Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 167

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0147 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж нарыг оролцуулж, Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0147 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол: 3. “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0147 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-т тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Т” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар албан бичгээр хаягийн бүртгэлээ шинэчлэн бүртгүүлэхээр Ашигт малтмалын газарт хандсан боловч хариуцагч байгууллага дээрх хаягийн дагуу өөрчлөлтийг бүртгээгүй, хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/267 дугаар албан бичгийг “Т” ХХК хүлээн аваагүй нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэр болон Монгол шуудан компанийн RD122842270MN тэмдэглэгээтэй шуудангийн дугтуй зэрэг баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/267 тоотоор мэдэгдлийг “Т” ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан 3-р баг, Говийн өндөр ХХК-ийн байр гэсэн хаягаар хүргүүлээгүй нь нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжийг хариуцагч олгоогүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

5. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд 8 дугаар сарын 19-ний өдөр ажлын 10 өдөр дуусч байгаа боловч ажлын 10 хоногийн хугацааг хэтрүүлж 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/267 тоот мэдэгдлийг гаргасан байдаг. Уг мэдэгдлийг гаргахдаа Ашигт малтмалын газар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг захиргааны байгууллагад ирүүлэх, захиргааны байгууллага бичиг баримтыг хянаж үзээд үндэслэлтэй бол мэдэгдлийг хүчингүй болгохоор зохицуулсан хуулийн дээрх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх зүйн хамгаалалт тогтоосон, боломж олгосон зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/267 тоот мэдэгдэл нэхэмжлэгч компанид очоогүй байдаг тул компанийн ерөнхий захирал хувьцаа эзэмшигч Li Wanlin-ийг хүндээр өвдсөн гэсэн нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй болгосон. Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газар компанийн хаягийг системдээ шинэчлэн бүртгээд түүний дагуу мэдэгдлийг хүргүүлээд компани хүлээн авсан бол захирал Li Wanlin-ийг хүндээр өвдсөн гэсэн нотлох баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 56.3-т заасны дагуу гаргаж өгөх байсан. Үүний дагуу төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т зааснаар баримт бичгийг хянаж үзээд үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох боломжтой байсан. Учир нь Li Wanlin-ний хүндээр өвдсөн нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэл” нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжоор хангагдах, нөгөө талаас хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, байсан бол ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгох ёстой байсан боловч нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг алдагдуулсан.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангадаг байсан этгээд нь зөвхөн хувьцаа эзэмшигч Li Wanlin байсан гэдэг нь эргэлзээтэй, Li Wanlin өвчтэй байсны улмаас компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал баримтаар бүрэн тогтоогдоогүй, ... Li Wanlin ямар хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, тасралтгүй өвчтэй байсныг нотлох баримт хэрэгт үгүй байна” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч байсан Li Wanlin-нийг эрүүл мэндийн улмаас компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах боломжгүй байсан талаарх нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 33.1-т “Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно” гэж зааснаар захиргааны шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан. Захиргааны шүүх эргэлзээтэй, бүрэн тогтоогдоогүй гэх мэтээр нотлох баримтыг илтэд гуйвуулан үнэлэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэхгүй харин хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож шийдвэрээ гаргах үүрэгтэй. Гэвч анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлсэнгүй давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулсангүй.

9. Төрийн захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Маргаан бүхий акт болох 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасныг Ашигт малтмал, газрын тосны газар тус тус зөрчсөнийг, түүнчлэн мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж тодорхой заасан байхад хоёр шатны шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн байна.

12. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

13. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-013111 дугаар тусгай зөвшөөрлийг “уг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй байна.  

14. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд ...алданги ногдуулна”, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

15. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн эзэмшиж байсан Өмнөговь  аймгийн Номгон сумын нутаг “Номгон-1” нэртэй газарт орших 2391 га талбайн ашигт малтмалын ХV-013111 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээсэн боловч тус компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт одоо хүртэл төлөөгүй нь тогтоогджээ. 

16. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй шалтгааныг “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаягаар хүргүүлж мэдэгдээгүй, компанийн хувьцаа эзэмшигч Ли Ванлин гадаад улсад өвчтэй байсан” гэж маргасан нь үндэслэлгүй. 

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь компанийн хаяг өөрчлөгдсөн талаарх мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч хариуцагчаас хаягийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгэж, тус компанид  шинэчилсэн хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлээгүй байна.

 18. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж заасан, нэхэмжлэгч “Т” ХХК нь хуульд заасан энэхүү зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байх бүх хугацаанд үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлж ажиллах үүрэг хүлээжээ.

19. Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж буй зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох бичиг баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалах боломж олгож байгаагаас бус, мэдэгдлийг хүлээн авч байж төлбөр төлөх тухай зохицуулалт биш байна. Хэдийгээр төрийн захиргааны байгууллага хуульд заасан “мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” буруутай боловч нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээж аваагүй ч, мэдэгдэлд заасан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, тодруулбал нэхэмжлэгч нь 2016 оноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

20. Түүнчлэн, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгааныг “компанийн хувьцаа эзэмшигч Ли Ванлин өвчтэй байсан”-тай холбон тайлбарлах боловч энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүйн зэрэгцээ энэхүү төлбөр төлөх бүх хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч Ли Ванлин өвчтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

21.  Иймээс нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 89 дүгээр шийдвэр хуульд нийцсэн, тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв юм.  

22. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй учир шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                                       ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА