Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 401

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Энхжаргал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............д, түүний өмгөөлөгч Д.Жаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0267)

шүүгдэгч Б.А............л, түүний өмгөөлөгч Э.Батбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2454) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Тулга овогт Б.............тын А............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0105 40084 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тулга овогт Б.............тын А............л, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Зэрэг суманд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Нийслэлийн онцгой байдлын газрын харъяа “Дулаан цахилгаан станц 3” төрийн өмчит хувьцаат компани гэрээт галын хэсэгт туслах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Яллагдагч Б.............тын А............л нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32 дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед ........... УНС улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ц...........ныг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.А............л мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өглөө эхнэр, охины хамт ажил руугаа явсан...тэгээд би засмал зам руу орох гэж байхад...миний урд, хойд талаар машин ирж байхаар нь хурдаа хасаж нөгөө машиныг өнгөрөөсөн. Гэтэл түс хийх чимээ гараад машины цонхны баруун доод буланд хүний царай харагдахаар нь зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь хаалганы доор талд эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаа, түргэн тусламж дуудсан...тухайн үед хохирогчийн толгойн тус газраас цус гарч байсан...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............д мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14-15 цагийн үед Улаанбаатар хотоос байцаагч над руу яриад нас барсан гэдгийг мэдсэн. Санамсаргүй хэрэг гарлаа. Залуучууд болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Би өөрөө тэтгэвэр авдаггүй болохоор талийгаачийн үлдсэн 6 настай хүүхэд хэцүү байна. Шүүгдэгч 1.800.000 төгрөг бэлнээр мөн 3.000.000 төгрөг төлсөн. Талийгаачийн 21 хоногт нь мөнгө хэрэгтэй байна гэж залгаж ярихад шүүгдэгч банкаар шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан 33 хуудас баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилнэ. Гомдолгүй гэж хэлэхэд хэцүү  байна. А............лыг эцэг хүний мөн чанар гаргаж талийгаачийн хүүхдэд нь тусламжийн гараа сунгах болов уу гэж бодож байна. А............л нь талийгаачийн 6 настай хүүхдийг нь 18 нас хүртэл нь тэжээн тэтгэж чадах юм бол гомдолгүй...” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний талийгаач охин Н.Ц...........н нь зун, намрын улиралд Шаамар суманд хүнсний ногоо тарьж хүүхдүүдийнхээ хэрэгцээний мөнгө төгрөгийг олдог байсан. Өвөл болохоор Улаанбаатар хотод ирж ойр зуурын ажил олж хийдэг байсан. Охин минь хотод Баянзүрх дүүрэгт өвөө, эмээгийнхээ хашаанд, миний төрсөн дүүтэй хамт амьдарч байсан. ...Миний талийгаач охин Н.Ц...........н нь сүүлийн 2 жил хүмүүсээс сонсоход архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг болсон талаар чихэнд дуулддаг болсон харин тамхи огт хэрэглэдэггүй байсан. ...би талийгаач охиныхоо буяны ажилд өөрөөсөө баримтаар 1.585.856 төгрөг баримтгүйгээр 490.000 төгрөг зарцуулсан. Нийт 2.075.856 төгрөгийг зарцуулсан. ...Жолооч талийгаач охины минь буяны ажилд 3.000.000 төгрөг өгсөн...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Цагдаагийн газраас над руу залгаж охин минь зам тээврийн осолд орж нас барсан талаар хэлсэн...манай гэр бүлийн зүгээс талийгаач охиныхоо буяны ажилд зарцуулсан мөнгө хохирлоо нэхэмжлэх болно ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

2. Б.Б...........ндын (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн орчим гэрээсээ ажилдаа явахаар нөхөр Б.А............л охин Б.Цэлмүүн нарын хамт охиноо өнжүүлэхэд нь хүргэж өгөхөөр бид гурав гэрээсээ гарсан юм. Тэр үед манай нөхөр Б.А............л миний нэр дээр байдаг гэхдээ манай гэр бүлийн дундын өмч Т.Приус-20 маркийн 26-18 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн баруун талын замд явж байтал хойд талд явж байсан жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэр үед манай нөхөр хурдаа хасаж гүйцэж түрүүлсэн автомашиныг урдаа оруулаад явж байтал гэнэт түс хийж автомашины урд салхины шил хагарсан. Юу болов гээд манай нөхөр Б.А............л тоормос гишгэж зогссон. Тэгээд бид хоёр буугаад иртэл автомашины баруун урд талд эмэгтэй хүн унасан зам дээр хэвтэж байсан. Тэр үед манай нөхөр би хүн алчихлаа гээд уйлаад сөхрөөд суусан...Мөргүүлсэн хүний толгой болон чихнээс нь цус гарсан байсан...удалгүй түргэн тусламж ирээд хохирогчийн биеийн байдлыг үзээд нас барсан байна гэж хэлээд орхиод явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

Иргэний хариуцагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн орчим манай нөхөр Б.А............л миний эзэмшлийн Т.Приус-20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ажилдаа явсан юм...Надад хохирогчийн буяны ажилд зарцуулсан мөнгө төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр бид хоёр талийгаачийн буяны ажилд одоогоор 3.000.000 төгрөг өгсөн. Цаашид ар гэрээс нь талийгаачийн буяны ажилд зарцуулсан баримтаа өгөхөөр нь танилцаад төлж барагдуулах болно...миний эзэмшлийн Т.Приус-20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашинд ослын улмаас урд буфер хагарсан, урд салхины шил хагарсан, жолооч талын их гэрэл хагарсан баруун урд крыло хонхойсон байсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 151 дугаар дүгнэлт

Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:... Зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд 0.8х0.5см зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан шархтай. Духны зүүн төвгөр, зүүн хөмсгийг хамарсан хагас дугуйрсан 6х0.3 см духны зүүн дээд үстэй нийлэх заагт 3.5х1.5см талбайд 1.5х0.2см хүртэл хэмжээний 6-7 ширхэг, эрүүний зүүн хажуу хэсэгт 4х1.5см хүртэл хэмжээний олон тооны зураасан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн хацрын төвгөрт 2.7х1см арьсны өнгөн давхарга хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай, эргэн тойронд 3.5х3см хүрэн шаргал өнгийн зураасан зулгаралттай. Баруун гуяны дунд дотор хэсэгт 1.5х1см хүрэн шаргал өнгийн туяа бүхий хуучин цус хуралттай.

Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу зүүн чамархайн дээд хэсэгт 7х4см хар хүрэн өнгийн цус хуралттай, бусад хэсгээр цайвар ягаан өнгөтэй...зүүн чамархайн булчинд хар хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой, суурь яс: Зүүн чамархай, зулайн ясанд 10х7см талбайд цацраг хэлбэрийн олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн хугарлын ирмэг дотогш орсон хугаралтай. Уг хугарал нь урагш духны зүүн хэсэг рүү, арагш зүүн зулайн ар хэсэг рүү доош хөндлөн үргэлжлэн хоёр талын чулуулаг, турк эмээл, баруун чамархай, зулай руу хүрсэн хугаралтай. Тархины хатуу хальс бүтэн. ...бага тархи 10х8х3.5см тогтоц зөөлөн, орой хэсгийн аалзан хальсан дор угааж хусахад арилахгүй хар хүрэн өнгийн тархмал цус харвалттай, тархины эдэд голомтот эмгэг өөрчлөлт. Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан дор угааж хусахад арилахгүй тархмал цус харвалттай, уг цус харвалтыг зүсэж шалгаж үзэхэд тархины бор цагаан эдэд хар хөхөлбөр өнгийн цэгчилсэн цус харвалт няцралын голомттой. Зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эд зөөлрөн улбайсан, зүсэж үзэхэд тархины эд шаргал өнгөтэй болсон...

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Авто осол: Гавал тархины битүү гэмтэл: Зүүн чамархай, зулай ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, дух, хоёр талын чулуулаг, турк эмээл, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал. Их тархины зүүн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал. Зулайн хуйхны няцарсан шарх. Зүүн чамархайн булчин, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Дух зүүн хацар, эрүүнд зулгаралт

3. Хүнд зэргийн согтолт: тархины баруун дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн зөөлрөл /маляци/. Баруун гуянд хуучин цус хуралт...ДҮГНЭЛТ

1.Талийгаач Н.Ц...........нгийн цогцост зүүн чамархай, зулай ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, дух, хоёр талын чулуулаг, турк эмээл, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хуйхны няцарсан шарх, зүүн чамархайн булчин зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтлүүд байна.

3. Үхэлд хүргэх өвчин эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. 2018 оны 12 дугаар сарын 25-ны 16 цаг 40 минутын цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 8-9 цаг орчим болсон байна.

6. Талийгаачийн цус нь В /lll/ бүлгийн харъяалалтай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-61),

4. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000990 дугаартай дүгнэлт

1. ........... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд салхины шил хагархай, баруун урд их гэрэл хагархай, урд буфер баруун хэсэг хагарч цуурсан, хойд буфер баруун, зүүн тал түгжээнээс мултарсан, баруун урд оврын гэрэл асахгүй, Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1.0мм (стандарт автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 2мм-ээс багагүй байх)

3. Урд салхины шил хагархай, баруун урд их гэрэл хагархай, урд буфер баруун хэсэг хагарч цуурсан, хойд буфер баруун зүүн тал түгжээнээс мултарсан, баруун урд оврын гэрэл асахгүй гэх гэмтлүүд нь осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм.

4. Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тооромосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй.

5. ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй.

6. Тоормосны ажиллагаа хэвийн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-82)

- Шинжээч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Суудлын автомашины хээний гүний стандарт 1.6 мм-с дээш байна. Иймд уг автомашины хойд хоёр дугуйны хээний гүн стандарын шаардлага хангаж байна. Харин урд хоёр дугуйны хээний гүн нь 1.0 мм байгаа нь стандарын шаардлага хангахгүй байна...Уг автомашины хол ойрын гэрэлнүүдийг шалгаж үзэхэд зүүн гар талын холын гэрэл стандарын шаардлага хангаж байна. Харин баруун гар талын их гэрэл зүүн болон баруун гар талын ойрын гэрэлнүүд стандартын шаардлага хангахгүй байсан. Стандарт нь (10000 мокс) хол, ойрын гэрэл дүгнэлтийн хавсралтанд хүснэгтээр харуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96)

 

6. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт:

“...1. Т.Приус-20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины жолооч Б.............тын А............л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “дугуйн хээний гүн 1.0 мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэх тул МУ-ын ЗХД-ийн 4 дүгээр хавсралт 3.1 дахь заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Т.Приус-20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашин нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй тул уг тээврийн хэрэгслээс тоормосны мөр бус дугуйн даралтын мөр үүсдэг тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

3. Явган зорчигч Нарангийн Ц...........н /33 настай, эмэгтэй, /- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах зам хөндлөн гарч байхдаа алгуурлах эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-89),

- Шинжээч Л.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболдын шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 180301054 дугаартай хэргийг хүлээн авч хавтаст хэргийн материалтай танилцахад Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №000990 дугаартай оношлогооны дүгнэлтэнд Т.Приүс 20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины “Дугуйн хээний гүн 11 мм байгаа нь хальтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэсэн дүгнэлт гарсан байсан. Иймд Т.Приүс 20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины тоормос өрөөлдөж барих нь осолд уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой байсан...Явган зорчигч амь хохирогч нь явган хүний гарцтай газрын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан гэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Ийм осолд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94),

8. Шүүгдэгч Б.А............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би талийгаачийн буяны ажилд 5.075.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104)

9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-14),...хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 9), бичиг баримт түр хураан авсан болон тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 15), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 122), цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-23), Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 33), Түргэн тусламжийн дуудлагын хуудас PCJL17891075 (хавтаст хэргийн 141),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны гэрчилгээ (хавтаст хэргийн 40, 34), Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1-р багийн засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 35), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 36), Сэлэнгэ аймгийн Шаамар  сумын Хөдөлмөр, халамжийн албаны тодорхойлолт (хавтаст хэргийн 38) хохирлын баримтууд (хавтаст хэргийн 144-172, 214-236),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 107, 108), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 109), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 124), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 110-113), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 114), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 115), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 116-117), Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын тушаал (хавтаст хэргийн 125), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 237-240), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 174-176, 178) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Б.............тын А............л нь ертөнцийн зүгээр Хилчин хотхоны урд уулзвараас баруун гар тийш эргэж 21 дүгээр хорооллын уулзвараас Толгойт чиглэл хүртэл явдаг замтай нийлдэг зам буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32 дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед “Toyota” маркийн “Prius DAA-NHW20” загварын ........... УНС улсын дугаартай эхнэр Б.Б...........ндын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, болгоомжгүйгээр, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2  дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”,  

- мөн дүрмийн 4 дүгээр хавсралт  “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалт”-ын  3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн: “Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин дугуйн хээний гүн 1.6 мм” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ц...........ныг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Цагдаагийн газраас над руу залгаж охины минь зам тээврийн осолд орж нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Б.Б...........ндын (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн орчим гэрээсээ ажилдаа явахаар нөхөр Б.А............л охин А.Цэлмүүн нарын хамт охиноо өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгөхөөр бид гурав гэрээсээ гарсан юм. Тэр үед манай нөхөр Б.А............л миний нэр дээр байдаг гэхдээ манай гэр бүлийн дундын өмч Т.Приус-20 маркийн 26-18 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн баруун талын замд явж байтал ...гэнэт түс хийж автомашины урд салхины шил хагарсан. ...Тэгээд бид хоёр буугаад иртэл автомашины баруун урд талд эмэгтэй хүн унасан зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-14),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 151 дугаар дүгнэлт “...1.Талийгаач Н.Ц...........нгийн цогцост зүүн чамархай, зулай ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, дух, хоёр талын чулуулаг, турк эмээл, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хуйхны няцарсан шарх, зүүн чамархайн булчин зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-61),

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000990 дугаартай дүгнэлт “...1. ........... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2... Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1.0мм (стандарт автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 2мм-ээс багагүй байх). 3. ...Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. 4. Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-82),

- Шинжээч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Суудлын автомашины хээний гүний стандарт 1.6 мм-с дээш байна. Иймд уг автомашины ...урд хоёр дугуйны хээний гүн нь 1.0 мм байгаа нь стандарын шаардлага хангахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96)

 

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт: “...1. Т.Приус-20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины жолооч Б.............тын А............л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “дугуйн хээний гүн 1.0 мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэх тул МУ-ын ЗХД-ийн 4 дүгээр хавсралт 3.1 дахь заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...3. Явган зорчигч Нарангийн Ц...........н /33 настай, эмэгтэй, /- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах зам хөндлөн гарч байхдаа алгуурлах эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-89),

- Шинжээч Л.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №000990 дугаартай оношлогооны дүгнэлтэнд Т.Приүс 20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины “Дугуйн хээний гүн 1 мм байгаа нь хальтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэсэн дүгнэлт гарсан байсан. Иймд Т.Приүс 20 маркийн ........... УНС улсын дугаартай автомашины тоормос өрөөлдөж барих нь осолд уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.А............л нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2  дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 

- мөн дүрмийн 4 дүгээр хавсралт  “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалт”-ын  3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн: “Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин дугуйн хээний гүн 1.6 мм” гэсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 47 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 88-89),  “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 000990 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-82), Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн “Extus” тодорхойлолт (хавтаст хэргийн 18) зэргээр тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.А............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд баримтаар 1.585.856 төгрөг (хавтаст хэргийн 144-172), 5.032.095 төгрөг (хавтаст хэргийн 214-236) буюу нийт 6.617.951 төгрөг, баримтгүй 490.000 төгрөг /ном уншуулсан/ (хавтаст хэргийн 172), өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг нийт 8.107.951 төгрөг болон хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлын зөрүүг нэхэмжилсэн байна.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримттай зардал болох 6.617.951 төгрөг болон өмгөөллийн үйлчилгээ авсан 1.000.000 төгрөг нийт  7.617.951 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч...өмгөөлөгчид төлөх зардал”-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж тооцон, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан байна.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг олгохдоо Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд заасныг үндэслэн олгохоор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл дээрх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гаргахаар заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өмгөөлөгчтэй 1.000.000 төгрөгөөр тохиролцон өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан (хавтаст хэргийн 218), мөн Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............д нь ...амьжиргааны түвшиний 409.679 босго шугамаас доогуурт багтсан (хавтаст хэргийн 216) байгаа тул өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргаж тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А............л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 5.084.800 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 174-176, 178) болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох 7.617.951 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5.084.800 төгрөгийн хасч үлдэх 2.533.151 төгрөгийг шүүгдэгч Б.А............лаас гаргуулахаар шийдвэрлэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн амь хохирогчийн хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардал нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тухайн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.  

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.А............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна. Гомдолтой байна, хохирогчид олгох хохиролд хугацаа тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санамсар болгоомжгүй үйлдэгддэг. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А............лд оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.А............лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн (хавтаст хэргийн 141-142), бусад туслалцаа үзүүлсэн (хавтаст хэргийн 174-176, 178)”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн (хавтаст хэргийн 88-89) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, түүнд оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Тодруулбал шүүгдэгч Б.А............лын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байна.

Эрүүгийн 1803 0105 40084 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 355771 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тулга овогт Б.............тын А............лыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А............лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А............лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А............лыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А............лаас 2.533.151 (хоёр сая таван зуун гучин гурван мянга нэг зуун тавин нэг) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............дад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.............д нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Ариунжараглын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 355771 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Аринужаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ