Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01252

 

Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1386 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ИЗМНэг” ХХК-д холбогдох,

9 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Өлзийбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагчтай 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах Голдин вилл хотхоны 101 дүгээр байранд шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Баригдаж байгаа барилгын давхар бүрээр нь шаврын ажил хийгээгүй ба шавар хийх шаардлагатай гэсэн газарт шаврын ажил хийнэ гэж “IZMOne” ХХК-ийн захирал О.Амартүвшин хэлсэн. 101 дүгээр байрны 7 ба 8 дугаар давхар тус бүр 600 м.кв талбай, 5 давхарт 300 м.кв талбай шавардаж нийт 1500 м.кв талбайд шаврын ажил хийсэн ба талбайг тухайн үед хэмжсэн. Гэрчээр асуугдсан Ж.Ганцэцэг энэ талаар мэдүүлсэн байгаа. н.Үнэнбат гэх инженертэй хамт явж хийсэн ажлаа хүлээлгэн өгч, шаардлага хангаагүй хэсэгт шаврын ажил хийгээгүйг хасч 1500 м.кв талбайд шавар хийсэн гэж тооцсон. 1 м.кв-ыг 6 500 төгрөгөөр тооцоход 9 750 000 төгрөг гарсныг хариуцагч мэдэж байсан ба энэ талаар бичиг хийж өгсөн.Хариуцагчаас 9 750 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 7 000 000 төгрөгийг хариуцагч төлнө гэж зөвшөөрвөл энэ үнийн дүнд эвлэрэхэд татгалзахгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хийсэн ажлын хөлс шаардаж байгаа. Ажлын үр дүнг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн, нийт 1900 м.кв талбайд шаврын ажил хийсэн боловч 1500 м.кв талбайд ажлын хөлс өгнө гэж О.Амартүвшин хэлж, баталгаа хийж өгсөн.Иймд 7 000 000 төгрөгөөр тохирохгүй бол 9 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ж.Ганцэцэгтэй барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 1 сарын хугацаатай байгуулсан. Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтаар Ж.Ганцэцэг нь баригдаж байгаа барилгын дотор засал хийх үүрэгтэй байсан. Гэрээний 1.3-т заасан шаврын ажлыг Ж.Ганцэцэг нь Ө.Ундрахцэцэгтэй харилцан тохиролцож хийлгэсэн байдаг.Манай компани гэрээний дагуу урьдчилгаа 30 000 000 төгрөгийг Ж.Ганцэцэгт шилжүүлэн өгсөн. Иймд Ж.Ганцэцэгт урьдчилгаа болгон өгсөн 30 000 000 төгрөгөөс Ө.Ундрахцэцэгийн хийж гүйцэтгэсэн шаврын ажлын хөлс багтсан ба Ө.Ундрахцэцэг нь манай компаниас ажлын хөлс шаардах эрхгүй. Манай компани ажил гүйцэтгэх гэрээг Ж.Ганцэцэгтэй байгуулсан, харин Ж.Ганцэцэг нь Ө.Ундрахцэцэгтэй тохиролцож шаврын ажил хийсэн учраас Ө.Ундрахцэцэг нь Ж.Ганцэцэгээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “IZMOne” ХХК-иас өгсөн баталгаа бол Ж.Ганцэцэгтэй тохирсон туслан гүйцэтгэгч гэж ойлгож баримт үйлдсэн байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хуулийн 347 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэсэн тул Захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “IZMOne” ХХК-д /ИЗМНэг/-иас нийт 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “IZMOne” ХХК-д /ИЗМНэг/-иас улсын тэмдэгтийн хураамж 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1386 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч О.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“ИЗМнэг” ХХК, иргэн Ж.Ганцэцэг нар харилцан тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажил гүйцэтгэх явцдаа Ж.Ганцэцэг, Ө.Ундрахцэцэг нар харилцан тохиролцож дээрх гэрээний 1.3-т заасан ажлын зөвхөн Өрлөг-шаврын ажлыг Ө.Ундрахцэцэгээр хийлгэхээр тохиролцсон байдаг. “ИЗМнэг” ХХК нь гэрээнд тохирсон ёсоор дотор заслын ажлын үнийн дүнгийн 30 хувь болох 30 000 000 төгрөгийг Ж.Ганцэцэгт олгосон ба үүнийг Ж.Ганцэцэг нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.“ИЗМнэг” ХХК нь нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгтэй ажил гүйцэтгэх гэрээ амаар болон бичгээр байгуулаагүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2 баримтад үндэслэн “ИЗМнэг” ХХК-ийг Ө.Ундрахцэцэгтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэдэг. Гэтэл уг баримтууд нь дээрх үндэслэлийг нотлох ач холбогдолтой баримт биш юм. Эхний баримтыг хийж өгсөн гэх О.Түвшинтөгс нь компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрх бүхий этгээд биш гэдгийг бид 2 шатны шүүхэд тайлбарлаж байсан. Дараагийн баримтын хувьд Ө.Ундрахцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагад оруулсан 5, 8 дугаар давхарын тухай огт дурдаагүй бөгөөд агуулгын хувьд цаашид үргэлжлүүлэн хийх ажлын хөлсийг Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ж.Ганцэцэгт олгох тухай Ө.Ундрахцэцэгт хийж өгсөн баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг баримтын агуулгыг өөрт ашигтайгаар шүүхэд тайлбарлаж, шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон дээрх баримтуудад байгаа давхаруудын зөрүү, нотлох баримтын эргэлзээтэй байдал, бодит байдалд хэр нийцэж байгаа зэргийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “...гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байдаг. Гэтэл хавтас хэрэгт Ө.Ундрахцэцэгээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт огт авагдаагүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах этгээдийг хэлнэ.” гэжээ. Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө бригадын ахлагч, Солонгос Улсын ажилчдын хийсэн ажлын хөлсийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Солонгос иргэдийг төлөөлөх эрхээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний оролцогч тал тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “IZMOne” ХХК хариуцах этгээд мөн болох нь хангалттай бүрэн тогтоогдоогүй  байна. Нөгөө талаар, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, улмаар маргааны зарим үйл баримт баримтаар тогтоогдоогүй, тодорхой бус үлджээ. 

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг нь хариуцагч  “IZMOne” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулах шаардлагаа О.Түвшинтөгсийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бичсэн гэх баримт, “IZMOne” ХХК-ийн ерөнхий захирал О.Амартүвшингийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг зэрэгт үндэслэжээ \хх-ийн 2-3 дугаар тал\.

О.Түвшинтөгс нь “IZMOne” ХХК-ийг төлөөлж, үүрэг хүлээх хэлцэл хийх этгээд мөн эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна уг баримтад Ө.Ундрахцэцэгтэй 7, 8, 9, 10 давхрын шаврын ажлыг 1мкв-г 6 500 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон тухай заасан бол нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг 7, 8, 5 дугаар давхрын ажлын хөлс шаардсан байна.

 “IZMOne” ХХК-ны 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт 2, 4, 7, 9, 6  дугаар давхрын шаврын ажлын хөлсийн талаар баталгаа өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн дүйцэж байгааг шүүх дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй ба түүний нэхэмжлэлдээ зааж, шүүхэд гаргаж өгсөн дээрх хоёр баримт нь шаардлагыг нь бүрэн хэмжээгээр нотлохгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг нь нэхэмжлэлдээ ““Голден вилл” хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр “IZMOne” ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ыг хүртэл хийж гүйцэтгэсэн” гэжээ. Хариуцагч “IZMOne” ХХК Ж.Ганцэцэгтэй 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан заслын ажлыг гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан байх ба гэрээний 1.3.-т дотор заслын ажилд “шавар” гэж заасан байна \хх-ийн 47-51 дүгээр тал\.

Энэхүү “шавар”-ын ажил нь нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэгийн гүйцэтгэсэн гэх ажил биш гэж үзэх үндэслэл баримтаар хангалттай тогтоогдоогүй, Ж.Ганцэцэгийн гэрээгээр гүйцэтгэх ажил, хариуцагчаас авах хөлс зэрэг нь Ө.Ундрахцэцэгийн гүйцэтгэх ажил, авах хөлсөд хамаарахгүй гэж дүгнэх нотолгоог хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой тусгаагүй байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1., 347.2.-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болдог бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцдаг. Шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалт зохигчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Ганцэцэг нарын хоорондох харилцаанд хамаарах эсэх талаар эрх зүйн үүднээс, нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “IZMOne” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг шаврын бригадын ахлагч Ө.Ундрахцэцэгт хаяглагдсан байх ба тухайн бригад хэдэн хүнтэй болох, нэхэмжлэгч Ө.Ундрахцэцэг бригадын гишүүдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

Хариуцагч компанийн нэрийг нэхэмжлэгч, хариуцагч тал болон шүүх “IZMOne” ХХК, “IZM One” ХХК, “IZ Mone” ХХК, “IZMONE” ХХК, “ИЗМНЭГ” ХХК гэж өөр өөрөөр бичсэнээс маргаантай эрх зүйн харилцааны оролцогч талд нэг, эсхүл хэд хэдэн хуулийн этгээд оролцож буй нь ойлгомжгүй болжээ.

Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэх, шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1386 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН