Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00674

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00674

 

 

 

СХД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00246 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч СХД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-, Б.А- нарт холбогдох

 

буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжид 1 876 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу СХД-ийн НДХ-т тэтгэмжийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгосон тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг 2017-2018 онд хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авсан нийт 6885 даатгуулагчийн хувийн хэрэг, анхан шатны баримтын бүрдлийг массив, программ хангамжтай уялдуулан шалгасан байна. Шалгалтаар байцаагч Ж.М- нь Тонго Констракшн ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан шимтгэлийн цахим системд шивэгдээгүй, тайлан ирүүлээгүй байхад О.Энхмаагийн нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн, уг баталгаажуулсан дэвтрийг үндэслэн байцаагч Б.А-, даатгуулагч О.Энхзаяад жирэмсний тэтгэмжид 1 876 725 төгрөгийг олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар буруу олгогдсон тэтгэмжийг Ж.М-, Б.А- нараар төлүүлэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот акт тавигдсан тул хариуцагч нараас 1 876 725 төгрөгийг хувааж, тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуульд өртэй байгууллагын тайланг авахгүй гэх зүйл байдаггүй. Бид нэгнийгээ байхгүй тохиолдолд орлож ажилладаг. Тухайн үед хариуцаж байсан байцаагч нь жирэмсний амралттай байсан тул би ажлыг нь орлосон, 2017 онд болсон зүйл болохоор сайн санахгүй байна. Би утсаар асуухад 7, 8 сар гээд зөндөө тайлан барьсан явж байсан, тэр нь буруу тайлан байсан гэсэн. Тэгэхээр буруу тайланг засуулахаар буцаасан эсэх, программд байсан тайланг өр үүсгэсэн гэх утгаар устгасан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Өртэй байгууллагын тайланг авахгүй гэсэн атлаа 1 дүгээр сард авсан, 2 дугаар сард аваагүй, тухайн онд 7, 8 дугаар сард огт мөнгө төлөөгүй байхад тайланг авчихсан байгаа. 35 000 000 төгрөгийн өртэй байгууллагын тайланг нь 38 000 000 төгрөг болтол нь өр үүсгэж авсан байсан. Энэ хооронд удирдлага нь солигдсон уу гэхээр үгүй, ажил олгогчийн дэвтэр дээр намайг тамга дарсан гэсэн, би огт тайлан байхгүй байхад тамга дарахгүй, тиймээс тайланг харж байгаад тамга дарсан. Тухайн үед хариуцсан байцаагч нь олон тайлан авч ирсэн, би өртэй гээд аваагүй гэж надад хэлсэн. Манай байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. О.Энхзаяа ажлаа хийгээд тэтгэмж төлж байсан нь үнэн. О.Энхзаяа эрхээ эдэлж шимтгэлийн мөнгөө авах ёстой. Гэтэл тухайн байгууллага өөрийн санд орсон мөнгийг О.Энхзаяа руу шилжүүлээгүй байгаа юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарын ажил үүргийг тодорхойлох ёстой. Хариуцагч Б.А- нь Нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас харж, баталгаажуулалт хийдэг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж тамга дарагдсан, эмнэлгийн хуудас нь маягтын дагуу хяналтын эмчээр бөглөгдөж ирсэн байсан учир бичилтийг хийж, цааш нь явуулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.А- жирэмсний амралтаа авсан. Үүний дараа улсын байцаагчийн акт тавигдсан. Улс байцаагчийн акт тавигдсан талаар Б.А-д мэдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авахдаа улсын байцаагчийн акт өөр дээр нь гарсан гэдгийг мэдсэн. Үүнтэй холбоотойгоор уг улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж СХД-ийн НДХ-, Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт шат дараалан хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Б.А- нь хууль дүрэм, журмын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлийн талаар талууд маргаж, Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Ж.М-гаас 938 362 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас 938 362 төгрөг гаргуулах тухай СХД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.М-гаас 27 071 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийн мөнгө болох 1 876 725 төгрөг нь Тонго констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу дансанд нь орсон. Тухайн компанийг Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн шалтгаанаар 2017 онд өмнөх хариуцсан байцаагч нь, 2019 онд миний бие тус тус шүүхэд өгсөн боловч бүртгэлтэй хаягандаа байхгүй гэх шалтгаанаар шүүхээс буцаж, захирлыг нь эрэн сурвалжлуулахаар шүүхэд өгсөн байтал тухайн компанийн дансанд орсон мөнгийг надаас 938 362 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас жирэмсний амралтын тэтгэмжийн мөнгийг гаргахад 5 үе шат дамжлагаар хянагдан гардаг. Тухайлбал, тэтгэмжийн байцаагч, тасгийн дарга, хяналтын байцаагч, ерөнхий нягтлан бодох, хэлтсийн дарга гэсэн албан тушаалтнууд давхар хянаж байж зарлага гаргадаг. Дээрх 5 шат дамжлагаар хянаж гарын үсгээ зурж баталгаажуулсан албан тушаалтнууд мөн адил хариуцлага хүлээж 938 362 төгрөгийг хувааж төлөхөөр шийдвэрлэсэн бол үнэнд нийцэх байлаа. Шүүгч шүүх хурал дээр хариуцагч Б.А-аас 938 362 төгрөг гаргуулах тухай СХД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хурал эхлээд 35-40 минут үргэлжилсний дараа нэхэмжлэгч Э.Булганчимэг уг товлогдсон хуралд хожигдож ирэхэд оролцуулсан нь хууль ёсонд нийцэхгүй шийдвэр болсонд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хянаж үнэн эөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч СХД-ийн НДХ- нь хариуцагч Ж.М-, Б.А- нарт холбогдуулж буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжид 1 876 725 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, захирамж гаргасан хэдий ч захирамжийн биелэлт хангагдаагүй буюу уг баримт нь ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн бол хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болдог.

 

Хариуцагч Б.Минжмаа Би актыг зөвшөөрөхгүй дээд шатны 4 байгууллагад гомдол гаргаж байсан. Гомдлын хариу гарч манай хамт олны хурал болж надаас уучлалт хүсч байсан... талаар тайлбарласан ба хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч СХД-ийн НДХ-ээс 2020 оны 01 дүгээр сарын 22, 23-ны үед хийгдсэн хамт олны хурлын тэмдэглэл, уг хурлаас гарсан шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16081 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 60/

 

Гэтэл дээрх захирамжийн зарим заалт биелэлт хангагдаагүй буюу хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь /хх-ийн 96-108/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан ба төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн нэхэмжлэгч, эсхүл хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэглэгээ дарснаар уг хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Хэдийгээр гомдол гаргаагүй боловч хариуцагч Б.А-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Хариуцагч Б.А- ...улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж СХД-ийн НДХ-, Нийгмийн даатгалын ерөнхий газарт шат дараалан хандсан... гэж тайлбар гаргаж, улмаар Б.А-ын нэхэмжлэлээр энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болсон улсын байцаагчийн 2019 оны 2419076 тоот улсын байцаагчийн акттай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн явагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүх хариуцагч Б.Минжмаагийн актыг зөвшөөрөхгүй гэж дээд шатны 4 байгууллагад гомдол гаргаж байсан, гомдлын хариу гарч байсан гэсэн тайлбарт дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх эсэхийг дүгнэх учиртай байсан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан ...өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэдгийг, 80.1.4-т заасан ...уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэдгийг тухайн тохиолдолд зөв хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Минжмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ