Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 44

 

Ё.Г-, Э.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0015/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     А.Оргилбаяр

Шүүгдэгч                                      Ё.Г-

Шүүгдэгчдийн өмгөөлөгч            Ө.Өлзиймаа, Р.Пүрэвлхам

Нарийн бичгийн дарга                Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолтой, Э-ийн М-, Ё-гийн Г- нарт холбогдох, 1818005150489 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Э.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд  ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, С- овогт Э-ийн М-.

Монгол улсын иргэн, урьд нь  2005 оны 12 дугаар сарын 19-нд  Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ********** регистрийн дугаартай, Э- овогт Ё-гийн Г-.

          Шүүгдэгч Э.М-, Ё.Г- нар нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт дэвсгэр  “Дархан гүн буян” ХХК-ийн байранд маргалдаж, шүүгдэгч Ё.Г- нь гар утсаараа бичлэг хийхэд Э.М- нь бичлэгийг зогсоох зорилгоор гар утсыг нь авахаар  харилцан зууралдаж, ноцолдож, маажиж, цохисноор шүүгдэгч Ё.Г- нь  Э.М-ын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуя,  зүүн бугалга тохой, баруун бугалганы урд гадаргууд, баруун,  зүүн шилбэнд,  баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн, баруун  гуяны дотор дунд хэсэгт  мөн  ууцны орчимд   бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн  хохирол .,

       -шүүгдэгч  Э.М- нь Ё.Г-гийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүр төвшин дэх цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  72 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч С- овогт Э-ийн М-, Э- овогт Ё-гийн Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар Э.М-, Ё.Г- нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Э.М-аас 222.050 төгрөгийг гаргаж Ё.Г-д олгох, шүүгдэгч Ё.Г-гийн 260.000 төгрөгийн нэхэмжлэлийг, шүүгдэгч Э.М-ын 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.М-ын 229.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

          -Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-, Ё.Г- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Г-гийн “Айпоне 8 плас” загварын гар утсанд гэмтэл үүссэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн атлаа гар утастай холбоотой нэхэмжилсэн хохирлоос 606.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон. Гар утастай холбоотой зарим хохирол, эмчилгээний зардал, унааны зардлыг нийт 222,050 төгрөгийг надаас гаргаж Ё.Г-д олгохоор шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Ё.Г-гийн үйлдлээс болж миний биед олон тооны хөхрөлт няцралт гэмтэл зулгаралт үүсч би эрүүл мэндээрээ хохирсон. Ё.Г- миний гэр бүлийг доромжилж нөхөр Ууганбаяртай урьдын харилцаагаар далимдуулж намайг гар утсаараа байнга доромжилдог байсан болохоор нь би эмзэглэж утсаараа бичлэг хийхийг нь болиулах гэж зууралдсан юм, түүнээс би Ё.Г-г санаатай зодсон асуудал байхгүй.

Иймд анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцсоныг би зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2.д зааснаар намайг цагаатгаж өгнө үү... гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Г- тайлбартаа:

...Миний бие хөхөрч, тархи өвдөж хохирсон. н.Ууганбаяр нь одоогийн эхнэрээ дуудаагүй бол Э.М- бид хоёрын хооронд юу ч болохгүй байсан гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

...Э.М- хэлэхдээ “хэргийн нөхцөл байдлыг Ё.Г- учруулсан байхад анхан шатны шүүх намайг шийтгэсэнд гомдолтой байна, мөн 229.300 төгрөгийн надад учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхисон мөртлөө Ё.Г-гийн хохирлыг хэлэлцсэн нь үндэслэлгүй” гэдэг. Иймд Э.М-ыг цагаатгаж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Г-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тайлбартаа:

...Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор нэмэлт ажиллагаа хийгдэх ёстой учраас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлт үндэслэлтэй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтооол үндэслэлтэй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэх болон шүүгдэгч Э.М-ыг цагаатгаж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М-, Ё.Г- нар нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт дэвсгэр,  “Дархан гүн буян” ХХК-ийн байранд маргалдаж, шүүгдэгч Ё.Г-г  гар утсаараа бичлэг хийхэд Э.М-  гар утсыг нь авах гэж харилцан зууралдаж, ноцолдож, цохисны улмаас  шүүгдэгч Ё.Г- нь  Э.М-ын биед баруун бугалганы гадна ар доод хэсэгт том хэмжээний, баруун гуя,  зүүн бугалга тохой, баруун бугалганы урд гадаргууд, баруун,  зүүн шилбэнд,  баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн, баруун  гуяны дотор дунд хэсэгт  мөн  ууцны орчимд   бүдэг хүрэн ягаан, ногоон туяа бүхий цус хуралт, зүүн шилбэний дотор дээд хэсэгт орчны эддээ зулгаралт бүхий хөнгөн  хохирол учруулсан., шүүгдэгч  Э.М- нь Ё.Г-гийн биед тархи доргилт, зүүн хацрын доод хэсэг, цээжний өмнө, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэ, 2 гарын хурууны 1 дүгээр шивнүүр төвшин дэх цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.  

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг, гэрч Т.Ууганбаяр, Ц.Жийсий, О.Баярсайхан, Б.Баярмаа, шинжээч эмч Г.Ханхүү нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 687 дугаар дүгнэлт, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  687 дугаар дүгнэлт, /х.хийн 63-64., 35 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.Г-гийн гаргаж өгсөн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  болон тухайн үед болсон үйл баримтаар  нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ  талаарх  шүүхийн дүгнэлт хуулийн  үндэслэлтэй., тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.М-ын гаргасан  ...Би  Ё.Г-гийн  үйлдлийг эсэргүүцэж  утсаараа бичлэг хийхийг нь болиулах гэж зууралдсан., түүнээс би Г-г  зодоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хийсэн дүгнэлт буруу, тооцоо ойлгомжгүй байгаа., мөн шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахдаа   тогуулийн ялын биелэлтэнд хугацаа заагаагүй бөгөөд энэ хугацаа нь  хэрвээ шүүгдэгч нь торгуулийн “ялыг” ...шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй... бол Эрүүгийн хуульд заасан ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялаар солигдох үр дагавартай болохыг шийтгэх тогтоолд үүрэг болгож тодорхой  тусгаж өгөлгүй Эрүүгийн хуулийг “хэлбэрийн”  хувьд ойлгон,   “хуулийн агуулгыг”  буруу ойлгож тайлбарлажээ.

Мөн  шүүх  Ё.Г-гийн нэмэмжилсэн  гар утсанд гэмтэл учирсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд  нотлох баримтаас үзвэл  Ё.Г- нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол  эмчилгээ, эм тарианы мөнгө, замын зардал гэж 482.000 төгрөг нэхэмжилж энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн,  Э.М- нь  200.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байх тул үлдэгдэл 282.000  төгрөгийг Э.М-аас  гаргаж Ё.Г-д олгох,  мөн  Э.М- нь эмчилгээний зардал, эм тарианы төлбөр 229.300 төгрөг нэхэмжилснийг  Ё.Г-гаас гаргаж Э.М-ад олгохоор  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3  дугаар заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д зааснаар шүүгдэгч Э.М-аас 282.000 төгрөг гаргаж Ё.Г-д., шүүгдэгч Ё.Г-гаас  229.300 төгрөг гаргаж Э.М-ад олгосугай...  гэж  өөрчлөн.,   

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Э.М-, Ё.Г- нарыг шүүхээс   оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож., тэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг  мэдэгдсүгэй... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

  

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ