Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00797

 

Ц.Ц, “Сансархай дефинэшн” ХХК,

“Ж И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц, “Сансархай дефинэшн” ХХК, “Ж И” ХХК-даас хариуцагч С К ХХКхолбогдуулан 1 602 472 353.75 төгрөг гаргуулах тухай үндсэн, Ц.Цт холбогдох 4 168 286 301 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С К” ХХК нь иргэн Ц.Цтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр тоон телевизийн 30 000 ширхэг сеттоп бокс, смарт картын хамт худалдан авагч буюу “С К” ХХК-д хүлээлгэн өгөх, худалдан авагч тал төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ц.Цийн хувьд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд 27 140 ширхэг 2 742 045 415 төгрөгийн сеттоп бокс болон 418 086 974 төгрөгийн смарт карт буюу нийт 3 160 132 389.41 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг “С К” ХХК-д хүлээлгэн өгсөн. Талууд гэрээ байгуулж тооцоо нийлэх үед үлдэгдэл төлбөр 1 924 875 328.47 төгрөг байсан ба “С К” ХХК гэрээ байгуулснаас хойш 805 684 912.02 төгрөгийг худалдагч талд шилжүүлснээр үлдэгдэл төлбөр 1 119 190 416.45 төгрөг болсон. Худалдагч тал гэрээ байгуулснаас хойш нийлүүлэх 359 105 577.30 төгрөгийн үнэ бүхий 2 860 ширхэг сеттоп бокс, 2 590 ширхэг смарт картын хамт хүлээлгэн өгч талууд баримтаар баталгаажуулсан боловч “С К” ХХК нь үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн 0,01 хувийн алданги төлнө гэсний дагуу 840 хоногийн алданги 124 176 360 төгрөг байна. Иймд нийлүүлсэн төхөөрөмжийн гэрээний үүрэгт 1 478 295 993.75 төгрөг, алдангид 124 176 360 төгрөг, нийт 1 602 472 353.75 төгрөгийг хариуцагч “С К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С К” ХХК нь Ц.Цтай хоорондоо салшгүй холбоо бүхий хоёр гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “С К” ХХК нь иргэн Ц.Цаас маргаж буй сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг 1 216 268 508.58 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр худалдан авсан тоног төхөөрөмжөө хүлээн авч холбогдох техникийн суурилуулалт, зүгшрүүлэлтийг хийж бэлтгэсний дараа дагалдах зүйл болон тоон телевизийн сеттоп боксыг худалдан авахаар Ц.Цтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу сеттоп боксын үнийг төлж байсан. Тус хоёр гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй юм. Гэтэл Ц.Ц нь сеттоп боксын удирдлага болох тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж бидэнд худалдсан тоног төхөөрөмжөө өөрийн хувьцаа эзэмших “ДДЭШ ТВ” ХХК-д хууль бусаар шилжүүлж өгсөн учраас манай компанийн хувьд их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С К” ХХК нь Ц.Цтай хамтын ажиллагааны хүрээнд студийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд зааснаар гэрээний зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлэх, “С К” ХХК нь 1 216 268 508 төгрөгийг сар бүр 35 000 000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсоны дагуу гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан. Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулах ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу Сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээ байгуулж, “С К” ХХК нь гэрээний үүргээ мөн зохих ёсоор биелүүлж үнийг төлж байсан. Гэтэл дээрх гэрээнүүдийг байгуулсны дараа Ц.Цэрэнпуцаг нь хамтарч Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж, гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг бүхэлд нь “ДДЭШ ТВ” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн өгсөн байсныг олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний үнийг төлөхөө “С К” ХХК-аас зогсоосон. Ц.Цаас хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч “ДДЭШ ТВ” ХХК-тай гэрээ байгуулж, сар бүр 68 000 000 төгрөг төл, эс бөгөөс тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулна гэж сүрдүүлж, мөн “ДДЭШ ТВ” ХХК-иас тус компанитай гэрээ байгуулж, сар бүр төлбөр төлөхгүй бол тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоож, үйл ажиллагааг тасалдуулах болно гэсэн шахалт үзүүлж байсан тул “С К” ХХК нь аргагүй байдалд орж нэгэнт тус компанийн нэрээр тараагдаад байсан боксын хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд “ДДЭШ ТВ” ХХК-тай Nagra gas системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэх нэртэй гэрээ байгуулж сар бүр 35 000 000 төгрөгийг “ДДЭШ ТВ” ХХК-д төлөх болсон. Ц.Ц нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас “С К” ХХК нь “ДДЭШ ТВ” ХХК-д дээрх байдлаар сар бүр 35 000 000 төгрөг төлж хохирч байгаа бөгөөд уг хохирлыг 2018 оны 09 дүгээр сар хүртэлх байдлаар гарган 907 500 000 төгрөгийн сөрөг шаардлага гаргасан ба уг шаардлагын дүнг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн үнийн дүн буюу 808 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж хамтарч худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан буюу тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч Сеттоп боксыг худалдан авахаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээг талууд байгуулж, уг гэрээний дагуу “С К” ХХК-иас нийт 1 997 268 301 төгрөгийг төлсөн. Ц.Ц нь хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчиж, “С К” ХХК-д мэдэгдэлгүйгээр Тоног төхөөрөмжийг бүхэлд нь “ДДЭШ ТВ” ХХК-д шилжүүлсний улмаас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээ ач холбогдолгүй болж, “С К” ХХК нь 1 997 286 301 төгрөгөөр мөн хохироод байна. Учир нь Сеттоп бокс нь тоног төхөөрөмжөөс салангид үл ашиглаж болох бүрдэл эд юмс бөгөөд Сеттоп боксын өмчлөл нь удирдах тоног төхөөрөмжөө дагаад “ДДЭШ ТВ” ХХК-д шилжсэн ба уг сеттоп боксын хэрэглэгчдээс төлсөн төлбөрийг сар бүр “ДДЭШ ТВ” ХХК авч байна. Иймд Ц.Ц нь гэрээнийхээ үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох “ДДЭШ ТВ” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 1 716 000 000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455 000 000 төгрөг, мөн Ц.Цтай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1 997 286 301 төгрөг нийт 4 168 286 301 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “С К” ХХК нь иргэн Ц.Цаас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлсон. “С К” ХХК нь иргэн Ц.Цийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гэрээ байгуулж байсан болохоос биш хамтран худалдаж аваагүй гэдгийг дээрх гэрээний зорилгоос тодорхой байгаа учраас хамтын ажиллагааны хүрээнд хамтран худалдан авахаар гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг иргэн Ц.Ц нь Nagravision SA компаниас худалдан авсан бөгөөд “С К” ХХК энэ харилцаанд ямар ч хамааралгүй бөгөөд сар бүр шилжүүлж байсан гэх төлбөр нь сеттоп бокс, смарт картын төлбөр юм. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 002/2015/09/21 тоот гэрээ нь тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг “С К” ХХК-иас төлж барагдуулахаар хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний хавсралтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд сеттоп бокс, смарт картыг нийлүүлсэн тооцоог нийлж талууд баталгаажуулсан байгаа. “С К” ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээнд Хамтын ажиллагааны хүрээнд гэж тодорхойлж хийгдсэн нэг ч гэрээ байхгүй. Ц.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “С К” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба “С К” ХХК-ны захирал А.Энхбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ-ний хүчинтэй хугацаанд “ДДЭШ ТВ” ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд үүний дагуу “С К” ХХК нь “ДДЭШ ТВ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас тоон телевизийн студийн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. “С К” ХХК нь 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт картыг Ц.Цаас худалдан авч хэрэглэгчдэд худалдан борлуулж кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэрэглэгч бүрээс төлбөр авч ашиг олсоор ирсэн. Тоног төхөөрөмжийг хэн эзэмших нь “С К” ХХК-ийн сеттоп боксоор кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлж байгаа үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй юм. “С К” ХХК-д “ДДЭШ ТВ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд өөрчлөлт орсонтой холбогдуулан өмнөх гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулах талаар мэдэгдсэн албан бичиг хүргүүлэхэд “ДДЭШ ТВ” ХХК-тай гэрээ байгуулсны дараа өмнөх гэрээг цуцлах саналтай гэсний дагуу “ДДЭШ ТВ” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ашиг орлоготой ажилласаар л байна. “С К” ХХК нь “ДДЭШ ТВ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу “С К” ХХК нь шаардах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмын дагуу гэрээ цуцлагдсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэрээний үүргээ зөрчсөнөөс 907 500 000 төгрөгөөр хохирсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу сар бүр төлсөн гэх нийт 455 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь дээрх тайлбар баримтаар үгүйсгэгдэх бөгөөд тухайн үед талууд хоорондоо харилцан тохиролцож дээрх мөнгийг сеттоп боксын үнэд төлөгдсөн төлбөрт суутган тооцох замаар нийт төлөгдөх үндсэн төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон байдаг. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДДЭШ ТВ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Сансар Эйч Ди” ХХК болон Швейцарь Улсын хуулийн этгээд болох Награвишн компанитай харилцан тохиролцож Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Награ CAS төхөөрөмжийг Награвишн компанийн зөвшөөрөлтэйгөөр “ДДЭШ ТВ” ХХК-д шилжүүлсэн. Учир нь Награ CAS системийг технологийн хувьд “С К” ХХК-ийн тодорхой тооны хэрэглэгч ашиглаж байсан тул Награ CAS системд уг хэрэглэгч нарын бүртгэл болон түүний төлбөр тооцооны систем, сувгийн нэр түүний цагийг бүртгэн ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлэх талаар “ДДЭШ ТВ” ХХК болон “С К” ХХК-ийн хооронд гэрээ байгуулах шаардлага гарсан. Үүний дагуу Хамтран ажиллах тухай гэрээг байгуулах бидний хүсэл зоригийн илэрхийллийг “С К” ХХК-ийн Ерөнхий захирал А.Энхбат нар нь хүлээн авч, уулзалт хэлэлцээрийг хийж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан болно. Энэ хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд гэрээгүй буюу ямар нэгэн төлбөргүйгээр үйлчилгээг “С К” ХХК нь “ДДЭШ ТВ” ХХК-иас авсан. С К ХХК нь тухайн гэрээний үнийн дүнгээр хохирсон зүйл байхгүй, манай зүгээс үзүүлж буй ашиглалт үйлчилгээний төлбөрт төлж буй төлбөр юм. Өөрөөр хэлбэл “ДДЭШ ТВ” ХХК-ийн сервир дээр байрлаж 30 000 хэрэглэгчээсээ тухайн төлбөрийг хангалттай олж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С К ХХК-иас 1 602 472 353.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, “Сансархай дефинэшн” ХХК, “Ж И” ХХК-д олгож, нэхэмжлэгч Ц.Цаас 1 997 286 301 төгрөг гаргуулах хариуцагч “С К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар Ц.Цт холбогдох 2 171 000 000 төгрөг гаргуулах хариуцагч “С К” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 170 312 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С К” ХХК-иас 8 170 311 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, “Сансархай дефинэшн” ХХК, “Ж И” ХХК-д олгож, хариуцагч “С К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 328 850 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийн үйл баримтыг илтэд буруу дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хэт нэг талыг барьсан хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Ц.Ц нь “С К” ХХК-д худалдсан тоног төхөөрөмж сетоп боксоо давхар “ДДЭШ ТВ” ХХК-д худалдан борлуулж шилжүүлэн өгсөн болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдож байхад “ДДЭШ ТВ” ХХК-д 100 хувь шилжсэн эд хөрөнгийн үнийг “С К” ХХК Ц.Цт төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан нь шүүх гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч Ц.Ц болон “С К” ХХК нар нь Тоон телевизийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001\2015\02\05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 432 53 016 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнийг 50, 50 хувиар хуваан төлөхөөр тохиролцсон. Гэрээний 2.4-д зааснаар “С К” ХХК нь гэрээний үүрэгт сар бүр 35 000 000 төгрөг буюу нийт       455 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлж ирсэн. Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулж, зүгшрүүлэлтийн ажиллагааг хийснээр тус тоног төхөөрөмжийн үндсэн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу Сетоп боксыг худалдан авахаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, “С К” ХХК нь гэрээний үүргээ мөн шударгаар биелүүлж 1 997 286 301 төгрөг төлсөн. Дээрх гэрээнүүдийг байгуулсны дараа Ц.Ц нь бидэнд мэдэгдэлгүйгээр гэнэт хамтарч худалдаж авахаар тохиролцсон буюу өөрийнх нь эзэмшлийн “тоног төхөөрөмжийн 50 хувийг “ДДЭШ ТВ” ХХК-д шилжүүлэн өгсөн тул өөртэй нь байгуулсан гэрээг цуцалж “ДДЭШ ТВ” ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулна уу гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Бид түүнд итгэн “ДДЭШ ТВ” ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа өөртэй нь байгуулсан гэрээгээ цуцлах саналтай байгаа тухай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01/318 тоот албан бичиг өгсөн боловч Ц.Ц нь манай мөнгийг нь төлж худалдан авсан тоног төхөөрөмж болон түүний үндсэн бүрдэл хэсэг болох сетоп боксыг бүхэлд нь “ДДЭШ ТВ” ХХК-д шилжүүлэн өгсөн байсныг олж мэдсэн. “С К” ХХК нь Ц.Цт залилуулсан болохоо олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний үнийг төлөхөө зогсоож, энэ тухай албан бичгүүдийг хүргүүлсэн. Ц.Цийг гэрээний үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөхийг шаардахад Ц.Ц нь “тоног төхөөрөмжийг ашигламаар байгаа бол “ДДЭШ ТВ” ХХК-тай ашиглалт, үйлчилгээний гэрээ байгуулж сар бүр 68 с.ая төгрөг төл, эс бөгөөс тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулна” гэж, мөн “ДДЭШ ТВ” ХХК-иас “тус компанитай гэрээ байгуулж, сар бүр төлбөр төлөхгүй бол тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоож, үйл ажиллагааг тасалдуулах болно” гэсэн дарамт шахалтыг ирүүлж биднийг сүрдүүлэх болсон бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай бий. Мөн хариуцагчаас тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 455 000 000 төгрөгийг төлбөрт суутгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар худал болох нь тогтоогдсон ба үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. “С К” ХХК нь 455 000 000 төгрөг төлж авсан тоног төхөөрөмжөө “ДДЭШ ТВ” ХХК-д булаалгачихаад дахиад 455 000 000 төгрөгөөрөө “ДДЭШ ТВ” ХХК-д сетоп бокс авч өгнө гэдэг асуудал байх боломжгүй юм. Зохигчдын хооронд Тоон телевизийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, Тоон телевизийн сетоп бокс худалдах, худалдах авах гэсэн гэрээнүүд байгуулагдсан хэдий ч гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж, сетоп бокс хоёр нь хоорондоо салшгүй холбоотой, техникийн хувьд бие биенээсээ шууд хамаарал бүхий буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох үндсэн бүрдэл эд юмс ба тусад нь өмчлөх боломжгүй бөгөөд үүнийг нотлох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд хэрэгт хангалттай байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/Ш32018/09311 дугаар захирамжаар хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байна гэж үзэн сөрөг шаардлагыг хүлээн авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн сөрөг шаардлагуудыг хүлээн авч, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 182/Ш32020/07409 дугаар захирамжаар хангахгүй орхиж, үндсэн болон сөрөг шаардлагыг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.Гэтэл ямар ч үндэслэл дурдалгүйгээр 3 жил хэлэлцсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрээр хүлээн авахаас татгалзсан явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Ц.Цаас “ДДЭШ ТВ” ХХК-д 100 хувь шилжүүлээд өгчихсөн тоног төхөөрөмж боксын үнийг шүүх ямар учраас “С К” ХХК төлөх үүрэгтэй гэж үзсэн нь тодорхой бус ойлгомжгүй байх бөгөөд шүүх илтэд хууль зөрчсөн шударга бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, “Сансархай дефинэшн” ХХК, “Ж И” ХХК нар нь хариуцагч “С К ХХКхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1 478 295 993.75 төгрөг, алданги 124 176 360 төгрөг, нийт 1 602 472 353.75 төгрөг гаргуулах гэж, хариуцагчаас 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Ц зөрчсөн тул учирсан хохирол 1 716 000 000 төгрөг, уг гэрээний дагуу шилжүүлсэн 455 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 1 997 286 301 төгрөг,нийт 4 168 286 301 төгрөг гаргуулах гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч “С К ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот, мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Харин хэд хэдэн нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаа тохиолдолд дээрх 2 гэрээний дагуу хэн ямар үүрэг хүлээсэн, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бол гэрээний үүргээ талууд биелүүлсэн эсэх, Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлагдсан эсэх талаар шүүх дүгнэлт хийх учиртай.

 

Мөн гэрээнүүд байгуулагдах үед гэрээний зүйл болох тоног, төхөөрөмжүүдийн өмчлөгч, эзэмшигч нь хэн байсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, нэхэмжлэгч “Сансархай дефинэшн” ХХК, “Ж И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч Ц.Ц гэрээ байгуулсан гэх тайлбараас үзвэл тэрээр тухайн хуулийн этгээдүүдийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах эрхтэй байсан эсэх, хариуцагчаас хувь хүнийхээ хувьд шаардах эрхтэй эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Түүнчлэн, гуравдагч этгээд “ДДЭШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн эд хөрөнгө нь анхнаасаа тус компанийн эзэмшилд байсан талаар тайлбар гаргасан байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад, тухайн компанийн эзэмшлийн газарт 2013 оноос угсарсан байсан гэж тайлбарласнаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний зүйл болох сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийг хэзээнээс ямар үндэслэлээр өмчилж эзэмших болсныг анхан шатны шүүхээс тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Улмаар хариуцагч нь дээрх 2 гэрээ хоорондоо салшгүй холбоотой буюу эхний гэрээний үүргээ нэхэмжлэгч зөрчсөний улмаас 2 дахь гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болж, хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлыг хохиролд тооцон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний эрх зүйн үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа хийгээгүй байна. Энэхүү ажиллагааг хийгээгүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

 

Мөн анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг                                   2 171 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэнийг хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг зохигчдод гардуулах ажиллагаа хийсэн атлаа шүүхийн шийдвэрээр уг нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тоон телевизийн сетоп бокс, смарт карт нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний зүйл болох сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжгүйгээр дангаараа зориулалтын дагуу хэрэглэгдэх боломжтой эсэх талаар зохигчид маргасан байхад хэрэгт авагдсан Монгол Улсын харилцаа холбооны зохицуулалтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03/805, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/1433, Мэдээлэл, холбооны Технологийн сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/552, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2018/20 дугаар албан бичгүүдийг тус тус хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. /1 хэргийн 148, 2 хэргийн 22-24 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна.” гэж зааснаар сүүлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн 30 000 ширхэг тоон телевизийн сеттоп бокс, смарт карт нь эхний гэрээний зүйл болох сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн дагалдах зүйл болох эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Нөгөө талаар, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр буюу талууд үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхээс хамаарч 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, хариуцагч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар дүгнэлт хийх боломжтой.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгч А.Энхбатын 29 169 693.27 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                        С.ЭНХТӨР