Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 269

 

П.Ба-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалтай 201506000301 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай П.Ба-.

Шүүгдэгч П.Ба- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Н.Ши-ын гэрт иргэн Д.На-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүн рүү сандал шидэхдээ 1 нас 08 сартай П.Ма-гийн толгойн тус газар цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Ба-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн цагдан хоригдсон 283 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ба-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудын аль нь ч П.Ба-ын шидсэн сандал охиныг оносон гэж нотлоогүй. Хоорондоо харилцан адилгүй зөрүүтэй мэдүүлгээс шүүх П.Ба-ыг гэм буруутайд тооцохдоо гэрч Д.На-ын гэрийн баруун талын орон дээр Н.Ши-ын хөл рүү хараад хүүхдээ урдаа аваад хана руу хараад хэвтсэн, П.Ба-ын шидсэн сандал хана руу ойгоод орон дээр унасан” гэх мэдүүлгийг үндэслэсэн байдаг боловч тэрээр харилцан зөрүүтэй мэдүүлгүүд өгч байсан. Мөн туршилт хийсэн тэмдэглэлийг нотлох баримт гэж үзээд шүүгдэгчийг 2 дахь удаа шидсэн сандал талийгаач П.Ма-гийн баруун дух зулайн хэсэгт оносон нь тогтоогдсон гэсэн юм. Гэтэл гэрч Д.На- 2 дахь сандал хүүхдийг оноогүй гэж тууштай мэдүүлсээр байхад 2 дахь сандал охиныг оносон гэж дүгнэсэн нь таамаглалд үндэслэсэн дүгнэлт болсон юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчид гэрч Д.На-ын зөрүүтэй мэдүүлгүүдээр П.Ба-ыг гэм буруутай гэж тооцох үндэслэлгүй гэсэн саналыг тавьсан боловч саналыг үгүйсгэсэн үндэслэл болон худал гэж няцааж буй саналын үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Ханхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч П.Ба- хүүхдийн амь насыг хохироогоогүй байж болох нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож болох нэг үндэслэлээ болгож мэтгэлцсэн боловч шүүх бидний энэ саналыг хэрхэн үгүйсгэж хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаагаа эсвэл шинжээчийн мэдүүлгийг яг юу гэж үзэж байгаагаа шийтгэх тогтоолд дурдаагүй. Шүүх ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх тухай заалтыг зөрчсөн. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ши-, С.Гү- нарын хууль сануулж авсан мэдүүлгүүдийг үнэлэх ёстой байсан бөгөөд тэднийг худал мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хариуцлагад татаж шалгасан. Шүүх хэдийгээр тэднийг П.Ба-тай садан төрлийн хүмүүс учир түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн мөртлөө тэдний мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт П.Ба-ыг гэм буруутайд тооцох үндэслэл болгож заасан нь хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт болсон. Охиныг болон хэн нэгнийг сандлаар цохиогүй гэдгийг тэд тууштай мэдүүлж ирсэн бөгөөд тэдний мэдүүлэг үнэн байж болох нөхцөл байдлууд нь гэрч Д.На-, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог. Өөрөөр хэлбэл энэ 2 гэрчийн хүүхэд сандалд цохигдоогүй П.Ба- сандлыг айрагны сав руу шидсэн гэх мэдүүлгийг эх сурвалж нь дээрх нөхцөл байдлууд болоод уг нөхцөл байдлыг харуулсан нотлох баримтууд юм. Туршилт хийсэн тэмдэглэлийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байдаг. Энэ туршилтаар хүүхдийг орлуулсан куклын баруун дух хэсэгт сандал онож байгаа нь тогтоогдоогүй юм. Гэрч Н.Ши-, С.Гү- нарын мэдүүлэг ийнхүү үнэн зөв болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэдний мэдүүлэг болон гэрч Д.На-ын мэдүүлэг бусад нөхцөл байдлуудаар П.Ба- бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байгаа юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож П.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ган-Очир хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Буманзаяа хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд зааснаар шат шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Прокурор М.Буяннэмэх шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “П.Ба- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийн зүгт чиглүүлж 2 удаа сандал шидсэн. Уг санаатай үйлдлийн улмаас талийгаач гавал тархины битүү гэмтэл авч нас барсан болох нь гэрч Д.На-, Н.Ши-, С.Гү-, Ч.Мө- болон шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. П.Ба-ын үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд талийгаачийн биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь хангалттай нотлогдсон байдаг. П.Ба- тухайн үед хүүхдээ тэврээд хэвтэж байсан Д.На-ын өмнөөс “3 тоолохын дотор босохгүй бол энэ сандлыг шидлээ шүү” гэж 2 удаа сандал шидэж хохирогчид гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрөө шууд санаатай үйлдэл гэж үзэж байна. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

П.Ба- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Н.Ши-ын гэрт иргэн Д.На-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдахдаа сандал шидэж, Д.На-ын дэргэд унтаж байсан 1 нас 08 сартай П.Ма-гийн толгой руу цохиж амь насыг нь хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар хөдөлбөргүй зөв тогтоосон бөгөөд  П.Ба-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Ба- нь Д.На- руу сандал шидсэний улмаас П.Ма-гийн толгойд онож амь насыг нь хохироосон үйл баримтыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, үүний дотор хэрэг үйлдэгдэх үед байсан, шүүгдэгчтэй нэгдмэл болон эсрэг сонирхолтой байж болзошгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэснийг буруутгах, үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “П.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                          ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН