Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00518

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00518

 

 

 

Т.С-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00219 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.С-ийн хариуцагч Б.Б-, Б.Бм- нарт холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, З.А, Д.Д, хариуцагч Б.Бм-, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2013 онд "Л" ХХК-ийг үүсгэн байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй арматур төмрийн үйлдвэр барьж байгуулсан. 2015 оны байдлаар "Л" ХХК-ийн балансад тусгагдсан өөрийн хөрөнгө 1 454 182 400 төгрөг ба компанийн бизнесийн үнэлгээ нь 12.5 тэрбум төгрөг, хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбумаар үнэлэгдэж байсан болно. 2015 оны 9 дүгээр сард ашиглалтанд орж, балансад тусгагдсан 1.3 тэрбум төгрөгийн урт ба богино хугацааны өглөгтэй байсан. Т.С- би М.Б-тэй зээлийн гэрээ байгуулан, зээлсэн мөнгөө н.Ганбаяр гэдэг дансаар дамжуулан н.Б-гийн данс руу хаягдал төмрийн урьдчилгаа төлбөр болгон 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл мөнгө 300 000 000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд "Л" ХХК-ийг барьцаа болгон шилжүүл, дараа нь үлдэгдэл мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Нотариатч “...хувьцааг барьцаалж болдоггүй, худалдан авах гэрээгээр түр шилжүүлчих, дараа нь буцаагаад авчих гэж хэлсний дагуу компанийн хувьцааг шилжүүлсэн. Гэвч төмөр нийлүүлэхээр гэрээ байгуулан мөнгө хүлээн авсан н.Байгалмаа гэгч нь төмрөө нийлүүлээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан боловч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа түдгэлзсэн байдалтай байна. Тус мөнгөө алдсан тухай хэлж хавар үйлдвэр ажиллахаар зээлийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үйлдвэр ажиллаж эхлэхэд намайг үйлдвэр рүү оруулахгүй, удаа дараа уулзахыг шаардсан боловч хүлээж аваагүй. Харин Б.Б- 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр баталгаа бичиж өгсөн боловч уг баталгааг үйлдэхээс 2 сарын өмнө өөрийн төрсөн ах Б.Бм-өд компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандахад иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хэргийг хаасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

"Л" ХХК-ийн нэр дээр "Ч" ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 600 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд компанийн газар, объектоос гадна Т.С-ийн өмчлөлийн орон сууц, үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан. Уг зээлээр хаягдал төмөр худалдан авч арматур болгон барилгын компаниудад борлуулж олсон ашгаар М.Б-гээс авсан зээлийг төлж Б.Б-эс компаниа буцаагаад авахаар байсан. Гэтэл Б.Б- нь Т.С- намайг үйлдвэрт нэвтрүүлэхгүй хориглож, бүх тайлан тооцоо санхүүгийн үйл ажиллагааг нууж, арматур үйлдвэрлэн ашиг олж өөртөө авсан. Дээрх нөхцөл байдлаас болж бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах боломжгүй болгосон. Б.Б-, Т.С- нарын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь дараах байдлаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Б.Б- нь "Л" ХХК-ийн хувьцааг Т.С- болон М.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн барьцаанд шилжүүлэн авсан болох нь эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Т.С- би "Л" ХХК-ийн хувьцааг Б.Б-д худалдан борлуулах, хувьцааг худалдан борлуулж үр шимийг хүртэх хүсэл зорилго байгаагүй бөгөөд гагцхүү М.Б-тэй байгуулсан зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Иймд өндөр ашигтай компаниа бусдад 500 000 000 төгрөгөөр худалдах ямар ч шаардлага, шалтгаан байгаагүй болно. Хэрэв хувьцаа худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа байгуулагдсан гэж үзвэл Б.Б- гэрээнд заасны дагуу хувьцааны төлбөрт 500 000 000 төгрөг төлөх ёстой, гэвч хувьцаа худалдан авсан төлбөрт мөнгө огт өгөөгүй, худалдах зорилгогүй байсан тул Т.С- би нэхээгүй болно. Энэхүү үйл баримт нь барьцааны эсхүл фидуцийн гэрээ байгуулах ёстой атал хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн болно. Иймд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Б.Б-, Б.Бм- нарын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь дараах байдлаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Б.Б- нь зээлдэгч М.Б-, Б.Бм-, Б.Б- нарын үйл ажиллагааг удирддаг нэг гэр бүлийн хүмүүс болох нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс тогтоогдоно. 2016 оны хавар үйлдвэрлэл явуулах бүх бэлтгэлийн хангаж, бусдаас хаягдал төмөр зээлээр авч үйлдвэрийн хашаанд буулгаад байхад Б.Б- нь намайг үйлдвэрээс хөөн гаргаж, удирдлагыг авсан. Б.Б- нь маргааны зүйл болсон компанийн хувьцааг бусад этгээдэд дамжуулан шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төөрөгдүүлэх, саатуулах, өөрийн ах Б.Бм-ийг шударга эзэмшигч болгож харагдуулах хууль бус үйл ажиллагаа явуулсан болох нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтуудаар нотлогддог. Б.Б- нь Б.Бм-өд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр "Л" ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэвч тус гэрээнд компанийн хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж шилжүүлсэн тухай дурдаагүй. Хувьцаа худалдан борлуулсны татвар хураамж төлсөн баримт байхгүй. Б.Б-, Б.Бм- нар нь тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад огт гаргаж өгөөгүй, шүүгчийн захирамжаар гаргуулахаар шаардсан боловч шүүхийн шаардсаныг үл биелүүлж гаргаж өгөөгүй байж байгаад хэрэг үүссэнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа анхан шатны шүүх хуралдаан болоод давах хяналтын шатнаас буцаагдсаны дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж өгсөн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхдөө Б.Б-, Б.Бм-, М.Б- нар нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулан Т.С-ийн өрийг түүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь төлөх хэлбэрээр компанийнх нь хувьцааг шилжүүлэн авч хувьцааны үнийг төлсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй, шүүхийг төөрөгдүүлэх зорилготой, хуурамч нотлох баримт үйлдсэн шинжтэй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн Б.Б-, Б.Бм- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь өмнө Б.Б- Т.С- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан тул Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Бм-, Б.Б- нар нь "Л" ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул хууль ёсны өмчлөгч эзэмшигч Т.С-ид хувьцааг бүхэлд нь буцаан шилжүүлэн өгч хохиролгүй болгох үүрэгтэй. Иймд Б.Б-, Т.С- нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг болон Б.Б-, Б.Бм- нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоон "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгч Т.С-ид шилжүүлэхийг хариуцагч Б.Бм-, Б.Б- нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.С- нь Б.Б-тэй танилцаад Б.Б нь Б.Б-тэй нэхэмжлэгчийг танилцуулаад н.Б-аас арматур аваад мөнгөө эргэлдүүлээд буцаагаад төлөхөөр зээл хүссэн гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан, тухайн үйл баримтыг тогтоосон прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Гэвч Т.С- болон М.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага байхгүй. Т.С-ийн хувьд М.Б-тэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 600 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй буюу залилан мэхэлсэн гэдэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Зээлийн гэрээг 100 хувь Б.Бат-Эрдэнийн нэр дээр байгуулсан зүйл байхгүй. Т.С- компанийн хувьцааг худалдах, бусдад шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь М.Б-гээс зээл аваад, Б.Б-эс та манай компанийг шилжүүлээд авчих, шилжүүлж авсан юм чинь хөрөнгө оруулаад яв, би энэ компанийг байгуулсан буюу төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэдлэгтэй учир гүйцэтгэх удирдлагаар ажиллаад явъя гэсэн хүсэл зоригийг илэрхийлэхэд Б.Б- хүлээн авч, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүнийг нотолж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр урт цагааны Х ХХК-ийн салбарын хажууд байрлах дүүргийн тойргийн нотариатч н.О- гэх хүн талуудад гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарласан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар үндэслэлээр барьцаа гэж тайлбарлаад байгаагаа тодруулаагүй, хэрэв барьцаа байсан бол тухайн үед барьцааны гэрээ хийх ёстой байсан, энэ төрлийн гэрээг бичгээр хийх зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах зорилго байсан бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн тул эдгээр гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч тал 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот прокурорын тогтоолыг үндэслэл болгож байна. Харин уг тогтоолд зээлийн гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Т.С- нь сайн дурын үндсэн дээр хийсэн, бусдад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан, мөн зээлсэн мөнгөө буцаан авч чадаагүйгээс үүссэн иргэд хоорондын иргэний маргаан буюу гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгчийн зүгээс Б.Б- гэдэг хүн намайг залилаад гадаад руу зугтсан гэж хэлж байна. Бодит байдал дээр Т.С- хуурамчаар тамга тэмдэг үйлдсэн тэр нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Мөн хуурамчаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр зэргийг нотлох баримтаар хавтас хэрэгт авагдсан. Талуудын хооронд байгуулсан хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл шаардагдана. Хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл хамаарна. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа хуулийн хүрээнд гэрээг төлөөллөөр байгуулах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуульд заасан эрх үүрэг байдаг. 2015 онд гэрээ байгуулахдаа Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч н.О- тухайн гэрээг батлуулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчид тухайн үйлдлийнх нь эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгөх байдлаар тусгасан. Т.С-ид 10 дугаар сарын 20-ны өдөр М.Б-, Т.С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 600 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. 5429120713 тоот дансаар 297 027 000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр 57 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн талаар гэрчийн мэдүүлэг дээр тусгасан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн акт гэж байдаг. Энэ актаар 1 294 202 700 төгрөгийн санхүүжилтийг авсан зэрэг баримтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт авагдсан. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн баталгааны баримтаар үйлдвэрт хэдэн төгрөгийн төлбөр хийсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдвэрийг огт мөнгөгүйгээр шилжүүлж авсан зүйл байхгүй нь эдгээр үйл баримтаар нотлогддог. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний баталгаанд хураагдсан гэх асуудал нь өөрөө Т.С- 600 000 000 төгрөгөө төлсөн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд Б.Б- тухайн компанийн 1 ширхэг ч хувьцааг эзэмшдэггүй, буцаан шилжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бм- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Хөрөнгө эзэмшигч буюу хувьцаа эзэмшигчийн хувьд Б.Б-эс 1 594 000 000 төгрөгийг авч энэ компанид хөрөнгө оруулсан байна. Зөвхөн барьцаанд авсан байсан бол тэр хүн уг үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй. Дээрхээс дүгнэхэд Т.С-ийн хүсэл зориг анхнаасаа компанийн хувьцааг шилжүүлэхдээ барьцаанд тавиагүй болох нь илэрхий байна. Т.С- 1 454 000 000 төгрөгийг хүлээж авсан. Прокурорын тогтоолд Т.С- 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд гарын үсэг хуурамчаар зурсан, нотариатын тамгыг хуурамчаар дарсан, тайлан тооцоогоо хуурамчаар гаргасан мөн улсын бүртгэлийн бүх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн талаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон баримт хэрэгт авагдсан. Энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр энэ компанийг худалдаж авахад үйл ажиллагаа явуулаагүй байсан. Компанийн онцлог бол өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Б.Б-эс өвлийн улиралд үйл ажиллагаа явуулаагүй байхад нь худалдаж авсан. Б.Б- надад энэ компани өөрийн хөрөнгө бараг 2 тэрбумын хөрөнгө оруулсан, компанийн үйл ажиллагаа явдаггүй, та үйлдвэрийг аваач гэж хэлсний дагуу би 600 000 000 төгрөгөөр худалдан авсан. Бид Иргэний хуульд нийцүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. "Ч" ХХК-аас авсан 600 000 000 төгрөгийг төлөх үүргийг би гэрээгээр хүлээсэн. Би энэ компанитай холбоотой татвар шимтгэл газрын төлбөрийг төлж барагдуулсан. Газрын төлбөр гэхэд л 1 га газрын жилийн төлбөр 8 000 төгрөг төлдөг. Миний зүгээс 100 000 000 гаруй төгрөгийг "Ч" ХХК-д төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 60 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 20 400 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Мөн "Ч" ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг 60 000 000 төгрөг, нийт 102 226 956 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.С- бүх гэрчилгээ тамгыг хуурамчаар үйлдсэний дагуу Прокуророос битүүмжлэх шийдвэр хүртэл гарч байсан. Эрүүгийн хэрэг үүсээд 2 сард нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй манай үйлдвэр рүү дайрч ороод 5 сарын хугацаанд гаднаас хүн оруулаагүй. 2017 онд үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй. Миний хувьд Б.Б-тэй хуульд заасны дагуу гэрээ байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээд компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Нотлох баримтаас харахад Б.Б- 1 594 000 000 төгрөгөөр энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан байсан. Үйлдвэрийн хашаа зэргийг бас засварласан боловч үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй. Миний бие Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байна. Эд хөрөнгийг шилжүүлж байхад тухайн эд хөрөнгө Т.С-ийн эд хөрөнгө байсан гэдгийг би мэдээгүй надад мэдэх боломж байгаагүй. Яагаад гэвэл үйлдвэрийн гэрчилгээ, тамга Б.Бат-Эрдэнийн нэр дээр байсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- нь Т.С-ийг надтай уулзуулсан, би өмнө таньдаггүй байсан. 600 000 000 төгрөгийг ямар ч барьцаа хөрөнгө байхгүйгээр зээлдүүлэхгүй гэхэд Б.Б-, Т.С- үйлдвэртэй хүн арыг нь би даана гэж хэлж байсан тэгээд би арыг нь дааж хариуцлагыг нь хүлээх юм байна гэсэн. Т.С- нь надаас 600 000 000 төгрөгийг зээлж авсан. Б.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б- рүү компанийн эрх шилжиж байгаа учраас зээлийн төлбөрөө хугацаандаа барагдуулахгүй бол барьцаатай үлдэж байгаа болохоор асуудалгүй гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.С- болон хариуцагч Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Б болон Б.Бм- нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 008 950 төгрөгөөс 2 938 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 2 938 750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/10336 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/07791 дугаар захирамжаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар тус хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.С- давж заалдах гомдолдоо:

..."Л" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь арматур төмөр хайлуулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Т.С- нь зээл авах зорилгоор анх Б.Б-д хандсан ба тус компанийн үл хөдлөх хөрөнгө тоног төхөөрөмж бүгд "Ч" ХХК-ийн барьцаанд байсан тул барьцаа хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар "Л" ХХК-ийн хувьцааг барьцаалж авах санал гаргаж зээлийн гэрээ байгуулан 600 000 000 төгрөг зээлж тус гэрээгээ М.Б-тэй байгуулж, барьцаа болгож "Л" ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь гуравдагч этгээд М.Б-, гэрч н.Г, хариуцагч нарын Эрүүгийн журмаар хянагдаж шалгагдаж байх үедээ өгсөн тайлбар мэдүүлэг, мөн хувьцааг худалдан авахдаа үнэ төлбөр төлсөн гэх баримт байдаггүй байдал, тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.С-ийг үлдээж үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэйгээр оролцуулж, ногдол ашиг өгөх, олсон ашгаас төлбөрийг барагдуулж авах болон төлбөр төлөгдсөнөөр хувьцааг Т.С-ид шилжүүлж өгнө гэсэн амлалт өгч, баталгаа гэх баримтаар нотлогдоно. Гэвч Б.Б- нь дээрх байдлаар хууль бусаар өмчлөх эрх шилжүүлэн авсан "Л" ХХК-ийн хувьцааг өөрийн төрсөн ах Б.Бм-өд 2016 оны 03 сарын 14-ний өдрийн дүр үзүүлж хийсэн “Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлснийг хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь Б.Б- нь "Л" ХХК-ийн хууль ёсны өмчлөгч Т.С-ийн хүсэл зоригоос гадуур 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу хууль бусаар хувьцааг шилжүүлэн авсныг шүүх нэгэнт тогтоосон тул Б.Б-эс өөрийн ах Б.Бм-өд "Л" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус юм. Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч шударга хандсан байхыг шаарддаг. Б.Б- нь компанийн хувьцааг төрсөн ах Б.Бм-өд худалдсан тохиолдолд түүний өмчлөх эрх дуусгавар болж хувьцаа эзэмшигчийн аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй болох учиртай. Хариуцагч Б.Бм- нь "Л" ХХК-ийн хувьцаа болон эрхийг шударгаар худалдаж авсан гэх боловч гэрээнд нь үнийн дүн тусгагдаагүй, мөн үнийг төлсөн гэх баримт байдаггүй, татвар төлсөн баримт байхгүй зэрэг нь түүний татгалзлыг үгүйсгэж байна. Мөн Б.Бм- нь өөр ажил төрөлтэй, "Л" ХХК-ийг ажиллуулдаггүй, харин “Жем трейд” ХХК-д ажилладаг болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын баримтаар тогтоосон.

Мөн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 05-ны дотор "Л" ХХК-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгасан шүүгчийн захирамж гаргасан, гэвч Б.Бм- нь тус баримтыг байхгүй хэмээн шүүхэд гаргаж өгөөгүй давж заалдах, хяналтын шатны шүүхэд энэ талаар огт хэлж мэдэгдээгүй байж байгаад сүүлд 2018 оны 8 дугаар сард гэнэт гаргаж өгсөн нь эргэлзээтэй, Б.Бм-өөс хувьцааны үнийг төлсөн болохоо нотлох баримтыг хуурамчаар үйлдэн нөхөн гаргаж өгсөн шинжтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Б.Бм- нь Т.С- үйлдвэрийг ажиллуулж чадахгүй болохоор нь Б.Б- намайг ажиллуул гэж хэлээд надад хувьцааг зарсан гэж тайлбарладаг боловч металл хайлуулах үйлдвэр улирлын чанартай буюу хүйтний улирал болох 10 дугаар сараас 4 дүгээр cap хүртэл ажиллах боломжгүй. Б.Б- нь огт ажиллуулж үзээгүй атал ийм тайлбар шүүхэд хийж хувьцаагаа ахдаа шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Б.Бм-ийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь (үнийн дүнгүй) хууль бус; хувьцааны үнийг төлж авсан гэх тооцоо бүхий 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн шинжтэй, хуурамч бөгөөд нөхөн үйлдсэн үндэслэл тогтоогдож байна. Мөн Б.Бм- нь тухайн компанийн хувьцааны талаар Т.С-той маргаан бүхий байсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан тул түүнийг шударгаар олж авсан гэх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Мөн М.Б- нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний дагуу Т.С-ид зээлсэн мөнгөний өрөө Б.Бм-өөр төлүүлж аваад дууссан гэж шүүхэд тайлбарласан байтлаа 2017 онд цагдаад хандаж Т.С-оос зээлсэн мөнгөө авах шаардлага бүхий залилуулсан гэх гомдол гаргасан ба энэ нь үндэслэлгүй гэж үзэн хаагдсан. Компанийн хувьцааг залилан мэхэлж авсантай холбоотой гомдлыг Т.С- цагдаад гаргаж өгч байсан ба цагдаагийн байгууллагаас тус компанийн хувьцааг Б.Б- зээлийн барьцаанд шилжүүлэн авсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоосон. Гэтэл шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу авагдсан баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрдүүлсэн бэхжүүлсэн баримт нотолгооны хэрэгсэл гэж үзэхгүй” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт, 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж олон тооны хэрэгт ач холбогдол бүхий эрүүгийн хэрэгт цугларсан тайлбар мэдүүлэг, үйл баримтыг үнэлэлгүй орхисонд гомдолтой байна.

Б.Бм-өд "Л" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүд нь тодорхой үнийн дүнгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх нь тодорхойгүй. Иймд анх нэхэмжлэл гаргахдаа 70 200 төгрөг төлсөн, гэвч давж заалдах гомдол гаргахдаа үнийн дүнг Б.Бм-ийн тайлбарлаж байгаагаар 600 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбарын дагуу тооцож гомдлоо гаргасан. Б.Б-, Б.Бм- нар нь хувьцааны үнийг хэрхэн төлсөн нь одоо болтол маргаантай, өмнөх төлбөр тооцооны харилцаа хамтын бизнесийн дагуу орж гарсан мөнгийг оролцуулан хуурамчаар нөхөн бүрдүүлсэн нь баримтаар тодорхой байгаа тул маргаан бүхий гэрээний үнийг төлж шударгаар өмчлөх эрх олж авсан гэж үзэхгүй. Иймд "Л" ХХК-ийн хувьцааг Б.Б-эс Б.Бм-өд шилжүүлсэн гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хууль бус, дүр үзүүлсэн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг надад шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Гэтэл Т.С-, Б.Б- нар нь компанийн хувьцаа, түүнд хамаарах эрхийг шилжүүлэх хэлцлийг байгуулснаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Л" ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн ийнхүү компанийн хувьцаа хариуцагч Б.Б-д шилжсэний дараа нэхэмжлэгч Т.С нь компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан, Б.Б-эс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан талаарх баримт, түүний тайлбар зэргээс харвал зохигчид "Л" ХХК-ийн хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэх үр дүнд хүрэхийг хэн хэн нь хүссэн гэдэг нь тодорхой харагдана. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дзэр хэлсэн тайлбартаа “...компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган зорилгоор байгуулсан” гэж тайлбарладаг. Энэхүү тайлбараас М.Б-гээс авсан зээлийн барьцаа болгож гэрээ хийхдээ барьцааны гэрээ бус худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Б.Б-тэй байгуулсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь үндэслэлгүй. Барьцааны гэрээгээр хөрөнгө өмчлөлд нь шилжүүлэх гэсэн зохицуулалт байдаггүй. Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн, гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлж болдог. Талуудын хооронд фидуцийн гэрээний харилцаа үүссэн байхад компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, зээл төлөгдсөн бол хувьцааг буцаан шилжүүлэх эсэх, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө компанийн хувьцааг захиран зарцуулсан эсэх зэрэг асуудлыг ярихаас биш талууд хүсэл зоригийнхоо дагуу байгуулсан. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Т.С- болон хариуцагч Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагч Б.Бм-, Б.Б- нарт холбогдуулан Т.С-, Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Б-, Б.Бм- нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг Т.С-ид буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б-, Б.Бм- нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ компанийн хувьцааг худалдах, компанийн эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, 600 000 000 төгрөгийн зээлийн барьцаа болгох зорилгоор гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч Б.Б- нь гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж бичгээр байгуулан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, улсын бүртгэлээр баталгаажсан, компанийн эрх шилжиж байгааг Т.С- бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан гэж, хариуцагч Б.Бм- нь компанийг Б.Б-тэй байгуулсан гэрээг үндэслэн хуулийн дагуу шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус татгалзал гарган мэтгэлцсэн.

 

            Хэрэгт маргааны үндэслэл болсон гэрээ тус бүр, мөн компанийн эрх хариуцагч Б.Б-, Б.Бм- нарт шилжин бүртгэгдсэн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаа баримтаар авагдсан ба дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

            Т.С-, М.Б- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр Т.С- нь 600 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн, зээлийн хөрөнгийг хүлээн авсан, төлөөгүй талаар маргаагүй. /хх-6/

 

            2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Т.С- нь "Л" ХХК-ийн 100 ширхэг хувьцааг 500 000 000 төгрөгөөр Б.Б-д худалдсан, уг гэрээний дагуу худалдан авагч Б.Б- нь гэрээний зүйл болох "Л" ХХК-ийн нэг бүр нь 14 541 824 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг өмчлөлдөө шилжүүлснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх7-8/

 

            2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б- нь Б.Бм-өд "Л" ХХК-ийн хувьцааг худалдаж, компанийн эрхийг шилжүүлсэн, уг гэрээг үндэслэн Б.Бм- компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь улсын бүртгэлээр баталгаажсан байна.                                         

/1хх20, 3хх19-20/

 

            Хариуцагч Б.Б- нь компанийн хувьцааг 500 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч гэрээний дагуу үнийг төлснөө баримтаар нотлоогүй, мөн 600 000 000 төгрөгийг зээлдэгч Т.С- төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний хугацаа дуусахад Б.Б-д компанийн хувьцаа, түүний эрхийг цаашид захиран зарцуулах эрх үүсэхээр тохиролцсон агуулгаар гэрээ хийгдсэнийг давж заалдах гомдолдоо тайлбарласан байна.

 

            600 000 000 төгрөгийн зээлийн гэрээний зээлдүүлэгч тал болох М.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож “мөнгийг ямар ч барьцаагүй зээлдүүлэхгүй гэхэд Т.С- үйлдвэртэй хүн арыг нь би даана гэж Б.Б- хэлсэн, Б.Б- рүү компанийн эрх шилжиж байгаа учраас зээлийн төлбөрөө хугацаандаа барагдуулахгүй бол барьцаатай үлдэж байгаа болохоор асуудалгүй юм байна гэж ойлгоод мөнгийг зээлдүүлсэн” гэсэн тайлбарыг гаргажээ. /5хх117/

 

            Мөн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Т.С-, Б.Б- нар “Б.Б-эс үйлдвэрийн үйл ажиллагаанд 1 594 391 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг харилцан зөвшөөрөх, тус оруулсан хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон 50 хувийн ашгаар барагдуулах, Б.Б-ийн хөрөнгө оруулалтыг түүнд буцаан төлсөн тохиолдолд компанийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос талууд 50, 50 хувийн ашиг хүртэх” нөхцлийг харилцан тохиролцож, баталгаа гэх нэртэй баримт бичгийг үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан, ийм баримт үйлдсэнээ талууд үгүйсгээгүй.

 

            Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бичгийн баримтын агуулгаас үзвэл зохигчдын хооронд хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй, зээлийн барьцаа болгох хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ хийгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Зохигчид зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэл зоригтойгоор хэлцэлд оролцож байгаа бол Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан аргаас сонгон, гэрээний нөхцлийг хуульд тусгайлан заасан журамд нийцүүлсэн байдлаар харилцан тохиролцсоноор хэлцэл хүчин төгөлдөр байх нөхцөл бүрдэнэ.

 

Гэвч талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэлцлээр харилцан тохиролцож тогтоох хүсэл зоригоо хувьцааг худалдах, худалдан авах, компанийн эрхийг шилжүүлэх хэлбэрээр хэлбэржүүлж  байгаа нь талуудын хүсэл зоригоос өөр, дүр үзүүлсэн шинжтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний зүйлд хамаарахгүй юм. Иймд хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний харилцаа байсан гэх тайлбар, давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь анхнаасаа үр дагавар үүсгэхгүй хүчин төгөлдөр бус хэлцэл  тул хариуцагч Б.Б-д компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн, "Л" ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компанийн эрх улсын бүртгэлээр хариуцагч Б.Б-д шилжин бүртгэгдсэн хэдий ч компанийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахаар талуудын хүсэл зоригоо илэрхийлж байсан байдал, гэрээний үнийг бодитоор төлөөгүй зэргийг харьцуулан үзэхэд талууд хэрэг дээрээ хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрхийг худалдах, хариу төлбөрийг төлөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийг харилцан хүлээгээгүй, дүр үзүүлэн гэрээг бичгээр хийснээ мэдэж байсан гэж үзэх байдлууд тогтоогдсон байна.

 

Иймээс хариуцагч Б.Б-ийн хувьд хууль ёсоор өмчлөгч нь болоогүй хөрөнгө буюу компанийн хувьцаа болон эрхийг бусдад шилжүүлэх эрх үүсэхгүй бөгөөд Б.Б- нь Б.Бм-өд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр  компанийн хувьцааг худалдаж, компанийн эрх шилжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл” гэж үзнэ. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн Т.С-той хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, үр дагавар үүсгэхгүй тул Б.Бм-ийн компанийн хувьцаа, эрхийг Б.Б-эс шилжүүлэн авах үндэслэл үгүйсгэгдсэн байна. Иймд уг гэрээ нь Б.Бм-ийн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж компанийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулан бүртгэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн этгээдүүд гэрээний зүйлийг харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн авсан этгээдээс буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

 

Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Бм- бүртгэлтэй байгааг хариуцагч нар үгүйсгээгүй бөгөөд хэрэгт "Л" ХХК-ийн хувьцаа эзэмшигч 1 нэмэгдэж, 1 хасагдаж, 1 гишүүн болох Б.Бм- захирал болсныг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн шинэчилсэн дүрэм авагдсан /хх1-20-22/, компанийн хувьцаа болон эрхийг буцаан шилжүүлэх түүнд холбогдуулсан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Т.С-, Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Б-, Б.Бм- нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг Т.С-ид буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бм-өд даалгаж, Б.Б-д холбогдох хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн заасанд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, үр дагаврыг хуульд зааснаар арилгахыг шүүхээс хүссэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд  зохигчид хөрөнгө оруулалт, гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа жичид нь шийдвэрлүүлэх эрхийг энэ шийдвэр хязгаарлахгүй.

 

Анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Т.С-, Б.Б- нарын хооронд хийгдсэн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч харин уг гэрээний үндсэн дээр Б.Б-, Б.Бм- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасанд нийцээгүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан Т.С-, Б.Б- нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Б-, Б.Бм- нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан "Л" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бм-өд даалгаж, "Л" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Б.Б-эс” гэснийг “хариуцагч Б.Бм-өөс” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.С-оос төлсөн 3 228 150 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Б.Б-эс төлсөн 2 938 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

           

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ