Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 445

 

Д.Б, Д.Д  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч, хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 472 дугаар магадлалтай, Д.Б, Д.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-ийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Д-ийн Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, Д.Д  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Д.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д аас 375,000 төгрөгийг гаргуулан Д.Б д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  2,140,000 төгрөгийн, шүүгдэгч Д.Б  1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ...” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч Д.Б  гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.Итгэлээс тайлбар авсан байдаг ба Д.Д тай нийлж намайг зодсон, миний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисон талаар тодорхой мэдүүлсэн байтал энэхүү тайлбар нь хавтаст хэргээс алга болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

...Прокурорт гаргасан миний хүсэлт /хх-89/, миний мэдүүлэг /хх-47, 95/,  зэрэгт ...санаатай цохиж гэмтэл учруулаагүй гэдгийг дурдсан юм.

Мөн Д.Д т хөнгөн гэмтэл учруулсан гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч дахин шинжээч томилоогүй. Аргагүй байдалд орсон учраас өөрийгөө хамгаалах гэж гараа савахад гэмтэл учирсан байх. Харилцан зодоон гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдүүлж, хүсэлт гаргасан боловч прокурор болон шүүх анхаараагүй.

2. Магадлалд “...Д.Д ын довтолгоон дууссаны дараа Д.Б  нь газраас босох явцдаа Д.Д ын нүүрэн тус газар цохиж, гэмтэл учруулж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. ...харилцан зодолдсон байх бөгөөд ...хөнгөн хохирол учруулсныг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй” гэсэн байна.

Шүүгдэгч нарын болон гэрчийн мэдүүлэг, ...шүүгдэгч нарын биед үүссэн гэмтэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл шүүгдэгч Д.Б  миний бие нь Д.Д т нүүрэндээ алгадуулж, цээжиндээ 4-5 удаа цохиулж /хавирга хугарсан/, хавируулж унасны дараа босож зугтах гэхэд зууралдаад цохих гээд байхаар нь эсэргүүцэж байх үед Д.Д ын нүүрэн тус газар 1 удаа цохисон ба дараа нь Г.И салгасан гэдгийг гэрч Г.И болон Д.Д  нар нь бас мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасантай нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр намайг гэм буруугүй болохыг тогтоон цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч Д.Б ы өмгөөлөгч С.Даваасүрэн  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...2019 оны 02 сарын 13-ны өдөр Г.И-с анх удаа дуудан тайлбар авсан байдаг ба энэ үед Д.Д тай нийлж Д.Б ыг зодсон, хаана нь хэдэн удаа цохисон талаар тодорхой мэдүүлсэн байтал энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдаагүй алга болсон байна. Энэ өдрөөс хойш Г.И гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Б ыг нийлж зодсон талаар огт мэдүүлээгүй байдаг.

Д.Б ы прокурорт гаргасан хүсэлт /хх-89/ болон мэдүүлэгт /хх-47, 95/ “…Д.Д  ирээд нүүр рүү алгадаад, цээж рүү хэдэн удаа цохисон, хавирч унагаасан, босож ирээд зууралдаад цохих гээд байхад нь эсэргүүцэж байгаад Д.Д ын нүүрэнд гараараа 1 удаа цохисон юм. Гэхдээ санаатай цохиж гэмтэл учруулаагүй” гэсэн байдаг.

Мөн прокурорт Д.Д т хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч дахин шинжээч томилоогүй. Мөн “... Аргагүй байдалд орсон учраас өөрийгөө хамгаалахад гэмтэл учирсан байх. Иймд харилцан зодоон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж, хүсэлт гаргасан боловч прокурор болон анхан шатны шүүх анхаараагүй.

Магадлалд “...Д.Б ы ...үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй” гэж бичсэн.

Шүүгдэгч нарын болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд зааснаар шүүгдэгч нарын биед үүссэн гэмтэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл ...Д.Д-ыг цохисноос өмнө болон дараа нь тэр хоёр зууралдсан байдалтай байсан нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, ...магадлалд дурдсан Д.Д  нь Д.Б ыг цохиж унагааснаар довтолгоон дуусаагүй ба Д.Б  босоод ирэхэд довтолгоон дуусаагүй зууралдаад цохих гээд байхаар нь Д.Д ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон ба ингэснээр харин довтолгоон дуусч Г.И салгасан байна.

Анх зодооныг эхлүүлсэн Д.Д-ыг торгох ял шийтгэж, харин аргагүй хамгаалалт хийсэн Д.Б ыг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал адилхан байсан. Харин Д.Б  өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн гэдэг байр суурьнаас хуралд оролцсон. Гэхдээ Д.Д-ыг цохиогүй гэж хэлдэггүй. Баярсайхан хувийн байдлаасаа шалтгаалж нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байгаа.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэм буруугүй болохыг тогтоон цагаатгуулахаар гомдол гаргасан ч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Д.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нэг эмэгтэйгээс болж харилцан маргалдсан, зодолдсон үйл явдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б, Д.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Б, Д.Д  нар нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 11 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэж дүгнэн, шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Д.Б, Д.Д  нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх “Д.Б  нь довтолгоон дууссаны дараа Д.Д т гэмтэл учруулсан” гэж анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоож, үүнийгээ үндэслэн аргагүй хамгаалалтыг үгүйсгэсэн нь хэрэг хэлэлцэх, шийдвэр гаргах хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, гэрч Г.И-ийн үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснөөс гадна Д.Б  нь Г.Итгэлийн эх нас барж оршуулгын ажил үргэлжилж байхад Г.И-йн гэрт нь ирж түүнийг өдөөн хатгаж, зориуд бухимдах нөхцөл байдлыг үүсгэсэн, үүнийг Г.Итгэлийн хамтран амьдрагч Д.Д  мэдэж улмаар Д.Б тай зодолдсон нь тогтоогдсон бөгөөд Д.Б ы ийнхүү зориуд өдөөн хатгасан, үүний улмаас ямар ч нөхцөл байдал үүсч болохыг мэдэж байсан, улмаар зодоон болсон зэрэг нь хууль ёсны хамгаалалт хийх хүсэл зоригийн шинжийг огт хангаагүй байх тул аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б ы өмгөөлөгч С.Даваасүрэн нь  “Д.Б ы үйлдлийг аргагүй хамгаалалт тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн  агуулга бүхий гомдол гаргасан ч шүүх хуралдаанд гомдлынхоо агуулгыг өөрчилж, Д.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулахаар санал гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж буй эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу аль алинд нь ижил хэмжээтэй байх тул хэн алинд нь ижил төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Б ы өмгөөлөгч С.Даваасүрэнгийн “ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 472 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн торгох ялтай холбоотой заалтуудад “...Д.Б ” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын нийтэд тустай ажил хийлгэх ялтай холбогдох заалт, хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН