Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0024

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0024

            Улаанбаатар хот

 

 

Иргэн Д.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Д.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 969 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.У-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 969 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.5, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У-ыг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн давж заалдах гомдолдоо: “Шүүх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.У-ыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаа, шүүхээс тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо түүнийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасантай нийцэхгүй байна гэж холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйл нь “Зөрчил шалгах”, 118 дугаар зүйл нь шалгасан зөрчлийг шийдвэрлэх асуудлыг зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад хариуцлагыг Захиргааны зөрчлийн хуулиар ногдуулахаар заажээ. Захиргааны зөрчлийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэсэн заалт нь энэ хуулийн 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж болохыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

1.2. Дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй байна. Иймд нэр дэвшигч Д.У-ыг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.У-ын талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Гэтэл Захиргааны хэргийн шүүх дүүргийн Сонгуулийн хороонд ийм эрх байхгүй, зөрчлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн байх ёстой гэж үзсэнээрээ 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш аливаа зөрчилд хариуцлага тооцохоор болж байгаа нь 2016 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч иргэдийн саналыг татах зорилгоор хууль зөрчвөл хариуцлага хүлээхгүй гэсэнтэй агаар нэг шийдвэр гаргасан гэж үзнэ.

Нөгөөтээгүүр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан харин, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.

Хоёр. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дэх хэсэгт зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СD нь нэр дэвшигч Д.У-ын сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай явуулж буй үйл баримтыг үнэлж, зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт хийх эрх шүүх байгаа. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаарджээ. Энэ нь Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан эсэхийг дүгнэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг шаардаж буйтай адил агуулгатай болжээ.

Үүнээс үзвэл, Захиргааны хэргийн шүүхийн үүрэг тодорхойгүй болж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 969 дүгээр шийдвэр, нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 05 дахь хуралдаанаа “Сонгуулийн хууль зөрчсөн нь нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай” асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 60 дугаар тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У-ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Д.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү зүйлийн бичвэрт байгаа “хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч” гэж заасныг эрх олгосон заалт гэж маргаж байна. Хэдийгээр энэхүү заалтад байгаа “нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч” гэсэн нь эрх олгож байгаа боловч энэхүү эрх нь заавал “нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдсон” тохиолдолд л хэрэгжихээр байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хуралдаж маргаан бүхий акт болох 60 дугаар тогтоолыг гаргаж байх үед “нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл” тогтоогдоогүй байжээ.

Учир нь  Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор хуульчилсан байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад дан ганц гомдол гаргагч иргэний ирүүлсэн нэг талын баримтыг үнэлж өөрсдөө “зөрчлийг тогтоож” шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон тус шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримт цуглуулаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байна. Энэ тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв юм. Учир нь анхан шатны шүүхийн тухайд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг баримтжуулахаар нотлох баримт цуглуулах боломжгүй, шүүхийн хөндлөнгийн байх үндсэн зарчим зөрчигдөх бөгөөд тухайн үед зөрчлийг хуульд заасны дагуу шалган тогтоосон байх шаардлагатай юм. Хариуцагчийн тайлбарыг үндэслэн захиргааны хэргийн шүүх Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд “зөрчлийг хянан шалгах” субьект биш юм.

Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага “хууль дээдлэх” үндсэн зарчмынхаа хүрээнд хууль ёсны захиргааны акт гаргах үүрэгтэй бөгөөд сүүлд шүүхээр тухайн актынхаа үндэслэл болох нөхцөл байдлыг нөхөн шалган тогтоолгох ёсгүй.

Түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдол болон тайлбартаа иш татаж буй Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шүүчийн захирамжаар нэхэмжлэгч Д.У бус харин Р.Соёлхүү захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байх бөгөөд энэхүү үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 969 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:            

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР