Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0173

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч П.Б, өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Бг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808026200309 дүгээр хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32 дугаар гудамж, 562 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а дүгээр байр, 139 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жанцангууд овогт Батжанцангийн Б /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Боржгон овогт Пүрэвжавын Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн   хэлтсийн Хэв  тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Сэлбэ-116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Бг түр саатуулан шалгахдаа гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтын 1.5-д заасны дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Бгийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс шууд түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

яллагдагч П.Б нь Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явахдаа 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн   хэлтсийн эргүүлийн офицер Б.Бид гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулахдаа уг гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Бид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр өглөө 09 цагаас ээлж аваад үүрэг гүйцэтгэж байсан. Архангайн дугаартай машиныг шалгасан. Гарал үүслийн гэрчилгээ засвартай байсан. Дүүргийн  хэлтэс рүү явж байсан. Б явж байгаад зогссон. Гүйж яваад холбогдох бичиг баримтаа аваад ирсэн. Тэр нь таарч байсан. Тэгээд бид хоёр ярьж байгаад нэг нутаг усных болоод Б “би байнга явдаг юм, хоолонд ороорой” гэж 200.000 төгрөг өгөхөөр нь авсан. Би  байгууллагад 12 жил ажиллаж байна. Уг нь бол жижүүрийн ахлахад хүлээлгэн өгөөд явах ёстой. Би 200.000 төгрөгөөр торгоно гэж огт хэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. “Сэлбэ 16” чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо хамаардаг. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сонсголонгийн тэнд цагдаа зогсоосон. “Гарал үүслийн гэрчилгээ засвартай байна, 960.000 төгрөгөөр торгоно, машиныг журамлана” гэсэн. “Торгуулаад явуулж болохгүй юм уу” гэхэд “болохгүй, 200.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Хангай зах орж 100.000 төгрөг аваад өгсөн чинь “Янз бүрийн хэл үг байхгүй биз дээ” гээд яваад өгсөн. Гоожин анхнаасаа л байсан, түүнгүй бол хот руу явуулахгүй. Б, Энхбаатар 2 худлаа хэлж байна. “Машиныг  хашаанд хийнэ” гэхээр нь айгаад 200.000 төгрөг өгсөн. “960.000 төгрөгөөр торгоно” гэхээр нь “багаар торгож болохгүй юу” гэж асуусан. “200.000 төгрөгөөр торгуулаад яв” гэхээр нь торгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед нэг нутгийнх гэж яриагүй, өнгөрсөн жил л мэдсэн. Би зөрчил байхгүй гэж зөндөө хэлсэн. Энхбаатар “наад мөнгийг чинь хувьдаа авахгүй шүү” гээд машинтай хөдлөөд явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1808026200309 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Бгийн 2018.08.03-ны өдөр өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийн “Рино” маркийн  АРХ улсын дугаартай ачааны автомашинаар 16м3 шургааг мод ачиж орсон. 14 цагийн үед Сонсголонгийн уулзвар дээр  автомашинтай алба хаагч зогсоосон. Миний ачиж явсан модны гарал үүслийн гэрчилгээг шалгаад “он, сар, өдөр нь засвартай байгаа тул торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би “мөнгө муутай явна, 100.000 төгрөгөөр торгочихож болох уу” гэхэд “болохгүй ээ, 200.000 төгрөгөөр торгоно, торгуулийн мөнгөө өг” гээд байхаар нь өөрт байсан 100.000 төгрөгөө өгсөн. “Үлдсэн 100.000 төгрөгөө өг” гэхээр нь “ачиж явсан модоо Хангай зах дээр аваачиж зарна, тэгээд өгье” гэхэд цагдаа нар машинтайгаа араас дагаад Хангай зах дээр очсон. Би тэндээс Дагва гэх хүнээс 100.000 төгрөг зээлж аваад цагдаад өгсөн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Надад торгуулийн тасалбар гэх зүйл өгөөгүй. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтас, хх-43-45/, 

Гэрч Ө.Энхбаатарын: “...Хуучин 22-ын товчоо өнгөрөөд АРХ улсын дугаартай ачааны автомашин ачаа ачсан, ачаагаа берзентээр хучсан байхаар нь чанга яригчаар “баруун тийш шахаж зогсоорой” гэдгийг хэлээд би түрүүлж очоод жолоочийн болон ачааны бичгийг шаардахад “мод ачсан байгаа” гээд гарал үүслийн бичиг гаргаж өгсөн. Модны гарал үүслийн бичгийг яаж шалгадгийг мэдэхгүй болохоор машинд сууж байсан офицер Бид аваачиж өгсөн. Ингээд араас нь ачаатай машинууд ирж  байхаар дохиод 3 машин зогсоогоод бичиг баримтыг шалгаж яваад эргэж ирээд машиндаа суухад Б машины жолооч биш хажууд нь сууж явсан Б гэх залуу “миний мод, миний машин” гээд машины хажууд зогсож байсан. Би “одоо яах юм” гэхэд Б ахмад “ хэлтэс рүү аваад явна” гэхээр нь нөгөө ачааны машиныг “урд гараад яваарай” гээд араас нь дагаад явсан. Хэлтэс рүү явах замд ачааны машин Хангай захын үүдэнд зогсчихсон. Б нь машинаас буугаад ирж байхаар нь би “энэ яагаад явахгүй байгаа юм, нэгэнт зогссон юм чинь зах руу ороод банзны үнэ, эмульсны үнэ харчихаад ирье” гээд зах руу гүйгээд орсон. Би Тахилтад байшин барьж байгаа юм. Машин руугаа ирж байтал Хангай захаас Б нь манай машин руу гүйгээд ирж байсан. Б бид 2 бараг албаны машин дээр зэрэг ирээд би жолооч талаасаа очоод машиндаа суусан. Тэгтэл Б зөрж буугаад Бгийн машины хажуу талд явган зам дээр очоод уулзсан. Буцаж ирээд “явъя” гэсэн. “Энэ яасан юм бэ” гэхэд “яршиг яршиг, хаяя” гэсэн. Тэгээд “2-уулаа нэгэнт төв рүү ороод ирсэн юм чинь Сутайн буянт зах ороод машиндаа юмнууд авах уу” гээд явсан. 20-55 УНҮ улсын дугаартай “Киа Рио” маркийн автомашинд 4 ээлж, 8 алба хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “нэг хүн 20.000 төгрөг татаад машиндаа юм хийнэ гэж ярьж байсан учраас мөнгөө Бямбасүрэнд хураалгаж байсан. Ингээд зах руу очоод 2 ширхэг хуучин амартизатор, никель 4 ширхэг калпак, 5 цонхонд тень наалгасан. Ажлаа хүлээлгэж өгчихөөд явах гэж байхад Б ахмад надад 50.000 төгрөг өгсөн. Би “юун мөнгө вэ” гэхэд “нөгөөдөх мөнгө” гэхээр нь бид нарын цуглуулсан мөнгөнөөс илүү гарсан мөнгө юм байх гэж бодоод авсан. Тэр мөнгийг үрээгүй байсан. “Дээр шалгасан Б гэх хүний модыг 200.000 төгрөгөөр торгочихсон юм, тэгтэл хэлтсийн дарга мэдчихжээ, одоо яах вэ, чамайг дуудаж байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, юу гэж хэлэх юм” гээд уурласан. Б “торгосон” гээд хэлчих гэхээр нь “хамт үүрэг гүйцэтгэдэг хамтрагчаа яаж ийм байдалд хаях юм” гээд ороод Бийг өмгөөлөх янзтай “торгосон юмаа даргаа, уучлаарай” гэсэн. Тэгтэл хэлтсийн дарга Батсайхан “энэ тухайгаа илтгэх хуудсаар бичиж өг” гэсэн. Би эхлээд болсон зүйлийг үнэнээр нь буюу торгосон гэдгийг мэдээгүй, би мөнгө аваагүй гэдгээ бичиж өгсөн. Гэтэл дарга “энэ хүн чинь ингэж бичиж өгсөн байна” гээд Бгийн машины зургийг авсан баримтууд байсан. Тэгээд “чи юу бичиж өгөөд байгаа юм” гээд миний бичсэн илтгэх хуудсыг цааш нь тавьчихаад “дахин бичиж өг” гэсэн. Энэ үед тасгийн дарга Ганбаяр орж ирэхэд “танай 2 хүн чинь ийм юм хийгээд яваад байна” гэсэн юм яриад миний бичсэн илтгэх хуудсыг “энийг базаад хая” гээд өгсөн. Б илтгэх хуудас бичиж байхаар нь дагаад илтгэх хуудас бичээд өгсөн. Ийм л асуудал болсон. Хэлтсийн даргын өрөөнөөс гарч ирээд “энэ балай юмаа өөрөө хариуцаарай” гээд надад өгсөн 50.000 төгрөгийг нь Бид өгсөн...” гэх мэдүүлэг / хавтас, хх-157-158/,

Гэрч Б.Хүрэлцэцэгийн: “Би нөхөр Б, Жамбал ах, бага хүүхдийн хамт нөхрийн машинтай мод аччихсан явсан. 22-ын товчоон дээр цагдаа зогсоогоод ачиж явсан “модны гарал үүслийн гэрчилгээний он, сар, өдөр засвартай байна, араас дагаад яв” гэж машиндаа Жамбал ахыг суулгаад явсан. Араас нь нөхөр бид 2 машинтайгаа явж Хангай зах дээр очсон. Тэгээд цагдаатай нөхөр П.Б уулзаад “200.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд надаас 100.000 төгрөг аваад явсан. Удалгүй “200.000 төгрөгөөр торгуулчихлаа” гээд ирсэн. Торгуулийн хуудас өгсөн, өгөөгүйг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хавтас, хх-48-51/,

Гэрч Ц.Жамбалын: “Манай дүү П.Б бид 2 модоо ачаад хүрээд ирсэн. Гарал үүсэл бичиг авсан, хэрэглээний 2 метрийн шон ачсан гэж хэлсэн. Өглөө нь Лүн дээр, 22-ын товчоон дээр шалгуулаад хот руу орсон. Шалгасан байцаагч нар ямар нэг зөрчилтэй байна гэж хэлээгүй, тэмдэг дарж өгөөд явуулсан. Хот руу ороод Ханын материалын тэндээс Хангай зах руу эргэдэг дээр алаг тэрэгтэй 1  офицер, дээгүүрээ энгийн савхин куртик өмссөн байсан байхаа /мөрдөсгүй байсан санагдаж байна/ 2 залуу зогсоосон. Тэгээд бичиг баримтаа шалгуул гэсэн. Би машины бичиг баримт, үнэмлэх, модны гарал үүслийн гэрчилгээ гаргаад өгсөн. Бг өөрсдийнхөө машинд суулгаад “намайг дагаад яв, Хангай зах руу оруулаад өгье” гэсэн. Тэд нар үүдэн дээр хоцорсон, би дотогшоо ороод татлагаа тайлаад байж байтал удалгүй миний бичиг баримтыг Б бариад ирсэн. Б тухайн үед “200.000 төгрөгөөр торголоо, надад тасалбар өгөөгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хавтас, хх-166-167/,

Гэрч М.Дагвын: “П.Б нь ...2018 оны 5 дугаар сард 100.000 төгрөг авсан. Мод ачиж ирсэн болохоор модноос нь суутгаад мөнгөө авсан...” гэх мэдүүлэг / хавтас, хх-101-102/,

Шүүгдэгч П.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хахууль өгөөгүй. Хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мэдүүлэг өгөхгүй. ...Би цагдаа Бид хахууль өгөөгүй. Цагдаа Б намайг торгож байна гээд 200.000 төгрөг авсан. Би торгуулийн мөнгө болох 200.000 төгрөгийг цагдаа Бид өгсөн...” гэх мэдүүлэг / хавтас, хх-214-217/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг / хавтас, хх-238-240/,

мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол / хавтас, хх-1/, гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувийн хуулбар / хавтас, хх-27/, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ / хавтас, хх-106/, Хэв  офицерийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт / хавтас, хх-73-74/, Сонгинохайрхан дүүрэг дэх   хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн авто эргүүлд ажиллах офицер, цагдаа-жолооч нарын томилгоо / хавтас, хх-75/,  ерөнхий газрын даргын тушаалууд / хавтас, хх-82, 83/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг / хавтас, хх-184/, мөрдөгчийн “Баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол / хавтас, хх-104/, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтас, хх-108/, П.Бгийн тодорхойлолт гэх гар бичвэр / хавтас, хх-109/, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтас, хх-168-183/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа / хавтас, хх-90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтас, хх-86/, шүүгдэгч П.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтас, хх-84/, шийтгэх тогтоолын хуулбар / хавтас, хх-227-236/, П.Бгийн “Хохирол гомдол байхгүй” гэх гар бичвэр / хавтас, хх-111/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан шүүгдэгч П.Бгийн 2018.05.04-ний өдөр болон 2018.06.11-ний өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлэг / хавтас, хх-10-12, 23-25/, мөн шүүгдэгч Б.Бийн 2018.11.19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг / хавтас, хх-161-162/ зэргийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.    

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн   хэлтсийн Хэв  тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Сэлбэ-116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Бг түр саатуулан шалгахдаа гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажпын байрны тодорхойлолтын 1.5-д заасны дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Бгийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч П.Б нь Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явахдаа 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн   хэлтсийн эргүүлийн офицер Б.Бид гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулахдаа уг гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Бид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Боос 200.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох саналтай. 2 шүүгдэгч ч авцалдаагүй мэдүүлэг өгч байна. Энэ 2 хэзээ ч адилхан мэдүүлэг өгөхгүй. 200.000 төгрөг өгсөн, авсан нь тогтоогдсон. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Прокурорын байгууллага дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа. Гарал үүслийн гэрчилгээ засвартай нь харагдана. Ямар ч цагдаа шалгахад эргэлзэнэ.  хашаанд орохгүйн тулд 960.000 төгрөгөөр торгуулахгүй байх давуу байдал бий болгосон. Б 960.000 төгрөгөөр торгуулах уу гээд 200.000 төгрөг авчихсан. Мөнгийг машиндаа хэрэглэсэн нь огт хамаагүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Хэрэгт авагдсан баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг авцалдаагүй байна. Шүүгдэгч нар ярьсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Бгийн хувьд өөрийнхөө ярьж байгаагаар эрх зүйн байдлаа дордуулж байна. 200.000 төгрөг өгснийг нь албандаа ашигласан гэдэг.  хашаанд орохгүйн төлөө өгч байгаа мөнгө чинь авилга болж байна. Зөрчилгүй зүйл хэрэгт орсон байгаа харагдаж байна. Шүүгдэгч үүргээ гүйцэтгэсэн, шалгасан, явуулсан. Б харин өөрөө яриад байна. Өөртөө давуу байдал болгоод хахууль аваагүй тул гэм буруугүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Бусад асуудал ч байгаа. Ашигтайгаар шийдэж өгнө үү. Өгсөн байж байж авсан нь тогтоогддог. Танайх өгөөгүй бол манайх аваагүй. Иймээс хоёулаа цагаадах ёстой. Эргэлзээтэй баримтыг үндэслэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Прокурорын байгууллага буруу зүйлчилсэн. Хохирогч болох хүн шүүгдэгч болоод байна. 2 тусгай албан хаагч хамтран оролцсон, мөнгийг хувааж авсан. Гэвч 1 нь өнөөдөр алга байна. Б хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй. 200.000 төгрөгөөр хохироод байна. Энэ нь шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Бгийн хувьд давуу байдал бий болоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар санал хүргүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харъяалал тогтоосон учраас өнөөг хүртэл тус зүйл ангиар зүтгүүлээд байна Энэ нь тогтолцооны гажуудал. Бгийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-ийг хэрэглэх, эсхүл шүүх цагаатгах боломжтой байгаа. Иймээс цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг гэж үзэж байна. Б айсандаа, төвөгшөөсөндөө мөнгө өгсөн. Түүнээс өөртөө давуу байдал бий болгоогүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн   хэлтсийн Хэв  тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Сэлбэ-116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Бг түр саатуулан шалгахдаа гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Бгийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч П.Б нь  АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явахдаа 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн   хэлтсийн эргүүлийн офицер Б.Бид гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Бид 200.000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Бгийн “...14 цагийн үед Сонсголонгийн уулзвар дээр  автомашинтай алба хаагч зогсоосон. Миний ачиж явсан модны гарал үүслийн гэрчилгээг шалгаад “он, сар, өдөр нь засвартай байгаа тул торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би “мөнгө муутай явна, 100.000 төгрөгөөр торгочихож болох уу” гэхэд “болохгүй ээ, 200.000 төгрөгөөр торгоно, торгуулийн мөнгөө өг” гээд байхаар нь өөрт байсан 100.000 төгрөгөө өгсөн. “Үлдсэн 100.000 төгрөгөө өг” гэхээр нь “ачиж явсан модоо Хангай зах дээр аваачиж зарна, тэгээд өгье” гэхэд цагдаа нар машинтайгаа араас дагаад Хангай зах дээр очсон. Би тэндээс Дагва гэх хүнээс 100.000 төгрөг зээлж аваад цагдаад өгсөн. Надад торгуулийн тасалбар гэх зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг / хавтас, хх-43-45/,

гэрч Б.Хүрэлцэцэгийн “...Улаанбаатар хотын 22-ын товчоон дээр цагдаа зогсоогоод манай нөхрийн ачиж явсан “модны гарал үүслийн гэрчилгээний он, сар, өдөр засвартай байна, араас дагаад яв” гэж машиндаа Жамбал ахыг суулгаад явсан. Тэгээд цагдаатай нөхөр П.Б уулзаад “200.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд надаас 100.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд удалгүй “200.000 төгрөгөөр торгуулчихлаа” гээд ирсэн юм...” гэх мэдүүлэг / хавтас, хх-48-51/,

гэрч Ө.Энхбаатарын “...хуучин 22-ын товчоо өнгөрөөд АРХ улсын дугаартай ачааны автомашин ачаа ачсан, ачаагаа берзентээр хучсан байхаар нь чанга яригчаар “баруун тийшээ шахаж зогсоорой” гэж хэлээд зогсохоор нь би очоод жолоочийн болон ачааны бичгийг шаардахад “мод ачсан байгаа” гээд гарал үүслийн бичиг гаргаж өгсөн. Би бичиг баримтыг нь авсан боловч модны гарал үүслийн бичгийг яаж шалгадаг гэдгийг мэдэхгүй болохоор машинд сууж байсан офицер Бид аваачиж өгсөн. ...Б машинаас зөрж буугаад Бгийн машины хажуу талд явган зам дээр очоод уулзсан. Тэгээд уулзчихаад буцаж хүрч ирээд “явъя” гэсэн. “Энэ яасан юм бэ” гэхэд “яршиг яршиг, хаяя” гэсэн. ...Б ...“дээр шалгасан Б гэх хүний модыг 200.000 төгрөгөөр торгочихсон юм, тэгтэл хэлтсийн дарга мэдчихжээ, одоо яах вэ...” гэхээр нь...” гэх мэдүүлэг / хавтас, хх-157-158/,

гэрч Ц.Жамбалын “...Би машины бичиг баримт, үнэмлэх, модны гарал үүслийн гэрчилгээгээ гаргаад өгсөн. Бг өөрсдийнхөө машинд суулгаад “намайг араас дагаад яв, Хангай зах руу оруулаад өгье” гэсэн. Тэд нар үүдэн дээр хоцорсон, би дотогшоо ороод татлагаа тайлаад байж байтал удалгүй миний бичиг баримтыг Б бариад ирсэн. Б тухайн үед хэлэхдээ “200.000 төгрөгөөр торголоо, гэхдээ надад тасалбар өгөөгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хавтас, хх-166-167/, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ / хавтас, хх-106/, гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувийн хуулбар / хавтас, хх-27/, хэв  офицерийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт / хавтас, хх-73-74/, Сонгинохайрхан дүүрэг дэх   хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн авто эргүүлд ажиллах офицер, цагдаа-жолооч нарын томилгоо / хавтас, хх-75/,  ерөнхий газрын даргын тушаал / хавтас, хх-82, 83/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, өмгөөлөгч нарын “...Хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэгдээгүй, П.Б өөртөө давуу байдал бий болгоогүй, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгох ёстой эсхүл цагаатгах ёстой. Б.Б үүргээ гүйцэтгэж эргэлзээтэй гэрчилгээг шалгасан, холбогдох баримт нь байсан учраас шалгаад явуулсан тул шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэж шүүх хуралдаанаар дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа боловч тэдний хооронд ямар ашиг сонирхол байсан, хэрхэн ямар шалтгааны улмаас  албан хаагчид мөнгө өгсөн, авсан талаар баримтат мэдээллээр эргэлзээгүй баталсан нь хэрэгт авагджээ.

Дээрх нөхцөл байдлууд нь тэдний хооронд ямар нэгэн дарамт, тулган шаардалт байсан гэх эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүйг, хахууль авагч, өгөгч талуудын харилцан ашиг сонирхол буюу шүүгдэгч П.Бгийн хувьд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх /тээврийн хэрэгслээ  хашаанд хийлгэхгүй байх гэх мэт/, албаны шалгалтыг зохих ёсоор үргэлжлүүлэн явуулуулахгүй байх зэргээр өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс  албан хаагчид 200.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Б.Бийн хувьд П.Бгийн дээр дурдсан ашиг сонирхлын үүднээс баримтжуулах арга хэмжээ авахгүй байх, холбогдох албан тушаалтанд мэдэгдэхгүй, шилжүүлэхгүй байх зэргээр албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүйн төлөө 200.000 төгрөг авсан нь тэдний харилцан ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлж байгаа нотолгооны үндэслэл юм.        

Эрүүгийн хуульд заасан “Хахууль авах, хахууль өгөх” гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч Б.Б, П.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Уг гэмт хэрэг нь сонгох ялтай байгаа. Шүүх гэм бурууг тогтоосон, шүүгдэгч өөрөө ч зөвшөөрч байна. 10 гаруй жил  байгууллагад ажилласан, албанаасаа чөлөөлөгдсөн байгааг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Б.Баттулга “Хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харгалзан торгох ял өгнө үү. 2700 нэгжээр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч Б.Бийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

харин шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нийгэмд учруулах хор уршиг их, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар ихтэй байдал/, шүүгдэгч нарын хувийн байдал /гэр бүлийн байдал, шүүгдэгч Б.Б  байгууллагад 12 жил ажилласан гэх, шүүгдэгч П.Бгийн эрүүл мэндийн байдал, тэдний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу чин санаанаасаа гэмшихгүй байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын “Шүүгдэгч Б.Бид торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн нийтийн албан томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 6 сарын хорих ял шийтгэж, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч П.Б урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон.

Харин шүүгдэгч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр буюу урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан 1 жилийн хугацаанд “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч П.Бд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын “шүүгдэгч П.Бд торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч П.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус эхлэн тоолохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Бийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Архангай аймгийн Ихтамир сумын ойн ангиас П.Бд олгосон 1626599 дүгээр мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ нь хэргийн  хавтасны 106 дугаар хуудсанд байгааг тэмдэглэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37. зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанцангууд овогт Батжанцангийн Бийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржгон овогт Пүрэвжавын Бг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч П.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолсугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Архангай аймгийн Ихтамир сумын ойн ангиас П.Бд олгосон 1626599 дүгээр мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ нь хэргийн  хавтасны 106 дугаар хуудсанд байгааг тэмдэглэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, П.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР