Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 2019           5             16                                             2019/ДШМ458                                   

                                                                                            

Б.Бд, П.Ба нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Уртнасан,

шүүгдэгч П.Багийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 669 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Б.Бд, П.Ба нарт холбогдох 1808026200309 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Жд овгийн Б-гийн Бд, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн ........ ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

2. Б овгийн П-ын Ба, 1978 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

..... Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.Бд нь Сонгинохайрхан дүүргийн ....................... ажиллаж байхдаа, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Сэлбэ 116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 56-81 АРХ улсын дугаартай, “Kia Rio” загварын тээврийн хэрэгслээр 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Баг түр саатуулан шалгахдаа, гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтын 1.5-д заасны дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Багийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

П.Ба нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 56-81 АРХ улсын дугаартай, “Kia Rio” загварын тээврийн хэрэгслээр 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер Б.Бдид гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулахдаа уг гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Бдид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

П.Багийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус нотлож тогтоох шаардлагатай. Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэл өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Улсын яллагч өөрийн төсөөллөөр яллаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагын автомашинд уг 200.000 төгрөгөөр засвар хийгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд цагдаагийн байгууллагыг иргэний нэхэмжлэгч, эсхүл иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх ёстой. Хэргийг нотлох талаар бүрэн ажиллагаа хийгээгүй. П.Багийн ямар ашиг сонирхол байгаа, түүнд ямар давуу байдал олгосноо нотлож чадахгүй байна. Гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөх ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг тэмдэглэж байна.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 60-66/, шүүгдэгч Б.Бдийн мэдүүлэг /1хх 238-240/, гэрч Ө.Энхбаатарын мэдүүлэг /1хх 157-158/ зэргээс дүгнэхэд 20-55 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200.000 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдож байна. Иймд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай. Мөн шүүгдэгч П.Багийн хувийн байдлыг /иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдаагүй, урьд ял шийтгүүлсэн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг/ тодруулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.Бд, П.Ба нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Б.Бд, П.Ба нарт холбогдох хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, яллагдагч Б.Бд, П.Ба нарт холбогдох эрүүгийн 1808026200309 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Бдид холбогдох гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, П.Бад холбогдох гэмт хэрэг нь хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагаас зайлсхийж өөртөө ашигтай байдал бий болгох гэсэн сэдэлт, зорилготой, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тус тус үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Мөн яллагдагч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан нөхцөлүүд бүхлээрээ, эсхүл тодорхой зарим нөхцөлийн чухам алийг нь, аль яллагдагчийн хувьд тогтоогоогүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэл өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй гэсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэж, ямар үйл баримтад тулгуурлаж дүгнэсэн нь тодорхойгүй буюу ойлгомжгүй байна. Мөн захирамжид “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан санал, дүгнэлтийг тэмдэглэж байна” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт, прокуророос тухайн асуудлыг няцаан үгүйсгэж байгаа дүгнэлт зэрэгт шүүх өөрийн байр сууринаас ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхой бус байна гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Шүүгдэгч Б.Бд нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашигладаг албаны автомашин болох 20-55 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 200.000 төгрөг зарцуулсан асуудалд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагагүй юм. Тухайн тээврийн хэрэгсэлд сэлбэг хэрэгсэл авсан үйлдэл нь албан байгууллага, түүний удирдлагаас шахаж шаардаж хийлгэсэн зүйл биш, зөвхөн өөрсдийн зүгээс сайн дурын үндсэн дээр эрхэлж буй ажил, албандаа хандах хандлагын илэрхийлэл гэдгийг шүүгдэгч Б.Бд болон гэрч Ө.Энхбаатар нар тодорхой, ойлгомжтой мэдүүлсэн. Нөгөөтэйгүүр П.Багаас 200.000 төгрөгийг авснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд түүнээс цааш гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө Б.Бд нь хэрхэн, юунд зарцуулсан асуудал нь энэ гэмт хэргийн шийдвэрлэлт болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй юм.

Шүүгдэгч П.Багийн иргэний үнэмлэхний хуулбарын хувийг хэрэгт хавсаргасан тул лавлагааг дахин гаргуулах шаардлагагүй. Хэрэв тухайн хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхний хуулбарыг үнэн зөв эсэхэд эргэлзээ байвал улсын бүртгэлийн газраас албан ёсны лавлагааг прокуророос гаргуулсан байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөх боломжтой тул энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй гэж үзнэ. Мөн түүний урьд ял шийтгүүлж байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоолыг албан ёсны сайт болох Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас авч хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь тухайн баримтын баталгаат эх сурвалж болж байгаа тул нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 669 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Уртнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах 3 үндэслэл заасан. Тухайлбал, хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэсэн 3 үндэслэл байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй байна. Төрийн байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, автомашинд эд зүйл худалдаж авсан асуудлыг тогтоо гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдэд дүгнэлт хийж үзэхэд, хэрэгт холбогдсон этгээд нь гэмт хэргийн улмаас олсон мөнгөө өөрөө сайн дураараа албанд хэрэглэж байсан автомашиндаа эд зүйл худалдан авч тавьсан нь тогтоогдсон. Мөн холбогдогч нарын өмнө ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар шаардлага хангахгүй гэж үзвэл шүүхийн шийдвэрийн нэгдсэн системийн сангаас татаж авах, эсхүл прокуророос гаргаж өгөх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Багийн өмгөөлөгч Б.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцлийн талаар товчхон ярьлаа. Прокурор Б.Дэлгэрдалай залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гээд Авлигатай тэмцэх газарт өгсөн. Дараа нь прокурор О.Сарангэрэл дээр хэрэг ирээд 1 сар болсон. Ямар үндэслэлээр 1 сар болсон нь ойлгомжгүй, хийсэн ажиллагааны баримтууд байхгүй. Тэгээд П.Баг яллагдагчаар татсан атлаа хохирогчоор татах үндэслэлээ үгүйсгэсэн тогтоол нь байхгүй. Сүүлд прокурор Д.Ширэндэв хяналт тавьсан. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцсэн. Тухайн хүсэлтэд О.Сарангэрэл гэх прокурорыг Авлигатай тэмцэх газарт өгнө гэсэн. Учир нь, тухайн прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавиагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчөөгүй. Тухайн тээврийн хэрэгсэлд 200.000 төгрөгийг хэрхэн зарцуулсныг яаж шалгасан юм бэ. Энэ талаар мэдүүлэг өгсөн байгаа ч  нэг хүний мэдүүлгээр эрүүгийн хэргийг шийдвэрлэхгүй, нотлогдсон гэж үзэхгүй. П.Ба өөрөө бичиг баримт, гарал үүслийн гэрчилгээний он, сар, өдөр  зөрүүтэй байгаа талаар мэдээгүй учраас цагдаад хахууль өгөх сэдэлт, санаа зорилго байгаагүй. Цагдаагийн байгууллага Б.Бдид арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. Эдгээр асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх яллагдагч Б.Бд, П.Ба нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагааг хийсэн байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч,  яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирамжид заасан П.Багийн хувийн байдлыг /иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол нотлох баримтын шаардлага хангахгүй гэх/ тодруулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Бд, П.Ба нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 669 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бд, П.Ба нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Бд, П.Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН