Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 006

 

П.Баянжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0032/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        П.Баянжаргал

           Ялтны өмгөөлөгч                                     Д.Оюунчимэг, Э.Ганбат

            Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой П.Баянжаргалд холбогдох 201506000301 дугаартай эрүүгийн хэргийг ялтан П.Баянжаргал, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Онгод тайж нар овогт Пүрэвдоржийн Баянжаргал, 1970 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 6-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ФВ70031714 регистрийн дугаартай.

П.Баянжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт Н.Шижирбаатарын гэрт иргэн Д.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүн рүү сандал шидсэний улмаас 01 нас 08 сартай П.Маралгоогийн толгойн тус газарт цохиж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 55  дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Онгод тайж нар овогт Пүрэвдоржийн Баянжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч П.Баянжаргалыг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч П.Баянжаргалд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.Баянжаргалын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар 4.092.271 төгрөгийг шүүгдэгч П.Баянжаргалаас гаргуулж хохирогч  Д.Пүрэвсүрэнд олгож, 1.729.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, сандал 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Баянжаргалд авсан бусдын батланд даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

 Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдoo: “...бусдын амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо Нармандах руу чиглүүлж шидсэн сандалд түүний хажуугаар хэвтэж байсан 1 нас 8 сартай Маралгоо цохигдож гавал тархины битүү гэмтэл, гэмтлийн улмаас амь нас нь хохирсон болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийжээ. Ийнхүү түүнийг гэм буруутай гэж тооцох болсон нотлох баримтуудаа шийтгэх тогтоолд нэг бүрчлэн дурьдсан байх бөгөөд тэдгээр нотлох баримтуудын нэг нь ч Баянжаргалын шидсэн сандал Маралгоо охиныг онож цохисныг нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэг ч гэрч сандал охины толгойн тус газарт оносон, цохисон, оногдсон, цохигдсон тухай хэлдэггүй.

Гэрч Нармандах нь өөрийн зээ охиноо өвөртлөөд хаашаа хараад, яаж хэвтэж байсан тухайгаа мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой ярьдаг. Гэрийн хаалга руу толгойгоо харуулаад баруун талын орон дээр нүүрээ хана руу харуулсан байдалтай хэвтэж байсан, охин миний өөдөөс хараад, түүнд зүүн талын хөхөө хөхүүлээд хэвтэж байсан гэж ярьдаг. Охины биеийн зүүн талын хэсэг дээшээ харсан, баруун талын хэсэг нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан гэсэн үг. Хэрэв сандал шидэхэд охин оногдсон гэж таамаглавал яавч баруун талынх нь духны дээд хэсэгт сандал очиж хүрэх боломжгүй юм. Шүүх охины толгойн баруун духны хэсэгт сандал очиж онох боломжтой эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл сандал шидсэн үйлдэл, охины баруун духны хэсэгт учирсан ил харагдах гэмтэл хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгааг тогтоож чадаагүй. Нэг ёсондоо цохигдсон байж магадгүй гэсэн байдлаар таамаглаж шийдсэн болох нь шүүхийн хийсэн дүгнэлтээр нотлогдож байна.

Хамгийн гол нь хүүхдийг тэврээд хэвтэж байсан Нармандах сандал охиныг оносон гэж шууд зааж хэлдэггүй бөгөөд угаасаа оногдох боломжгүй гэдэг нь тодорхой юм. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг ... хаана яаж үйлдсэн” болохыг шүүх нотолж чадаагүй юм. Иймд хэргийг хянаж нэмэлт ажиллагааа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаана уу…” гэв.

Ялтан П.Баянжаргал давж заалдах гомдолдоо: “...Би хүний амь хохироогоогүй. … Нармандахыг ах Шижирбаатарын өврөөс босгох гэж татаад, босохгүй болохоор нь өөрийн сууж байсан нарийн төмрөөр хөл хийж зузаан паниараар хавтан хийсэн жижиг сандлыг хэвтэж байсан орных нь хөл рүү 2 удаа айлгах зорилгоор шидсэн нь үнэн. Миний шидсэн сандал орон дээр хэвтэж байсан 2 хүүхэд болон Нармандах, Шижирбаатар нарыг оноогүй мөн хана, унь зэргийг ч оноогүй, ерөөсөө ор луу очиж унаагүй юм. Охин Маралгоо нь эмээ Нармандахын хөхийг хөхөөд өөдөөс нь наалдаж хэвтсэн. Нармандах болохоор охинд зүүн хөхөө хөхүүлээд үүд рүү толгойгоо харуулж зүүн талаараа хэвтэж байсан. Харин охины духны баруун дээд хэсэгт гэмтсэн болохоор яавч шидсэн сандалд оногдоогүй гэсэн үг. Угаасаа оноогүй юмаа. Хүүхэд тархиндаа гэмтэл авсан явдал нь тэр орой болоогүй, өөр газар гэмтсэн  байх. Надтай ямар ч хамаагүй. Хэрэв хүүхдийг оносон юм бол тэр сандал орон дээр л байна шүү дээ. Гэтэл яагаад айрагны савны урд талд хэвтэж байна. Нармандах сандлыг айрагны савны дэргэд байсан гэж яриад байдаг. Нармандах нь намайг л сандлаар цохисон болгох гэж мэдүүлэг өгөх болгондоо янз бүрээр яриад байна. Хийгээгүй хэргийн төлөө намайг хилсээр шийтгэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Баянжаргалыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нармандахтай маргаж, сандал шидсэнээс 1 нас 8 сартай П.Маралгоогийн толгойн тус газарт цохиж, түүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх П.Баянжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч ялтан П.Баянжаргал, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг нар давж заалдах гомдлыг шүүхэд гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хэргийн талаар нотлогдвол зохих асуудал буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /хэдийд, яаж үйлдсэн/-ыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай гэх бүхий л нотлох баримтуудыг агуулгын хамт шийтгэх тогтоолд жагсаан бичсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Нармандах, Н.Шижирбаатар, С.Гүндэгмаа нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна

мэдүүлгийг газар дээр нь шалгах тухай тэмдэглэл /хх 96/-д хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт болох анх хэвтэж байсан гэх байрлалыг харуулсан гэх /зураг 10/, орны хөлд хашлага төмөр дээр сандал буусан гэх /зураг 5/, хүүхдийг хамгаалж байсан, гэрийн хана хэсэгт 2 дахь сандал ирж оносон гэх /зураг 6-7/ зэрэг нь хохирогч Д.Нармандахын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байна.

Тухайлбал: гэрч Д.Нармандах нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ “…тэгэж байтал түс хийх чимээ гарахаар нь би хүүхдээ тэвэрч аваад эргээд хартал Шижирбаатар босч ирээд наадхаа аваач хүн аллаа гэсэн…Шижирбаатар, Гүндэгээ, Баянаа гурав хоорондоо ноцолдож байхаар нь би орон дээрээ хүүхдээ тэврээд хэвтэж байсан…Баянжаргал дахин сандал аваад Шижирбаатарын мөрөн дээгүүр давуулаад гэрийн баруун тал руу шидсэн …миний баруун мөрөн дээгүүр даваад гэрийн ханыг цохисон… анх шидсэн сандал нь дөрвөлжин модон хавтантай, төмрөөр хийсэн хөлтэй сандал байсан. Дараа нь дахиад өөр сандал шидсэн…” гэж  /хх 29/,

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлэхдээ “…би дараа нь байрлалаа өөрчилж зуух руу харж хэвтсэнээ хэлээгүй үлдээсэн байна…эхний шидсэн сандал нь юу оносныг хараагүй…дараагийн сандал нь орон дээр хэвтэж байсан миний дээгүүр даваад гэрийг ханыг онож сандал орон дээр байсан … юм шидээд ойчоод унасан байхыг харахад сандал байсан …” гэж /хх 37/,

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдүүлэхдээ “…би Баянжаргал, Гүндэгмаа нарыг гэрээс гарахад гэрийн баруун орон дээр хүүхдийг хөндлөн тавьсан байсан. Түүний дараа анх хэвтэж байсан байрлал болох орны хөл хэсэг рүү харуулан тавьсан…” гэж /хх 104/,

харин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…сандал орны хөл хэсэгт орон дээр байсан…Шижирбаатар бид хоёрын дунд унасан…Санадал орон дээр байсныг Шижирбаатар буцаагаад шидэж байсан 2 удаа орон дээр унасан…эхний сандал орны хөл, хана хоёрын дунд буланд байсан” гэж /хх 238-239/,  

гэрч Н.Шижирбаатар нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ “…тэгээд сандал шидсэн ба тэр сандал нь орны хөлний цаад талд байсан 120 литрийн аарцтай савыг оносон … би өндийж босч ирээд эргээд харсан чинь дахиад сандал аваад шидсэн ба тэр сандал хэн нэгнийг онолгүй мөн 120-ын сав оносон…” гэж /хх 32-33/,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “…эхний шидсэн сандал нь орны хөлний тэнд буюу цаад талд онож газарт унасан…шидсэн сандлаа дахиж аваад дахин Нармандах руу чиглүүлэн шидсэн ба миний урдуур өнгөрч аарцны савыг оносон…”гэж  /хх 39/,

2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ “…сандал шидэхэд орны хөлний доод талд байсан 120 литрийн аарцтай саван дээр унаад газарт унасан. Би өндийж босож ирээд эргээд харсан чинь дахиад сандал аваад шидсэн ба тэр сандал хэн нэгнийг онолгүй мөн 120 литрийн савны аман дээр унаад газарт унасан…гэр дотор түмпэн сав дугарах чимээ гарахаар нь эргээд ороод ирэхэд баруун орны хөлд тогоотой цагаан идээг бага хэмжээтэй асгаад хүүхэдтэйгээ Нармандах унасан байсныг босгосон...” гэж,

харин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...машинаа асаагаад иртэл Нармандах тогоотой сүү мөргөөд унасан байсан…тэр үед хүүхэд уйлах дуу гарч байсан…сандал орон дээр унаагүй, унасан бол Мандах бид хоёрыг заавал онох байсан…” гэж /хх 241-242/,

гэрч С.Гүндэгмаа нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлэхдээ “…тэр шидсэн сандал нь орны хөлийг оносон…тэгтэл Шижирбаатар өндийж босож ирээд яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Баянжаргал нөгөө шидсэн сандлыг дахиж очоод аваад дахиад шидтэл орны доор байгаа 120 литрийн айрагны савыг оносон юм…” гэж /хх 27/,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдүүлэхдээ “…хүүхдээ тэвэрч эргэж харсан зүйл байгаагүй…би эхний сандал шидэх үед гэрийн зуухны яндангийн ойролцоо зогсож байсан тэр шидсэн сандал нь миний урдуур өнгөрч 120-ын поошиг оносон…ор болон 120-ын сав зэрэгцээ наалдаж байрласан байгаа…” гэж /хх 40/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байна.

Задлан шинжилгээ хийсэн 1901 дугаартай “…зулайн суман заадас салсан шугаман хугарал…гэмтлүүд тогтоогдлоо…” гэх дүгнэлт /хх 44-45/ байх ба уг гэмтэл нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.3 см өндөр, 27х27х27х27 харьцаатай модон тавцантай, тавцангийн зузаан 1.3 мм, дөрвөн буланг бөөрөнхийлж тайрсан…сандлаар цохигдоход үүсэх боломжтой эсэх, хэрэв боломжтой бол аль хэсгээр нь цохигдоход үүсэх зэргийг тогтоолгох зорилгоор нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан дээрхи гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж, туршилт хийх зэрэг хэрэгт ач холбогдолтой байдлуудыг нарийвчлан тогтоолгох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нарын зориуд зөрүүтэй мэдүүлэг өгч буй санаатай үйлдэлд Эрүүгийн хуульд заасан зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол П.Баянжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

    

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                              С.ЦЭЦЭГМАА        

                                                                                             С.УРАНЧИМЭГ