Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00575

 

 

 

 

 

 

 

 

 

А сангийн ажлын албаны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00324 дугаар шийдвэртэй, А сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 480 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих, тендер зарласан. Энэ тендерт “Ж” ХХК шалгарч хэвтээ агуулах барих түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлыг 480 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан, гэрээний үнийг төлсөн.

Гэрээний хугацааг сунгаж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлыг хүлээн авахаар тохиролцсон, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан.

Комиссын дүгнэлтээр ажил гүйцэтгэгч нь үрийн хэвтээ агуулахын барилга байгууламж, түүний холбогдох хэсгийг барилгын ажлын зөвшөөрөл “Б” ХХК-иас гаргасан зураг төслийн дагуу, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан байхыг дүгнэснийг захиалагч тал хүлээн авч гэрээг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр актаар гэрээ дүгнэж, аянга зайлуулагч, газардуулга, бетонон хаяавч, агаар сэлгэлтийн систем гэсэн 4 ажлыг баталгаат хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэгч нь өөрийн зардлаар гүйцэхээр тохиролцсон.

Энэ ажлыг гүйцэтгэлийн баталгаа болгож үнийн дүнгийн 5 хувийн банкны баталгааг гүйцэтгэгч ажлыг өөрийн зардлаар бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохирсон. Гэтэл ажлыг бүрэн гүйцэтгээгүй байхад 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүчтэй салхины улмаас 2000 тонны хэвтээ агуулах нурж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Дээрх 4 ажлыг хүлээлгэж өгсөн бол манайх ажлыг хүлээж авсан гэдэгт маргахгүй байсан. Хариуцагч тал ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй байхад энэ үйл явдал болсон тул хохирол төлбөрт гэрээний үнэ болох 480 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тендерийн ажлыг гүйцэтгэсэн.

Барилга байгууламжийн зураг төслийг “Б” ХХК боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1658/2018 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хяналтын тасгаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/18 тоот Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийг тус тус гаргаж, зураг төслийг баталгаажуулсан. Барилгын ажлын явцад ерөнхий захиалагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон түүнийг төлөөлж Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар барилгын техникийн хяналтыг гүйцэтгэсэн. Тус компани нь гэрээт ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн барилгыг ашиглалтад оруулсан.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу барилга байгууламжийг захиалагчид хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сард үрийн хэвтээ агуулах хүчтэй салхины улмаас эвдрэл гэмтэл учирч нурсан болохыг мэдсэн бөгөөд бидний зүгээс тухайн үеийн гамшиг ослын байдлыг тодруулахаар холбогдох газруудад хүсэлт өгсний дагуу тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу байгалийн гамшигт үзэгдэл болсон болох нь тогтоогдсон.

Онцгой байдлын газраас 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчим аадар бороо, 18-25 м/с буюу түүнээс их байж болох хүчтэй салхи шуурга болж агуулахын барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан гэдгийг актаар тогтоосон. Мөн Онцгой байдлын газрын байцаагчийн актад дурдсанаар үрийн хэвтээ агуулахын өмнө байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын модон шон хугарч унасан, агуулахаас баруун өмнө тийш 2 км орчимд байрлах айлын гэр нурсан, ургаа мод үндсээрээ булгарч унасан байдаг.

Нэхэмжлэлд дурдсан 4 ажил нь гэрээ, төсөвт байхгүй, захиалагч энэ 4 ажлыг өөрийн зардлаараа хийгээд өгөөч хувь биш улсын ажил гэж гуйсан тул бид өөрийн зардлаар хийхийг зөвшөөрсөн боловч гэрээнд тусгаагүй ажлыг хийж байх явцад байгалийн гамшиг болсон. Усны хаялаганы бетонон хаяавч, аянга зайлуулагч, газардуулга, агаар сэлгэлтийн систем зэргийг хийгээгүйгээс болж агуулах нураагүй. Зургийн дагуу хийгдэж ажлыг бүрэн хийж дуусгасан учир хойшлуулсан 7 хоногийн алданги 2 400 000 төгрөгийг суутгаж, үлдэх 130 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргийн биелэлт хангагдсан гэсэн акт үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хариуцагч “Ж” ХХК-наас 480 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “Ж” ХХК нь Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлыг 480 000 000 төгрөгөөр гүйцэтгэж, уг ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах хугацаатай байсан ч цаг агаарын болон гүйцэтгэгч байгууллагын хүсэлтийн дагуу хугацааг сунгаж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар болсон. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүчтэй салхины улмаас 2000 тоннын хэвтээ агуулах нурж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Гүйцэтгэгч байгууллага ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй байхад байгалийн үзэгдэл болсон. Улмаар цаг хугацаандаа болон зураг төслийн дагуу чанарын шаардлага хангасан материал болон стандартын дагуу бат бөх эмхэрдэж хийсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэж байна.

Шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар гэрээний гүйцэтгэлийн баталгаа буюу үндсэн үнийн дүнгийн 5 хувийн банкны баталгааг гүйцэтгэгч нь өөрийн зардлаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэх 4 ажлыг бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохиролцсоныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болоогүй гэж дүгнэх боломжтой байхад анхан шатны шүүх хуулийн буруу хэрэглэж дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хариуцагч “Ж” ХХК нь ажил гүйцэтгэхдээ зургийн компани болох “Б” ХХК-иар зургаа хийлгэсэн ба тус компани нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1236/2018 тоот магадлалын дүгнэлтээр баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгсөн.

Тус барилгын барилга угсралтын ажлын явцад гүйцэтгэгч байгууллага зохиогчийн хяналт хийлгээгүй, мөн зураг төсөлд тусгагдсан чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, зохигчтой зөвшилцөөгүй болно. Уг зураг төсөлд 1.2 мм зузаантай Ангор MIV-240-ийг сонгосон боловч гүйцэтгэлд ямар материал сонгосон нь тодорхойгүй, Сэлэнгэ аймагт салхины хурдыг салхины жилийн хурд 1,8 м/с-4.5 м/с, 10 метрийн өдөрт салхины дээд хурд 21-25 м/с байхаар зураг төсөлд тооцсон болно гэсэн албан бичгийг манай байгууллагад ирүүлж байсан ба энэхүү нотлох баримтаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

Сэлэнгэ аймгийн цаг уур орчны шинжилгээний төвийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотод 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр салхины чиглэл тогтворгүй хурд 18-25 м/с байсан гээд тодорхойлсон. “Б” ХХК салхины хурдыг 21-25 м/с байхаар зураг төслийг гаргасан гэж заасан. Энэ нөхцөл байдлуудаас үзвэл зургийн дагуу хийгдсэн бол энэ агуулахын дээвэр нурахгүй байхаар байсан гэж үзэж байна.

Шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр агуулахын дээврийг хийхдээ зураг төслийн компани “Б” ХХК-ийн тавьсан шаардлагын дагуу зориулалтын багаж, хэрэглэл хэрэглэсэн эсэх болон дээврийн төмрийг Ангор MIV-240-ийг сонгосон эсэх, стандартын дагуу эмхэрдэж бат бөх хийсэн эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаагүй орхисон нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой үйл баримтыг нотлуулах боломжоор, мэтгэлцэх боломжийг хязгаарласан нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

Нэхэмжлэгч А сангийн ажлын алба нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний дагуу төлсөн 480 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2020/06831 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Оюунтунгалаг, Д.Санжмятав, Л.Ганбаатар нарыг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд зураг төсөлд заасан хийц материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн байна, гэрээ дүгнэсэн актад дурдсан 4 ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй байна, Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийж баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан байна, 4 ширхэг хаалганы гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат байхгүй, чанар байдлыг тодорхойлох боломжгүй гэсэн үйл баримтыг тогтоосон байна.

 

Уг баримтаас үзвэл “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын талаар маргаж байхад шинжээч ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан гэх ерөнхий байдлаар дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 102/ШЗ2021/01682 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг үндэслэн хэргийг шүүх хуралдааны мэтгэлцээнээр шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА