Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 41

 

Л.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0061/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Ц.Амаржаргал, нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд: 

              Прокурор                                     Ц.Цэен-Ойдов

              Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Батжаргал

              Нарийн бичгийн дарга                Б.Мандуул нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой Л-ийн О-т холбогдох 1818000010516 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрхэлсэн ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

- 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 2 сар хорих ялаар,

-2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 сар баривчлах ялаар,

-2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Ө- овогт Л-ийн О-.

Шүүгдэгч Л.О- нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2220 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Өүшин” баарны 2 давхрын шатаар иргэн Ч.Д-ийн ард зогсоод өгсөж явахдаа түүний халааснаас “Samsung J7” маркийн гар утсыг нь хууль бусаар авч 829.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ө- овогт Л-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Л.О-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Л.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-Иргэний       хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Л.О-аас 829.000 /найман зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Дэвшилийн 1-27 тоотод оршин суух Ч-ын Д- / РД:********** /-т олгож,

-Шийтгэх       тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх “Шүүгдэгч Л.О-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ” гэж дүгнэхдээ яллах дүгнэлтэнд дурдагдсан нотлох баримтууд яллах биш харин шүүгдэгч Л.О-ын гэм буруугүйг үгүйсгэх, шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтууд байгаа талаар өмгөөлөгч мэтгэлцсэн.

Гэтэл шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, цагаатгах нотлох баримтуудыг үнэлээгүй тухай үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3.т заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Шүүгдэгч Л.О-ыг гар утас хулгайлсан гэж буруутгах шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Зөвхөн хохирогч Ч.Д-ийн миний ард явж байсан залуу авсан байх гэж би бодож байна гэх хохирогчийн таамаглалаар Л.О-ыг гэм буруутай гэж дүгнэсэн үндэслэл зөрүүтэй байна.

Утсаа алдсан гэх газрын талаарх хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхаас гадна хохирогч Ч.Д- нь хамгийн сүүлд гадагш утсаар ярьснаасаа хойш 1 цаг 3 минутын дараа цагдаад дуудлага өгсөн байх ба энэ хугацаанд хэдийд ч утсаа алдсан байх боломжтой нь харагдаж байна.

Гэрч Д.Э- 2018 оны 3 дугаар сарын 22-ны одөр 15:59 минутанд “2018 оны 03 дугаар сарын 20-ны орой орж ирэхэд нь би цагдаад мэдэгдэж бариулсан” гэж мэдүүлэг өгсөн боловч шүүгдэгч Л.О-ыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эрүүлжүүлж, улмаар маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13:35-14:08 минутанд гэрчийн мэдүүлэг анх удаа авч, тэр өдрөө таниулах ажиллагаа хийсэн байна. Гэтэл гэрчийн мэдүүлэгт ирээдүйд болох үйл баримтыг дурдсанаас үзэхэд уг гэрчийн мэдүүлгийг сүүлд бүрдүүлсэн хуурамч нотлох баримт гэж үзэхээр байна.

Хэргийн газрын үзлэгт энэ хэргийн гэрч Д.Э-, Д.Э- нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгчийг нэгжиж байгаа камерийн бичлэгийг хохирогч шалгаж үзсэн байх боловч уг бичлэгийг бэхжүүлж авах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байх ба мөрдөгч нь ч уг бичлэгийг бэхжүүлж аваагүй байдлаас харахад уг бичлэг нь шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох гол нотлох баримт байсан байна гэж үзэхэд хүргэж байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Л.О- гар утас авсан нь тогтоогдохгүй байх ба зөвхөн хохирогчийн сэжиг таамаг, гар утсаа алдсан гэж хохирогч ярьж байсан гэх хохирогчийг таньдаг гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.О-ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Л.О-ыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2220 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Өүшин” баарны 2 давхрын шатаар иргэн Ч.Д-ийн ард зогсоод дээшээ өгсөж явахдаа түүний халааснаас “Samsung J7” маркийн гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч 829.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, энэ ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Л.О-аас 829.000 /найман зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.Д-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.О- нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2220 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт байрлах “Өүшин” баарны 2 давхрын шатаар иргэн Ч.Д-ийн ард зогсоод дээшээ өгсөж явахдаа түүний халаасанд байсан “Samsung J7” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 829.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох:

-Тухайн үед болсон үйл баримт болон хохирогч Ч.Д-ийн өгсөн ...дээшээ караоке руу орохоор болоод хоёр гартаа тавагтай чихэр, жимсээ бариад шатаар цуваад өгссөн. Шат дуусахад миний куртканы баруун талын халаас хөдлөх шиг мэдрэмж төрсөн. Эргээд харахад танихгүй 25-30 орчим насны эрэгтэй хүн миний яг ард талд ойрхон явж байсан. Би тухайн үед 2 гартаа тавагтай юм барьсан байсан болохоор халаасаа шалгах боломж байгаагүй тул шалгаагүй. Би караокед ороод юмаа тавиад халаасанд хийсэн утсаа шалгахад байхгүй болсон байсан. Тэгээд эргээд харахад миний ард явж байсан залуу цаад талын ширээний хажууд дөхөж очоод суугаагүй, буцаж эргээд караокенаас гарсан. Тэгэхээр нь би тэр залууг сэжиглээд караокенаас гараад шатаар буух гэтэл нөгөө залуу 2 давхрын буудлын 00-оос гарч ирсэн. Би шууд очоод “чи миний ард явж байсан, миний гар утсыг өг” гэхэд “би аваагүй, намайг нэгжээд үз” гээд 2 гараа алдлаад байсан. Тэгэхээр нь би өмднийх нь 2 халаасыг үзсэн....би тэр залуугийн хувцсыг нь сайн шалгаж чадаагүй. Энэ залуу миний ард явж байсан, миний гар утсыг авсан гэж бодож байна...гэж түүнийг таньж мэдүүлсэн мэдүүлэг,

 -шүүгдэгч Л.О- нь мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн анхны мэдүүлэгтээ:..тэр өдөр баар луу ороход хүмүүс баяр тэмдэглэж байсан. Тэгээд баарнаас дээшээ шатаар караоке руу орох гээд өгсөж явахад хүмүүс шатаар дээшээ надтай хамт өгсөж байсан. Миний урд 2 гартаа тавагтай чихэр, жимс барьсан 35-40 орчим насны урт курткатай эмэгтэй шатаар өгсөөд 2 давхарт гарахад нь би куртканых нь баруун талын халаасанд нь гар утас цухуйж байхаар нь авсан. Би ер нь аваагүй юм байна, аваагүй, би угаасаа аваагүй, надад ярих юм байхгүй, аваагүй л бол аваагүй гэж байна....гэж хохирогч тухайн үед ямархуу байдалтай явж байсан дүр төрх, тухайн үеийн нөхцөл байдлыг яг хохирогчтой адил мэдүүлж, түүний гар утас нь куртканых нь баруун талын халаасанд байсныг авсан талаараа анх үнэн мэдүүлж байснаа тэр дороо мэдүүлгээсээ буцаж булзайруулан “аваагүй” гэж мэлзэж мэдүүлсэн байдал /хх-57-р тал/, гэрч Д.Э-, Д.Э- нарын өгсөн мэдүүлгүүд /хх-42-48-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-21-22-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

Түүнчлэн хохирогчийн гар утсыг шүүгдэгч Л.О-аас өөр хүн хулгайлж авсан гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр хохирогчийн гар утсыг хулгайлаагүй гэдгээ үгүйсгэж, няцааж чадаагүй байна.       

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг ...шүүгдэгчийг яллах хангалттай баримт биш, гар утас авсан нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.О-ыг цагаатгаж өгнө үү...гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл дээрх нотлох баримтууд болон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан ...Л.О-ыг цагаатгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                          Ц.ТУЯА

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ