Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00522

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/00284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Г.Э-т холбогдуулан 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Н.Батбаатар, хариуцагч С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Г.Э-ын өмгөөлөгч Э.Золбоо, мөн Г.Э-ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Энхбаатар нь 2008 оноос автомашины худалдаа эрхэлж байгаа бөгөөд тухайн үед Г.Э-тай танилцсан. 2014 оны 07 сарын 09-ний өдөр дизель хөдөлгүүртэй евро стандартын 2013 оны загварын Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг бүх зардлын хамт нийт 50 000 ам.доллароор буюу тухайн үеийн ханш /1 ам.доллар 1846 төгрөг/ 92 300 000 төгрөгт ОХУ-аас оруулж ирэхээр тохиролцсон. 2014 оны 07 сарын 22, 23-ны өдөр байх Г.Э-ын хадам аав С.Б- нь “нөгөө автомашин ирсэн, үлдэгдэл мөнгөө өг, явж авчрах гэж байна” гэхлээр нь Г.Э-т энэ тухай утсаар хэлэхэд “за, за аваад ирнэ” гэсэн тул 32 000 ам.доллар өгсөн. Хэд хоногийн дараа “2009 оны автомашин оруулж ирсэн авах уу” гэхлээр нь “2013 оны загвар захисан тул авахгүй” гэж хэлсэн. Г.Э-, С.Б- нарт 2014 оны 07 сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 15-ны өдөр 8 000 000 төгрөг, 22-ны өдөр 32 700 ам.доллар, мөн оны 08 сарын 11-ний өдөр  20 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 48 000 000 төгрөг, 32 700 ам.долларыг өгсөн.

Дээрх уг автомашиныг захихаас өмнө Г.Э-аас 2014 оны 07 сард 38 000 ам.доллароор Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин худалдан авсан байсан. Гэтэл мөрдөн байцаах газраас “таны унаж яваа автомашин гаалийн татвар төлөөгүй, хуурамч гэрчилгээтэй автомашин байна” гэхлээр нь Г.Э- руу ярьсан. Тухайн үед Г.Э- нь хоригдож байсан учраас хадам аав нь ирсэн. Худалдан авсан автомашин асуудалтай, дараагийн автомашин ирээгүй, юу болж байна гэж асуухад учрыг олно, Оросуудад мөнгө өгнө гэж хэлээд 20 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдөр гаалийн татвар төлнө гээд 25 000 000 төгрөг тус тус авсан. Гаалийн татвар төлсөн баримтаар бол 24 000 000 төгрөг төлсөн байсан. Улмаар Г.Э- батлан даалтаар гарч ирээд “танд өгсөн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг хураалгах болчихлоо, дараа өөр автомашин өгье” гээд автомашиныг аваад явсан. Г.Э- 4 000 ам.доллар, 17 000 000 төгрөг өгснөөс хойш Г.Э- нар нь захиалсан автомашиныг авчирч өгөөгүй, авсан мөнгийг өгөхгүй, зугтаагаад олдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2015 оны 03 сарын 03-ны өдөр Казакстан улсаас Монголд ирж байна гэж сонсоод, онгоцны буудал дээр тосож “мөнгө өгөхгүй бол цагдаа, шүүхэд хандана” гэхэд битгий өгөөч гэж гуйсан.

Ингээд бид харилцан тооцоо нийлж, Г.Э- 10 500 000 төгрөг, 32 700 ам.долларыг 2015 оны 03 сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгана гэсэн бичиг хийж өгсөн. Уг бичгийг дарамталж, бичүүлсэн зүйл байхгүй. Үүний дараа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулснаар 2016 оны 06 сарын 13-ны өдөр 7 500 ам.доллар, 2016 оны 11 сарын 23-ны өдөр 57 694 540 төгрөг буюу тухайн үеийн ханшаар тооцож, 25 200 ам.доллар, нийт 32 700 ам.долларыг авсан. 7 жил гаруй хугацаанд нэхэмжлэгчээс гарсан өмгөөлөгчийн хөлс, төлөх улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал зэргийг нэхэмжлээгүй. Хариуцагч нарт мөнгө зээлж байгаагүй. Захиалсан автомашиныг авчраагүйгээс бидний дунд маргаан үүссэн.

Иймд тооцоо нийлж, Г.Э-ын бичиж өгсөн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн бичгийн дагуу Г.Э-аас 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э- хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Г- 2014 оны Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг 48 000 ам.доллароор тохиролцон захиалсан. Гэвч 32 700 ам.доллар өгсөн тул мөнгө хүрэхгүйн улмаас 2009 оны Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг авчирсан. Д.Г- авахаас татгалзаж, заруулахыг хүссэн тул ОХУ-ын иргэн Стасст 32 700 ам.долларыг өгч, дахин 2014 оны Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин захиалсан. Тухайн үед Д.Г-ын өгсөн 32 700 ам.долларыг С.Б- бид хоёр аваагүй. Д.Г-тай зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн удаагүй.

Д.Г- нь 2014 оны 08 сараас хойш өдийг хүртэл мөнгөн дүнгээ өөрчлөн цагдаа, прокурор, шүүхээр шалгуулж байсан. 2014 оноос 2016 оны 11 сар хүртэл хугацаанд эрүүгийн хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулсан ба 2 сар цагдан хоригдож байх хойгуур ОХУ-ын иргэн Стасс сураггүй болсон. Эхний авсан автомашины тооцоог надтай хийгээгүй. 32.000 ам.долларт нь тохирсон автомашин авчирч өгөхөд, авахгүй гэсэн. 2015 оны 03 сард Авлигатай тэмцэх газар шалгагдах байх хугацаанд яаралтай ажлаар Казакстан улс руу явсан. Онгоцноос бууж ирэхэд нэхэмжлэгч тосож аваад Мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар, Баянгол дүүргийн Цагдаагийн газар өгч хорино гэж сүрдүүлэн, дарамталсан учраас тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Анх 32 000 ам.доллар өгснийг 32 700 ам.доллар болгож өгсөн. Өгсөн мөнгө гэдэг нь автомашины гаалийн татварт төлсөн мөнгө. Нэхэмжлэгчийг залилж, мөнгө авч алга болсон зүйл байхгүй. Баян-Өлгий аймагт байхад хадам аав С.Б-аар дамжуулаад 32 000 ам.долларыг өгчих гэсэн. Өөрөөр С.Б-ын оролцоо байхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Б- хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, 11 000 000 төгрөгийн хувьд хэзээ, ямар автомашины төлбөрт хийгдсэн, төлбөрийн зориулалт зэргээс шалтгаалаад, хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай. С.Б-ын хувьд энэ ажиллагаанд оролцсон тохиолдол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу Г.Э-ыг залилан мэхэлсэн асуудлаар шалгахад нь Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг захиалж анх 32 000 ам.долларыг С.Б-аар дамжуулж цааш нь автомашин худалдаж байгаа ОХУ-ын иргэнд шилжүүлж өгсөн асуудал байдаг. Д.Г-аас 32 000 ам долларыг авч, цааш өгсөн ажиллагаанд оролцсон. Эрүүгийн хэргийг шалгаад дуусах явцад Г.Э- нь 32 700 ам.долларыг төлж, эрүүгийн хэргийг хаасан байдаг. Өөр бусад байдлаар С.Б-ын оролцоо байхгүй. Нэхэмжилж байгаа 11 000 000 төгрөгийн С.Б-т холбогдох хэсэг нь үндэслэлгүй юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-аас 10 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг болон хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 600 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Э-ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэхдээ нийт хэдэн автомашины харилцаанаас үүдэлтэй хэдэн төгрөгийн үүрэг хэнд нь үүссэн, түүнийг нь буюу тухайн мөнгөнүүдийг хэн аль нь ямар цаг хугацаанд ямар зориулалтаар зарцуулах эсвэл буцаан өгөх үүрэгтэй байсан зэргийг тодорхой тогтоож үнэлэлт өгөх ёстой байсан. Үүний дараагаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэх заалтад хамаарах төлбөрийн үлдэгдэл мөнгөн дүнгээр үүрэг тооцож үзэн нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг хариуцагчид хамаарах хэмжээг тодорхойлох нь зүйн хэрэг болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэдэн төгрөгийн ямар үүрэгтэй, мөн ямар хэмжээгээр эрх ашиг нь хөндөгдсөн байснаас шалтгаалаад хариуцагчийн төлбөрийн үүргийн хэмжээг тодорхойлох нь энэ маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Нэхэмжлэгч шүүхэд хэдэн төгрөгийн төлбөрийн дүнгээс яаж тооцож байгаа вэ гэдгээ тодорхой гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нь мэтгэлцэж тооцооллын задаргаа, хэзээний хэдэн төгрөгийн үлдэгдэл гарсныг тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

Харин хариуцагч Г.Э- бол автомашинуудын төлбөрийн дүнг тодорхой хэлж, тухайн автомашинтай холбоотой үүссэн асуудал болоод гарсан зардлуудыг тооцоход нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Э-ын зүгээс Д.Г-тай 4 удаагийн автомашин худалдах, худалдан авах харилцаанд орсон бөгөөд тэдгээр машинуудыг бүгдийг нь аваагүй ч төлбөр тооцооны хувьд тус тусдаа асуудлууд байдаг. Гэтэл анхан шатны шүүх Д.Г-ын өгсөн гэх мөнгөнүүдийг бүгдийг 2014 оны гэх автомашинд хамааруулан ойлгож дүгнээд байгаа нь маргааны зүйлийг бүрэн дүгнэж бодитой дүгнэлт хийхгүй байна.

Анхан шатны шүүх 15 000 000 төгрөг, 8 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 32 000 ам.долларыг 1 846 төгрөгөөр тооцож 59 072 000 төгрөг, нийт 107 072 000 төгрөгийг Г.Э- авсан нь тогтоогдож байна, 10 500 000 төгрөгийг Д.Г-т төлөөгүй нь тогтоогдож байна гэсэн тооцоолол нь илтэд алдаатай байна. Мөн Улсын дээд шүүхийн 2020 онь 06 сарын 04-ний өдрийн 01/ХТ2020/00271 дугаар тогтоолоор хариуцагчийн буцааж өгсөн мөнгө, биелүүлээгүй үүргийн дүнг тодорхой дүгнэх гэж заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж, үнийн дүнгийн зарим хэсгээс болон хариуцагч С.Б-аас тус тус татгалзсаныг шүүх анхаараагүйн улмаас шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Б-ын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Д.Г- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч Г.Э-, С.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 584 600 төгрөг, ам.долларын ханшны зөрүүний хохирол 13 986 200 төгрөг, ломбардын хүүгийн хохирол 3 157 600 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, татварын зөрүү 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөгийг шаардсан ба /хх1-3/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үнийн дүнг 52 128 260 төгрөг, 10 500 000 төгрөг гэж тус тус багасгаж /хх 95-97/, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулан өөрчилж, хариуцагч Г.Э-аас автомашины үнэд төлсөн төлбөрийн үлдэгдэл 11 000 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх141-142, 150-151, 165/

 

          Нэхэмжлэгч нь 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...2014 онд Г.Э-т 38 000 ам.доллар өгч автомашин худалдан авч байсан тул түүнээс дахин 2013 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авахаар захиалж, төлбөрт нь 2014 оны 07 сарын 09-ний өдөр                            15 000 000 төгрөг, 2014 оны 07 сарын 15-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 07 сарын 22-ны өдөр  32 700 ам.доллар , 2014 оны 08 сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус өгсөн боловч хариуцагч нь тохиролцсон ёсоор автомашин хүлээлгэн өгөхгүй зугтаад байсан тул төлсөн мөнгөө буцаан авахаар цагдаагийн байгууллагад хандсан, улмаар хариуцагч нь 2014 оны 10 сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл төгрөгөөр 94 694 540 төгрөг, ам.доллараар 7 500 ам.доллар тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн, иймд 2015 оны 03 сарын 03-ны өдөр хариуцагчийн “мөнгө төлөх тухай” үйлдсэн баримтын дагуу үлдэгдэл мөнгийг гаргуулна...” гэж тайлбарлажээ. /хх141-142/

 

          Хариуцагч Г.Э- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ “... нэхэмжлэгчийн автомашин худалдан авахаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 48 000 000 төгрөг, 32 700 ам.долларыг бүхэлд нь буцаан төлсөн, мөн анхан шатны шүүх тооцооллын илтэд алдаа гаргасан бөгөөд талуудын хооронд хэдэн автомашин худалдах, худалдан авах үүргийн харилцаа үүссэн буюу үүний улмаас хэн нь хэдэн төгрөг зарцуулсан эсхүл буцаан төлөх үүрэгтэй байсан зэргийг тогтоогоогүй, Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан хариуцагчийн буцааж өгсөн мөнгө, биелүүлээгүй үүргийн дүнг тодорхой дүгнэ гэсэн ажиллагааг шүүх бүрэн хийгээгүй...” гэх агуулгаар тайлбарласан байна. /хх150-151/

 

          Зохигчдын тайлбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Г.Э-аас Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч хариуцагч нь тохиролцсон ёсоор автомашин хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах үндэслэлтэй талаарх дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

          Түүнчлэн, талуудын хэн алины тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 07 сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл 48 000 000 төгрөг, 32 700 ам.доллар тус тус шилжүүлснээс хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 06 сарын 13-ны өдөр 7 500 ам.доллар, 2016 оны 11 сарын 23-ны өдөр 25 200 ам.доллар, нийт 32 700 ам.долларыг буцаан төлсөн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх21, 22/

 

          Харин үлдэгдэл төлбөрийн үүрэг хариуцагчид байгаа эсэх нь маргааны гол зүйл болжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх байдлаар хүлээн авсан 48 000 000 төгрөгийг өмнө авсан автомашины гаалийн татварын болон журмын хашааны зогсоолын төлбөр гэж 25 000 000 төгрөгийг зарцуулсан, мөн 8 000 000 төгрөгийг Х.Баянмөнхөд нэхэмжлэгчийн хүсэлтээр өгсөн, 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15 000 000 төгрөгийг 2014 оны 10 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг болгож буцаан төлсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

          Мөн хариуцагчийн дээрх татгалзал, тооцооллын алдааны талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь хэргийн 6 дахь талд авагдсан баримтаар няцаагдаж байна. Тодруулбал, уг баримтаас үзвэл, хариуцагч Г.Э- нь 2015 оны 03 сарын 03-ны өдөр Д.Г-аас 10 500 000 төгрөг, 32 700 ам.доллар авсан, үүнийг дараа боломжтой болохоор 15 000 000 төгрөгийг төлөх, 2015 оны 01 сарын 10-ны өдрөөс хойш хоног тутам 0,5 хувийн хүү тооцох, тохирсон ам.доллар болон төгрөгийг 2015 оны 03 сарын 20-нд бүх төлбөр тооцоог төлж дуусгах талаар агуулгыг илэрхийлсэн байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дээрх баримтыг талуудын шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан үнэлбэл, хариуцагч Г.Э- нь нэхэмжлэгч Д.Г-т Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 500 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Э-ын 2015 оны 03 сарын 03-ны өдөр үйлдсэн дээрх баримтыг талуудын хооронд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлсон баримт гэж үзэх үндэслэлтэй байх тул үүнээс хойш төлсөн буюу баримтаар тогтоогдсон                32 700 ам.долларыг хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулах нь зөв.

 

          Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж 11 000 000 төгрөгийг хариуцагч Г.Э-аас гаргуулан гээд хариуцагч С.Б-аас татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт С.Б-ыг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг анх шүүхэд гаргаснаар буюу “62.728.260 төгрөг” гэж тусгасан, мөн үндэслэх хэсэгт С.Б-ыг талуудын маргаанд хамаатай байдлаар дүгнэлт хийж шийдвэрийн тогтоох хэсэгт “...С.Б-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна.

 

          Хэдийгээр зохигчдын хэн алины зүгээс дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх талаар хуульчлан тогтоосон байдаг.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Э-ын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.  

  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/00284 дугаар шийдвэрийн удиртгал хэсгээс С.Б-ыг хариуцагчаар тодорхойлсон хэсгийг хасч, “62.728.260” гэснийг “11 000 000” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-аас               10 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас                 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

                 Тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Г- татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн агуулга бүхий 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчлөн найруулж,

                 Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “56.1” гэснийг хасч 4 дэх заалт болгон дугаарлаж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн, хариуцагч Г.Э-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                                                ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.НЯМБАЗАР