Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 76

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

   Хохирогч Ч.Д-,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

   Шүүгдэгч Л.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.О-т холбогдох эрүүгийн 1818000010516 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Л.О-, 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:  

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 2 сар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 сар баривчлах ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч Л.О- нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22:20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт байрлах “Өүшин” баарны 2 давхрын шатан дээр иргэн Ч.Д-ийн халааснаас Samsung J7 маркийн гар утсыг нь хууль бусаар авч 829 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Хохирогч Ч.Д-ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой Дархан сумын 5-р баг Өүшин нэртэй караоке бааранд Пуужин сум жолооны курсийн хамт олонтойгоо Шинэ жил тэмдэглэж байсан. Шинэ жилийн дундуур гарч дэлгүүрээс хүнсний зүйл аваад буцаад Өүшин бааранд очсон. Тэгээд байж байгаад 22:00 цаг өнгөрч байхад дээшээ караоке руу орохоор болоод ширээн дээрээ байсан тавагтай чихэр жимсээ хоёр гартаа бариад дээшээ ангийнхантайгаа шатаар цувраад өгссөн. Шат дуусахад миний куртикны баруун талын халаас хөдлөх шиг мэдрэмж төрсөн, эргээд харахад танихгүй 25-30 орчим насны эрэгтэй хүн миний яг ард талд ойрхон явж байсан. Би тухайн үедээ 2 гартаа тавагтай юм барьсан байсан болохоор халаасаа шалгах боломж байгаагүй тул шалгаагүй. Би куртикныхээ баруун талын халаасанд 1 хос савхин бээлийгээ хооронд нь хавсраад хийсэн байсан ба гар утсаа бээлийний хажуугаар нь бие талдаа хийсэн байсан. Би караокед ороод 2 гартаа барьсан тавагтай чихэр, жимсээ ширээн дээр тавиад куртикнийхээ баруун халаасанд хийсэн гар утсаа байгаа эсэхийг шалгахад миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би эргээд харахад миний ард явж байсан танихгүй залуу цаад талын танихгүй өөр хүмүүсийн ширээний хажууд дөхөж очоод суугаагүй буцаж эргээд караокенээс гарсан. Тэгэхээр нь би тэр залууг сэжиглээд караокенаас гараад шатаар буух гэтэл нөгөө залуу хоёр давхрын буудлын 00-оос гарч ирсэн. Би шууд очоод чи миний ард явж байсан миний гар утсыг өг гэхэд би аваагүй намайг нэгжээд үз гээд 2 гараа алдлаад байсан. Тэгэхээр нь би жинсэн өмднийх нь урд 2 халаасанд гараа хийж үзсэн. Тэр залуугийн зүүн талын урд халаасанд нь дэлгэц нь хагарсан цагаан өнгийн мэдрэгчтэй утас байсан. Тэр утас миний утас биш байсан. Би сэжиглэж байсан тэр залуугийн хувцсыг нь сайн шалгаж чадаагүй. Намайг шатаар өгсөж байхад миний ард явж байсан энэ залуу миний гар утсыг авсан гэж бодож байна. Манай ангийхан шатаар өгсөөд явж байхад гадны хүн байгаагүй бөгөөд энэ залуу л байсан гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

   Шүүгдэгч Л.О-ын гэрчээр өгсөн: Би тэр өдөр Дархан сумын 5-р баг Арбатын гудамжинд архи ууж байгаад цаашаа Өүшин нэртэй бааранд орсон. Өүшин баар луу ороход дотор нь хүмүүс баяр тэмдэглэж байсан. Би эхлээд шууд караоке руу нь ороод пиво ууж сууж байгаад доошоо шатаар бууж баар луу нь орж бүжиглэсэн. Мөн доор бааранд 3-4 пиво уусан. Тэгээд баарнаас дээшээ шатаар караоке руу орох гээд өгсөж явахад хүмүүс шатаар дээшээ надтай хамт өгсөн байсан. Миний урд хоёр гартаа тавагтай чихэр, жимс барьсан 35-40 орчим насны урт куртиктэй эмэгтэй шатаар өгсөөд 2 давхарт гарахад нь би куртикных нь баруун талын халаасанд нь гар утас нь цухуйж байхаар нь авсан. Би ер нь аваагүй юм байна аваагүй гэх мэдүүлэг /хх 57/,   

            яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед санаж байна ганцаараа Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Өүшин бааранд орж үйлчлүүлсэн. Би бааранд ороод ганцаараа ширээн дээр суугаад ганц хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд нэлээд халаад сууж байхад баарны хамгийн мухрын ширээн дээр зүс таних хүүхэн найз нарын хамт сууж байсан. Би явж очоод хамт сууж байгаад ганц, хоёр пиво уусан. Би бас хоёр давхарт караокед орж дуу дуулж суусан. Би хоёр давхрын караоке болон нэг давхарт байх баар хоёрын хооронд нэлээд хэдэн удаа явсан. Би караокед дуулж байсан 3 хүүхний хажууд очоод хамт дуу дуулсан. Би тэр гурав хүүхнийг ерөөсөө танихгүй. Би хамт суугаад дуу дуулчих уу гэж хэлээд гарч, ороод сууж байсан. Би караокед дуулж байгаад 2 давхрын мухрын 00 өрөө орчихоод гарч ирэхэд миний өөдөөс коридорт нэг хүүхэн өөдөөс хүрч ирээд миний гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэр хүүхэн намайг чи миний гар утсыг авсан уу гэж хэлсэн. Би юу гэж чиний гар утсыг  авдаг юм гэхэд чамайг нэгжиж үзнэ гэж хэлсэн. Тэгээд би нэгжүүлээд надаас гар утас гарч ирээгүй. Би дээр дуулж байгаад нэг давхарт доошоо орж бааранд сууж байхад зөөгч хүүхэн над дээр ирээд чи гар утсыг нь авсан юм уу гэж хэлсэн. Би тэр зөөгчид би юу гэж гар утсыг чинь авдаг юм гэж хэлсэн. Би тэр бааранд Дархан-Уул аймагт байх хугацаандаа хаяа нэг ордог. Тэр гар утсаа алдсан хүүхэн миний урд хоёр давхар луу гарах гээд явж байсан. Би бодохдоо хамт олноороо шинэ жил тэмдэглээд явж байгаа юм байна бодсон гэх мэдүүлэг /хх 58-59/,

 

Гэрч Д.Э- өгсөн: Би тухайн өдөр доор бааранд зөөгчөөр ажиллаж байсан. Тэгэхэд зүс таних шар залуу манай бааранд орой 20 цагийн орчим ганцаараа орж ирээд текины өмнө сууж байгаад 7 дугаар ширээн дээр сууж байсан хүүхнүүдийн хажууд очоод суугаад байсан. Тэгэхэд хохирогч Ч.Д- баарны вип өрөөнөөс гараад хоёр давхар луу караокены заал руу орох гээд хоёр гартаа сагстай эд зүйлээ бариад гарч байсан. Ч.Д- эгч хамт сууж байсан хүмүүсийнхээ хамгийн сүүлд нь явж байгаа харагдсан. Тэр залуу үүрч явсан цүнх, хувцсаа доор баарны зааланд 7 дугаар ширээний сандал дээр үлдээгээд хоёр давхар луу гарсан. Тэр залуугийн таньдаг хүн хоёр давхарт ерөөсөө байгаагүй. Би тэр залууг ямар зорилгоор хоёр давхар луу гарсан талаар мэдээгүй.  Хоёр давхрын 00-ын өрөө гадагш харсан цонхтой. Тэр залууг хохирогч Ч.Д- 2 давхрын 00-ийн өрөөний хажууд нэгжиж үзсэн. Би өөрийн утсаар хохирогчийн дугаар луу залгахад дуудаад байсан. Тэр үед гар утас авсан гэх залуу баарнаас удалгүй гараад явсан. Хэрэг болсноос хойш манай бааранд орж ирэхгүй байж байгаад 2018.3.15-ны өдөр орж ирээд 1 ундаа аваад 20 000 төгрөг өгөөд хариулт 18 000 төгрөгөө авалгүй явж байгаад 20-иод минутын дараа их яарч орж ирээд тоолохгүй шууд аваад явсан. Тэгээд дахиад 2018.3.21-ний орой орж ирэхэд нь би цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 43, 44, 47/,

Гэрч Д.Э- өгсөн: Тэр зүс таних шар залуу манай бааранд орой 20 цагийн үед ганцаараа орж ирээд текины өмнө сууж байгаад 1 ширхэг пиво аваад ууж байгаад 7 дугаар ширээн дээр сууж байсан хүүхнүүдийн хажууд очоод суусан. Тэр залуу 4 пиво уусан. Би тэр тооцоогоо авах гээд хамт сууж байгаа хүүхнүүдийн тооцоог цуг хийх юм уу гэхэд би энэ хүмүүсийг танихгүй өөрийнхөө авсан пивоны тооцоог хийнэ. Би энэ хүмүүсийг танихгүй гэж хэлж байсан. Хоёр давхрын 00-ын өрөө гадагш харсан цонхтой. Тэр залууг хохирогч Ч.Д- 2 давхрын 00-ын өрөөний хажууд нэгжиж үзсэн. Намайг ажил дээрээ байхад маргааш нь хохирогч Ч.Д- бааранд хүрч ирээд камерын бичлэг шүүгээд өгөөч гэж хэлсэн. Би камерын бичлэг шүүгээд үзэхэд тэр залуу 00-ын өрөөнөөс гарч ирж харагдаж байсан. Хохирогч Ч.Д- тэр залуугийн өөдөөс очоод биеийн гадна талаас өнгөцхөн нэгжиж байгаа харагдсан. Надад Ч.Д- намайг хоёр давхар луу гарч байхад миний араас энэ залуу гарч ирээд миний куртикны халаасыг ухах шиг болсон. Би эргээд харахад нөгөө залуу зогсож байсан. Миний ард тэр залуугаас өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Би караокед сагстай эд зүйлээ оруулж тавиад халаасаа үзэхэд миний гар утас алга болчихсон байсан. Надад Ч.Д- караоке руу орохоос өмнө гар утсаараа хүнтэй ярьсан. Тэгээд халаасандаа хийчихээд хоёр давхар гарах хооронд миний гар утас алга болсон гэж хэлж байсан. Тэр залуу урьд нь манай баараар хааяа орж ирдэг. Гар утас алга болсон асуудлаас хойш орж ирэхгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн. Сүүлд Grown баарны үүдэнд зогсон байхыг харсан гэх мэдүүлэг /хх 42, 48/,

Гэрч А.О- өгсөн: Би ах Л.О-тай 5 хоногийн өмнө утсаар ярьсан. Хаана байгаа талаараа хэлээгүй. Хөдөө ажил хийж байгаа гэж хэлсэн. Цагдаагаас яриад байна гэж хэлэхэд тиймээ ах нь мэдэж байгаа гэж хэлсэн. Долоо хоногт 1-2 удаа хөдөө ажил хийж байна л гэж ярьдаг гэх мэдүүлэг /хх 45/,

Гэрч Ц.А- өгсөн: Хөдөө ажил хийж байна. Намайг юу хийж байна. Эмээ сайн ууж байгаарай гэдэг. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ирж надтай уулзаж жоохон юм авч өгөөд явсан гэх мэдүүлэг /хх 46/,  

   Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 21-22/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-41/, “Капитал Зууч” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Л.О-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч Л.О- нь надад үйлдсэн гэмт хэрэг байхгүй, би хохирогчийн гар утсыг хулгайлаагүй гэснийг үгүйсгэх, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.  

   Шүүгдэгч Л.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй ба хохирогч нь 829 000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Л.О-аас 829 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Д-  олгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Л.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч Л.О-  нь урьд:

   1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 2 сар хорих ялаар,

   2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 сар баривчлах ялаар,

   3.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 79-85/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 63/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөхөөр завсарлага авсан боловч хохирол нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.О-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

   5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.О-аас 829 000 /найман зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Дэвшилийн 1-27 тоотод оршин суух Чинбатын Ч.Д- /РД:ТБ81111865/-т олгосугай.

 

   6.Эрүүгийн 1818000010516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ