| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2020/00288/И |
| Дугаар | 210/МА2021/00515 |
| Огноо | 2021-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2021/00515
| 2021 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2021/00515 |
Т.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00026 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Эын хариуцагч Т.Б.А ХХК-д холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн үнэ 53 166 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Б.А ХХК-аас 10 100 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 88-12 УНН улсын дугаартай, Норд бенз Бийбэн маркийн өөрөө буулгагч авто машиныг барьцаалж, автомашины өмчлөх эрхийг Т.Б.А ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Нөхөр маань уушгины өвчтэй байсан учир авсан зээлээ төлөх боломжгүй болсон ба боломжоороо 2019 оны 5 дугаар сард 565 000 төгрөгийг төлж, төлбөр төлөх хугацаагаа сунгасан. Бидний зүгээс автомашиныг битгий зараарай, нөхөр болон хүүхэд маань өвчтэй учир одоогоор мөнгө төлж чадахгүй байна гэж учир байдлаа хэлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сунгалт хийлгэх гээд очиход автомашиныг чинь зарчихсан гэж хэлсэн. Бидний зүгээс 10 100 000 төгрөгийн зээлийн төлбөрт 60 000 000 орчим төгрөгийн үнэтэй машинаа заруулсанд гомдолтой байна. Т.Б.А ХХК нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барьцааны зүйл болох автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөх, захиран зарцуулах зэрэг эрхийг хуулиар олгоогүй. Т.Б.А ХХК нь манай 88-12 УНН улсын дугаартай, Норд бенз Бийбэн маркийн өөрөө буулгагч автомашиныг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад худалдсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Авто тээврийн үндэсний төвөөс автомашиныг Г.Бумцэндэд шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээг үндэслэсэн байдаг. Т.Б.А ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд рүү шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм. Жинхэнэ хүсэл зорилго нь худалдах-худалдан авах гэрээ байгаагүй, тус гэрээг үндэслэж гуравдагч этгээд руу шилжүүлж Т.Эт хохирол учруулсан.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт тайлангаар 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад орж ирсэн Beiben маркийн тээврийн хэрэгслийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг 53 166 000 төгрөг байна гэж дүгнэсэн.
Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 35 000 000 төгрөгийг 18 166 000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч талаас нийт 53 166 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б.А ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ авагдсан. Талууд зээлийн харилцаа үүссэн гэдэгт маргадаггүй. Хариуцагч байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний хугацаанд өмчилж, ашиглаж, эзэмшиж, худалдан борлуулах хэлбэрээр захиран зарцуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ очиж уулзахад зараагүй байсан, 2 сар хүлээгээд зарсан байсан гэх зүйлийг дурдсан байдаг. Тиймээс Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасанд хамааралгүй. Барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг авсан тохиолдолд захиран зарцуулах эрхгүй хэдий ч тухайн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй удвал Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Үүний дагуу хариуцагчийн зүгээс худалдан борлуулах ажиллагааг хийж автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдсан. Худалдан борлуулах ажиллагааг хууль бус гэж үзэж, худалдан борлуулсантай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргасан зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар Л.Одгэрэл болон Т.Э нарт мэдэгдсэн байдаг. Энэ нь Л.Одгэрэлийн гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар Т.Б.А ХХК-аас 53 166 000 /тавин гурван сая нэг зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай Т.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Эоос 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Бумцэнд гэх хүний нэр дээр шилжих хүртэлх хугацаанд Т.Эын нэр дээр бүртгэлтэй хэвээр байсан. Гэтэл шүүхээс Т.Б.А ХХК-ийн өмчлөлд байсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт өгсөн.
Т.Б.А ХХК нь Т.Этой зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан атал 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г давхар байгуулж, уг гэрээг үндэслэн барьцааны зүйлийг бусдад худалдсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.Э нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолтоор тогтоогдсон, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй болно.
Хариуцагч талаас 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг комисс томилж бусдад худалдан борлуулсан гэх боловч бусдад худалдан борлуулах талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, комиссын журмаар бусдад худалдсан талаарх баримтгүй, зөвхөн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн бусдын өмчлөлд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч талаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 56.5 дах хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг бусдад худалдсан байх тул учирсан хохирол болох 53 166 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир нь хариуцагч Т.Б.А ХХК-д холбогдуулан хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 53 166 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ... барьцаа хөрөнгө болох автомашиныг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад худалдсан нь хууль зөрчсөн үйлдэл, ... шинжээч автомашиныг 53 166 000 төгрөгөөр үнэлсэн, энэ хэмжээгээр тооцон хохирлоо гаргуулна гэж, хариуцагч тал зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ барьцааны зүйлийг 20 000 000 төгрөгөөр худалдсан, зээлийг төлөөд зөрүүг нь өгч болно гэж тус тус тайлбарлан маргажээ.
Э.Эрдэнэ-Очир нь Т.Б.А ХХК /барьцаалан зээлдүүлэх газар/-тай 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, тус компаниас 10 100 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2010 онд БНХАУлсад үйлдвэрлэгдсэн, мөн оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Норд бенз Бийбэн /Nord benz Beiben/ 3250W маркийн 8812УНН улсын дугаартай, өөрөө буулгагч автомашиныг барьцаанд тавьсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-65-66, 165/
Дээрхээс үзвэл зохигчид Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан үндэслэлээр буюу нэхэмжлэгч нь зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүйтэй холбогдуулан хариуцагчаас барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах журмыг зөрчсөн эсэх талаар мөн барьцаа хөрөнгийн үнийн талаар маргасан байна. Энэ тохиолдолд хариуцагч буюу барьцаалан зээлдүүлэх газар нь барьцаалагдсан эд хөрөнгийг хуулиар тогтоосон журмын дагуу худалдан борлуулсан эсэх үйл баримт, мөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг тус тус шаардана.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар Т.Эын барьцаанд тавьсан хөрөнгийг хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад бусдад худалдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Мөн шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь маргааны зүйл болох барьцаа хөрөнгийн үнийг 2013 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд Монгол Улсад орж ирсэн автомашинуудын зах зээлийн үнийн мэдээллийг харьцуулан жишиж, 2020 оны байдлаар зах зээлийн үнийг 53 166 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 57 820 000 төгрөгийн жишиг үнэтэй болохыг тодорхойлжээ. Шинжээчийн ийнхүү тодорхойлсныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг тодорхойлох, хохирлын хэмжээ бодитойгоор тогтоогдоогүй байхад талуудын зээлийн гэрээний үүргийг тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 423 780 төгрөгөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/02822 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД