Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Э.Э

Улсын яллагч Ц.Сувдаа

Шинжээч Г.Х

Хохирогч Д.Ү

Хохирогчийн өмгөөлөгч П.Б, П.Г

Шүүгдэгч П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г, Д.О

Гэрч Д.Н, С.Г, Н.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын тамхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 онд  төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Б

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө  Н.Ш-н гэрт иргэн Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүн рүү сандал шидсэний улмаас 1 нас 08 сартай П.М-ийн толгойн тус газар цохиж  санаатай алсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч П.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би  улсын нөөцийн хадлан хадаад хадлангаас орой 20 цагийн үед буцсан. Бригадын маань зарим хүмүүс түрүүлээд явсан байсан. Би зарим хүмүүстэйгээ үлдээд үлдэгдэл өвсөө ачаад орой болсон. Намар цаг болсон гол үерлэсэн байсан. Тэгээд талбайгаа цэвэрлэсээр байгаад орой болсон. Тэгээд орой 20 цагийн үед хадлангийн газраасаа хөдөлсөн. Араас өвс ачсан машинууд цувж байсан. Тэгээд би түрүүлж яваад Ш ахынд архи ууж байгаа хүмүүс дээр ирсэн. Намайг ирэхэд Г, Н нар согтуу байсан. Аяга цай уугаад явах гэтэл Ш ах ахындаа хоноод яв гэсэн. Тэгэхээр нь явахгүй бол болохгүй гэж тайлбарлахад ядаж хэсэг суугаад яв гэсэн. Тэгээд миний хамт явсан Жавзансүрэн эгч түрүүлээд явсан. Тэгэхэд Н-ын тэвэрсэн хүүхдийн нус нь гойжоод сууж байсан. Би энэ яасан унжгар хүүхэд вэ? өвдсөн юм уу? гэхэд харин тийм ээ халуураад нус нь гоожоод нүд нь нуухдаад байгаа юм. Сумын төв орж эм авч өгөөд явж байна гээд сууж байсан. Тэгээд надад ууж байсан пивоноосоо хийж өгсөн. Би амсаад л буцааж өгсөн. Мөн монгол архи хийж өгснийг амсаад л өгсөн. Тэгэхэд Н нилээн согтсон дуулаад хүүхдээ тэврээд сууж байсан. Тэгтэл Ш ах зээгээ тэврээд  орон дээр хэвтсэн ба намайг эр хүн байж наад архиа тойруул гэсэн. Би Н, Г эгч хоёрт хийж өгсөн. Г эгч хоол хийгээд өгөх үү? гэхээр нь би хэрэггүй гэсэн чинь энд хүүхдийн хоол байна эгч нь халаагаад өгье гээд өгсөн. Оройн 21 цаг болсон байсан. Би гарч машиндаа ор дэрээ засаад унтах бэлтгэл хийж байхад гэрт хүн уйлж байсан. Тэгээд ороо засчихаад юу болсон юм бол гээд ортол Г эгч зуухны ард суусан эгчийг нь энэ хоёр ингээд доромжлоод байна гэсэн. Яасан бэ? гэхэд Н ахын орон дээр хөл хэсэг рүү толгойгоо харуулаад нэг жөнжилд ороод зээгээ тэврээд баруун талаараа хэвтэж байсан. Тэгэхээр нь би Н-ыг босооч ээ та юу болоод байгаа юм гээд татаж чангаагаад байхад хариу юу ч дугараагүй. Тэгээд сандал шидлээ шүү гээд 1, 2, 3 гэж тоолоод орны хөлний доор байсан айрагны сав руу шидсэн. Тэгэхэд Н дуугарахгүй хэвтээд байсан. Тэгээд ахиад сандал шидлээ шүү гээд ахин 120 литрийн айрагны сав руу шидсэн. Тэгтэл Ш ах яах гээд байна вэ? гээд хараагаад намайг эгчийгээ аваад гар зайл гэж хэлсэн. Тэгээд би Г эгчийг аваад гэрээс гарсан. Гадаа машиндаа сууж байтал Ш ах гарч ирээд машинаа асаагаад сум руу хөдлөөд явсан. Тэгээд шөнө ирээд 00 цаг болж байхад чи хүн унтуулахгүй хөөж туугаад байх юм, би хүргэж өгөөд ирлээ гээд эргэж ирж байсан. Анх намайг ийм байдалд орлоо гэхэд хадам ах З 800 000 төгрөг хохирогч нарт өгсөн. Ажил явдал боллоо гэхэд 1 сая төгрөг өгсөн.  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 100 000 төгрөг төлөхөөр тогтоосон байсан. Үүнийг манай ах дүү нар цуглуулж төлсөн. Би гэм буруугүй учир төлөхгүй гэж бодож байсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нөхөр бид 2 тухайн үед Улаанбаатар хотод байсан. Шөнө надад хүүхдийг чинь согтуу хүн сандалаар цохиод хүүхэд чинь хүнд байна гэж хэлсэн. Тэгээд эмээлтээс тосоод шууд гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Хүлээн авах тасгийн эмч нар яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон ба хагалгаа 1 цаг 30 минут үргэлжилсэн. Тэгээд толгойноос нь гавлын ясны хэлтэрхий авсан гээд эмч нь гаргаж ирж харуулсан. Тэгээд сэхээн амьдруулах тасагт 5 хоног хэвтээд миний хүүхэд нас барсан. Эмнэлэгт байх хугацаанд П.Б-н талаас мөнгө өгч байсан. Нас барсны дараа мөнгө өгсөн. Өдий насны хүн ийм жоохон хүүхэд рүү сандал шидэж амь насыг нь хохироосон байна. Араатан шиг энэ хүнд маш их гомдож байна. Тэгтэл өнөөдөр би алаагүй шидээгүй гэж хэлж байна. Ямар хүйтэн сэтгэлтэй байна вэ? ямар гэмтэл учираад яагаад хүүхэд нас барсан вэ? гэдгийг мэдэж байж ингэж болохгүй байх. Хагалгаа хийлгэсэн, задланд орсон. Өөр яалгаж байж ойлгох гээд байдаг юм бэ? Би их олон шөнө уйлж зовсон. Үүнийг манай нөхөр л хажууд минь байсан болохоор мэдэж байгаа. Өөр хэн ч намайг яаж шаналж байгааг мэдэхгүй. Хүүхдийн минь амь насны тухай асуудал яригдаж байна. Би жирэмсэн байсан. Хуралд орох гээд л ирэхээр л хойшилдог. Төрчихөөд ирсэн бас л хойшилдог. Одоо миний бие муу байна. Маш их шаналаж зовж байна. Шүүх үнэнээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.  шүүх 1 729 000 төгрөгийг шийдээгүй байсан. Бүгд оршуулгатай холбоотой гарсан зардал учраас одоо 3 007 680 төгрөг нэхэмжилж байна. Хохиролд нийт 5 900 000 төгрөг авсан. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 - Гэрч Д.Н шүүх хуралдаанд өгсөн: Тухайн өдөр Ш, Г нар манайхаар очсон ба тэд согтуу байсан. Тэгтэл Г машин барьж явна  зам мэдэхгүй шүү дээ гээд манай нөхөр бид 2-ыг хамт явъя гэсэн. Тэгтэл манай нөхөр унтаж байсан бөгөөд би  түүнд хэлтэл  ядраад байна. Тэгээд ч мал харах хүнгүй гээд явахгүй гэсэн. Г бага хүү чинь байгаа юм чинь явчихаач гээд гуйгаад байсан. Тэгээд манай нөхөр үлдсэн. Манай зээ ханиад хүрсэн байсан болохоор унаа олдсон дээр төв орж үзүүлчихээд ирье гэж бодоод би зээ охиноо аваад явсан. Тэгээд үзүүлж харуулаад эм аваад буцаад иртэл Ш манайх танай хуц, ухныг авмаар байна. Өнөөдөр 2 дахь өдөр юм чинь маргааш хүргэж өгөөд нэг мөсөн хуц, ухныг чинь аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 4 литр монгол архи ууж байхад П.Б хадлангаасаа бууж байгаа гээд ирсэн. Тэгээд Ш  хүүхдээ аваад орон дээрээ хэвтээд өгсөн. Манай зээ бас унтах гээд байхаар нь гэрт нэг л ор байсан тул Ш-ын хөлд зээгээ аваад хэвтсэн. Тэгэхэд П.Б дуу чимээ гаргаад л бос гэж байсан. Би энэ П.Б согтсон юм байхдаа гээд хэвтэж байсан. Тэгтэл нойрон дунд 1, 2, 3 гээд сандал аваад шидсэн. Тэгээд Ш өндийгөөд хоорондоо барьцалдаж аваад П.Б ална гээд Ш чи аллаа гэж хашгираад байсан. Тэгээд Ш, Г нар ноцолдоод Ш орон дээр хэвттэл зээ нь өвөө гээд орилоод босоод ирсэн. Тэгсэн Г зээ хүүгээ шүүрч аваад П.Б алга гээд зугатаагад гарсан. Би хүүхэд уйлаагүй байсан болохоор оносон гэж бодоогүй. Тэгээд зугатаагаад явцгаасан. Би харанхуй шөнө хаачих билээ гэж бодоод эргээд хүүхдээ авах гээд даарч байгаа байх гэж бодоод аваад тэврэх гэтэл нэг л сул болсон байсан. Тэгтэл Ш хэвтээд унтаад өгсөн. Тэгэхээр нь Ш-ийг зөндөө дуудаж байж хүүхэд эвгүй байна. Төв рүү хүргээд өг гэхэд арай гэж босоод машинаа асаагаад тэгээд шууд хүүхдээ тэврээд гадуур хувцасаар нь боогоод гарсан. Тэгээд замдаа Ш бие засах гээд буухаар нь хөхөө гаргаад хүүхдээ далласан чинь маш сул хэвээр байсан. Тэгээд төв орж ирээд эмнэлэг орохоосоо өмнө гэр лүүгээ орж хүү бэр хоёрыгоо дуудасан чинь  тэр 2 ч гүйгээд ирсэн. Бэр гарч ирээд хүүхдийг тэврээд орсон орон дээр тавиад толгойг нь илснээ үс нь дотор нь хөхөрч хавдсан байна шүү дээ гэхэд л толгой руу нь Б-н шидсэн сандал онож гэж мэдсэн. Гэтэл Шижирбаатар П.Б-ыг олж ирнэ гээд гараад явсан ч буцаж ирээгүй . Хажуу айлын хүүгийн найзыг дуудаад эмнэлэг явсан. Би хүүхдээ амраах гээд л хажуугаараа аваад хэвтсэн. Унтахаас өмнө Ш-ын эхнэр хүүхдэд хоол хийж өгсөн зүгээр байсан. Угаасаа гэрт нэг л ор байсан болохоор Ш-ын хажуугаар ороод хөлд нь жоохон зайнд хүүхдээ тэврээд хэвтсэн. Ш, Б 2-ын эхнэр эгч дүүс учир Ш худал мэдүүлээд байгаа гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хэвтээд унтсан байсан. П.Б, Д.Н-аа бос гээд байсан. Тэгээд л орны хажууд байсан сандлыг 120 литрийн айрагны сав руу шидсэн. Нэг шидчихээд ахиад өндийгөөд аваад өмнөх газар луугаа ахиад шидсэн. Тэгээд сандал шидсэний дараа би эхнэр, П.Б хоёрыг гар гээд гаргасан. Тэгээд тэр хоёрыг гарсны дараа эргээд унтах гэхэд Д.Н хүргээд өг гэсэн. Би унтмаар байна гэсэн чинь хүргээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад гэрийн үүдэнд ирж зогстол гэр дотор сав суулга түчигнэх чимээ гарсан. Манай гэрт баруун талаар сав суулга, тогоо байдаг байсан. Тэгээд гэрт ортол Д.Н орны хөлд дөрвөн хөллөөд хүүхдээ тэвэрээд уначихсан байсан. Тэгэхээр нь сугадаж босгоод машинд суулгаад сумын төв орсон. Тэгээд төвд гэрийнх нь гадна зогсоод би гэрээс хүн дуудаад ирье гээд гадаа хаалга онгойлготол гэрт нь хүү бэр 2 нь байсан. Тэгээд ээжийгээ ав гэж хэлэхэд бэр нь ирээд хүүхдийг тэврээд явсан. Би буцаад гарч байтал Д.Н үүдэнд таарсан. Тэгээд л би машинаа асаагаад явсан. Машинаа асаах үед 23 цаг болж байсан. Б хоёр удаа ор руу сандал шидсэн нь үнэн. Гэхдээ орны хөлд байсан цэнхэр сав руу шидсэн гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэрт М.Ш, Д.Н, манай зээ хүү, талийгаач хүүхэд, П.Б бид 6-уулаа байсан. П.Б орой 21 цаг өнгөрөөд хадлангаас буулаа гээд ирсэн. Тухайн үед би согтоогүй эрүүл байсан. Хүүхдүүдийн бантан хийгээд гадуур дотуур ажлуудаа цэгцлээд явж байсан. Тэгээд ч манайхаар өвс бууж байгаа гээд өвс ачсан машинтай жолооч нар, хүмүүс зөндөө ирсэн. П.Б 2 удаа сандал шидсэн. Эхний удаа шидэхэд Д.Н хана руу хараад хүүхдээ өөрлүүгээ харуулаад хэвтсэн байсан. Тэр үед хүмүүс сэрээгүй. Тэгээд Д.Н-ыг босохгүй болохоор ахин сандал аваад шидсэн. Сандал шидсэний дараа хүүхэд уйлсан, сэрсэн зүйл болоогүй. Тэгтэл Б бид хоёрыг Ш гар гээд хөөхөөр нь би Б-тай гараад машин дотор нь байсан. Нэг их удаагүй Ш машинаа асаагаад явсан. Тэгээд удаагүй ирсэн. Үүрээр 4 цагт цагдаа ирээд хүүхэд яаралтай хот руу явлаа гэж байсан. Тэгээд л мэдсэн гэсэн мэдүүлэг,

Шинжээч Г.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 1161 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахад  оролцсон. Хүүхдийн духанд үүссэн ясны хугарал нь сандалаар цохиход үүсэх боломжтой гэж үзсэн. Сандалыг хэргийн материалтай хамт шинжилгээнд ирүүлснийг биетээр үзсэн. Сандалаар цохисон гэж үзвэл хүүхдэд зовиур шаналгаа илэрнэ. Гэхдээ огт зовиур шаналгаа илрэхгүй ухаан алдсан, балартсан байж болно. Хүүхдийн духны гэмтэл нь дух зулайн ясны хугарал байсан. Хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохиход гадна талаараа шарх үүсэж болно. Шарх үүсэхгүй битүү гэмтэл ч үүсэх боломжтой. Хүчний үйлчлэл, талбай, хурд зэргээс хамаараад хүүхдийн толгойд гэмтэл авангуут ухаан алдах боломжтой. Хүүхэд зүрхий хэмийн догол, гавлын ясны хугарал, эдгээрийн улмаас тархи цусан хангамжийн дутагдлаар нас барсан. Яс цөмөрч судас тасраад тархиа дараад нас барсан байсан гэсэн мэдүүлэг,

          -Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 02 цагийн алдад сумын төвд байх гэрт Ш, мөн ээж Д.Н, талийгаач охин болох П.М нарын хамтаар Ш гуайн машинтай ирсэн юм. Тэгээд ээж талийгаач охин болох М бие нь хачин болчихсон байна. Эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг гэрт оруулж манай нөхөр Д.Т, Ш, ээж Н бид хэд харсан чинь биед нь ямар нэгэн шарх сорви байхгүй, унтсан нүдээ анисан өөрийн гэсэн мэдрэлгүй байсан. Тухайн үед М-гийн баруун талын дух нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан байдалтай байхаар нь хажуу айлын Б-г эмнэлэгт хүүхэд хүргээд өгөөч гэж машиныг нь гуйгаад Т бид 3 эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь эмч нар гарч ирээд тархиндаа харвалт өгсөн байна. Яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр авч явах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлгээс Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмчилгээнд явсан. Би хүүхдийн толгойг цохиод гэмтээсэн байна шүү дээ гэхэд Ш гуай цохисон Б-г авч ирнэ гээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

            -Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн алдад над руу манай эмнэлгийн сувилагч Л залгаад ухаангүй хүүхэд эмнэлэг дээр ирлээ яаралтай ир гэж мэдэгдсэн. Тэгээд иртэл хүүхэд ухаангүй байдалтай хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, нүд рүү нь гэрэл тусгаж үзэхэд гэрлийн урвалгүй, биеийн температур буурсан бие хөрсөн, хүйтэн баруун нүд нь хөхөрсөн, баруун чамархайн дээд хэсэгт гэмтэл авсан, толгойн хэсэгт хавантай гадуураа хувцасгүй, 2 орчим насны хүүхэд байсан. Миний араас статистик эмч О, эрхлэгч эмч Ү нар ирээд сувилагч Л, асрагч Г нарын хамтаар эмчилгээ хийсэн. Эхлээд тархины хаван буулгах эмчилгээ, цус тогтоох эмчилгээ, хүчил төрөгчийн эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ зэргийг хийж Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэх арга хэмжээ авч машинаар яаралтай явсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

            -Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай эхнэр Ч.М хүүхдийн үсийг илж үзснээ хавдсан байна. Толгойг нь юмаар цохисон байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Ш ах орж ирээд сонссоноо тэгвэл цохисон хүнийг нь олж ирнэ ээ гээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

-Гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эмнэлэг дээр ирээд хүүхдийг харахад толгой хавьцаа хавдсан юм шиг бондойсон байсан. Толгойн яг аль хэсэгтээ бондойсон байсныг нь санахгүй байна. Хүүхдийг дуу авиа үйл хөдлөл хийхийг анзаараагүй, машин бариад явж байсан болохоор гэсэн мэдүүлэг /хх 102 ху/ 

            -Шинжээч Н.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. гавал тархины гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээс үүснэ. Тухайлбал хязаарлагдмал гадаргуутай буюу жижиг гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гавал тархины гэмтэл нь хүүхдийн толгойг хязгаарлагдмал гадаргуутай зүйл буюу сандлын ирмэгээр цохих, эсвэл сандал шидэхэд сандлын ирмэг булангаар цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Харин өөрийн өндрөөс болон том хүн тэвэрч байгаад хүүхдийг унагах үед үүсэх боломжгүй гэсэн мэдүүлэг /хх 115-116 ху/,

- Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1901 дугаартай: Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун дух, зулайн ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдалтаас чөлөөлөх, тархины баруун тал бөмбөлгийн тархмал байрласан хатуу бүрхүүл доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зулайн суман заадас салсан шугаман хугарал, баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал баруун дух зулай чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүрэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /1 хавтас 44-45 ху/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1161 дугаартай шинжээчийн: Талийгаачийн цогцост учирсан баруун дух, зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь 29 см урт, 27.5 см өргөн хэмжээтэй модон тавцантай, тавцангийн зузаан 1.3 мм дөрвөн буланг нь бөөрөнхийлж тайрсан, төмөр холбоостой, 1.4 кг жинтэй сандлаар цохигдоход үүсэх боломжтой. Зулайн суман заадсын салалт нь задлан шинжилгээ хийгдэх явцад үүссэн байх боломжтой. Баруун дух зулай ясны цөмөрсөн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эд мөрийн баримтаар хураагдсан сандлын модон тавцангийн 4 талын булан болон төмөр хөлний дугуй ирмэгтэй /хугараагүй/ хэсгүүдээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт / 335-337 ху/

           -  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэг учрал болсон газрын схем зураг, гэрэл зургын үзүүлэлтүүд / 12-14 ху/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / 08-11ху/

-Гэрч Д.Н, Н.Ш, Д.Т, Ч.М, Ш нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх105-113ху/

-Өвчний түүхийн хуулбар /121-137 ху/

-П.Б-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 166-169 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1хавтас 146 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

         Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Н.Ш-ын гэрт 1 нас 08 сартай П.М-г өвөртөлж орон дээр хэвтэж байсан Д.Н руу “айлын нөхөртэй нэг орон дээр унтдаг хэн бэ чи, гурав тоолоход босоорой” гэж тоолж түүн рүү чиглүүлж 2 удаа сандал шидсэний улмаас 2 дахь удаагаа шидсэн сандал 1 нас 08 сартай П.М-ийн толгойн тус газар цохиж биед нь гавал тархины битүү гэмтэл, баруун дух, зулайн ясны цөмөрсөн хугарал, зулайн суман заадас салсан шугаман хугарал, баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал баруун дух зулай чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж улмаар П.М нас барсан болох нь гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...би 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн алдад  сумын төв рүү орж талийгаач охин болох М-г сумын эмнэлэгт Ү эмчид үзүүлсэн. Тухайн үед талийгаач охин жаахан ханиадтай байсан. Тэгээд хөдөө гэрлүүгээ харихдаа Ш эхнэр Г нартай гэрт нь очсон юм. Тэгээд Ш бага насны 2 ой гарантай хүүхдээ аваад гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтээд өгсөн. Тухайн үед архи дуусаагүй уугаад сууж байтал миний тэврээд сууж байсан М нь өмдөндөө шээсэн байхаар нь өмдийг нь тайлаад Ш-ийн хөл  рүү нь харуулаад хэвтүүлээд өөрөө бас хажуугаар нь хэвтэж өөрийнхөө мээмийг хөхүүлсэн юм. Тухайн үед би орон дээр унтах гээд зүүрмэглээд хэвтэж байсан юм. Тэгтэл Б гэх залуу миний эгчийн орон дээр хэвтдэг хэн бэ гэж хэлээд, нэг хоёр гурав гээд тоолоод байх нь сонсогдсон. Тэгж байтал тас хийх чимээ гарахаар нь би хүүхдээ тэвэрч аваад эргээд хартал Ш наадахыгаа аваач хүн аллаа шүү дээ гэж хэлээд Ш, Г, Б гурав хоорондоо ноцолдож би орон дээр хүүхдээ тэврээд хэвтэж байсан. Тэгтэл Б дахин сандал аваад Ш-ын мөрөн дээгүүр давуулаад гэрийн баруун тал руу шидсэн ба тэр сандал нь миний баруун мөрөн дээгүүр даваад гэрийн ханыг цохисон юм.Тэгээд би хүүхдээ тэврээд хэвтэх гэсэн чинь бие нь жаахан сул байх шиг болохоор нь Ш-тай ярьж байгаад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд  эмнэлэг дээр шөнийн 03 цагийн алдад очиж үзүүлсэн юм. Сумын эмч Ү харавсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...манай зээ ханиад хүрсэн байсан болохоор унаа олдсон дээр төв орж үзүүлчихээд ирье гэж бодоод би зээгээ аваад явсан. Тэгээд үзүүлж харуулаад эм аваад буцаад иртэл Ш манайх танай хуц уханыг авмаар байна. Өнөөдөр 2 дахь өдөр юм чинь маргааш хүргэж өгөөд нэг мөсөн хуц уханыг чинь аваад ирье гэж хэлсэн. Тэгээд Ш-нд хонох болж 4 литр монгол архи уусан. Энэ үед орой П.Б хадлангаасаа бууж байгаа гээд ирсэн. Тэгтэл ч Ш хүүхдээ аваад орон дээрээ хэвтсэн. Манай зээ бас унтах гээд байхаар нь гэрт нэг л ор байсан тул би Ш-ын хөлд зээгээ аваад үүд рүү толгойгоо харуулаад өөрөө хана руу хараад хүүхдээ өөдөөсөө харуулаад хэвтсэн. Тэгэхэд дуу чимээ гараад Б бос гэж байсан. Би энэ Б согтсон юм байхдаа гэж бодоод хэвтэж байсан. Тэгтэл нойрон дунд нэг, хоёр, гурав гээд сандал аваад шидсэн. Тэгтэл Ш хүн аллаа гээд босоод Б-ыг барьж аваад Г тэр гурав ноцолдоод байсан. Тэгээд Ш орон дээр ирээд хэвттэл зээ нь өвөө гээд орилоод босоод ирсэн. Тэгсэн Г зээ хүүгээ шүүрч аваад Б-тай гараад зугтаасан. Би хүүхдээ уйлахгүй байсан болохоор оносон гэж бодоогүй. Би харанхуй шөнө хаачих билээ гэж бодоод хүүхдээ даарч байгаа байх гэж бодоод эргээд хүүхдээ тэврэх гэтэл нэг л сул болсон байсан. Тэгтэл ч Ш унтаад өгсөн байсан ба зөндөө дуудаж байж сэрээгээд хүүхэд эвгүй болсон байна төв рүү хүргээд өг гээд босгосон. Ш машинаа асаагад би хүүхдээ тэврээд гадуур хувцасаар боогоод явсан. Тэгээд төв орж эмнэлэг орохоос өмнө гэр лүүгээ орж хүү бэр хоёроо дуудсан. Бэр гарч ирээд хүүхдийг тэврээд орон дээр тавиад толгойг нь илсэнээ баруун талын үсэн дотор нь хөхөрч хавдсан байна гэсэн тэгээд л мэдсэн. Ш ч Б-ыг олж ирнэ гээд явсан тэгээд ирээгүй. Хажуу айлын хүүгийн найзыг дуудаад эмнэлэг явсан. Хоёр удаа сандал шидсэн. Би эхний сандалыг цохисон гэж бодож байгаа.Тэр сандалыг шидсэний дараа босоод хүүхдээ орон дээр хөндлөн тавиад хамгаалж байсан. Хоёр дахь сандал Шижирийн мөрөн дээгүүр даваад орон дээр унасан гэх мэдүүлэг, гэрч Ч.М ... “манайд 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн алдад ээж Д.Н, талийгаач П.М нарын хамт Ш гуайн машинтай ирсэн. Ээж талийгаач М-г бие нь хачин болчихсон байна, эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед М нүдээ анисан байдалтай өөрийн мэдрэлгүй, баруун талын дух нь нэлэнхүйдээ хөхөрч хавдсан байсан. Би хүүхдийн толгойг цохиод гэмтээсэн байна шүү дээ гэсэн чинь Ш  гуай цохисон Б-г авчирна гээд яваад өгсөн. Тэгээд хажуу айлын Б-г гуйж Т бид 3 эмнэлэг явсан гэх мэдүүлэг, гэрч Д.Ж...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр   шөнө 03 цагийн алдад над руу манай эмнэлгийн сувилагч Л залгаад ухаангүй хүүхэд ирлээ, яаралтай ир гэж мэдэгдсэн, хүүхэд ухаангүй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн нүд рүү нь гэрэл тусгаж үзэхэд гэрлийн урвалгүй, бие хөрсөн, хүйтэн, баруун нүд хөхөрсөн, баруун чамархай дээд хэсэгт гэмтэл авсан,толгой хэсэгт хавантай байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Т...эхнэр Ч М хүүхдийн үсийг илж үзээд хавдсан байна. Толгойг нь юмаар цохисон байна шүү дээ гэж хэлтэл Ш сонссоноо тэгвэл цохисон хүнийг олж ирнэ гээд гараад явсан гэх мэдүүлэг, хохирогч Д.Ү... Шөнө надад хүүхдийг чинь согтуу хүн сандалаар цохиод хүүхэд чинь хүнд байна гэж хэлсэн. Тухайн үед би хотод байсан.Тэгээд Эмээлтээс тосоод шууд гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Хүлээн авах тасгийн эмч нар яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон ба хагалгаа 1 цаг 30 минут үргэлжилсэн. Тэгээд толгойноос нь гавлын ясны хэлтэрхий авсан гээд эмч нь гаргаж ирж харуулсан. Тэгээд сэхээн амьдруулах тасагт 5 хоног хэвтээд миний хүүхэд нас барсан гэх мэдүүлэг, гэрч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Б орой 21 цагийн үед хадлангаас буулаа гээд ирсэн. Би согтоогүй эрүүл байсан. Хүүхдүүдийн бантанг хийгээд гадуур дотуур ажилаа цэгцлээд явж байсан гэх, хавтаст хэргийн 41 дүгээр талд ...ор болон 120-ийн сав зэрэгцээ наалдаж байрласан байгаа. Тэгээд орны толгойг шүргэж оноод цаана нь байсан 120-ийн савыг онож сандал газарт унасан гэх мэдүүлэг, шинжээч Н.Э...дээрхи гавал тархины гэмтэл нь хүүхдийн толгойг хязгаарлагдмал гадаргуутай зүйл буюу сандалын ирмэгээр цохих, эсвэл сандал шидэхэд сандалын ирмэг булангаар цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Харин өөрийн өндөрөөс унах болон том хүн тэвэрч байгаад хүүхдийг унагах үед үүсэх боломжгүй гэсэн тайлбар /115-116/ талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл гэсэн 1901 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

        Шүүгдэгч П.Б энэ үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй байх ба яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч П.Б нь “миний шидсэн сандал гэрийн баруун талд Н-н хэвтэж байсан орны хөлний доод хэсэгт байсан 120 литрийн хуванцар савыг оносон. Хүүхэд Н-н цаад талд өөдөөс нь хараад хөхөө хөхөөд хэвтэж байсан. Харин сандал орны хөлний доод талд туссан. Би хоёр удаа сандал шидсэн. Н намайг сандал шидсэний дараа сумын төв рүү Ш ахаар хүргүүлэх гэж гарахдаа хүүхдээ дараад унасан гэж Г эгч хэлсэн. Иймд би хүүхдийг сандлаар цохиогүй, энэ хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч, шүүгдэгчийн “би өөрийн сууж байсан сандлаа авч шидээд унаад ирэхээр нь дахин авч шидсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Н ...гэрийн баруун талын орон дээр Ш хөл рүү хараад хана руу хараад хүүхдээ  урдаа аваад хана руу хараад хэвтсэн, Б шидсэн сандал хана руу ойгоод орон дээр унасан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1901 дүгнэлтээр...талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл ,баруун дух зулайн ясны цөмөрсөн хугарал,тархины баруун тал бөмбөлөгийн тархмал байрласан хатуу бүрхүүл доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зулайн суман заадас салсан шугаман хугарал, баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал, баруун дух, зулай, чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд тогтоогдлоо гэх дүгнэлт, мөн шинжээчийн 1161 дугаартай дүгнэлтэд...Талийгаач М цогцост учирсан баруун дух, зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь 29 см урт, 27.5 см өргөн хэмжээтэй модон тавцантай,тавцангийн зузаан 1.3 мм дөрвөн буланг бөөрөнхийлж тайрсан, төмөр холбоостой,1.4 кг жинтэй сандлаар цохигдоход үүсэх боломжтой. Зулайн суман заадсын салалт нь задлан шинжилгээ хийгдэх явцад үүссэн байх боломжтой. Баруун дух, зулай ясны цөмөрсөн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эд мөрийн баримтаар хураагдсан уг сандлын модон тавцангийн 4-н талын булан болон төмөр хөлний дугуй ирмэгтэй /хугараагүй/ хэсгүүдээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт, туршилт хийсэн тэмдэглэл, хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн 2 дахь удаа шидсэн сандал талийгаач Маралгоогийн баруун дух зулайн хэсэгт оносон болох нь тогтоогдсон бөгөөд гэрч Ч.М... “2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед  сумын төвд байх манай гэрт ээж Н, талийгаач М нар Ш гуайн машинаар ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж ...2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед сувилагч Л залгаад ухаангүй хүүхэд ирлээ яаралтай ир” гэсэн мэдүүлэг, гэрч  Д.Н-н... Баяннуур сумын эмнэлэг дээр шөнийн 03 цагийн үед очсон” гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгч Б-ын Ш-нд очсон цаг хугацаа, түүний Н руу сандал шидсэний дараа хүүхдийн бие сульдаж   эмнэлэгт очсон цаг хугацаа зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруу нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

       Шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд түүний төрөл садангийн хүн болох Г, Ш нар түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

     Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан эрүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хохирогч Д.Ү оршуулгын болон бусад зардалд нийт 7.621.951 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар 5.762.680 төгрөг төлөх үндэслэлтэй бөгөөд 5.900.000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.721.951 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

           Иймд одоогийн байдлаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан 283 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.