Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 62

 

Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, Ж.Зоригтбаатар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0750 дугаар магадлалтай, “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр: Орон сууцны тухай хуулийн 151.1, 151.2, 151.3-д заасныг тус тус баримтлан “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/253 дугаар захирамжийг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1, 2-ын “Фүжи холдинг ББСБ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0750 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг тус тус баримтлан “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын Багц-ХУД-1,2-ын Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг даргын захирамж ямар хуулийн заалт зөрчсөн талаар дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь шийдвэрийн тогтоох хэсгийн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан нь эдгээр хуулийн заалтыг Засаг дарга зөрчөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.7 дэх заалтад “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж заасан байдаг.

Давж заалдах шатны шүүх магадлалын 9 дүгээр хуудаст Анхан шатны шүүх “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль болон хуулийн зүйл заалтыг оновчтой зөв баримтлаагүй байна. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 152, 153-д заасныг баримталсан нь буруу болжээ гэж дүгнэн Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Орон сууцны хороолол, бичил хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “Нийтийн эрх ашгийг эрхэмлэх” гэсэн хуулийн заалтуудыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдсэн. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн хэмээн дүгнээд өөрчлөлт оруулсан. Давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан хуулийн заалтыг Нийслэлийн Засаг дарга зөрчөөгүй тул Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэдэг нь харагдаж байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байдлыг шүүх харгалзаж үзэхгүй, энэхүү хүчингүй болгосон үйлдэл нь талуудын хооронд хүлээн зөвшөөрч хийгдсэн хүчин төгөлдөр гэрээний дагуу хийгдсэн болохыг шүүх харгалзаж үзсэнгүй. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.3-д заасны дагуу Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр тухайн байрны оршин суугч “Фүжи холдинг ББСБ” ХХК, Нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний 5.6 дахь заалтад Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж. төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй хэмээн гэрээнд тусгасны дагуу төсөл хэрэгжүүлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул талуудын хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээний заалтын дагуу гэрээний оролцогч Нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-д заасан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй, хэргийг шийдвэрлэсэн.

3.     Гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчиж, эрх ашиг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байрны оршин суугчдыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4. Нийтийн эрх ашгийг шүүх харгалзаж үзэхгүй байна. Засаг дарга ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж, төслийг гэрээнд заасан хугацаанд хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн гэрээг цуцалж, график, хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлэх чадвартай ХХК-ийг сонгон шалгаруулах, цаашлаад ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл байдлыг хангах зорилгоор гэрээг цуцалсан.

Гэтэл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашгийг харгалзахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэхийн тулд зардал гаргасан байдлыг харгалзаж, сууц өмчлөгчид ашиглалтын шаардлага хангахгүй барилгад оршин суух хугацаа нь сунгагдаж байгаа нь тухайн оршин суугчид буюу нийтийн эрх ашгийг харгалзаж үзэхгүй байгаад гомдолтой байна.

5.   “Фүжи холдинг ББСБ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдлыг шүүх буруу үнэлсэн. Зураг төсөл хийх компани хугацаандаа ажиллаагүй, гүйцэтгээгүйн улмаас болон Нийслэлийн Засаг дарга холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй зэрэг бодит нөхцөл, шалтгаануудын улмаас гурван талт гэрээ байгуулах, барилгыг чөлөөлж, буулгах гэх мэт ажлуудаа “Фүжи холдинг ББСБ” ХХК нь графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа гүйцэд хийж дуусгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх төдийгүй энэ нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн.

Гэтэл зураг төсөл хийх компани хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй нь тухайн төсөл хэрэгжүүлэгч компанийн зохион байгуулалт буюу Фүжи холдингийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдлыг шүүх буруу үнэлсэн.

6. Үүссэн нөхцөл байдлыг “Фүжи холдинг ББСБ” ХХК өөрчлөх боломжгүй байдлыг шүүх үнэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, оршин суугчтай гэрээ байгуулаагүй, зураг төслөө одоо болтол хийгээгүй, газраа чөлөөлөөгүй, эхний ээлжийн барилгын ажлаа эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй байгаа байдлыг шүүх үнэлэхгүй байна.

Нийслэлийн Засаг дарга “Фүжи холдинг ББСБ” ХХК төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой хэмээн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан байтал, төслийг хэрэгжүүлэх явцдаа төсөл хэрэгжүүлэх орон сууцны доорх газрыг “Фүжи холдинг” өөрийн нэр дээр шилжүүлэн төслийн баталгаа болгож хөрөнгө оруулалтыг татах тухай хүсэлтийг удаа дараа тавьж, төслийн явцыг хэт удаашруулсан. Энэ нь “Фүжи холдинг” тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй гэдэг нь харагддаг. Үүнээс шалтгаалж төсөл хэрэгжүүлэгч өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж төслийн явцыг хэт удаашруулж, тендерийн урилгад ирүүлсэн графикчилсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт ажил явах боломжгүй болгосон нь батлагддаг.

Энэ талаар хариуцагч байгууллагаас төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц хэт удаашралтай байгаад анхаарал хандуулж, ажлыг эрчимжүүлэх үүднээс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11/1440 “Ажил эрчимжүүлэх тухай”, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11/1825 “Төсөл хэрэгжүүлэх тухай”, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/2317 “Албан шаардлага хүргүүлэх тухай”, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09/3513 “Төсөл хэрэгжүүлэх эрх түдгэлзүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09/363 “Төслийн ажлын явцын тайлан ирүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/368 “Төслийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулж, хариу мэдэгдэх тухай” журмын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар албан бичгүүдийг тухай бүр явуулж анхааруулга, санамжийг өгч ажилласан нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж үзээгүй.

Мөн шүүх үндэслэх хэсэгтээ “зураг төсөл хийх компани хугацаандаа ажиллаагүй, гүйцэтгээгүйн улмаас болон Нийслэлийн Засаг дарга холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй” төсөл графикийн дагуу хэрэгжих болсон гэж дүгнэсэн.

Иймд, Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь ямар хуулийн заалт зөрчсөн нь тодорхойгүй, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцанд амьдарч буй иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, инженерийн шугам хоолой шинэчлэх хөрөнгийг гаргах асуудал нь төсөл графикийн дагуу төсөл хэрэгжүүлэхэд саад болоогүй, төсөл хэрэгжүүлэгч компани тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй, “Фүжи холдинг ББСБ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүссэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал өөрчлөх боломжгүй, зураг төслөө одоо болтол хийлгээгүй, газраа чөлөөлөөгүй, оршин суугчтай гэрээ байгуулаагүй, орон сууц барих бэлтгэл ажил нь ерөөсөө хангагдаагүй, Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль болон гэрээг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 9.5 дахь заалтыг үндэслэн “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Фүжи холдинг ББСБ” ХХК нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль, журамд нийцээгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1008 дугаар захирамжаар, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК шалгарсныг батламжилж, гурван талт гэрээ байгуулах эрх олгожээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, төсөл хэрэгжүүлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК, орон сууц эзэмшигч нарын хооронд байгуулсан, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төсөл хэрэгжүүлэх графикчилсан төлөвлөгөөг батлан ажиллажээ. Уг графикчилсан төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгч компани 2015 оны 6-11 саруудад 2 талт гэрээг байгуулах, эскиз зураг батлуулах, барилгын ажлын зураг хийх, 2016 оны 4 дүгээр сараас 1-р ээлж /5,6,10,11,16-р байр/-ийн орон сууцыг буулгаж чөлөөлөх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.   

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг “төсөл хэрэгжүүлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, төслийн ажил хэт удааширсан, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй болсон, энэ талаар сууц өмчлөгч иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсэн, ажлын зургийг хугацаандаа гүйцэтгээгүй” гэж тайлбарлан маргасан, нэхэмжлэгч нь “...тус компани төслийн ажлыг графикчилсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байсан, тодорхой шалтгаанаар барилгын зураг хийгдээгүй байсан, 1-р ээлжийн барилгыг буулгах, гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл хүргүүлж, нүүлгэх ажил явагдаж байсан, төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан байхад үндэслэлгүйгээр эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон” гэсэн үндэслэлээр марган нэхэмжлэл гаргажээ.  

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамжаар “төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Фүжи холдинг ББСБ” ХХК нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 9.5, 11.1, 11.2-т заасантай нийцэхгүй байна.

Дээрх журмын 11.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол Нийслэлийн Засаг даргаас эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 11.2-т “Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй” гэж тус тус заасан, мөн талуудын хооронд байгуулсан “Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-ний 5 дугаар зүйлд гэрээний талуудын хүлээх хариуцлагын талаар тодорхойлж, 5.1-д “Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж, мөн гэрээний 5.5, 5.6-д эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах болон гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлон заажээ.

Маргаан бүхий захиргааны актаар төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь дээрх журмын 11.1 болон гэрээний 5.5-д заасныг зөрчсөн, тодруулбал, Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй байхад энэ эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй нь буруу байна. Зүй нь гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл гэрээг дүгнэж шийдвэр гаргах эрхтэй бөгөөд ийнхүү гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнээгүй атлаа үйл ажиллагааг эхлүүлээгүй гэж үзэж эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь агуулгын алдаатай болжээ.

Учир нь, бодит байдалд нэхэмжлэгч нь графикчилсан төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг хэрэгжүүлж, орон сууц эзэмшигчидтэй 2 талт болон 3 талт гэрээг байгуулан, барилгын эскиз зургийг батлуулан, гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл өгч, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажилласан байна. Иймд хариуцагчаас төсөл хэрэгжүүлэгч компанийг графикчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, төслийн ажил хэт удааширсан, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй болсон нөхцөл байдал бий болсон гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийг дахин барилгажуулах төслийн ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж шууд дүгнэх боломжгүй, шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлж байсан орон сууцыг тодорхой бичээгүй агуулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэстэй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0750 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА