.Г руу мөнгө шилжүүлчих гэхээр нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 429.300 төгрөгийг Ё.Ггаас буцааж гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ё.Ггийн өгсөн: ...Салсан салаагүй хоёр авгайгаа зодолдуулаад ингэж байгаа нь Т.Уын буруу. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Т.У намайг дуудаад би очсон. Шүүгдэгч Э.М орж ирсэн. Би Э.Мыг ямар хүн гэдгийг мэдээгүй, хараагүй. Тийм учраас шүүгдэгч Э.Мыг өөрөө хэн бэ? гэсэн чинь “аа чи фейсбүүкээр яадаг яадаг” гээд байсан. Тэгтэл ээж нь намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би гар утсаараа бичлэг хийсэн. Намайг сандал дээр суугаад хичээлээ хийж байхад Э.М намайг дарсан. Би гар утсаа өгөхгүй гээд байж байхад Э.М нь цүнхнээс гар утсыг сугалж аваад “наад бичлэгээ устга” гээд Т.Ут уг гар утсыг өгсөн. Намайг гар утсаа авах гэхэд түлхэж унагаасан. Тэр хавьд байсан зүйлүүд нурсан. Тэгээд би өрөөнөөс гараад хүний утсаар цагдаа дуудсан. Би цагдаа иртэл гар утсаа ямар ч байсан алдаж болохгүй гээд зууралдсан. Эмчилгээ болон эм тариа, бариа хийлгэсэн төлбөр болон замын зардал, гар утасны засвар гээд нийт 482.050 төгрөгийг шүүгдэгч Э.Маас нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: Тархи доргилт нь өөрөө хөнгөн гэмтэлд ордог. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа нь 4 долоо хоног байдаг. Энэ 4 долоо хоног дотор эдгэрнэ гэж ойлгож болно. Эргэлзээтэй зүйлд нарийн мэргэжлийн үзлэгт явуулдаг. Ё.Гг тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр рентгенд үзүүлэхээр явуулахад гавал ба нүүр яс даралт тархмал сул гэдэг нь илэрсэн. Энэ нь өөрөө тархи доргилтын шинж. Хэрэв хуучин тархи доргилт байсан бол тархины даралт ихдэлт хуучнаар гэж оруулж өгдөг. Рентген үзлэгээр илэрчихсэн зүйлийг би заавал дүгнэлтдээ шинэ, хуучин гэж бичих шаардлага байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Т.Уын өгсөн: ...Э.М, Ё.Г нар нь маргалдаад эхэлсэн. Тэр үед Ё.Г нь гар утсан дээрээ ярианы бичлэг хийсэн. Э.М тэрийг нь мэдээд “та яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? устга” гэж хэлсэн. Тэгсэн Ё.Г нь хараагаад, загнаад Э.Мыг гараараа цохисон. Тэгтэл Э.М уурлаад “яагаад хүн цохиж байгаа юм бэ? яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? наадах аа устга” гэж хэлэхэд Ё.Г нь үгүй гээд тэр 2 маргалдаад зууралдаад байхаар нь би гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Ц.Жийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад чанга дуугаар хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би арын өрөөнөөс гараад ирэхэд үүдний өрөөнд 2 эмэгтэй зодолдоод чанга чанга орилолдоод байсан. Э.М нь Ё.Гг ширээн дээр цээжээр нь дарчихсан, Ё.Ггийн 2 хөл нь гозойчихсон байсан. Тэр өрөөнд хүмүүс зодолдсон болоод л ширээ, сандал нь нааш цаашаа болоод, ус асгарна шүү дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч О.Бны өгсөн: ...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Дархан гүн буян” ХХК-ийн загварын өрөөнд гар утсаараа тоглоод сууж байхад нягтлангийн өрөөнөөс хүмүүс муудалцах, орилолдох чимээ гарсан. Тэгээд би харах гээд очиход тэр өрөөнөөс Т.У ахын шинэ, хуучин эхнэрүүд нь их ууртай гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-иийн 27-28/,

Гэрч Ц.Аийн өгсөн: ...Би маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ээж Ё.Гтай уулзахад бие нь энд тэндээ хөхөрч няцарсан, урагдсан, маажигдсан байсан. Бас толгой нь өвдөөд даралт нь ихэссэн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Гэрч Б.Бийн өгсөн: ...Э.М нь 2018 оны 6 дугаар сарын сүүлээр л болов уу ирж биед үүссэн шархаа харуулж зураг авахуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Ё.Ггаас гаргаж өгсөн сидинд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 687 дугаартай “Ё.Ггийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүрийн төвшин дэх цус хуралт, зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ё.Ггийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,

Э.Мын баруун бугалгын дотор талд хөхөрсөн. Эрүүний урд хэсэг болон цээжний урд хэсгээр зулгарсан. Зүүн хөлийн өвдөгний үе орчмоор бага зэрэг хавдартай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 39/,

Э.Мын биед үүссэн шархны гэрэл зураг /хх-ийн 51/, Ё.Ггийн биед үүссэн шархны гэрэл зураг /хх-ийн 111-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 939 дугаартай “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Э.Мын биед учирсан гэх фото зураг дээрх гэмтлүүд нь дүгнэлтэд нэг бүрчлэн тусгагдаагүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовуур, эмнэлзүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан байдаг ба Э.Мын биед учирсан доорх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Э.Мын биед баруун, зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр тус бүрдээ нэг удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Фото зургаар гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Э.Мын зүүн чихний хэнгэрэгэн хальсны хуучин цооролт, зүүн дунд чихний архаг үрэвсэл нь тухайн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Э.Мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: Э.Мын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр авахуулсан гэх фото зургийг үндэслэн гаргасан. Дүгнэлт гаргахад баруун, зүүн бугалга, өвдөг, гуя, шилбэний цус хуралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуун 1 хувиас илтэд илүү том хэмжээтэй байсан тул хэмжээг нарийвчлан тусгалгүйгээр фото зураг дээрх гэмтлүүдийг тус бүрчлэн дурдаж дүгнэлтэд тусгасан. Иймд хөнгөн зэргийн гэмтэлд хамруулж санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь Э.Мын хувьд шүүгдэгч Ё.Гг зодож цохисон байдал, өөрөөр хэлбэл толгойг нь доргитол гэмтээсэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч Ё.Ггийн биед тархи доргилт үүссэн гэж байгаа боловч тухайн үед үүссэн үү? гэдэг дээр шинжээчийн дүгнэлтэд нэмж тодруулаагүй зүйл байдаг. Шинжээч эмчийн тайлбараас үзэхэд тархи доргилт нь 28 хоногийн турш үргэлжилдэг. Энэ тархи доргилт нь 6 дугаар сарын 26-ны өдөр үүссэн гэдгийг хангалттай нотолж хэлээгүй. Яллах дүгнэлтээр оруулж ирж байгаа уг хэрэг маань гэмт хэрэг мөн юм уу? гэдэг тал дээр эргэлзээ төрж эхэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Шүүгдэгч Э.М шүүгдэгч Ё.Гг зодсон байна гэх хангалттай нотлох баримт тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгч Э.Мыг цагаатгаж өгнө үү гэж, өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь шүүгдэгч Э.М нь шүүгдэгч Ё.Ггийн гар утсыг булааж авахын тулд өөрөө хүчтэй үйлчлэл үзүүлээд, татаад, чангаагаад, дээр нь гараад байгаа үедээ хөхрөлт няцралт учруулсан байна. Тэгэхдээ Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э. Мартын биед баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуян дахь цус хуралт тогтоогдсон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж дүгнэсэн байхад Э.Мын гэрэл зургийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 939 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Э.Мын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуянд 3 ширхэг, зүүн бугалга тохойд 2 ширхэг, баруун бугалганы урд гадаргууд 4 ширхэг, зүүн өвдөгний гадна хэсэгт 2 ширхэг, баруун шилбэнд 4 ширхэг, зүүн шилбэнд 2 ширхэг, баруун гуяны урд дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 1 ширхэг,  баруун шилбэний дотор доод хэсэгт 1 ширхэг, ууцанд 2 ширхэг бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон...” гэсэн дүгнэлт гарсан нь үндэслэлгүй байна. Өнөөгийн нийгэмд текник хөгжиж байхад тэр зураг дээр янз бүрийн байдлаар эвлүүлээд хөхрөлтийг нэмээд тавихыг үгүйсгэхгүй. Шинжээч эмч дүгнэлтээ гаргах буюу шинжилгээний тухай хуультайгаа нийцүүлээд нөгөө криминалистикийн шинжээч нь өөрөө гарын үсгээ зуруулаад яг ийм хэмжээтэй хөхрөлт зайлшгүй байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Гг цагаатгаж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Гэтэл шүүгдэгч Э.М, Ё.Г нар нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг “Дархан гүн буян” ХХК-ийн байранд маргалдаж, шүүгдэгч Ё.Г нь гар утсаараа бичлэг хийхэд Э.М нь бичлэгийг зогсоох зорилгоор гар утсыг нь авахаар шүүгдэгч Ё.Гтай харилцан зууралдаж, ноцолдож, маажиж, цохисноор шүүгдэгч Э.Мын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуянд 3 ширхэг, зүүн бугалга тохойд 2 ширхэг, баруун бугалганы урд гадаргууд 4 ширхэг, зүүн өвдөгний гадна хэсэгт 2 ширхэг, баруун шилбэнд 4 ширхэг, зүүн шилбэнд 2 ширхэг, баруун гуяны урд дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 1 ширхэг,  баруун шилбэний дотор доод хэсэгт 1 ширхэг, ууцанд 2 ширхэг бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Ё.Ггийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүр төвшин дэх цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Т.Уын “...Э.М, Ё.Г нар нь маргалдаад эхэлсэн. Тэр үед Ё.Г нь гар утсан дээрээ ярианы бичлэг хийсэн. Э.М тэрийг нь мэдээд “та яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? устга” гэж хэлсэн. Тэгсэн Ё.Г нь хараагаад, загнаад Э.Мыг гараараа цохисон. Тэгтэл Э.М уурлаад “яагаад хүн цохиж байгаа юм бэ? яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? наадах аа устга” гэж хэлэхэд Ё.Г нь үгүй гээд тэр 2 маргалдаад зууралдаад байхаар нь би гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Ц.Жийн “...Тэгэхээр нь би арын өрөөнөөс гараад ирэхэд үүдний өрөөнд 2 эмэгтэй зодолдоод чанга чанга орилолдоод байсан. Э.М нь Ё.Гг ширээн дээр цээжээр нь дарчихсан, Ё.Ггийн 2 хөл нь гозойчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч О.Бны “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Дархан гүн буян” ХХК-ийн загварын өрөөнд гар утсаараа тоглоод сууж байхад нягтлангийн өрөөнөөс хүмүүс муудалцах, орилолдох чимээ гарсан. Тэгээд би харах гээд очиход тэр өрөөнөөс Т.У ахын шинэ, хуучин эхнэрүүд нь их ууртай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-иийн 27-28/, гэрч Ц.Аийн “...Би маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ээж Ё.Гтай уулзахад бие нь энд тэндээ хөхөрч няцарсан, урагдсан, маажигдсан байсан. Бас толгой нь өвдөөд даралт нь ихэссэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 687 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, Э.Мын баруун бугалгын дотор талд хөхөрсөн. Эрүүний урд хэсэг болон цээжний урд хэсгээр зулгарсан. Зүүн хөлийн өвдөгний үе орчмоор бага зэрэг хавдартай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 39/, Э.Мын биед үүссэн шархны гэрэл зураг /хх-ийн 51/, Ё.Ггийн биед үүссэн шархны гэрэл зураг /хх-ийн 111-114/ зэргээр нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 939 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.Мын биед тогтоогдсон баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуянд 3 ширхэг, зүүн бугалга тохойд 2 ширхэг, баруун бугалганы урд гадаргууд 4 ширхэг, зүүн өвдөгний гадна хэсэгт 2 ширхэг, баруун шилбэнд 4 ширхэг, зүүн шилбэнд 2 ширхэг, баруун гуяны урд дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 ширхэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 1 ширхэг,  баруун шилбэний дотор доод хэсэгт 1 ширхэг, ууцанд 2 ширхэг бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн гэмтэл нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 690 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.Мын биед тогтоогдсон баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуян дахь цус хуралттай давхцаж байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 939 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Э.М, Ё.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч Э.Мын гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч Ё.Ггийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүрийн төвшин дэх цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд Ё.Г нь эмчилгээ болон эм тариа, бариа хийлгэсэн төлбөр болон замын зардалд нийт 482.050 төгрөгийг шүүгдэгч Э.Маас нэхэмжилж, холбогдох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргасан байна.

Мөн шүүгдэгч Ё.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч Э.Мын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуянд 3 ширхэг, зүүн бугалга тохойд 2 ширхэг, баруун бугалганы урд гадаргууд 4 ширхэг, зүүн өвдөгний гадна хэсэгт 2 ширхэг, баруун шилбэнд 4 ширхэг, зүүн шилбэнд 2 ширхэг, баруун гуяны урд дунд хэсэгт 2 ширхэг, баруун шилбэний дотор доод хэсэгт 1 ширхэг, ууцанд 2 ширхэг бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирч, Э.М нь эмчилгээний зардалд 229.300 төгрөг, Ё.Ггийн дансанд шилжүүлсэн 200.000 төгрөг, нийт 429.300 төгрөгийг шүүгдэгч Ё.Ггаас нэхэмжилж, холбогдох баримтыг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэвч шүүгдэгч Ё.Ггийн Айпоне 8 плас загварын гар утсанд гэмтэл үүссэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Ё.Г нь гар утасныхаа эвдрэл, хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй байх тул түүний гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтаас гар утасны дэлгэц солиулсан гэх нийт 60.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Гд 200.000 төгрөг шилжүүлсэн болох нь Э.Мын ХААН банкны 5034517966 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Шүүгдэгч Ё.Г нь дээрх 200.000 төгрөгийг Н.Ууганбаяраас авсан тул хохирол төлбөрт тооцохгүй, шүүгдэгч Э.М нь нөхөр Н.Ууганбаярын хэлснээр 200.000 төгрөгийг Ё.Гд шилжүүлсэн, хохирол төлбөрт өгөөгүй тул эмчилгээний зардал дээрээ дээрх мөнгийг нэмж нэхэмжилнэ гэж тайлбарлаж байх боловч 200.000 төгрөг нь Э.Мын ХААН банк дахь 5034517966 тоот данснаас шилжүүлсэн тул Ё.Ггийн хохирол төлбөрөөс 200.000 төгрөгийг төлж барагдуулсанд тооцох үндэслэлтэй байна.

Иймд Ё.Гийн нийт 482.050 төгрөгийн нэхэмжлэлээс 260.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Маас 222.050 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ё.Гд олгох нь зүйтэй юм.

Харин шүүгдэгч Э.Мын 429.300 төгрөгийн нэхэмжлэлээс Ё.Гд шилжүүлсэн гэх 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М нь цус хуралт, зулгаралт болон чихний үрэвсэлээ эмчлүүлсэн гэж 229.300 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтыг цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол ба чихний үрэвслийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал гэж ялган дүгнэх боломжгүй байх тул 229.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.М, Ё.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ё.Г нь урьд  1 удаагийн ял шийтгэлтэй болох нь тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч Ё.Ггийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Э.М, Ё.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэдэнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүмүүсийн яриа бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Э.М, Э овогт Ё.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М, Ё.Г нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Маас 222.050 /хоёр зуун хорин хоёр мянга тавь/ төгрөгийг гаргуулж Ё.Гд олгож, шүүгдэгч Ё.Ггийн 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг, шүүгдэгч Э.Мын 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мын 229.300 /хоёр зуун хорих есөн мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Ё.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР