Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00623

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00623

 

 

 

Ш.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00141 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Гын хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Г өөрийн худ ургийн хамаатан болох иргэн С.Эд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 байрны .... тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205008720 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн. Миний бие дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч С.Э нь хөгшин настай намайг амьд ахуй цагт гудамжинд гаргах атгаг санаа агуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сард Х.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байна. А.Төрхүү өөрөө банканд ажилладаг тул болохгүй гээд эх С.Энхцэцэгийн нэр дээр 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд миний ойлгосноор А.Төрхүүгээс зээлсэн мөнгөнийхөө барьцаанд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж байгаа гэж ойлгон тэдний хүсэлтээр худалдах-худалдан авах болон орон сууц бэлэглэх гэсэн 2 төрлийн гэрээ байгуулсныг бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дараа нь А.Төрхүү 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан бөгөөд нийт 5200 ам.долларыг зээлсэн гэрээг байгуулсан. Бид А.Төрхүүгийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр түүний хүсэлтээр Х.Б ХХК-д 29.99 доллар төлсөн байдаг. Ингээд төлбөрийг бүрэн төлсөн тул 2015 оноос эхлэн байрын буцаан шаардахад тэрээр Х.Б ХХК-д барьцаалсан байгаа зээлээ төлж дуусгаад буцаан өгнө гэж охин бид хоёрыг хуурсан. Гэтэл тэрээр манай байрыг Х.Б ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр төлөх болоход манай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт барагдуулсан болох нь хэргийн үйл баримтаас тодорхой болсон. Иймээс 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарагдаж байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Г нь С.Эд орон сууцыг худалдах зорилготой байсан бөгөөд 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, мөн өдрөө уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. С.Э нь уг орон сууцыг худалдан авах зорилгоор Х.Бнаас урт хугацааны зээл авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б ХХК нь С.Этэй 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,933 ам.долларыг жилийн 10.15 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б ХХК болон С.Э нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүхээс дүгнэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00952 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. С.Э нь дээрх эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32019/07814 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон 101/ГХ2019/00631 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч С.Эийн 40 279 753 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 7-1 байрны .... тоот, Ү-2205008720 улсын бүртгэлийн дугаартай, 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж, Х.Б ХХК-ийн өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн.

Х.Б ХХК болон С.Э нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдах үед С.Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсан бөгөөд түүнийг өмчлөгч биш, хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй. Ш.Г, С.Э нарын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон ч Х.Б ХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.3 дах хэсэгт заасны дагуу орон сууцны шударга өмчлөгч юм. Мөн иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, гуравдагч этгээд болох Х.Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Гын хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр 5200 ам.долларыг гэрээ зээлсэн байдаг.

Зохигч нарын хооронд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахын тулд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж барьцаалах л санаа зорилго агуулагдсан бөгөөд үүнийгээ баталгаажуулж байна гэж ойлгон дээрх 2 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг.

Зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан бөгөөд тухайн үедээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг орон сууцанд оршин сууж байгаа нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу зөвхөн гадаад илэрлийг бий болгохын тулд хийсэн гэдгийг тодорхойлж байна. Шүүхээс худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн байлаа ч мөн хэлцлийг халхавчлан бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарагдахаар байна.

Анхан шатны шүүх 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц худалдах; худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1,75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу хамгийн сүүлийн эргэн төлөлт хийсэн хугацаа буюу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тул үүргээ гүйцэтгэж дуусаад эд хөрөнгөө хариуцагчаас шаардаж байсан. Тиймээс шаардах эрх үүссэн хугацаа буюу хамгийн сүүлийн төлбөр төлсөн хугацаанаас тоолоход тусгай хугацаанд хамаарагдахгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчилснийг шүүх хариуцагчид гардуулсан бөгөөд хариуцагчаас хариу тайлбар өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн гуравдагч этгээдийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсээр байсан.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ зээлийн гэрээг А.Төрхүү болон Ш.Г нар байгуулсан бөгөөд хариуцагчтай хамаарал бүхий этгээд гэдгийг нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байдаг. Шүүхээс хэрвээ нотлох баримт дутуу гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчид боломж олгож болох байсан боловч нэг талыг барьсан шийдвэр гаргасан. А.Төрхүү нь өөрөө шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж оролцож байсан нь бидний үйл баримтын тайлбар үндэслэл бүхий гэдгийг тодорхойлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн орон сууцаа буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилжээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...охин Г.Наранцэцэг 80 тоот орон сууцыг Капитал банкинд барьцаалсан байсныг хариуцагчийн хүү А.Төрхүүтэй харилцан тохиролцоод тус банкны зээлийн өрийг төлж барьцаанаас чөлөөлж, дээр нь мөнгө нэмж зээлдэхээр тохиролцсон байдаг, ... ... А.Төрхүүгээс зээлсэн мөнгөнийхөө барьцаанд орон сууцыг барьцаалж байгаа гэж ойлгон, тэдний хүсэлтээр ээжийнх нь нэр дээр худалдах-худалдан авах болон орон сууц бэлэглэх 2 төрлийн гэрээ байгуулж, бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ... дараа нь А.Төрхүү ... 5 200 ам.долларын зээлийн гэрээг нөхөж байгуулсан ... гэж тайлбарласан байна. /2хх100/

Хариуцагч тал нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан байх ба шүүгчээс тогтоосон хугацаа болох мөн сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул уг шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, маргаагүй гэж үзнэ. /2хх-106/

Ш.Г нь С.Этэй 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн ...дугаар хороо, 2 дугаар хорооллын Барилгын 7-1 дүгээр байрны ..... тоотод байрлах 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 25 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд хамтран өмчлөгч Г.Наранбаатар, Г.Наранцэцэг нар гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /1хх-194/ Тус гэрээний дагуу худалдагч Ш.Г худалдан авагч С.Эд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь худалдан авсан хөрөнгийн үнийг төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүйн гадна энэ гэрээтэй холбоотой үр дагавар үүсээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна.

Улмаар Ш.Г, С.Э нар 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх 80 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Эийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /1хх 148-150, 2хх131/

Бэлэглэлийн гэрээгээр өмчлөгч нар нь орон сууцаа С.Эд бэлэглэх хүсэл зориг агуулаагүй, харин нэхэмжлэгч Ш.Г, гэрч Г.Наранцэцэг, хариуцагч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хүү А.Төрхүү нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалах үүднээс уг гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан үйл баримт тэдгээрийн тайлбар, мэдүүлэг, нэхэмжлэгч Ш.Гаас тус 7-1 байрны 80 тоот орон сууцны ашиглалтын зардал төлж байсан тухай төлбөр тооцооны баримтууд /2017.07-2019.12 сар/, гэрч Г.Наранцэцэгээс Капитал банкинд зээл төлөлт хийсэн тухай зээлийн дансны хуулга, орлогын мэдүүлэг, Ш.Г, А.Төрхүү нарын хооронд байгуулагдсан 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн төлөлт, тооцооллын талаар тэмдэглэсэн талуудын гар бичмэл, нэхэмжлэгч болон гэрчээс хариуцагч С.Эд зээл төлсөн тухай Х.Бны орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх- 53-69, 116-121, 2хх50, 63-98, 137/

Тус хэрэгт Х.Б ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, дээрх гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ш.Г, гэрч Г.Наранцэцэг нар 2010-2014 оны хооронд хариуцагч С.Эийн Х.Б дах данс руу зээлийн төлөлт хийж байсан үйл баримт тогтоогдсон, энэ нь талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээтэй хамааралтай байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2014 оноос тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийн заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар ... бэлэглэгч Ш.Г, бэлэг хүлээн авагч С.Э нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь зээлийн гэрээтэй шалтгаант холбоогүй, ... зээлдүүлэгч А.Төрхүү, бэлэг хүлээн авагч С.Э нарын садан төрлийн холбоотой эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй, ... С.Э маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг Х.Бны зээлийн барьцаанд тавьж, зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан гэх нөхцлийг Ш.Г мэдэж байсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор гуравдагч этгээд Х.Б ХХК болон хариуцагч С.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, түүний үр дагаварт нөлөөлөхгүй, уг гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөхгүй. Харин Ш.Г, А.Төрхүү, Г.Наранцэцэг нарын хооронд үүссэн зээлийн харилцаа, түүний улмаас хохирсон гэж үзвэл гэрээний талуудын шаардах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч С.Эээс 245 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гад буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД