Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 670

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ф” ББСБ ХХК  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжийг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1, 2-ын “Ф” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Ж.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Ц.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ф” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны ***дугаар захирамжаар “Ф ББСБ” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаартай орон сууцнуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан билээ. Энэхүү төслийн хүрээнд “Ф” ББСБ ХХК нь 2.05 га талбайг хамарсан байгаль экологи, цаг уурын онцлогт нийцсэн Япон чанарын орчин үеийн дэвшилтэт технологи, өвөрмөц шийдэл, интерьер дизайныг хослуулан оновчтой шийдэл бүхий төлөвлөлттэй бүрэн цутгамал 16 давхар 3 блок, 450 айлын тохилог орон сууц, оффис, 150 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, галерей спорт цогцолбор зэргийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийхээр ажлын зураг төсөл, гэрээний бэлтгэл ажил, сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулах зэрэг төслийн ажилдаа орсон. Энэхүү төслийн үргэлжлэх хугацаа 3 жил байх ба 2015 оноос 2017 оны хооронд үргэлжлэхээр төсөл хэрэгжүүлэгч “Ф ББСБ” ХХК, Сууц өмчлөгч иргэд, Эрх олгогч Нийслэлийн засаг дарга Э.Б буюу цаашид түүнийг төлөөлж оролцохоор Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга албан тушаалтай Н.Н нартай 2015 оны 01 сараас эхлэн 3 талт гэрээ байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулах үйл явц нь 39 аж ахуй нэгжээс 8 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан буюу 21%, сууц өмчлөгч 203 айлаас 167 сууц өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулсан буюу 82% үр дүнтэй ажиллаж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан төлөвлөгөө, графикийн дагуу 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн эхний ээлжийн барилгыг буулгах, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр гэрээ байгуулж дууссан байруудын айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлэн, нүүлгэх ажиллагаа явагдаж байтал Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2016 оны 03 сарын 29-ний өдрийн ***дугаар бүхий захирамжаар Хан-Уул дүүргийн 2- р хороо, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрыг төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Ф ББСБ” ХХК-ийн ***тоот захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь нүдээ олоогүй, үндэслэлгүй, хууль тогтоомж болон зорилгодоо нийцээгүй захирамж боллоо гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 90 дугаар тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг баталсан. Энэхүү журмын 9.5-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон, 3 сарын турш ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг Нийслэлийн засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч “Ф ББСБ” ХХК нь төслийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байхад дээрх үндэслэлээр төслийн ажлыг гацааж, ажлыг цаашид үргэлжлүүлэх нөхцөл боломжгүй болгож бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул энэхүү захирамжийг хүчингүй болгож, биднийг хохиролгүй болгож өгнө үү? 

Нийслэлийн засаг дарга Э.Б нь төслийн эхний ээлжийн барилгажуулах ажилд огт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилтэй 10-р байрны 8 иргэнийг турхирч, эдгээр иргэд нь нийт оршин суугчдын 3 хувьд ч хүрэхгүй байхад төсөл хэрэгжүүлэгч компанийн эрхийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар захирамжаар цуцалсан явдлаа иргэдийн өргөдөл гомдолд тулгуурласан гэж үндэслэлгүй, нотолгоогүйгээр тайлбарлаж байгаа нь Засаг даргын хувьд ёс зүйгүй, хууль бус үйлдэл мөн бөгөөд үүгээрээ төсөлд хамрагдаж буй нийт 242 сууц өмчлөгчдийн дургүйцлийг хүргэж, тэдний эрх ашиг сэтгэл санаагаар хохироож, төсөл хэрэгжүүлэгч компанийн оруулсан хөрөнгө оруулалтаар хохироож байна. Төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа төслийн ажлыг өөрсдийн ашиг сонирхлын төлөө танил талтайгаа хуйвалдаж, улс төржүүлэн, цуцлан зогсоож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан дур зоргоороо аашилж буй үйлдэл мөн бөгөөд Орон сууцны тухай хуулийн 4.1.3-т заасан “Орон сууцны хороолол, бичил хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх үүрэгтэй” заалтыг зөрчин манай “Ф ББСБ” ХХК-ийг их хэмжээний хөрөнгөөр хохироож буй хууль бус үйлдэлд маш их гомдолтой байна. 

2016 оны 04 сарын 12-ны өдрийн 11:00 цагт Хан-Уул дүүргийн 2-р хорооны “Иргэний танхим”-р Хан-Уул дүүргийн 2-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Э, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд хорооны засаг дарга Ч.Н, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.О, Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны дарга нар болон сууц өмчлөгч иргэдийн хамтарсан хуралдаанаар Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 29-ний өдрийн дугаар ***тоот захирамжийг сууц өмчлөгчид танилцуулах, мөн нэхмэлийн шарын 1, 2-р багцыг задлах тухай асуудлыг дэвшүүлж хуралдсан ба хурлаар дээрх багцыг задлахгүйгээр “Ф ББСБ” ХХК-ийн төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэх, Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 29-ний өдрийн ***тоот захирамжийг хүчингүй болгох, тухайн байрны дахин төлөвлөлтийн асуудлыг “Ф ББСБ” ХХК-иар нэн даруй эхлүүлэхээр тохиролцож шат шатны удирдлагад нь хүргүүлэхээр шийдвэрлэж, хуралд оролцсон нийт сууц өмчлөгч иргэд болон хороо, дүүргийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх саналыг сууц өмчлөгч иргэд 2-р хороо болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн засаг дарга Э.Б-д хурлын протоколын хамт хүргүүлсээр байтал өнөөдрийг хүртэл ***тоот захирамжийг хүчингүй болгох талаар эргэн харахгүй байгаа нь сонгогч иргэдийнхээ эрх ашгийг үл хүндэтгэж, хэзээ мөдгүй нурах дөхөж, өмхийрч, ялзарсан байранд оршин сууж буй сууц өмчлөгчдийн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн 16.2 дахь заалтыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэх үндэслэлтэй байна. Төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, эрх олгогч нарын хооронд байгуулсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гурван талт гэрээний 1.4-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 4.1.4-т “Эрх олгогч нь Төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Харин төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний 2.3-т сууц өмчлөгчдөд хуучин м.кв дээр нь нэмж 8 м.кв үнэ төлбөргүй нэмж өгөх, 2.5-т төсөл хэрэгжүүлэх хугацаанд сууц өмчлөгчдийг хуучин байрнаас нүүлгэн гаргаж, сар бүр түрээсийн урамшуулал өгч байхаар тусгасан байгаа. Өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч бидэнд 1 тэрбум гаран төгрөгийн бодит үйл ажиллагааны зардал учирсан байна. Олон сууц өмчлөгчдийг шинэ орон сууцаар ханган дахин төлөвлөх асуудалд Нийслэлийн засаг дарга гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2016 оны 03 сарын 29-ний өдрийн ***тоот захирамж гаргасан нь гэрээний 6.1-т заасан “Төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байх үед талууд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй” гэсэн гэрээний заалтаа зөрчсөн үйлдэл боллоо” гэжээ. 

Нэхэмжлэгч “Ф ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: “...Нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК нь хариуцагч Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 сарын 29-ны өдрийн ***тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх 1 захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Гэтэл Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилга”-ыг 2016 оны 04 сарын 26-ны өдөр өөрсдийн цахим сайтад нийтэлжээ. Энэхүү урилгад Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 сарын 03-ны өдрийн ***тоот захирамжаар “Ф ББСБ” ХХК-д эрх олгогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдож буй Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн шарын 1,2,5,6,7,10,11,16-р байруудыг дахин төлөвлөн барилгажуулах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан байна. Энэхүү сонгон шалгаруулах тухай урилга нь Манай “Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан А/253-р захирамжаас тусдаа гарсан бие даасан, гадагш чиглэсэн захиргааны акт байна.  

Энэхүү актаар сонгон шалгаруулалтаар эрхийг нь “Ф ББСБ ХХК-д олгосон бөгөөд манай хөрөнгө оруулалт хийгдсэн Нэхмэлийн шарын 1,2,5,6,7,10,11,16-р байруудыг дахин сонгон шалгаруулалтад оруулахаар зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж, хязгаарласан шийдвэр болжээ. 

Иймд нэхэмжлэгч Ф ББСБ, ХХК-иас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай “урилга”-ны Багц-ХУД-1,2 буюу нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ***дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Ф ББСБ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны ***дугаар  захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1,2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гурван талт гэрээ байгуулах эрх авснаар төсөл хэрэгжүүлэх ажил эхэлсэн. 

Төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц хэт удаашралтай, төслийн талбарын сууц өмчлөгч иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу манай байгууллагаас ажлыг эрчимжүүлэх үүднээс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11/1440 “Ажил эрчимжүүлэх тухай”, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11/1825 “Төсөл хэрэгжүүлэх тухай”, 2015 оны дугаар сарын 01-ний өдрийн 11/2317 “Албан шаардлага хүргүүлэх тухай”, 2015 110 дугаар сарын 08-ны өдрийн 09/3513 “Төсөл хэрэгжүүлэх эрх түдгэлзүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09/З63 “Төслийн ажлын явцын ан ирүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/368 “Төслийн ын явцын талаар уулзалт зохион байгуулж, хариу мэдэгдэх тухай” журмын дагуу ажиллагаагаа эрчимжүүлэх талаар албан бичгүүдийг тухай бүр явуулж анхааруулга, санамжийг өгч ажилласан. Мөн 2015 оны 5, 6, 9, 12 дугаар сар, 2016 оны 2 дугаар саруудад төсөл хэрэгжүүлэгч “Ф ББСБ” ХХК-тай ажлын явц болон тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт зохион байгуулж гурван талт гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх, гадна техникийн нөхцөлүүдийг гаргах талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар уулзалт зохион байгуулж, техникийн нөхцөл олгуулах талаар холбогдох байгууллагуудруу дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар албан бичгийг тухай бүр явуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан.

“Ф ББСБ” ХХК нь эхний ээлжинд барилгажих 5, 6, 10, 11, 16 дугаар орон сууцны барилгуудыг 2015 оны 04 дүгээр сард чөлөөлөхөөр графикчилсан төлөвлөгөө гарган сууц өмчлөгч иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гурван талт1 гэрээ байгуулсан. Гурван талт гэрээнд заасан графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил явах боломжгүй, хэт удаашралтай байсан тул манай газраас ажил эрчимжүүлэх үүднээс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр графикчилсан төлөвлөгөөг дахин гаргуулж Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.О баталсан.

“Ф ББСБ” ХХК төслийн талбарын нийт 8 барилгын 242 сууц өмчлөгч иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гурван талт гэрээ байгуулж ирүүлэхээс 2016 оны 03 дугаар сарын 01-ны байдлаар 114 өмчлөгч буюу 47.1%-тай гэрээ байгуулж ирүүлсэн.

талт гэрээнд тусгагдсан графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдээгүй, төслийн ажил хэт удааширч, төсөл хэрэгжихгүй байсаар сууц өмчлөгч иргэдээс компанийн үйл ажиллагаанд эргэлзэж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өргөдөл, гомдлыг удаа дараа ирүүлсэнтэй холбогдуулан төслийн ажлын явцын талаар Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болсон.

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн Л.Б, төсөл хэрэгжүүлэх талбарын сууц өмчлөгчдийн төлөөлөл, Нийслэлийн удирдлагууд, “Ф ББСБ” ХХК-ийн төлөөлөл нар оролцож ажлын явцын талаар хэлэлцэгдэн төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай шийдвэр гарсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 таар сарын 29-ний өдрийн ***дугаар захирамж гарсан.

Дээрх захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7-д заасан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.5-д заалтуудтай нийцэж байгаа тул хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “Ф ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны дахин төлөвлөн барилгажуулах А/660, 2016 оны ***дугаар захирамжийг эцэслэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2016 оны 04 дүгээр сарын 17-нд зарласан. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 30 цагаас өмнө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлэхээр тусган ажиллаж байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилга байгууламжийг ашиглах нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, нийтийн эрх ашиг сонирхолд илт хохирол учруулахаар нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул “Төсөл сонгон шалгаруулалтыг журмын дагуу яаралтай зохион байгуулж, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, дахин барилгажуулах шаардлагатай болсон. Иймд сонгон шалгаруулалт нь журмын дагуу явагдаж байгаа ажил тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 9.5-д заасан төслийн ажлыг гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамжаар манай төслийн ажлыг цуцалсан. Иргэдтэй хоёр талт гэрээ, гурван талт гэрээ байгуулах, эскиз зураг батлуулах, барилгын ажлын зураг батлуулах зэрэг маш их ажил бидний өмнө байсан ба энэ бүгдийг графикчилсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байсан. Тухайлбал 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эхний ээлжийн буюу Нэхмэлийн шарын 5 дугаар байрыг буулгахаар төлөвлөж, 5 дугаар байрны оршин суугчдад мэдэгдэл хүргүүлэх ажил эхлээд явж байсан. Гэтэл 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 3 дугаар сарын 29-нд иргэдээс гомдол, санал ирсэн, графикт хуваариа зөрчсөн гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Гэвч бид үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжаар “Ф ББСБ” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон байдаг. “Ф ББСБ” ХХК нэхмэлийн шарын байр байрлах тухайн газрыг өөрийн нэр шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын баталгаа байхгүй гэдэг үндэслэлээр анх графикчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нэлээд удааширсан. Гэвч хуульд “гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвхөн газар ашиглуулах гэрээгээр газар олгоно” гэж заасан байдаг. Тиймээс 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас графикчилсан төлөвлөгөөг шинэчлэн баталж өгсөн. Уг шинэ графикчилсан төлөвлөгөөний дагуу гурван талт гэрээг 2015 онд багтаан иргэдтэй байгуулж дуусах байсан ч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар энэ ажлын гүйцэтгэл 50%-д хүрэхгүй байсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, Нийслэлийн удирдлагууд, “Ф ББСБ” ХХК болон нэхмэлийн шарын оршин суугчдын хамтаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэхүү төслийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж, оршин суугчдын гомдолд үндэслэж, графикчилсан төлөвлөгөөгөө зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, 3 дугаар сарын 29-ний *** дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр ээлжийн орон сууцыг чөлөөлөх ажил эхлэх байсан боловч  3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 10-ны дотор эхний ээлжинд буулгах нэхмэлийн шарын 5 дугаар байрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг оршин суугчдад хүргүүлсэн байсан. Энэ нь 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлөх ажил эхлэх боломжгүйг илтгэсэн зүйл юм. Мөн тухайн үед барилгын ажлын зураг батлуулаагүй байсан. Тиймээс төслийг цуцалсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ф” ББСБ ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжийг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1, 2-ын “Ф” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно”, 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ”, 151.3-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж тус тус заасан байна. 

“Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах харилцааг зохицуулсан эрх зүйн эх сурвалж нь дээрх Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтууд байна.

Харин Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” дугаар ***тоот  захирамжаас хойш буюу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан байна.  

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” дугаар ***тоот  захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон нийтийн зориулалттай нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл боловсруулж барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Ф” ББСБ ХХК шалгарсныг батламжилж, гурван талт гэрээ байгуулах эрх олгосон байна. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжаар “... төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Ф” ББСБ ХХК нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул” гэсэн үндэслэлээр эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. 

“Ф” ББСБ ХХК нь тодорхой нөхцөл, шалтгаануудын улмаас дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор холбогдох ажлуудаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байна.Үүнийг тайлбарлавал:

Зарим тодорхой тооны сууц өмчлөгчидтэй нэгдмэл байр суурьт хүрээгүй буюу өөр компаниар орон сууцаа бариулна гэх мэт шалтгаанаар санал зөрөлдөж сууц өмчлөгчид Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол  гаргасан, зураг төсөл хийх компани хугацаандаа ажлаагүй гүйцэтгээгүй улмаас болон Нийслэлийн Засаг дарга холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй зэрэг бодит нөхцөл, шалтгаануудын улмаас гурван талт гэрээ байгуулах, барилгыг чөлөөлж, буулгах гэх мэт ажлуудаа “Ф” ББСБ ХХК нь графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа гүйцэд хийж  дуусгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх төдийгүй энэ нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн зарим сууц өмчлөгчид гадаадад амьдардаг, нас барсан, бусдад түрээслүүлсэн зэрэг нөхцөл, шалтгаануудыг улмаас гурван талт гэрээг графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа бүрэн гүйцэд 100 хувь байгуулж дуусгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл, шалтгаануудын улмаас “Ф” ББСБ ХХК нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаанд холбогдох ажлуудаа хийж дуусгаагүй  байна.

Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.4-д “эрх олгогч буюу Нийслэлийн Засаг дарга нь төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаар тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2-т “орон сууцны барилгыг буулгах болон инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх” гэж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг, 5.2.6-д “инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих зэрэг ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэж нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүргийг тус тус заасан байна. 

“Ф” ББСБ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх тухай” 11/14 дүгээр албан бичгээр  Нийслэлийн Засаг даргад хандаж Барилгажилтын төслийн эх загвар зургийн ажлыг гүйцэтгүүлсэн зардалтай холбоотойгоор  Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2.6-д заасны дагуу холбогдох хөрөнгө зардлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтийг гаргасан байна. 

“Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2.6-д зааснаас үзэхэд орон сууцны барилгыг буулгах болон инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд дахин барилгажуулахтай холбоотой зардлын асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандаж улмаар энэ асуудал шийдвэрлэгдэхийг хүлээсний улмаас хугацаа алдсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

 “Ф” ББСБ ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө зарцуулсан буюу зардал гаргасан болох нь Ажлын байрны зориулалтаар өрөө /талбай/ түрээслэх гэрээ, түүнтэй холбоотойгоор төлбөр төлсөн баримтууд , Зочид буудлын өрөөг түрээслүүлэх гэрээ , Ажлын байрны түрээсийн гэрээ, Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны баримтын жагсаалт, Бэлэн мөнгөний орлогын баримт , Ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй холбоотойгоор зардал гаргасан баримтууд , Бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордер , Орон сууцны доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ, түүнтэй холбоотой баримтууд , Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнүүд гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймээс “Ф” ББСБ ХХК нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа холбогдох ажлуудаа хийгээгүй болох нь болон уг төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан буюу зардал гаргасан болох нь нотлогдож байх тул Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

“Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын  09 дүгээр зүйлийн 9.5-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, гурван сарын турш ажил гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал бий болоогүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь тодорхой бодит нөхцөл, шалтгаануудын улмаас графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор холбогдох ажлуудыг 100 хувь бүрэн хийж гүйцэтгээгүй болох нь нотлогдож байх тул “Ф” ББСБ ХХК-г төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээргүй байна. 

Мөн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх графикчилсан төлөвлөгөөнөөс үзэхэд 1 дүгээр ээлжийн орон сууцуудыг чөлөөлөх ажлыг 2016 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр заасан байтал уг хугацаанаас өмнө Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжаар “Ф” ББСБ ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. 

Эцэст нь дүгнэхэд дээрх үйл баримтууд, үндэслэлүүдээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа холбогдох ажлуудаа хийж дуусгаагүй гэж үзэж “Ф” ББСБ ХХК-г шууд буруутгах боломжгүй, тодруулбал тодорхой бодит нөхцөл шалтгаануудын улмаас графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор холбогдох ажлуудыг гүйцэд хийж гүйцэтгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч уг төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө зардал гаргасан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Өөрөөр хэлбэл “Ф” ББСБ ХХК-ийг графикчилсан төлөвлөгөөнд заасан холбогдох ажлуудыг огт хийж гүйцэтгээгүй, илт орхигдуулсан гэж  буруутгах боломжгүй байна. 

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул уг захирамжаас улбаалан гарсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1, 2-ын “Ф” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.3-д заасныг тус тус баримтлан “Ф” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар ***тоот захирамжийг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1, 2-ын “Ф” ББСБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.БАТЗОРИГ