Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0750

 

  “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, Ж.З*******, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, хариуцагч н******* болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ц.Цогтжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Н*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр: Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3-д заасныг тус тус баримтлан “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дугаар А/253 тоот захирамжийг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц ХУД-1, 2-ын “Ф*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.3-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд yг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ үнэ төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр тухайн байрны оршин суугч, “Ф*******” ХХК, нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний 5.6 дахь заалтад “Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй” хэмээн тусгасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний оролцогч нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалсан.

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно”, 56.4-д “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэсэн хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэн заалтыг зөрчиж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байрны оршин суугчдыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Засаг дарга ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж, төслийг гэрээнд заасан хугацаанд хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа “Ф*******” ХХК-ийн гэрээг цуцалж, график, хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлэх чадвартай компанийг сонгон шалгаруулах, цаашлаад ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл байдлыг хангах зорилгоор гэрээг цуцалсан.

Гэтэл шүүх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашгийг харгалзахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэхийн тулд зардал гаргасан байдлыг харгалзаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх “Зарим тодорхой тооны сууц өмчлөгчидтэй нэгдмэл байр суурьд хүрээгүй буюу өөр компаниар орон сууцаа бариулна гэх мэт шалтгаанаар санал зөрөлдөж сууц өмчлөгчид нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан, зураг төсөл хийх компани хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйн улмаас болон нийслэлийн Засаг дарга холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй зэрэг бодит нөхцөл, шалтгаануудын улмаас гурван талт гэрээ байгуулах, барилгыг чөлөөлж, буулгах гэх мэт ажлуудаа “Ф*******” ХХК нь графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа гүйцэд хийж дуусгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх төдийгүй энэ нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэсэн.

Гэтэл графикийн дагуу хугацаандаа ажлаа гүйцэтгэхгүй байгаа, өөрөөр хэлбэл, ашиглалтын шаардлага хангахгүй барилгад оршин суух хугацаа нь сунгагдаж байгаа тухайн оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байгаа байдлыг шүүх үнэлээгүй, гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь ямар хуулийн заалт зөрчсөн талаар шүүх дүгнэлт гаргаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна. Шүүх Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.3 дахь хэсгийг үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд эдгээр хуулийн заалтыг Засаг дарга зөрчөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж заасан.

Гэтэл нийслэлийн Засаг дарга “Ф*******” ХХК төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой хэмээн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан байтал төслийг хэрэгжүүлэх явцад “Ф*******” ХХК төсөл хэрэгжүүлэх орон сууцны доорх газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн төслийн баталгаа болгож, хөрөнгө оруулалтыг татах тухай хүсэлтийг удаа дараа тавьж, төслийн явцыг xэт удаашруулсан. Энэ нь “Ф*******” ХХК-ийг тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй гэдгийг харуулж байна. Төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төслийн явцыг хэт удаашруулж, тендерийн урилгад ирүүлсэн графикчилсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт ажил явах боломжгүй болгосон.

Энэ талаар хариуцагч байгууллагаас төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц хэт удаашралтай байгаад анхаарал хандуулж, ажлыг эрчимжүүлэх үүднээс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11/1440 “Ажил эрчимжүүлэх тухай”, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11/1825 “Төсөл хэрэгжүүлэх тухай”, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/2317 “Албан шаардлага хүргүүлэх тухай”, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09/3513 “Төсөл хэрэгжүүлэх эрх түдгэлзүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09/363 “Төслийн ажлын явцын тайлан ирүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/368 “Төслийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулж, хариу мэдэгдэх тухай” журмын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар албан бичгүүдийг тухай бүр явуулж анхааруулга, санамжийг өгч ажилласан нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж үзээгүй.

Мөн шүүх үндэслэх хэсэгтээ “зураг төсөл хийх компани хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйн улмаас болон нийслэлийн Засаг дарга холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй” төсөл графикийн дагуу хэрэгжих болсон” гэж дүгнэсэн.

Гэтэл зураг төсөл хийх компани хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй нь тухайн төсөл хэрэгжүүлэгч компанийн зохион байгуулалтын асуудал, нийслэлийн Засаг дарга инженерийн шугам хоолой шинэчлэх хөрөнгийг гаргахаас татгалзаагүй, энэ нь тухайн төсөл графикийн дагуу төсөл хэрэгжүүлэхэд саад болоогүй байдлыг шүүх харгалзаагүй.

Иймд нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь ямар хуулийн заалт зөрчсөн нь тодорхойгүй, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцанд амьдарч буй иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, инженерийн шугам хоолой шинэчлэх хөрөнгийг гаргах асуудал нь төсөл графикийн дагуу төсөл хэрэгжүүлэхэд саад болоогүй, төсөл хэрэгжүүлэгч компани тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүйн улмаас төсөл графикийн дагуу хэрэгжих нөхцөлгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт “...Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах харилцааг зохицуулсан эрх зүйн эх сурвалж нь Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 151.2, 151.3 дахь заалтууд байна...” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасныг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан.

Уг журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг зохицуулж ирсэн бөгөөд “Ф*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэ журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1008 “Төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, гэрээ олгох эрх олгох” захирамжаар төсөл хэрэгжүүлэх болон дээрх байрны оршин суугч иргэдтэй гэрээ байгуулах эрх олгогдсон.

Шүүх шийдвэртээ “...ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах харилцааг зохицуулсан эрх зүйн эх сурвалж нь дээрх Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтууд байна...” гэж заасан нь үндэслэлгүй, тус хуулийн заалтууд нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах үйл ажиллагааг нарийвчлан зааж өгөөгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан журмаар нарийвчлан зохицуулагддаг.

Шүүх хуулийн буруу зүйл заалтыг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.3 дахь заалтууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг ашиглахыг хориглох, сууц өмчлөгчдийн олонхийн саналаар дахин барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгч тал оршин суугчидтай гэрээ байгуулахад тусгах гэрээний нөхцөлийг дурдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж заасанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Мөн шийдвэрт “...Эцэст нь дүгнэхэд дээрх үйл баримтууд, үндэслэлүүдээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацаандаа холбогдох ажлуудаа хийж дуусгаагүй гэж үзэж “Ф*******” ХХК-ийг шууд буруутгах боломжгүй, тодорхой бодит нөхцөл шалтгаануудын улмаас графикчилсан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор холбогдох ажлуудыг гүйцэд хийж гүйцэтгээгүй байх бөгөөд…” гэж заасан боловч “Ф*******” ХХК нь 2015 онд төслийн баталгаа байхгүй, төсөл хэрэгжүүлэх мөнгөн хөрөнгийг гадны хөрөнгө оруулагчдаас авахад хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар төсөл хэрэгжүүлэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны доорх газрыг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллагад удаа дараа гаргаж байсан нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна.”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу орон сууцны доорх газрыг “Ф*******” ХХК-д эзэмшүүлэх боломжгүй талаар хуулийн зүйл заалтыг дурдан хариу өгч байсан.

...“Ф*******” ХХК нь дээрх хуулийн заалтуудыг мэдэж байсан хэдий ч төсөл хэрэгжүүлэх орон сууцны доорх газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн төслийн баталгаа болгож хөрөнгө оруулалтыг татах тухай хүсэлтийг удаа дараа тавьж, төслийн явцыг хэт удаашруулсан. Төсөл хэрэгжүүлэгч өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж төслийн явцыг хэт удаашруулж, тендерийн урилгад ирүүлсэн графикчилсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт ажил явах боломжгүй болгосон.

Төсөл хэрэгжүүлэх ажил тендерийн урилгад ирүүлсэн графикчилсан төлөвлөгөөний дагуу явах боломжгүй болсны дараагаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн үүссэн байдлыг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, төсөл хэрэгжүүлэх “Ф*******” ХХК-д дахин боломж олгох, цаашид төсөл хэрэгжүүлэх хугацааг чанд мөрдүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хурлын зааланд талуудыг байлцуулан шинэчилсэн графикчилсан төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөнд заасан ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх тухай үүргийг өгсөн.

“Ф*******” ХХК нь шинэчилсэн графикчилсан төлөвлөгөөний дагуу 2015 онд төслийн талбарын нийт 8 барилгын 242 сууц өмчлегч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гурван талт гэрээ 100% байгуулж дуусах байсан бөгөөд төлөвлөгөөнд заасан хугацаанд гэрээ байгуулж дуусах боломжгүй болмогц 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх тухай” 11/14 дүгээр албан бичгээр нийслэлийн Засаг даргад “Журмын 5.1.2, 5.2.6-д заасны дагуу холбогдох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан. Уг асуудлаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд төсөл хэрэгжүүлэгчидтэй албан уулзалт хийсэн бөгөөд эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулах ажиллагааг дуусгавар болгох, түүний дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эхний ээлжийн барилгыг буулгах үед инженерийн гадна шугам сүлжээг шинэчлэх ажилд шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголоор оруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой тухай хариу өгсөн.

“Ф*******” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 114 өмчлөгч буюу 47.1%-тай гэрээ байгуулж ирүүлсэн. Гурван талт гэрээнд тусгагдсан графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдээгүй, төслийн ажил хэт удааширч, төсөл хэрэгжихгүй байгаас сууц өмчлөгч иргэдээс компанийн үйл ажиллагаанд эргэлзэж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Н*******т өргөдөл, гомдлыг удаа дараа ирүүлсэнтэй холбогдуулан төслийн ажлын явцын талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болсон.

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, төсөл хэрэгжүүлэх талбарын сууц өмчлөгчдийн төлөөлөл, нийслэлийн удирдлагууд, “Ф*******” ХХК-ийн төлөөлөл нар оролцож ажлын явцын талаар хэлэлцэгдэн төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай шийдвэр гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамж гарсан.

Дээрх нөхцөл байдлыг баримтаар нотолж, шүүх хуралдааны явцад хариуцагч удаа дараа тайлбарлаж байсан хэдий ч анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэт нэг талыг баримтлан, “...нийслэлийн Засаг даргад хандаж, улмаар энэ асуудал шийдвэрлэгдэхийг хүлээсний улмаас хугацаа алдсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй...” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 9.5 дахь заалтыг үндэслэн “Ф*******” ХХК-ийг дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэн, тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон өөрийн 2014 оны А/1008 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагчаас дээрх шийдвэрийн үндэслэлээ “төсөл хэрэгжүүлэгч нь дахин барилгажуулах графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт сууц өмчлөгчдийн 114 буюу 47.1%-тай гурван талт гэрээг байгуулсан, улмаар төслийн ажил хэт удааширсан, мөн төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй болсон, энэ талаар сууц өмчлөгч иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсэн, ажлын зургийг хугацаандаа гүйцэтгээгүй” гэж тайлбарлан гомдол гаргах боловч “Ф*******” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх графикчилсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагчаас “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх графикчилсан төлөвлөгөө[1]-нд 2 ба 3 талт гэрээг 2015 онд 100 хувь байгуулж дуусахаар заасан байхад “Ф*******” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 114 сууц өмчлөгч буюу нийт сууц өмчлөгчдийн 47.1 хувьтай 3 талт гэрээг байгуулж ирүүлсэн, 3 талт гэрээг баталгаажуулснаар гэрээг хийгдсэн гэж үзнэ” хэмээн тайлбарлах боловч нэхэмжлэгчээс энэ нь зөвхөн эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх байруудын хариуцагчид ирүүлсэн гэрээний тоо болох, одоогийн байдлаар нийт сууц өмчлөгчдийн 82 хувьтай 3 талт гэрээг байгуулсан, зарим сууц өмчлөгчтэй тодорхой шалтгааны улмаас гэрээ байгуулж чадахгүй байгаа талаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр шууд буруутгах боломжгүй юм.

Мөн хариуцагчаас “Ф*******” ХХК нь төсөл хэрэгжүүлэх орон сууцны доорх газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн төслийн баталгаа болгох, хөрөнгө оруулалт татах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа нь тус компани төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй болсон” гэж гомдол гарган маргах боловч энэ талаар нэхэмжлэгчээс “Төслийг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх байруудын доорх газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан, харин уг газрыг барьцаалж хөрөнгө бий болгох зорилго байгаагүй” хэмээн тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга нь анх Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тендерт оролцогчдын санхүүгийн чадавхийг шалгаж, улмаар “Ф*******” ХХК-ийг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж, гурван талт гэрээг байгуулах эрх олгосон байх бөгөөд одоо “Ф*******” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх хөрөнгөгүй болсон гэдгийг бодитоор тогтоосон зүйл байхгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “төсөл хэрэгжүүлэх байруудын сууц өмчлөгч иргэдээс төслийн явц удаашралтай байгаа талаар удаа дараа өргөдөл, гомдол ирсэн” гэх боловч хэрэгт “Ажилчин” СӨХ-оос Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд ирүүлсэн хүсэлт[2]-ээс өөр өргөдөл, гомдолтой холбоотой баримт авагдаагүй байх бөгөөд уг тендер цуцлах хүсэлтийг зөвхөн Нэхмэлийн 2 дугаар байрны сууц өмчлөгч иргэдээс ирүүлсэн байгаа нь тус төслийг бүхэлд нь зогсоох хангалттай үндэслэл болохгүй.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын “ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны оршин суугч иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаас үзэхэд төсөл хэрэгжүүлж байгаа байруудын оршин суугч иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй байна.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Ф*******” ХХК-д хүргүүлсэн 8 удаагийн албан шаардлага нь нэхэмжлэгч компанийн Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад хэрэгжүүлж буй төслийн эрхийг цуцлах үндэслэл биш, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн зүйл байхгүй тул хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын гаргасан “шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүх “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль болон хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байна. Талууд нэгэнт олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байхад шүүх маргааны зүйлд хамааралгүй Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.3-д заасныг баримталсан нь буруу болжээ.

Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль[3] нь “Ф*******” ХХК-д төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1008 дугаар захирамж гарснаас хойш батлагдсан байх хэдий ч маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2016 оны А/253 дугаар захирамж гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-ХУД-1,2-т “Ф*******” ХХК-ийн төсөл хэрэгжүүлж байсан Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудаас гадна Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд багтаж байх тул шүүх “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлж байсан Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зөв байжээ.

Иймд дээрх асуудлаар шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, харин нийслэлийн Засаг даргын “Ф*******” ХХК-ийн дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэрийн үндэслэл хангалттай баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үндэслэл бүрэн дүүрэн биш байх тул хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг тус тус баримтлан “Ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/253 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын Багц-ХУД-1,2-ын Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН