| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 188/2019/0297/Э |
| Дугаар | 491 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 491
П.Б, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 669 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 458 дугаар магадлалтай, П.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицер ажилтай байсан, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт П-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б, П.Б нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй гэж нэг бүрчлэн дурдсан байтал прокурорын хэт нэг талыг барьж бүрдүүлсэн баримт болон эсэргүүцлийн хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ...хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв гэж дурджээ. Тэгвэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий 7 төрлийн хүсэлт гаргаснаас шүүх тодорхой үндэслэлүүдийг дурдаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн. Мөн давж заалдах шатны шүүхэд прокурор үндэслэлгүй нөхцлүүдийг бичсэн боловч өөрөө тус шүүх хуралдаанд оролцож тайлбарлаагүй, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийг хуралд оролцуулаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...П.Б, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, П.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.Б-ийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт “Сэлбэ-116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 56-81АРХ улсын дугаартай “Киа Рио” загварын тээврийн хэрэгслээр 20м.куб хэрэглээний мод тээвэрлэж явсан П.Б-г түр саатуулан шалгахдаа гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажил үүргийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Б-гийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 200,000 төгрөг хахуульд авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
П.Б-с нь дээрх байдлаар хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгч нарын үйлдэл өөр гэмт хэргийн шинжтэй эсэх, Цагдаагийн байгууллагыг иргэний нэхэмжлэгч эсхүл иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх, 20-55 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байна.
Давж заалдах шатны шүүх дээрх хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагаа хийсэн байна, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх бололцоотой гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан 3 үндэслэлээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж, хуульд заасан текстийг бичсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна.
Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно.
Мөрдөн байцаалтаар “хийгдсэн ажиллагаа” зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарах бөгөөд уг үндэслэл тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлага мөрдөн байцаалтаар “огт хийгдээгүй” ажиллагааг хийлгэхээр буцааж байгаа тохиолдолд ч мөн адил хамаарна.
Үүнээс иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд тодорхой байгаа тохиолдолд шүүх эдгээр оролцогчийг өөрийн шийдвэрээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой зохицуулсан байх тул шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй юм.
Мөн дээрх прокурорт буцаасан шийдвэрт “шүүгдэгч нарын үйлдэл өөр гэмт хэргийн шинжтэй эсэх” ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрхийг шүүхэд олгоогүй тул нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шаардлагатай, хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарч болох бөгөөд хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлогдсон гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 458 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН