Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 436

 

Л.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Р.Атарцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Л.От холбогдох 201419000281 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй,

1998 оны 9 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь эсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2000 оны 10 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял,

2002 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2009 оны 6 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулиар 3 жил хорих ялыг өршөөн хассан,

2012 оны 9 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Л.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Л.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Л.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 590 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оаас 805.000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд 11.800.000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч Л.О болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.О гаргасан гомдолдоо: “...Миний бие Дархан-Уул аймгийн Дархан суманд ... эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 2014 оны 5 дугаар сарын 23-нд Ц.Цийн цээжин тус газар хутгалж хүнийг санаатай алсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйлээр эрүүгийн хэрэг үүсч шалгагдсаны учир нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг гэх газар өглөө ажилд гарах гээд багаж дутуу байсан учир хот руу утсаар ярьж 12 цагаас өмнө наашаа гарах таксинд аваад өгөөд явуулчих, би одоо мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлээд дэлгүүр орж мөнгийг нь шилжүүлчихээд буцах замд хашааны үүдэнд Э нар зогсож таарсан. Гэтэл Э мэнд ус мэдэж гар бариад манайд орж цай уу гэснээр гэрт ороход Э цай, тавагтай идээ тавьж өгөөд ярилцаж суун, дараа нь архи гаргаж задлаад цуг байсан Цийн архийг тойруулж байхад Этай би нутаг орны сонин ярилцаж суухад Э талийгаач Цийг танилцуулахад өөрийгөө Б гэж танилцуулж байсан. Талийгаач тухайн үед архи уусан байсан. Энэ үед гаднаас Б, Э хоёр орж ирээд хот явах ажил гарчихлаа, хувцсаа солихоос гээд сууж байтал гаднаас О орж ирээд Эын хажууд суугаад юм ярьж байтал талийгаач Ц тэр хоёр луу агсагнаж “та муу хоёр их том гэсэн, хүн хутгалдаг гэл үү, жинхэнэ хутгалж сэмжээр нь нүүрийг нь ороодог хулгайч чинь би байна. Би өнөөдөр жинхэнэ хүн хутгалж үзүүлнэ” гэж агсраад Э “чи юу гээд хуцаад балайраад байгаа юм бэ” гэхэд Б “битгий хоорондоо муудалцаад бай” гээд Э, О хоёрын чихэнд нь юм хэлснээр тэр хоёр Баас уучлалт гуйж, гар барьснаар хэрүүл намжиж Б, Э хоёр явахаар болж цүнхтэй хувцасаа авч гарахад Ц цуг гараад явсан. Тэр үед би Э, О хоёрт “хот руу захисан юм ирэх болж байгаа байх, О бид хоёр ч гэсэн явъя даа” гээд байж байтал талийгаач Ц гаднаас нэг шил архи барьсаар орж ирээд “сайхан танилцсаных, ганц юм авсан хуваагаад уучихъя” гэхэд нь “одоо болноо, хотоос захисан юм ирж байгаа, ирэхэд нь согтуу байлтай биш” гэхэд “за ямар сүртэй юм бэ, хүн өөрт чинь зориулж авч байхад, чамайг ямар заавал уу гээд байгаа биш” гээд байхаар нь арга буюу буцаад суусан. Ингээд тэр архийг уух үед гэрт А, О, Э, Ц бид тавуулаа байсан. Энэ үед Ц надад хандаж “чи түрүүнээс хойш надтай юм ярихгүй, дуугарч ядаад намайг нэг л үл ойшоогоод байна тэ” гэхээр нь би “чамайг урьд өмнө таньж мэдэхгүй юм чинь юу ярих юм бэ” гэхэд “намайг Алтанбулагийн Хар Б гэдэг юм, чи намайг асуугаарай за юу, би чамд мэдрүүлнээ” гээд ухасхийн босч ирээд миний дээр гарч суугаад намайг хэд хэдэн удаа нүүр лүү цохисон. Тэгтэл А, О хоёр босч ирээд Цийг хоёр талаас нь татаж салгахад Цийн биенээс хутга унаж байсан. Ингээд би босоод “чи намайг яалаа гэж цохиж байгаа юм бэ” гэхэд “би чамайг алнаа” гээд байхаар нь би Аыг явъя гэж хэлээд хаалгаар гарах үед хойно хөлийн чимээ гарахаар нь Аыг гэж бодоод эргээд хартал Ц зүүн гартаа хутга барьсан байдалтай далайгаад дайрсан, би тухайн үед айж сандраад тулаад ороод ирсэн хутгатай гарын бугуйнаас нь бариад автал баруун гараараа миний майкны захнаас заамдаж боосон.

Тухайн үед миний хоолой боогдож хэцүү байсан ч өөдөөс чиглэх хутгатай гарыг өөрөөсөө холдуулах гэж хутгатай гарыг мушгиад түлхтэл хаалганы урд талын довжоон дээр гишигдэл алдаж унахдаа Ц баруун гараараа боосон майкны захнаас намайг татаж унахад би баруун гарыг мушгиж түлхсэн чигээрээ давхралдаж унаад өндийхөд баруун эгэмний тус газар нь хутга зоогдсон байсныг хараад маш их айж шоконд орж сандрахдаа “яасан гайтай юм болчихвоо” гээд хутгыг өөрийн мэдэлгүй сугалж хаясан. Энэ үед А, О хоёр гарч ирээд юу болчихвоо, холд гээд намайг түлхээд би босоход миний майкны зах сунаж сэмэрч урагдсан байсан учир тайлж газар хаяад хашааны дэргэд зогсож байхад О над руу ирэхэд нь “гайгүй юу, яаж байна, гайтай юмаа” гэж хэлэхэд О “цээжнээс нь цус гараад байна” гэхэд нь би “охин минь төрөөд хоёрхон сар болж байгаа, сайхан амьдаръя гэж бодож байсан, гайтай юм боллоо” гэж хэлсэн. О “цус гараад тогтохгүй байна, гэхдээ муугаар бодоод яахав, эмч дуудсан ирж байгаа гэсэн, чи нэг газар очоод жаахан тайвшираадах” гэхээр нь хоёр хашааны цаана байрлах Ш гэдэг айлд ороход хүн байхгүй байсан. Ороод сууж байтал гадаа хүн дуугараад манай ах О орж ирээд “юу болсон юм бэ, ах нь замд явж байгаад сонсоод ирлээ, тэр хүн чинь өнгөрсөн гэж байна, цуг байсан хүмүүсийг нь цагдаа руу аваад явсан байна” гэхэд нь өнгөрчихнө гэж бодоогүй байсан болохоор энэ үгийг сонсоод маш их цочирдолд орж шууд цагдаа руу өөрийн биеэр очиж болсон явдлын талаар бүгдийг ярьсан. Ингээд цагдаа дээр нэг хоноод маргааш нь шинжээч ирж миний биед учирсан гэмтлийг тогтоож, үс, хумснаас авч тэр өдрөө буюу 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн цагдан хорих байранд авчирч, 2014 оны 5 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 01 цаг 20 минутад хорьсон.

2015 оны 3 дугаар сарын 3-нд анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дутуу, үндэслэлгүй байна гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар цагдаагийн ахмад Дагвадорж мөрдөн байцаах ажиллагаа явуулж, хоёр удаа шинжээч томилж хэргийн газар туршилт хийн дүгнэлт гаргуулж, нэг удаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргуулан шалгасныг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх зүйл заалтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ялласан нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгон шийдсэнийг 2018 оны 3 дугаар сарын 9-нд давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын дагуу дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасныг анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-нд дахин хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, 8 жилийн нээлттэй хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа учир нь:

Миний бие 2014 оны 5 дугаар сарын 22-нд Төв аймгийн Заамар явсан учир нь дөнгөж төрсөн охин минь зүрхний ховдол цоорхой төрсний улмаас биеийн байдал маш муу, эмчийн хяналтанд байдаг, байнга хүчтэй эм тариа хийлгэж байсан учир эм тариа авах мөнгөний ажил хийхээр явсан билээ. Тийм ч учраас талийгаач Цийг агсам тавьж, цохиж нүдэхэд нь эсэргүүцэл үзүүлж янз бүр бололгүй, больё гээд гараад явж байхад дахин араас хутга барьж дайрч алахыг завдсан энэ үйлдэл нь гэрт байхдаа ална, хутгална гэж ярьж байсан үгээ хэрэгжүүлэх гэж байсныг үгүйсгэх аргагүй юм. Би ямар нэг атгаг санаа агуулж Цийг үгээр өдөж, хэрүүл маргаан, зодоон цохион хийж санаатай алсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт О нь Цийг ийм үйлдлээр ингээд санаатай алсан нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон гэсэн зүйл байхгүй байхад анхан шатны шүүх тулгаж тасалсанд гомдолтой байна.

Миний хувьд тулаад ирсэн аюулыг өөрөөсөө холдуулах гэж аргагүй байдалд биеэ хамгаалсан. Хутгатай гарыг барьж авч чадаагүй бол тухайн үед би өөрөө ч хутгалуулж амь насаа ч алдсан байхыг үгүйсгэхгүй юм. Хэрэгт ач холбогдол өгөөд байгаа Аын мэдүүлэг нь хэрэг учрал болсны дараах үйл явдлыг мэдүүлээд байгаа болохоос Ц бид хоёрын хооронд юу болсныг харсан, гэрчилсэн мэдүүлэг байхгүй. Мөн гэрч Аын мэдүүлэгт Оын гар нил цус болсон байсан гэж мэдүүлсэн байдаг.

Тухайн үед миний гар цус болоогүй, Ц бид хоёр давхралдаж унаад хутга биед зоогдох мөч хүртэл хутга талийгаач Цийн гарт байсан ба хутгыг сугалахад цус гарч хутга цус болсон байсан болохоос гар цус болоогүй. Энэ нь хэргийн газар прокурор, хэрэг бүртгэгч, шинжээч нарын миний хувцсанд үзлэг хийж үс, хумснаас авч шинжилгээнд явуулсан шинжилгээний хариу дүгнэлтээр тогтоогдсон. Цийн гарын зөв, буруу буюу баруун, зүүний тал дээр шүүх хурал дээр хохирогч талаас мэтгэлцдэг. Гэтэл талийгаач Ц нь багаж хэрэгсэл барьж ажил хийхдээ баруун, зүүн аль ч гараараа хамаагүй багажаа бариад ажлаа хийдэг нь гэрч Мийн мэдүүлэг 3 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал, мөн багын найз нь гэх гэрч Чын мэдүүлэг 3 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь талд гэрчээр өгсөн мэдүүлгээр талийгаач Ц нь баруун, зүүн гэлтгүй аль ч гараараа багаж хэрэгсэл барьдаг нь тогтоогдож байдаг.

Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч О.Болорын гаргасан дүгнэлт мэдүүлэгтээ “талийгаач зүүн гартаа хутганы ир ирмэг хэсгийг доош нь харуулж ишнээс доош харуулж бариад тэрнийг гар хэсгийг нь мушгиж дээрээс нь дарж унахад уг шарх нь үүсэх боломжтой гэмтэл ба талийгаач хутгаа баруун гартаа барьсан байсан тохиолдолд уг шарх үүсэх боломжгүй... гэж мэдүүлсэн тайлбар 2 дугаар хавтаст хэргийн 187-189 дэх тал. Шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр туршилтанд оролцсон шинжээчийн туршилтын шинжилгээ хийсэн 63 дугаартай 1 цаг 28 минутын бичлэг бүхий туршилтын СД, түүндээ тулгуурлан гаргасан дүгнэлт болох “талийгаачийн биед үүссэн шарх нь давхралдаж унах үед үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, дээрх шинжээчийн дүгнэлтээ тайлбарласан мэдүүлэг 3 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал. Хавтаст хэрэгт И.Ганболор шинжээч эмчийн 63 дугаартай туршилтын үйл явцыг баримтжуулж тэмдэглэсэн бичлэг бүхий СД-г 1 цаг 28 минут гэж тэмдэглэж үлдээснийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр үзэж танилцахад 3 минут 21 секундын бичлэг болсон байсан. Энэ талаар Г.Энхмаа прокуророос асуухад 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хийсэн туршилтын үйл ажиллагааг бэхжүүлсэн СД хуурцаг хэрхэн бичигдсэн, мөн шинжлэн судлаагүй, мэдэхгүй гэж тайлбарласан.

Туршилтын бичлэг яагаад алга болсон нь ойлгомжгүй ба туршилтыг яллах нотлох баримт болгоогүй гэсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нараар дээрх СД бичлэг дээрээ тулгуурлаж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 461 дугаартай Г.Энхбаатар, Ц.Бадрах, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, уг дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн мэдүүлэг 3 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт, дээрх туршилтын ажиллагаагаар тогтоогдсон байрлалаар давхралдан унасан тохиолдолд хутганы шарх үүсэх боломж муутай гэсэн дүгнэлтийг яллах талын нотлох баримтад тооцсон болно гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “боломжгүй” гэж хэлээгүй “боломж муутай” л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тодорхой бус бөөрөнхийлсөн. Үүнийгээ тайлбарлаж мэдүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хурал дээр маш тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хурал дээр Г.Энхбаатар мэдүүлэхдээ ...улсын яллагч “7 цагийн байрлалаар хутганы шарх үүсэх боломж муутай гэсэн” гэхэд шинжээч “баруун эгэмний шарх нь баруун эгэмний цаана байгаа хураагуур судсыг гэмтээсэн тул доороос дээш чиглэлтэй шарх байсан. Боломж муутай гэж үзсэн нь хүний өөрийн гар хүрэх боломжгүй газар буюу ар нуруу ч юм уу байвал шарх үүсэх боломжгүй гэж дүгнэж болно” гэж, улсын яллагч “хутганы ир гарын шууны дагуу байгаа нь 7 цагийн чигтэй байрлалаар хутгалагдах боломжтой юу”, гэхэд шинжээч “гар мушгисан тохиолдолд боломжтой” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний ах солгой гартай биш гээд байгаа. Шүүгдэгч өөрөө сая мэдүүлэхдээ нэг гараараа хутгатай гарыг бугуйнаас бариад нөгөө гараараа түлхсэн гээд байгаа. Ийм байрлалаар шарх үүсэх үү” гэхэд шинжээч “7 цагийн байрлал дээр гар мушгисан тохиолдолд үүсэх боломжтой, өөрийгөө хутгалах боломжгүй, хүч үйлчилж байж үүснэ” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүгдэгч талийгаачийн хутгатай гар руу түлхсэн гэж байгаа. Энэ үед шарх үүсэх боломжтой юу” гэхэд шинжээч “гар мушгисан тохиолдолд л үүснэ. Тэрнээс эгцээрээ бол боломжгүй... гэж шинжээч гаргасан дүгнэлтээ маш тодорхой тайлбарласан. Мөн миний удаа дараагийн “...гарыг нь мушгиад түлхсэн...” гэсэн мэдүүлэгтэй харьцуулалт, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

И.Ганболор шинжээч эмчийн хийсэн туршилтын үйл ажиллагааг бэхжүүлсэн СД-г яллах талын нотлох баримт болгоогүй гэсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 12-ны 103 тоот яллах дүгнэлтэндээ И.Ганболор шинжээчийн туршилтын үйл ажиллагааг бэхжүүлсэн бичлэг бүхий СД-г яллах талын нотлох баримтаар оруулсан нь хуульд нийцээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт нь шинжээч эмч И.Ганболорын гаргасан 63 дугаартай дүгнэлт нь үндэслэл муутай байна... гэсэн боловч тайлбар мэдүүлэг болон анхан шатны шүүх хурал дээр маш тодорхой тайлбарласныг давж заалдах шатны шүүх харьцуулалт хийж үзээгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрч Ж.Эын мэдүүлэг /1хх-54/, гэрч Отгонбаярын мэдүүлэг /1хх-57/... гэж гэрчилж мэдүүлсэн байна гэж яллах талын нотлох баримт болгосон байдаг. Гэтэл эдгээр мэдүүлгүүд нь талийгаач Ц бид хоёрын хооронд гадаа юу болсон талаар харсан, үзсэн, гэрчилсэн зүйл байхгүй, зөвхөн таамаг таавар төдий ийм мэдүүлгээр нотлох баримт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ нь намайг хүчээр тулгаж таслан шийдэж байгаатай ялгаагүй байна. Давж заалдах шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-наас 16-ыг хүртэл цагдан хоригдсон хоногийг 59 хоног гэж бодсон. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 15-нд анхан шатны шүүхээр ял авч шийдүүлэхдээ би бусдын батлан даалтанд байж байгаад 2 дугаар сарын 15-нд хоригдсон, тэгэхээр 2 дугаар сарын 15-ныг оруулаад тоолоход 4 дүгээр сарын 16-ыг хүртэл хоригдсон нийт хоног 61 хоног байх ёстой байтал 59 хоног гэж 2 хоног дутуу бичсэн.

Өмгөөлөгч П.Буманзаяа болон миний хувьд хүний амь насыг хохироогоогүй гэж мэтгэлцээгүй. Харин уг үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, санамсаргүй, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал аль нь болохыг тогтоолгох гэж 4 жил гаран шалгуулсан. Гэтэл хэргийн бодит байдлыг нотолж тогтоож чадах, яг тийм гээд тэрнийгээ тайлбарласан зүйл байдаггүй. Хэргийн газар би өөрөө хохирогч болж зодуулсан, үүнийг тэнд байсан гэрч нар нотолдог. Мөн шинжээч эмч О.Болорын гаргасан миний биед учирсан гэмтлийн тодорхойлолт 2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал, хутга хохирогчийн өөрийнх нь хутга гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хаалгаар гараад явж байхад араас хутга бариад дайралт хийснийг гэрч Аын 2015 оны 5 дугаар сарын 25-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “тавуулаа сууж байтал талийгаач гэнэт Оыг босож ирээд хэд хэд цохиод авсан, тэгэхэд нь бид нар салгасан, О байшингаас гарахад талийгаач араас нь гүйгээд гарсан гэх 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудасны ар тал, мөн тэнд байгаа гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Миний зөв, буруу аль нь ч бай хүний амь нас хохирсонд би одоог хүртэл маш их харамсч явдаг. Тийм ч учраас хохирлыг бүрэн барагдуулахыг хичээсэн. Хохирлын хувьд 2015 оны 3 дугаар сарын 3-ны шүүхийн шийтгэх тогтоолд баримттай нэхэмжилсэн 4.700.000 төгрөгийн хохирлыг төлөхийг шаардсан шийдвэр гарсан. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн нь 11.000.000 төгрөг, үүн дээр сүүлд гарсан урсгал зардал 805.000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Миний зүгээс хохиролд 11.800.000 төгрөг төлсөн.

Анхан шатны шүүх “От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн” гэж дүгнэлт гаргачихаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ялласан нь хуульд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар ялласан үндэслэлээ тодорхой заагаагүй. Үүнийг нь давж заалдах шатны шүүх ач холбогдол өгөлгүй  хэвээр нь баталсан. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан ба давж заалдах шатны шүүх Л.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь, анхан шатны шүүх “... хэрэг учрал гарах үед амь хохирогч Ц.Ц, шүүгдэгч Л.О хоёр л байсан талаар гэрч Г.А, Н.О, Ж.Э нар тогтвортой мэдүүлсэн байх ба ... амь хохирогчид үхэлд хүргэх гэмтлийг учруулсан бор өнгийн иштэй хутга нь амь хохирогчийн өөрийнх нь хутга болох нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар ирүүлсэн хутгатай тохирч байна...” гэж дүгнэсэн.

Мөн шүүгдэгч Л.Оын “...намайг босоод гарах үед ард хөлийн чимээ гарсан, эргээд харахад талийгаач зүүн гартаа хутга барьсан далайгаад дайрсан, сандарсандаа хутгатай гарыг нь бариад авсан ... өөрөөсөө холдуулах гээд түлхтэл бид хоёр довжоон дээр гишгээд хөл алдаад унасан, унаад харахад эгэмнийх нь доор хутга зоогдсон байсан ... тухайн үед бид хоёр хоёулахнаа байсан ... гэсэн мэдүүлэгтэй ямар шалтгаант холбоо байгааг хууль зүйн үүднээс огт дүгнэлт хийгээгүй, мөн ... харин 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн туршилтанд оролцсон шинжээч шинжилгээ хийсэн 63 дугаар “талийгаачийн биед үүссэн шарх нь давхралдан унах үед үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч И.Ганболорын мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно... гэх, ....шүүх эмнэлгийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...И.Ганболорын гаргасан 63 дугаар дүгнэлт үндэслэл муутай байна. Дээрх туршилтын ажиллагаар тогтоогдсон байрлалаар давхралдан унасан тохиолдолд хутганы шарх үүсэх боломж муутай...” гэсэн атлаа дүгнэлтийг яллах талын нотлох баримтад тооцсон болно гэсэн боловч шинжээч эмч Г.Энхбаатарын шүүх хуралдааны явцад өгсөн “...боломж муутай гэж үзсэн нь хүний өөрийн гар хүрэх боломжтой шархыг боломжтой, хүний гар хүрэх боломжгүй газар буюу ар нуруу ч юм уу байвал шарх үүсэх боломжгүй гэж дүгнэсэн ... хутганы ир гарын шууны дагуу байгаа нь 7 цагийн чигтэй байгаа, хутгалагдах боломжтой юу гэж асуухад шинжээч гар мушгисан тохиолдолд боломжтой... гэж мэдүүлснийг чухам яаж үнэлсэн нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн энэ зөрүүтэй дүгнэлт, мэдүүлэг хэний өгсөн, аль мэдүүлэг, хэний, хэдийд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болон тэдгээр нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл нотлогдсон талаар харьцуулан шинжлэн судлаагүй. Түүнчлэн хэргийн бусад нөхцөл байдал тухайн үйл баримт, шинжээчийн дүгнэлт тайлбар нь шүүгдэгчийн гэм буруутайг тогтоох ямар үндэслэл болж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үйл баримттай холбож тухайлбал нотлох баримтыг дурдах биш шүүхийн хэлэлцүүлэгт үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж харьцуулан судлаагүй, шинжээч Г.Энхбаатар, О.Болороо, И.Ганболор нарын мэдүүлэгт эрх зүйн болон логик дүгнэлтийг хийж үйл баримтыг тогтоохгүйгээр хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тухайн үед үүссэн үйл явдалд бодит дүгнэлт хийлгүйгээр, үүнээс хамаарч үйлдлийг зөв зүйлчлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй үйл баримт байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй зэрэг олон асуудал дээр давж заалдах шатны шүүх мөн л дүгнэлт хийгээгүй байна. Хэргийн бодит байдлаас үзэхэд /хэрэгт цугларсан нотлох баримтаар/ талийгаач хутга бариад холбогдогч руу дайрсан болох нь тогтоогдсон байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа, эсхүл нотлогдож байгаа талаар огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, миний мэтгэлцээд байгаа зүйлчлэлийн асуудал дээр ч аль ч шүүх юуг ч дурдаагүй “...хүлээн авах боломжгүй...” гэснээс өөрөөр яагаад ингэж шийдвэрлэж байгаагаа хууль зүйн үндэслэлээр нь тайлбарлаж шийдвэрлээгүй байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Тодорхойлох хэсэгт заавал бичигдэх ёстой зүйлс бичигдээгүй. Дүгнэлт гаргахдаа ерөнхий ойлгомжгүй дүгнэлт гаргасан. Үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг дурдаагүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтад тулгуурлаж асуудлыг шийдээгүй. Энэ хэрэг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэнээс хойш 5 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байна.

Анхан шатны шүүх 3 удаа шийтгэх тогтоол гаргасан, 4 удаа нэмэлт мөрдөн байцаалт явуулах шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ хугацаанд прокурор шийтгэх тогтоол, магадлал, захирамжид эсэргүүцэл бичиж байсан.  Прокурор гэрч болон шинжээч нараас дахин байцаалт авахдаа тулгаж асуулт асуусан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримт, тогтоол, туршилт хийсэн тэмдэглэлүүлийг прокурор хүчингүй болгох шийдвэр гаргасан. Шүүх Л.Оыг ямар гэм буруутай үйлдэл хийсэн, аль үйлдлийг гэм буруутай гэж үзэж байгаа талаар шийдвэртээ дурдаагүй. Нотлогдоогүй, эх сурвалжаа заагаагүй гэрчүүдийн мэдүүлгээр уг хэргийг нотолж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Шүүхийн хараат бус байдал, хуульд захирагдах зарчим алдагдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Гансүх хэлсэн саналдаа: “...Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр үнэхээр өрөвдмөөр байна. Шүүгдэгчийн анхны өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа. Уг хэрэг анхан шатны шүүхээр 6 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, Улсын дээд шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа маргаж байгаа гомдолд гурван асуудал яригддаг. Хутгалагдсан юм уу, хутгалсан юм уу, талийгаач шүүгдэгч хоёрын хооронд юу болсон талаар хэн ч мэдэхгүй, хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн гэх асуудал яригдана. Шүүгдэгч анхны мэдүүлэгтээ хохирогчийг хутгалах үед чиний дэргэд хэн хэн байсан бэ гэхэд “А байсан, сүүлд нь О гэдэг хүн гарч ирсэн” гэж хариулдаг. Шүүгдэгч хохирогчийн дээр гараад гартаа хутга барьсан, муу пизда гээд хараалын үг хэлээд байсан, тэгэхэд талийгаачийн эгэмний доохон талаас цус гараад тогтохгүй байсан, шүүгдэгчийн хутгатай гар цус болсон байсан гэдэг мэдүүлгийг гэрч  А өгсөн. А нь нийт 4 удаа мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлийн мэдүүлэгт зарим зүйлийг мэдэхгүй гэж хэлдэг. Бусад гэрчүүдийн анхны өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй болсон. Хохирогчийн тал 11.800.000 төгрөг авсан бөгөөд одоогийн байдлаар 805.000 төгрөгийн хохирлыг аваагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдах үед ялыг нэмэгдүүлэх эрх түдгэлзсэн учраас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Уг хэрэг гарснаас хойш 5 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгаж, прокуророос Л.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан шүүгдэгчид хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.

Анх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харсан гэрч Т.Аын мэдүүлэгт “хохирогч, шүүгдэгч хоёр гарсан, араас нь гарахад Л.Оын гарт хутга байсан бөгөөд нил цус болсон байдалтай байсан” гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үнэлэн шүүгдэгч Л.Оыг бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалт болон хэргийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Л.Оыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шүүгдэгч Л.О нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.О нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд амь хохирогч Ц.Цийг цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Л.Оыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд амь хохирогч Ц.Аийн /Б гэх/ цээжин тус газар нь хутгалж алсан гэх үйл явдал болохоос өмнө амь хохирогч Ц.Ц нь тухайн хашаанд байрлах байшинд бусадтай архи ууж, согтуурсан үедээ тэнд байсан Ж.Э, Н.О нар луу агсарч, “та муу хоёр их хүн алдаг хутгалдаг, их том гэсэн, жинхэнэ хүн хутгалдаг, сэмжээр нь нүүрийг нь ороодог хүч чинь би байхгүй юу” хэмээн заналхийлэхэд Ж.Э, Н.О нар  Ц.Цаас уучлал гуйж, гар барин тэдний хооронд үүссэн таарамжгүй харилцааг намжаасны дараа Ц.Ц нь тухайн байшинд анх удаа таарч танилцсан Л.Оыг өөртэй нь юм ярихгүй байна гэх үл ялих шалтгаанаар ална хэмээн заналхийлж, улмаар босч ирээд нүүр рүү нь 2-3 удаа цохиход тэнд байсан Т.А, Н.О нар Ц.Цийг хориглон салгаж, улмаар Л.Оыг байшингаас гарч явах үед Ц.Ц түүний хойноос гүйж гарсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн гэрч Т.А /О гэх/, Н.О /Бүдүүн О гэх/, Ж.Э /М гэх/, Б.Б /С гэх/ нарын мэдүүлэг, тухайн үед Л.Оын биед зүүн доод үүдэн шүдний сулрал, доод уруулын дотор талын салтсын язрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаар дүгнэлт /2хх-111/ болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.\

Тухайлбал, Т.Аын 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “Байшинд М, бүдүүн О, талийгаач, О бид нар 5-лаа сууж байтал талийгаач гэнэт Оын нүүрэнд нь хэд хэд цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгэхэд О гадагшаа байшингаас гарсан, тэгтэл талийгаач араас нь гүйгээд гарсан” /1xx-48/, Н.Оын 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “Тэгээд байж байтал Б гэнэт Сэлэнгийн О руу агсраад 2 удаа гараараа ам руу нь цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгээд Сэлэнгийн О гадагшаа гараад явсан. Тэгтэл араас нь Б удалгүй гарсан. /1xx-56/, Ж.Эын 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “Талийгаач гэнэт босч ирээд Сэлэнгийн Ог 2-3 удаа цохих шиг болсон... Тэгэхээр нь би Сэлэнгийн Ог явж унт гэж хэлсэн. Тэгтэл Сэлэнгийн О ганцаараа гараад явсан. Тэгэхэд араас нь талийгаач гараад явсан” /1хх-53/ гэх мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдсэн, тухайн хэрэгт хамааралтай, хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байх бөгөөд дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Л.Оын тогтвортой өгсөн мэдүүлгүүд нь гэрч Т.А, Н.О, Ж.Э, Б.Б нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 198 тоот дүгнэлтээс агуулгын хувьд зөрүүгүй байна.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутгыг амь хохирогч Ц.Ц нь тухайн хэрэг үйлдэгдэхийн өмнө биедээ авч явсан бөгөөд тэрээр уг хутганд хатгагдсаны улмаас баруун эгэм доорхи хураагуур судас таслагдаж, хурц цус алдаж нас барсан болох нь Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Оын араас амь хохирогч Ц.Ц гадагш гарсан даруй тэдний хооронд тэмцэлдэж ноцолдсон үйл явдал болж, тэр дуу чимээнээр дотор байсан Т.Алтан-О, Н.О нарыг гадагш гарахад байшингийн үүдэнд Л.О нь амь хохирогч Ц.Цийн дээрээс босч байсан ба түүний гарт хутга байсан талаар гэрч Т.А, Н.О нар тодорхой мэдүүлжээ.

Шүүгдэгч Л.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдолд “…гаднаас О орж ирээд Эрдэнэбаатарын хажууд суугаад юм ярьж байтал талийгаач Ц тэр хоёр руу агсагнаж “та муу хоёр их том гэсэн, хүн хутгалдаг гэл үү, жинхэнэ хутгалж сэмжээр нь нүүрийг нь ороодог хулгайч чинь би байна. Би өнөөдөр жинхэнэ хүн хутгалж үзүүлнэ” гэж агсраад ... тэр хоёр  Бухаагаас /Ц/ уучлалт гуйж, гар барьснаар хэрүүл намжиж … талийгаач Ц гаднаас нэг шил архи барьсаар орж ирээд “сайхан танилцсаных, ганц юм авсан хуваагаад уучихъя” гэхэд нь ... буцаад суусан. Ингээд тэр архийг уух үед гэрт А, О, Э, Ц бид тавуулаа байсан. Энэ үед Ц надад хандаж “чи түрүүнээс хойш надтай юм ярихгүй, дуугарч ядаад намайг нэг л үл ойшоогоод байна тэ” гэхээр нь би “чамайг урьд өмнө таньж мэдэхгүй юм чинь юу ярих юм бэ” гэхэд “намайг Алтанбулагийн Хар Б гэдэг юм, чи намайг асуугаарай за юу, би чамд мэдрүүлнээ” гээд ухасхийн босч ирээд миний дээр гарч суугаад намайг хэд хэдэн удаа нүүр рүү цохисон. Тэгтэл А, О хоёр босч ирээд Цийг хоёр талаас нь татаж салгахад Цийн биенээс хутга унаж байсан. Ингээд би босоод “чи намайг яалаа гэж цохиж байгаа юм бэ” гэхэд “би чамайг алнаа” гээд байхаар нь би Аыг явъя гэж хэлээд хаалгаар гарах үед хойно хөлийн чимээ гарахаар нь Аыг гэж бодоод эргээд хартал Ц зүүн гартаа хутга барьсан байдалтай далайгаад дайрсан, би тухайн үед айж сандраад тулаад ороод ирсэн хутгатай гарын бугуйнаас нь бариад автал баруун гараараа миний майкны захнаас заамдаж боосон. Тухайн үед миний хоолой боогдож хэцүү байсан ч өөдөөс чиглэх хутгатай гарыг өөрөөсөө холдуулах гэж хутгатай гарыг мушгиад түлхтэл хаалганы урд талын довжоон дээр гишигдэл алдаж унахдаа Ц баруун гараараа боосон майкны захнаас намайг татаж унахад би баруун гарыг мушгиж түлхсэн чигээрээ давхралдаж унаад өндийхөд баруун эгэмний тус газар нь хутга зоогдсон байсныг хараад маш их айж шоконд орж сандрахдаа “яасан гайтай юм болчихвоо” гээд хутгыг өөрийн мэдэлгүй сугалж хаясан.” гэснийг үгүйсгэх үндэслэл байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Ийнхүү амь хохирогч Ц.Ц нь биедээ бор өнгийн иштэй хутга авч явсан ба бусдыг хутгална хэмээн айлгаж сүрдүүлж байсан, мөн шүүгдэгч Л.Оыг шалтгаангүйгээр нүүр рүү нь 2-3 удаа цохисон, улмаар Л.Оыг гэрээс  гарч явахад араас нь гүйж гарсан үйлдлийн талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд шүүгдэгч Л.Оын өгсөн мэдүүлэгтэй нийцэж байгаагаас гадна амь хохирогч Ц.Ц нь Л.Оыг байшингийн хаалгаар гарах үед түүний араас хутга далайн довтлоход Л.О эргэж хараад түүний хутгатай гарыг мушгин амиа хамгаалж тэмцэлдэхдээ байшингийн гадна довжоонд хөл алдан давхаралдаж унах үед Ц.Цийн цээжний баруун дээд хэсэгт эгэм орчим хутга зоогдсон талаар Л.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгийг үгүйсгэх баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Оын мэдүүлгийг үнэн зөв, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзнэ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Л.Оын зүгээс Ц.Цийг үг болон үйлдлээр өдөөн хатгасан, түүнтэй хэрүүл маргаан хийсэн, эсхүл Ц.Ц гэрт байхдаа босч ирээд түүний нүүрэнд 2-3 удаа цохисон гэнэтийн довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалж хариу цохиж, харилцан зодолдсон, улмаар түүнийг алах зорилгоор гэрээс дагуулж гарсан гэж буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 36 дугаартай дүгнэлт /1хх-82/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтээр /3хх-214/ талийгаач Ц.Цийн биед цээжний баруун дээд хэсэгт эгэмний дунд шугамаар баруун эгмэн доорх хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсэн шарх нь бага зэрэг доороос дээш чиглэлтэй, хурц ирмэг хэсэг нь доод талдаа, 7 цагийн байрлалтай бөгөөд биеийн урд талаас босоо, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтойг тогтоосон бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр /2хх-91/ болон 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр /3хх-51/ хийгдсэн туршилтын  тэмдэглэл, уг туршилтыг үндэслэж Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч И.Ганболорын гаргасан 63 дугаартай дүгнэлтээр /3хх-59/ талийгаачийн биед үүссэн шарх нь давхралдан унах үед үүсэх боломжтой гэсэн бол Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 461 тоот дүгнэлтийг гаргахад оролцсон  шинжээч эмч Г.Энхбаатар нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд “…Зүүн гартаа хутга барьсан хүний гараар уг шарх үүсэх боломж муутай гэж үзсэнийг хүний өөрийн гар хүрэх боломжгүй газар ... шарх үүсэх боломжгүй гэж дүгнэж болно… Асуулт: Хутганы ир гарын шууны дагуу 7 цагийн чигтэй байгаа нь хутгалагдах боломжтой юу. Хариулт: Гар мушгисан тохиолдолд 7 цагийн байрлал дээр шарх үүсэх боломжтой” /4хх-63/ хэмээн мэдүүлжээ.

Дээр дурьдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Л.О нь түүний араас зүүн гартаа хутга барин довтолсон Ц.Цаас өөрийгөө хамгаалж, түүний хутгатай гарыг мушгиж, хутганы ир үзүүртэй хэсгийг өөр лүү нь чиглүүлэн түлхэх үед тэд давхралдан унаж, улмаар хутганы иртэй хэсэг нь 7 цагийн байрлалаар талийгаачийн эгэм орчимд зоогдож түүнийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон, энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэлсэн тайлбар, мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй бөгөөд амь хохирогч Ц.Цийн зүгээс эхлүүлсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй тулгарсан довтолгооны өөдөөс хутгатай гарыг нь мушгиж түлхэн хариу үйлдэл хийсэн шүүгдэгч Л.Оын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан бөгөөд гэмт хэрэгт тооцогдохгүй тул шүүгдэгч Л.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зарчмын дагуу шүүгдэгч Л.Оын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхээ хэрэгжүүлж, тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхийг нь хязгаарлах, ийнхүү аргагүй хамгаалалт хэрэглэснийг үгүйсгэх, түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэх үндэслэл болох ёсгүй.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогч Ц.Ц нь хүмүүс хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлж, улмаар шүүгдэгч Л.Оын эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан халдаж нүүр рүү нь 2-3 удаа цохих үед тухайн газарт хамт байсан хүмүүс түүнийг хориглон салгасны дараа шүүгдэгч Л.О нь Ц.Цийн эсрэг хариу үйлдэл хийхгүйгээр, түүний зүгээс дахин ирж болзошгүй довтолгооноос зайлсхийж, гадагш гарах үед Ц.Ц түүний араас хутга хэрэглэн дахин довтолсон нь Л.Оын хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон байх бөгөөд тэрээр өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж Ц.Цийн хутгатай гарыг нь мушгиж, түлхэх байдлаар түүний биед үхэлд хүргэсэн гэмтэл учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн эрүүл мэндэд үхэлд хүргэх гэмтэл учруулсан шүүгдэгч Л.Оын санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзнэ.

Гэтэл энэхүү хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон атлаа зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршигт хэт ач холбогдол өгч, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, улмаар шүүгдэгч Л.Оыг хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналын үндэслэл, холбогдох цагаатгах нотлох баримт, хууль зүйн дүгнэлтэд нэг бүрчлэн няцаалт хийхгүйгээр шүүгдэгч Л.Оыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Л.От 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Оыг цагаатгаж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.От 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Л.Оыг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Л.Оыг нэн даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.     

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН