Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/01412

 

 

 

 

 

 

 

 

                                                          2020         04        24

        101/ШШ2020/01412

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Э холбогдох

 

2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х ХХК

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуул, Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ш.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Г өөрийн худ ургийн хамаатан болох иргэн С.Эд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн. Миний бие дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч С.Э нь хөгшин настай намайг амьд ахуй цагт гудамжинд гаргах атгаг санаа агуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сард “*******”-ны өмчлөлд шилжүүлэн байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байна. 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулсаныг мэдэж байсан, мөн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн ба С.Э нь буцаан шилжүүлж өгнө л гэж байсан, *******ны өмчлөлд шилжүүлж, намайг байрнаас маань гаргах гэж байгаа нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж байна. С.Э нь *******ны зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулахдаа гуравдагч этгээд болох Ш.Гыг оролцуулаагүй байдаг. 

Иймд Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.1-д заасны дагуу 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, мөн хуулийн 2*******.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Г нь С.Эд орон сууцыг худалдах зорилготой байсан бөгөөд 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулахдаа мөн өдрөө уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. С.Э нь уг орон сууцыг худалдан авах зорилгоор *******наас урт хугацааны зээл авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК нь иргэн С.Этэй 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 14,933 ам.долларыг жилийн 10.15 хувийн хүүтэй, 1******* сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК болон С.Э нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүхээс дүгнэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/0095*******тай захирамжаар эвлэрлийн гэрээ баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. С.Э нь дээрх эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32019/0******* дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Захирамж болон 101/ГХ2019/00******* дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч С.Эийн 40,279,753 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Барилгын ******* байрны ******* тоотод байрлах Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 14м2 талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж, “*******” ХХК-ийн өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж, 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна” гэж тус тус заасан байна. “*******” ХХК болон С.Э нарын хооронд Эвлэрлийн гэрээ байгуулагдах үед С.Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсан бөгөөд түүнийг өмчлөгч биш, хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн “*******” ХХК нь С.Эд зээл олгох, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, цаашлаад тухайн барьцаа үндэслэлээр бэлэглэлийг хүчингүйд тооцуулахаар маргах эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй тул Ш.Г болон С.Э нарын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ” хүчингүй болсон ч “*******” ХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т тус тус заасны дагуу Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны, ******* тоот хаягт байрлах орон сууцны шударга өмчлөгч болох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, гуравдагч этгээд болох “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч С.Эд холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь дээрх орон сууцыг анхнаасаа худалдан авах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулж, *******наас авсан урт хугацааны зээлийн гэрээний барьцаанд тавьсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Г, Г.*******, Г. нар 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Ш.Г, Г.*******, Г. нар 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г С.Этэй байгуулж, С.Эийн нэр дээр 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүссэн байна.

 

Улмаар С.Э нь “*******” ХХК-тай 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээний 1.1-д зааснаар гэрээний зорилго нь Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө нийтийн орон сууцыг худалдаж авахад зориулан зээл олгох, банк уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд банкинд төлөх эрх, үүргийг хүлээхээр тохирсон.

 

Хариуцагч С.Э нь “*******” ХХК-иас 14,933 ам.долларын зээлийг, 1******* сарын хугацаатайгаар зээлсэн, тэрээр зээлийн эргэн төлөлтийг хийж байгаад зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 40,279,753 төгрөгийг нэхэмжилж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/0095*******тай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, С.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөн, хуваарь гарган төлбөрийг төлөхөөр, эвлэрлийн гэрээний төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрт 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

 

Хариуцагч С.Э болон “*******” ХХК нь харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлж, гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, “*******” ХХК-ийн өмчлөлд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Дээр дурьдагдсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г улсын бүртгэлийн байгууллагад С.Э өгч /энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан/, бэлэглэлийн үндсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хэн алин нь тохирч, С.Эийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улмаар уг орон сууцыг худалдан авах зорилгыг агуулж “*******” ХХК-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Түүнчлэн дээрх орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд буюу 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Ш.Г нар /өмчлөгч нар/ нь С.Этэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Эдгээрээс үзэхэд Ш.Г нь өөрийн орон сууцаа анхнаасаа худалдах зорилготой, С.Э нь анхнаасаа худалдан авах зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” бол бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар тодорхойлж, шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болон *******ны зээлийн барьцаанд тавьсан нөхцөл байдлыг Ш.Г нь мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг ойлгож мэдэж байсан байх бөгөөд хариуцагчийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор банкны өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.1-д зааснаар шаардлага гаргаж буй тохиолдолд мөн хуулийн 2*******.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж зааснаар энэхүү хугацааг хэрхэн баримталсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сард С.Э орон сууцыг минь “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь ноцтой гомдоосон гэж үзсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хуулийн хугацааг энэхүү хугацаанаас тооцож байгаа гэж тайлбарлаж байх боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь 2007, 2008, 2014-2019 онуудад Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны ашиглалтын зардлыг өөрөө төлж байсантай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн, өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байна гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.д шүүх хуралдааны товыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түүний дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг хийж, түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзсэн болно.

 

Мөн тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр буюу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж хойшлуулсан ба тус хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баримтуудыг шүүхэд ирүүлж, улмаар зохигч, гуравдагч этгээдүүдэд танилцахыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд хэрэгт өмнө нь зохигчдоос ирүүлсэн баримтуудтай давхцсан хариуцагч талын өөрийнх нь мэддэг баримтууд байсан болохыг үүгээр тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                             

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.1, 2******* дугаар зүйлийн 2*******.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Гын хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг буцаан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ