Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00488

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00488

 

 

 

Ц.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/00316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Уийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4617 дугаар захирамжаар Ц.Уээс 87 482 500 төгрөг гаргуулж Бичил глобус финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Ц.Уээс үнийн санал өгсөн байхад Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилон, Баянзүрх дүүргийн ....дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 601 дүгээр байрны .... тоот орон сууцыг 254 880 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаархи мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авч мэдсэн. Виннэр вэй ХХК нь хотын төвийн А зэрэглэлийн 104,85 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд орон сууцыг үнэлсэн 254 880 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/04617 дугаар шийдвэрээр Ц.Уээс 87 482 500 төгрөгийг гаргуулж Бичил глобус финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Ц.Уийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098791 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ....дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 601 дүгээр байрны ... тоот, 104.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Ц.Уээс ирүүлсэн 513 765 000 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилон бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Шинжээч Виннер вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 254 880 000 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ц.Уийн утас холбогдох боломжгүй байсан тул нөхөр н.Сэр-Одтой 88880210 дугаараар холбогдож мэдэгдэл, үнэлгээний тайланг хаягаар баталгаат шуудангаар явуулсныг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.Утэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзаж 121/37753 дугаар үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайланг танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 601 дүгээр байр, ...тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204098791 дугаартай, 104,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 254,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

НШШГГт төлбөр төлөгч Ц.У нь үнийн санал өгсөн байхад НШШГГ-аас Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын төвийн А зэрэглэлийн 104,85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа нь шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр хийлгэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авсан өмгөөлөгч Ш.Б нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралдаан давхцсан байгаа тул хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, шүүхээс гаргах шийдвэрт нөлөөлсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд оролцоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хуралдааныг хэт нэг талыг баримтлан хийсэн нь нэхэмжлэгч талаас мэтгэлзэх, нотлох баримтыг судлуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах, тайлбар хийх, хамтран хариуцагчаар шинжээчийг татах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх ажиллагаа хийлгүүлэх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Шүүхээс мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэл бүхий судлаагүй бөгөөд хариуцагчаас шинжээчийг томилохдоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20300730/02 дугаар хураах тогтоолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг мөн сарын 15-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоосон, гэвч мөн сарын 12-ны өдөр буюу олгосон хугацаа нь болоогүй байхад шинжээч томилж төлбөр төлөгчид боломжит хугацаа олгоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, орон сууцыг үнэлсэн 254 880 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, өмгөөлөгч Ш.Б хуралдаанд оролцохыг мэдэгджээ. /хх119/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бгийн хувьд шүүх хуралдаан давхцсан, мөн хэргийн материалтай танилцах үүднээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /хх120-122/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин түүний хэргийн материалтай танилцах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчилд тооцогдохоор байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулах шаардлагатай гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ хариуцагч нь эд хөрөнгийг хураах тогтоолд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа дуусахаас өмнө шинжээч томилж төлбөр төлөгчид боломжит хугацаа олгоогүй гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж байгаа эсвэл шинжээч томилсон ажиллагаанд гомдол гаргаж байгаа эсэхийг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй тул шийдвэрт давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/00316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Ч.ЦЭНД