Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00594

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00594

 

 

Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00306 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн хариуцагч Х.Хд холбогдуулан 71 727 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүрэлтогоо овогтой Хулангоо нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ0500170Ю8 тоот зээлийн гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Тоуоtа Land Criuser маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Фидуцийн гэрээний дагуу тус компанийн өмчлөлд шилжүүлсэн болно. Х.Х нь зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан ба сар бүрийн 07-ны өдөр зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах байсан боловч үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй юм. Өнгөрсөн хугацаанд Х.Х нь нийт 62 192 720 төгрөгийг төлсөн ба үүнээс 23 981 080 төгрөг нь үндсэн зээлд, 38 053 352 төгрөг нь зээлийн хүүнд, 158 288 төгрөг нь нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцогдсон байна. Х.Х нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг удаа дараа хүсэлт гарган, авч байсан боловч 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй байна. Х.Хгийн зээлийн гэрээний үүрэг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41 018 920 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 27 156 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 552 369 төгрөг, нийт 71 727 902 төгрөг байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцсон болно. Мөн Х.Хтой байгуулсан зээлийн гэрээний 4.1, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Тоуоtа Land Criuser маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон болно. Иймд Х.Хгоос 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ0500170108 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 71 727 902 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Тоуоtа Land Criuser маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Х шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Флоуриш капитал ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ0500170Ю8 дугаартай зээлийн гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Тоуоtа Land Criuser маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь тогтмол төлдөг байсан боловч бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас тохирсон хугацаанд төлж чадаагүй. Зээлийн үндсэн төлбөр 65 000 000 төгрөгийн зээлийн хүүд 10 712 145 төгрөгийн хүү нийт 75 712 145 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Миний зээлийн эргэн төлөлтөд төлсөн 62 192 720 гаруй төгрөгийг нэхэмжлэгч тал нь 23 981 080 төгрөг үндсэн зээлд, 38 053 352 төгрөгийг зээлийн хүүд 158 288 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж илтэд зээлдэгчид хохиролтойгоор тооцоолол хийсэн байна. Хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан бөгөөд хариуцагч тал нь зээлийн үүргээ хугацаандаа төлж барагдуулах боломжгүй болох нөхцөл байдал тогтоогдсон байхад зээлийн гэрээний 4.2.1-т заасан зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нь их хэмжээний зээлийн хүү төлөх нөхцөл болсон гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас зээлийн гэрээг сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдаж, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр төлөх боломжтой хугацаа заасан хүсэлтүүдийг хүргүүлж байсан. Миний бие барьцаа хөрөнгө болох авто машинаас өөр эд хөрөнгөгүй өөрийн гэсэн орон гэр байхгүй, ах дүү хамаатан садан болон найз нөхдийнхөөрөө амьдардаг бөгөөд заримдаа авто машиндаа хонох тохиолдол зөндөө гардаг, өөрийн орон гэр мэт үнэтэй авто машинаа зээлийн төлбөрт алдахгүйн тулд найз нөхөд ах дүү хамаатан, садан нараасаа зээл авах байдлаар өнөөдрийг хүртэл 62 192 720 гаруй мянган төгрөгийг төлчихөөд байхад дахин 71 727 902 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн зээлийн гэрээнд гол нөхцөлд гэдэг зүйл заавал тусгагдах ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүүгийн хэмжээг 5 байхаар гэрээг байгуулсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр 4.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэж тооцоолж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэгэхээр талууд хуульд заасан журмын дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, 'зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосон эсэх, зээлийн хүү бодох аргачлалын дагуу хүү тооцсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Хгоос 71 727 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зээлдүүлэгчийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон мэтээр шаардах эрхийг үгүйсгэж зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэглэснээр нь үндсэн гэрээний үүргийн шаардах эрхийг няцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж харилцаа холбоо тогтоож байсан ба Фидуцын гэрээний 5.1-д заасныг үндэслэн тээврийн хэрэгслийг биет байдлаар шилжүүлэн өгөхийг шаардсан боловч зээлдэгч нь элдэв тайлбар, гачигдал зовлон дурдаж тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байсан тухай зээлдэгчийн гаргасан өргөдөлд тодорхой дурдсан байдаг ба Фидуцын гэрээний 3.2.4-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Х.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 727 902 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т Ерөнхий ... шүүгч хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ..., мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т шүүгчдийн зөвлөгөөн шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно гэж тус тус заасан.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.Энхзаяаг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй. Тодруулбал, уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Х.Энхзаяа нь шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ийнхүү албажуулсан тухай баримт байхгүй учраас энэ хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнээр хэлэлцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, талуудын тайлбарт хууль хэрэглээний дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ