Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 583 дугаар магадлалтай, Б.Ад холбогдох 1803010540084 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тулга овогт Б.А нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 2.533.151 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цад олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тулга овгийн Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Ад тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аыг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “…Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Аыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тулга овогт Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.“ гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах” нэмэгдэл ял оногдуулахаар заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах... нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуульд зааснаас доогуур хэмжээний нэмэгдэл ял оногдуулсан байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 583 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Аыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 3-5 жилийн хугацаагаар оногдуулах ёстой байхад 1 жилийн хугацаагаар оногдуулж хуульд зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэсэн өөрчлөлт оруулахдаа хуульд зааснаас доогуур нэмэгдэл ял оногдуулсныг анзаараагүй дээрх өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх гэм хор, хор уршиг арилаагүй байхад 1 жилийн хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохироогүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорын яллах дүгнэлтээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32 дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед 46-18 УНС улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цыг мөргөж амь насыг нь хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэхдээ тухайн зүйл, хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах...” нэмэгдэл ял оногдуулахаар заасан байхад хуульд зааснаас доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөөгүй нь давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

              

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН