Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0482

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар0221/МА2017/0482

Улаанбаатар хот

  “Г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлоор “Г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Г р” ХХК-ийн захирал С.Ч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г р” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн “Г р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Г р” ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Хар нэртэй газарт гаргасан NE-025077 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус компани нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Хар нэртэй 17680.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өргөдөл ба өргөдлийн бүртгэлийн NE-025077 дугаарт бүртгэгдсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хуулийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн.

Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 дүгээр албан бичгээр “Дэмжихгүй” санал ирүүлсэн.

Мөн “Г р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авч кадастрын системд бүртгүүлсэн.

Дээрх бүртгэлийг хийснээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “Хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Нэгэнт сумын тусгай хэрэгцээнд авч хуульд заасны дагуу хориглосон хязгаарласан талбайтай давхацсан байхад 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г р” ХХК-д олгохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “Хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, …талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий актаар хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжийг өөртөө агуулдаг бөгөөд нэгэнт Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 11/2 дугаар тогтоолоор тухайн талбайг бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авч, кадастрын системд бүртгэгдсэн байхад уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар бус харин Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах бөгөөд уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг хэд хоногт гаргах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 30 хоногийн дотор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлээгүйгээс шалтгаалан анх Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг аймгийн Засаг даргад уламжилж байснаа 4 дүгээр сарын 9-ний өдөр уг талбайг тусгай хамгаалалтад авах нөхцөл байдлыг цаг хугацааны хувьд бий болгожээ гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Өмнөговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирсэнийг мөн үндэслэл болгосон, хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 211/МА2016/0362 дугаар магадлалаар Засаг даргын энэхүү саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл илт хүчин төгөлдөр бус акт анхнаасаа үйлчлэлгүй гэж үзвэл Засаг даргаас дэмжсэн эсэх талаар санал ирүүлээгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрсөн гэж үзэх боломжтой ч дээрх байдлаар тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал үүсчээ.           

Иймд аймгийн Засаг даргын санал үндэслэлтэй эсэхийг судлах байсан гэж хариуцагчийг буруутгахаас илүүтэй тухайн өргөдөл гаргасан талбайг сумын тусгай хэрэгцээнд авсныг Кадастрын хэлтэс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн байгааг анхан шатны шүүх анхааралгүйгээр маргааныг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохтой холбоотой гарсан хохирлоо буруутай этгээдээс шаардах, энэ талаар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Г р” ХХК-иас “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 дугаар өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч хариуцагчид гардуулан хариу тайлбар авсан атлаа /ХХ-ийн 60-66 дахь талд/ энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г р” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 дугаар өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Г р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН