Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 401

 

Л.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй, нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Л.О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Ө овогт Л-ийн О нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Шүүгдэгч Л.О-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

Шүүгдэгч Л.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.О-аас 829,000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Дэлгэрт олгохоор шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...

Шүүгдэгч Л.О-ыг ... гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, цагаатгах нотлох баримтуудыг үнэлээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шаардлагыг зөрчсөн бөгөөд энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан цагаатгах талын дараах нотлох баримтууд болох хохирогч Ч.Д-н 4 удаагийн зөрүүтэй мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээс зөрүүтэй байна. Гэрч Д.Э /хх-47/, гэрч Д.Э /хх-48/ нарын мэдүүлэг, хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд /хх-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-88-90/ зэргээр нотлогдож байна. Гэтэл гэрч Д.Э /хх-44/ өгсөн мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн.

1. Шүүгдэгч Л.О-ыг гар утас хулгайлсан гэж буруутгах шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн хохирогч Ч.Д-ийн ...таамаглалаар Л.О-ыг гэм буруутай гэж дүгнэсэн.

2. Утсаа алдсан гэх газрын талаарх хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхаас гадна хэдийд утсаа алдсан байх боломжтой талаар дүгнэлт хийгээгүй.

3. ... Ч.Д нь “тухайн үед цагаа багцаалж байсан...” /хх-161/ гэж цаг хугацааг секундын нарийвчлалтай мэдүүлснээ тайлбарладаг боловч энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

4. Гэрч Д.Э 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгсөн,  шүүгдэгч Л.О-ыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эрүүлжүүлж, маргааш нь буюу 3 дугаар сарын 23-ны өдөр гэрчийн мэдүүлэг анх удаа авч …таниулах ажиллагаа хийгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл гэрчийн мэдүүлэгт ...2 хоногийн дараа болох үйл явдлыг тусгасан байгаагаас үзэхэд уг гэрчийн мэдүүлгийг хожим бүрдүүлсэн хуурамч нотлох баримт гэж үзэхээр байна.

5. Хэргийн газрын үзлэгт энэ хэргийн гэрч Д.Э, Д.Э нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч Л.О-ын гэрчээр өгсөн /хх-57/ мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Гэтэл Л.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг нь улсын яллагчийн “Яллах дүгнэлт”-д тусгагдаагүй, анхан болон давж заалдах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр /хх-161/ нотлогдоно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч Л.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасныг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоход нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Дээрхээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримт үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчиж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Иймд энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Л.О- гар утас, авсан нь тогтоогдохгүй байх ба зөвхөн хохирогчийн сэжиг таамаг, хохирогчийг таньдаг гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.О-ыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хохирогч гар утсаа хулгайд алдсан талаараа маш тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Л.О-ыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Өүшин” баарны 2 давхрын шатан дээр иргэн Ч.Д-ийн халааснаас “Samsung J7”  загварын гар утсыг нууцаар авсан талаарх үйл баримтыг тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт ямар шүүлтүүрээр орсон нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шууд зааж өгсөн бөгөөд тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт ороогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй талаар тодорхой зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон нотлох баримт шинжлэн судлах ажиллагаанд огт хэлэлцэгдээгүй нотлох баримт болох гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр байцаасан тэмдэглэлийг хэргийн үйл баримтыг тогтооход ашиглаж хуулийн дээрх заалтыг илтэд зөрчсөн алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаарх зөрчлийг илрүүлж, холбогдох дүгнэлтийг хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн болон хэлэлцэгдээгүй тохиолдлын алинд ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болох эсэхэд ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд гэмт хэрэгт холбогдуулан шууд нэрлэн заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан мөрдөгчийн үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцно.

Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарлах учиртай бөгөөд энэхүү мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхэд шүүх заавал хууль зүйн дүгнэлт өгч байвал зохино.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг шүүх өөрийнх нь эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж буй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Үндсэн хуульд заасан хүний эрхийн ноцтой зөрчил тул энэхүү үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт юу хамаарах, хэрхэн няцаан үгүйсгэсэн болон нотолсон, түүний үндэслэлүүдийн талаар өөрийн дотоод итгэлд суурилсан хууль зүйн дүгнэлтийг иж бүрэн хийж байх нь хуульд заасан шаардлага болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ “Л.О-ыг хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ үгүйсгэж, няцааж чадаагүй байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх, цаашлаад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг тус тус зөрчих ноцтой үр дагаварт хүргэхээр байгааг анхааруулах шаардлагатай гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил”-тэй холбоотой хэсгийг хүлээн авснаар шүүхийн шийдвэрүүд хүчингүй болсон тул гэм буруутай холбоотой гомдлыг энэ удаад хэлэлцэн шийдвэрлээгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, шүүхийн хэлэлцүүлэгт очтол Л.О-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН