Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 583

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандын өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Ад холбогдох 1803010540084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тулга овгийн Бын А, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Нийслэлийн онцгой байдлын газрын харъяа “...” Төрийн өмчит хувьцаат компанийн Гэрээт галын хэсэгт туслах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32 дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08.05 цагийн үед          “Тоёота Приус-20” загварын ...УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цэцэгсайханыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тулга овогт Бын Аыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 2.533.151 (хоёр сая таван зуун гучин гурван мянга нэг зуун тавин нэг) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнханд нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 355771 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эрдэнэт хүний амь бие үрэгдсэнд маш их харамсаж, тухайн гэмт хэргийг үйлдсэндээ туйлын их гэмшиж байна. Миний бие урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Онцгой байдлын албанд тасралтгүй 18 жил ажиллахдаа 67 хүний амь бие, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн олон зуун сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж, төр засгаас “Эр зоригийн алдар”, “Цэргийн алдар”, “Онцгой байдлын төлөө” 2, 3 дугаар зэргийн тэмдэг, гал түймэртэй тэмцэх байгууллагын 80, 90 жилийн ойн медаль, Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдаж байсан. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2016 оны 12 дугаар сард “Радикулетны синдром” оноштойгоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн 2 сар хэвтэж эмчлүүлсэн. “MRI” оношилгоогоор L1-L6 диск эрс намссан. Мөгөөрс сэтэрсэн. Нугас үрэвсэж шохойжсон. Баруун талын мэдрэлийн судас дарагдсан яаралтай мэс засал хийх шаардлагатай гэж дүгнэсэн боловч ар гэрийн гачигдлаар өнөөг хүртэл хагалгаанд орж чадаагүй бөгөөд өөрийн боломжийн хэрээр гэрээр асаргаа сувилгаа хийлгэсээр өдийг хүрлээ. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цаашид ч талийгаачийн ар гэр болон охинд нь тусалж дэмжиж явахаа илэрхийлж байна. Мөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, миний болон ар гэр, үр хүүхдүүдийн минь өнөө болон ирээдүйн амьдралд гэрэл гэгээ хайрлана уу...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа төдийгүй, зам тээврийн осол гарахад явган зорчигчийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн. Б.Аын хувийн байдлын тухайд: Б.А нь төрийн албанд олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй хөдөлмөрлөж байсан, урьд ял шийтгэлгүй, гэмт хэрэг, аливаа зөрчилд холбогдож байгаагүй, зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсан гэмшиж байдаг. Мөн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хор уршгийг бүрэн гүйцэт арилгах боломжгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандаас хэргийн материалд гаргаж өгсөн 2.075.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын баримтаар хязгаарлалгүй, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд 5.075.000 төгрөгийг сайн дураараа төлсөн. Үүнээс гадна 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хохирогч талаас гаргаж өгсөн 6.031.873 төгрөгийн шаардлагыг бүрэн хангахаа илэрхийлж байсныхаа дагуу шүүгдэгч Б.А, түүний ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6.031.873 төгрөгийг бүрэн төлж, хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийн аль тохирох хэсгийг журамлан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...:Хохирол бүрэн барагдсан. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Аыг заавал хорих шаардлагагүй, тэнсэж хянан харгалзаад талийгаачийн 6 настай хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг гаргуулах хүсэлтэй байгаа...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн тал дээр гомдолтой, тодорхой хэмжээний зардлыг гаргуулж авах талаар мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хохирлыг барагдуулаагүй гэж дүгнэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцогч нар хохирол, төлбөрөө бүрэн шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, тухайн үед үзэгдэх орчин хангалтгүй үед тодорхой хурдыг тохируулж яваагүй байдлууд тогтоогдсон. Мөн хохирогч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан үйлдэл байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах саналд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Бын А нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32 дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед ...УНС улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-д заасан: “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглоно: Үүнд Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цэцэгсайханыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн баруун талын замд явж байтал гэнэт түс хийж тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарсан. ...Тэгээд бид хоёр буугаад хартал тээврийн хэрэгслийн баруун урд талд эмэгтэй хүн зам дээр унасан хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-14),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 58-61),

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны 990 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 78-82),

шинжээч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Суудлын тээврийн хэрэгслийн хээний гүний стандарт 1.6мм-ээс дээш байна. Иймд уг тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны хээний гүн нь 1.0 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 95-96),

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 47 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 88-89),

шинжээч Л.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сонгинохайрхан дүүргийн техник хяналтын үндэсний төвийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 990 дугаартай оношилгооны дүгнэлтэд Тоёота Приус 20 загварын ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос өрөөлдөж барих нь осолд уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 93-94),

шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлээд явж байтал түс хийх чимээ гарсан. Юу болов гээд бодох завгүй л тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доод хэсэгт хүний толгой харагдсан. Тэр үед би тоормос гишгээд зогссон. Тэгээд бууж хартал жолооч талын хаалганы хажууд эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр үед хохирогчийн толгой болон хацар хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 105-106) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Б.Аыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчлан тогтоожээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.084.800 төгрөгийг, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 2.533.151 төгрөгийг бүрэн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд зааснаар тэнсэх боломжтой гэж дүгнээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тулга овгийн Бын Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Ад тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Бын А/РД:.../-г нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ