| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 185/2019/0290/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 444
Б.Б, Б.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч, шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Ю.Тогмид, хохирогч, шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар магадлалтай, Б.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын Б,
2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг тус бүр 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь хохирогч болохын хувиар хэн аль нь эмчилгээ, хохирол, төлбөртэй холбогдсон асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Г нь Б.Б-ы биед санаатай болон санамсаргүйгээр ямар нэгэн гэмтэл үүсгээгүй бөгөөд зодолдсон, цохисон зүйл байхгүй гэдгийг байцаалтад тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Б.Г Б.Б-ы биед халдаагүй болохыг тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр баталсан атал шүүхээс ял оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн тогтоогдсон үйл баримтуудаас харахад Б.Б-ы биед учирсан гэмтлийг хөдөлбөргүй нотлох баримтаар нотолж тогтоогоогүй болно. Анхан шатны шүүхээс Б.Г д шүүхийн шийтгэх тогтоол бус шүүхийн тогтоол гардуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүхийн тогтоол нь хавтаст хэрэгт байхгүй гэх үндэслэлээр тогтоолыг хэвээр үлдээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэм буруугийн хэлбэрийг нь тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Дээрх байдлуудаас дүгнэхэд гэмт хэргийн шинж нь гэм буруугүйн хэлбэрээр тодорхойлогдохоор байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, 2, 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г гийн өмгөөлөгч Т.Даваажав хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд бидэнд шүүхийн тогтоол гардуулсан. Гэтэл хэрэгт шийтгэх тогтоол хавсаргасан байдаг. Манай зүгээс анхан шатны шүүхээс шүүхийн тогтоол гардуулсан гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч гомдолд хавсаргаагүй гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул тухайн тогтоолыг хавсаргаж хяналтын журмаар гомдол гаргасан. Шүүхээс хоёр өөр тогтоол гаргасан тул хэргийг буцааж дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Ю.Тогмид хэлсэн саналдаа “...Миний хувьд тусгайлсан саналгүй. Уг хэрэг сонгох санкцтай тул торгуулын санкцыг хэрэглүүлэх саналтай байгаа. Бидэнд шүүхийн тогтоол гардуулж өгсөнийхөө дараа тогтоолыг буцааж аваад шийтгэх тогтоол болгож буцааж өгсөн. Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин шүүхийн тогтоолыг талуудад гардуулсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоол, шүүхийн тогтоолд гэм буруу болон хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар ижил бичигдсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхэд хэргийг буцаах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Б, Б.Г нар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ таур”-ын 17 давхарт байрлах “Сити” клубын “Орхон” вип өрөөнд хоорондоо маргалдаж, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох ямар нэг зөрчил, ноцтой зөрчил гаргаагүй байна.
Шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Б, Б.Г нарт тус бүр 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Б.Б, Б.Г нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.
Б.Б, Б.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь тэдний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүхээс Б.Б, Б.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг талуудад гардуулахдаа “шүүхийн тогтоол” гэсэн гарчигтай хэвлэмэл хуудаст хэвлэж тараажээ.
Гомдол, түүнд хавсаргасан баримт, хэргийн материал зэргийг харьцуулан үзэхэд, “Шүүхийн тогтоол” гэсэн гарчиг бүхий толгойтой, хэвлэмэл хуудас дээр шийтгэх тогтоолын удиртгал хэсгийг хэвлэн оролцогчдод тараасан нь тогтоогдож байгаа боловч энэхүү тараагдсан хувийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэг нь хэрэгт хавсаргагдсан “Шийтгэх тогтоол”-ын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс огт зөрүүгүй, ижил утга, агуулгатай байгаа нь зөвхөн гарчиг бүхий хэвлэмэл хуудсын зөрүү, алдаа гарсан гэж үзэхээр байх тул үүнийг “текникийн шинжтэй алдаа” гэж үзэж цаашид шүүх ийм алдаа гаргахгүй ажиллахыг сануулж, анхааруулах нь зүйтэй бөгөөд харин энэ үндэслэлээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн ажиллагаа, шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын хамтран гаргасан “...шүүхээс шүүхийн тогтоол гардуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН