Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00657

 

                                                        ****, “ **** ****” ХХК,

                                                    “ **** ****” ХХК нарын

                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалтай,

****, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК нарын

нэхэмжлэлтэй,           

“ **** ****” ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ **** ****” ХХК

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ****т холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 4,168,286,301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, Б.Батхишиг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК нар нь “ **** ****” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, нэхэмжлэгч ****т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 4,168,286,301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 1,478,443,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлээс үлдэх 124,028,531 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч ****аас 455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “ **** ****” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,713,286,301 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 8,170,312 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 21,473,231 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****” ХХК-аас 7,550,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****аас 2,432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч “ **** ****” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,116,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Батхуягхяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“ **** ****” ХХК нь ****аас кабелийн телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг худалдан авахаар тохиролцож түүнтэй “Тоон телевизийн тоног төхөөрөмж худалдан авах” тухай 05 тоот гэрээг, уг гэрээгээ үндэслэн тоон телевизийн тоног төхөөрөмжийн бүрдэл болох “хүлээн авагч сетоп бокс худалдан авах” тухай 21 тоот гэрээг тус тус байгуулсан бөгөөд тоон телевизийн тоног төхөөрөмжид 455,000,000 төгрөгийг, түүний хүлээн авагч сетоп боксонд 1,997,286,301 төгрөгийг тус тус төлсөн. **** нь гэрээний дагуу төлбөр төлж байх явцад тоног төхөөрөмж, сетоп боксыг бүхэлд нь “ **** ****” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөн ба үүнийг хариуцагч олж мэдсэнээр гэрээний үлдэгдэл төлбөр төлөлтийг зогсоож байгаагаа нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар энэхүү маргаан үүссэн. Анхан болон давж заалдах шатны шүүх “...зохигчийн хооронд 5 болон 21 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна, ...энэхүү хоёр гэрээний зүйл нь техникийн хувьд хамтаар иж бүрдэл,хоорондоо харилцан хамааралтай нэгдмэл систем болох нь тогтоогдож байна, ... нэхэмжлэгч **** нь 05 тоот буюу үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна, худалдах-худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх юм...” гэж зөв дүгнэсэн боловч тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар бүрдэл эд юмс гэдэг нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр эд юмсаас салгаж үл болох, салгасан тохиолдолд аж ахуйн зориулалтаар ашиглах боломжгүй буюу эдийн засгийн үр ашиггүй болох эд зүйлийг ойлгохоор заажээ. “ **** ****” ХХК сетоп боксыг хүлээн авч айлуудад тараасны дараа **** нь түүнийг удирдах тоон телевизийн тоног төхөөрөмжийг “ **** ****” ХХК-д шилжүүлснээр сетоп боксыг эзэмших, ашиглах эрх мэдэл “ **** ****” ХХК-д шилжсэн байтал шүүх хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байхгүй хөрөнгийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлнө гэснийг зөрчсөн. Хэрэв “ **** ****” ХХК нь ****аас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдаж авахаар тохиролцоогүй байсан бол түүнээс тус төхөөрөмжийн бүрдэл болох хүлээн авагч сетоп боксыг худалдан авах ямар ч хэрэгцээ, шаардлага үгүй юм.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй журмыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй ба уг магадлалын дүгнэлт нь хуульд нийцээгүйгээс гадна Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч **** нь 2015.09.23-ны өдрийн “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэсэн бичгийг “ **** ****” ХХК-д ирүүлсэн ба тус бичигт “2015.02.16-ны өдөр танай компанитай 001/2015/028/05 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулан тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдахаар болсон билээ. Уг гэрээний үндсэн агуулга нь тоног төхөөрөмжийн 50 хувийг танай компанид худалдах, түүний төлбөр тооцоог хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах байсан бөгөөд уг гэрээний 1.1-д үүнийг тодорхой болгосон нэмэлт өөрчлөлтийг тусгах, мөн гэрээний 2.4-т байгаа төлбөр шилжүүлэх дансыг өөрчлөх хүсэлтэй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 тоот хамтран ажиллах гэрээг өөрийн хувь эзэмшдэг “ **** ****” ХХК-тай болгон өөрчлөххүсэлтэй байгаа болно” гэсэн байсан. Түүний хүсэлтийн дагуу 2015.09.21-ний өдрийн огноотой худалдах-худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт 001/2015/02/05-1 тоот гэрээг байгуулж, гэрээний 1.1 болон 2.4-т тус тус өөрчлөлт оруулсан. Харин хамтран ажиллах гэрээг “ **** ****" ХХК-тай болгон өөрчлөх тухай хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулаагүй ба ****ийн эзэмших тоног төхөөрөмжийн 50 хувийг шилжүүлэн авч, манай компанитай гэрээ байгуулах талаар “ **** ****” ХХК-аас албан бичиг авчирж өгөхийг хүсэхэд өгөөгүй тул Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг “ **** ****” ХХК болгон өөрчлөлт оруулаагүй юм. Иймд “ **** ****” ХХК нь ****т хандан 2015.10.23-ны өдрийн 01/318 тоот албан бичгээр “...05 тоот худалдах-худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд “ **** ****” ХХК-тай “Тоног төхөөрөмжийн гэрээ”-г байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна...” гэсэн хариуг хүргүүлсэн. Гэтэл шүүх энэхүү албан бичгээр “ **** ****” ХХК-аас гэрээг цуцлахыг шууд хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээ цуцлагдсан гэж үзнэ гэж үг, өгүүлбэрийн утгыг гуйвуулан нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн алдаа бөгөөд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан. Мөн **** нь “ **** ****” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр тоног төхөөрөмжийг сетоп боксын хамт бүхэлд нь “ **** ****” ХХК-д шилжүүлэн өгч залилан, “тоног төхөөрөмж, сетоп боксыг цаашид ашигламаар байгаа бол “ **** ****” ХХК-тай гэрээ байгуулж үйлчилгээний төлбөр төл, үгүй бол үйл ажиллагааг чинь тасалдуулна” гэж, “ **** ****” ХХК-аас “тоон телевизийн тоног төхөөрөмжийг ****аас 100 хувь шилжүүлэн авсан тул ашиглалтын гэрээ байгуулж төлбөр төл, үгүй бол төхөөрөмжийг тасалдуулах болно” гэж сүрдүүлж, улмаар “ **** кабел” ХХК-ийн нэрээр айлуудад тараагдаад байсан сетоп боксыг хэд хэдэн удаа тасалдуулж, олон мянган хэрэглэгч нар манай компани руу дайрч, бухимдаж аргагүй байдалд орсны эцэст “ **** ****” ХХК-тай системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах” гэсэн нэртэй гэрээг байгуулж, сар бүр 38,500,000 төгрөгийг төлж хохирох болсон. **** нь тоног төхөөрөмжийг бүхэлд нь “ **** ****” ХХК-д шилжүүлэн өгснөөр түүний 2015.09.23-ны өдрийн хүсэлтэд дурдсан “ **** ****” ХХК болон “ **** ****” ХХК нарын хооронд тоон телевизийн тоног төхөөрөмжийг 50/50 хувиар хамтарч худалдаж авах тухай гэрээ огт байгуулагдаагүй. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг буруу дүгнэн нэхэмжлэгч ****, гуравдагч этгээд “ **** ****” ХХК нарын сүрдүүлэг, дарамт, шахалтад орж байгуулсан “системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах” гэх гэрээг “ **** ****” ХХК-ийн 2015.10.23-ны өдрийн 01/318 тоот албан бичигт дурдсан “...05 тоог тоног төхөөрөмжийн гэрээ”байна гэж нотлох баримтыг илтэд буруу дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр... үнэлнэ” гэснийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн.Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг. Гэтэл шүүх “системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах гэрээ”-г бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээтэй хэрхэн уялдаж байгаад зохих ёсны дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Энэ байдал нь шүүхийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн алдаа гэж үзэж байна. Иймд “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай албан ёсны тайлбарт давж заалдах шатны шүүхийн магадлал нийцээгүй гэж үзэж байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг билээ. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа нь шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт чөлөөтэй мэтгэлцэж, асуулт асууж, хариулт авах эрхийг эдлүүлээгүй буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч асуултад хариулж чадахгүй ээрч, муурах үед шүүгч Т.Энхтуяа нь гэнэт хариуцагчийн төлөөлөгчийг асуулт асуулаа гэж учир шалтгаангүйгээр уурлаж, бухимдан дахин асуулт асуух юм бол хурлын танхимаас гаргана гэж алхаа чанга, чанга цохиж мэтгэлцээнийг зогсоосон нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүхэд үг хэлэх, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж тооцогдох ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т “зохигч ...үг хэлэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэснийг анхан шатны шүүхийн шүүгч зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан болохыг анхаарч үзэхийг хүсч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан **** болон “ **** ****” ХХК нарын сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн албан бичгийг огт дүгнээгүй, үгүйсгээгүй атлаа “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-тай сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж сар бүр 38,500,000 төгрөг буюу нийт 1,716,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн үндсэн гэрээгээ зөрчсөнтэй шалтгаант холбоогүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. **** нь гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэж худалдан авагчийн өмчлөлд гэрээний зүйлийг нийлүүлсэн бол хариуцагч өөрийн худалдан авсан тоног төхөөрөмж, сетоп боксыг ашиглахын тулд “ **** ****” ХХК-тай гэрээ байгуулж төлбөр төлж хохирох ямар ч үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар гуравдагч этгээдэд төлсөн төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Иймд “ **** ****” ХХК нь нэхэмжлэгч ****аас ямар ч эд хөрөнгө, эрхийг шилжүүлэн аваагүй бөгөөд нэхэмжлэгч үндсэн гэрээгээ зөрчсөнөөс гуравдагч этгээдэд төлбөр төлж хохирсон тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нар нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.13-ны өдрийн 001/ШХТ2022/00467 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                                                                        ХЯНАВАЛ:

7. “ **** ****” ХХКд холбогдох ****ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгч ****т холбогдох “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийн талаар  хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлын  зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч   **** болон “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн төхөөрөмжийн үнэ 1,478,295,993.75 төгрөг, алдангид 124,176,360 төгрөг, нийт 1,602,472,353.75 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “ **** ****” ХХК-д сар бүр 35,000,000 төгрөгийг 2016.10.01-ний өдрөөс 2020.06.25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн хураамж 1,716,000,000 төгрөг, 2015.02.16‑ны өдрийн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг, 2015.09.21‑ний өдрийн гэрээний дагуу төлсөн 1,977,286,301 төгрөг, нийт 4,168,286,301 төгрөгийг нэхэмжлэгч ****аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Анхан шатны шүүх хариуцагч “ **** ****” ХХК-аас 1,478,443,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгож,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг үлдэх  болон  нэхэмжлэгч “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ****аас 455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “ **** ****” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаарх гомдлын дагуу дараах  дүгнэлт хийв.

10. Нэхэмжлэгч ****ийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар:

11.Нэхэмжлэгч **** нь 2013 онд “ **** ****” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа Nagra gas нэртэй төхөөрөмжийг Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд уг төхөөрөмжийг нь Орбитод байрлах “ **** ****” ХХК-ийн онцгой объектод байрлуулжээ.

Дээрх төхөөрөмжтэй холбоотойгоор ****, “ **** ****” ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн сеттоп бокс худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, **** 3,058,177,116 төгрөгийн үнэ бүхий 30.000 ширхэг сеттоп бокс, 461,060,850 төгрөгийн үнэ бүхий 30.000 ширхэг смарт карт нийт 3,519,237,966 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг “ **** ****” ХХК‑д худалдах, “ **** ****” ХХК тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. Энэ талаар бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч зохигч хэн аль нь маргаагүй болно.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ цуцлагдсан үйл баримтын  талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.                                                       

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

13. Зохигч  2013.11.29‑ний өдрөөс 2015.09.21‑ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн  болон биет байдлын доголдол илэрсэн сеттоп бокс, смарт картын тоо хэмжээ,  үнийн төлөлтөд тооцоо нийлэх замаар  дээрх гэрээний биелэлтийг тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн гэрээ, гэрээний хавсралт, зарлагын баримтуудад нэхэмжлэгч **** 30.000 ширхэг сеттоп боксноос 2,742,045,415 төгрөгийн үнэ бүхий 27.140 ширхэг сеттоп боксыг, 30.000 ширхэг смарт картнаас 418,086,974 төгрөгийн үнэ бүхий 27.410 ширхэг смарт карт нийт 3,160,132,389 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг хариуцагч “ **** ****” ХХК‑д нийлүүлсэн, “ **** ****” ХХК-аас 1,235,257,060 төгрөгийг “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК‑иудын дансаар ****т төлж, 87,661,417 төгрөгийн үнэ бүхий 845 ширхэг сеттоп боксыг 2013.11.29‑ний өдрөөс 2015.07.07‑ны өдрүүдийн хооронд гэмтэлтэй байсан шалтгаанаар  худалдагчид буцаажээ.

Харин нэхэмжлэгч **** 2.860 ширхэг 316,131,701 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, 2.590 ширхэг 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг “ **** ****” ХХК‑д нийлүүлээгүй  боловч энэ нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхгүй тул энэ хэмжээнд гэрээний зүйлийг тодорхойлж зохигчийн хооронд гэрээний эрх, үүргийг тодорхойлох нь зөв гэж үзнэ.

14. Улмаар ****, “ **** ****” ХХК-ийн хооронд 2015.09.21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 2.4-т өмнөх тооцооны үлдэгдлийг 1,924,875,328 төгрөг болохыг баталгаажуулж, **** 2.860 ширхэг 316,131,701 төгрөгийн үнэ бүхий тоон телевизийн сеттоп бокс, 2.590 ширхэг 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж буюу сеттоп бокс, смарт картыг “ **** ****” ХХК‑д нийлүүлэх, “ **** ****” ХХК-аас 2,283,980,905 төгрөг /1,924,875,328+359,105,577/‑ийг ****т төлөхөөр харилцан тохиролцжээ.

Энэхүү худалдах-худалдан авах гэрээний 1.3, 2.2, 2.4, 4.4, 4.5-д зааснаар **** нь 2.860 ширхэг сеттоп бокс, 2.590 ширхэг смарт карт нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байдлаар 2015.09.30‑ны өдрөөс 2015.11.06‑ны өдрүүдэд “ **** ****” ХХК‑д хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

15. “ **** ****” ХХК гэрээний 2.5-д заасан “Төлбөр төлөх: Сеттоп боксын үнийг талууд гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс худалдагч талын Голомт банкны 2105104545 тоот дансанд сар сеттоп бокс идэвхитэй хэрэглэж байгаа хэрэглэгчийн тооноос хамааран төлбөрийг хэрэглэгчтэй тооцоо хийж дууссанаар дараа сард төлж байна” гэсэн үүргээ зөрчсөн шалтгаанаа 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээний үүргээ **** биелүүлээгүй, 002/2015/09/21, 001/2015/02/05 дугаартай гэрээний зүйлүүд хоорондоо салшгүй холбоотой гэтэл **** 001/2015/02/05 дугаартай гэрээний зүйл студийн тоног төхөөрөмжийг бидэнд мэдэгдэлгүй “ **** ****” ХХК-нд шилжүүлсэн тул  төлбөр төлөхийг зогсоосон гэсэн тайлбарыг гаргасан нь маргааны зүйл болжээ.

16 Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан 002/2015/09/21 дугаартай худалдах-худалдан авах гэрээний зүйлийг 2013 оны өмнө нь үүссэн гэрээний харилцааг дүгнэх байдлаар хийсэн, тухайн үед талуудын хооронд Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмжийн гэрээг цуцалсан нь тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж болох сеттоп бокс, смарт картын үнийг төлөх үүргээс чөлөөлөхгүй, уг гэрээний үүрэг нэгэнт биелэгдсэн, “ **** ****” ХХК гэрээний 2.4‑т заасан 2,283,980,905 төгрөгийн төлбөр төлөх үүргээс 805,684,912 төгрөгийг төлсөн, үлдэх 1,478,295,993 төгрөгийг **** шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.                                     

17. Талуудын хооронд байгуулсан 002/2015/09/21 дугаартай гэрээний 6.4-т “Энэ гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзвал буруутай тал нөгөө талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж тусгагджээ.

Хоёр шатны шүүх “ **** ****” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,478,295,993 төгрөгт торгууль тооцож, 147,829 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.

18. Хоёр шатны шүүх сеттоп бокс, смарт картыг худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар хийсэн дүгнэлт адил, зөрүүгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох утга, агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.   

19. “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэгч ****т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 4,168,286,301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

19.1. “ **** ****” ХХК нь нэхэмжлэгч ****т холбогдуулан сөрөг гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний дагуу **** студийн тоног төхөөрөмжийн 50 хувийг манай компанид худалдах, манай компани төлбөр төлөх үүрэг хүлээж, энэхүү гэрээний дагуу нийт 455,000,000 төгрөгийг ****т төлсөн, ...мөн 2015.09.21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай сеттоп бокс, смарт карт худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, эдгээр хоёр гэрээний зүйл нь хоорондоо салшгүй холбоотой, студийн тоног төхөөрөмжгүй бол сеттоп бокс, смарт картыг ашиглах боломжгүй, гэтэл **** нь 001/2015/02/05 дугаартай гэрээний үүргийг зөрчиж, студийн тоног төхөөрөмжийг бүхэлд нь “ **** ****” ХХК‑д шилжүүлснийг бид хожим мэдсэн, тиймээс энэ гэрээ үргэлжлэх боломжгүй болсон, бид аргагүйн эрхэнд “ **** ****” ХХК‑тай гэрээ байгуулж түүнд сар бүр төлбөр төлөх болсон, ийнхүү энэ хоёр гэрээний дагуу ****т төлбөр төлж хохирч байгаа, ...хохирлыг шаардах эрхтэй... гээд **** **** ХХК-д 2020 оны 06 дугаар сарын байдлаар төлсөн 1,716,000,000 төгрөг,  сеттоп бокс, смарт худалдан авч төлсөн 2,041,631,972 төгрөг, гэрээнээс татгалзсанаас тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 455,000,000 төгрөг ” гэж тодорхойлсон байна.

20. Зохигч 2015.02.16-ны өдөр 001/2015/02/05 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, **** гэрээний хавсралтад заасан NMX программын сервер-Dell сервер 1 ширхэг, Нууцлалын КАС, системийн програм CA, system software 1 ширхэг, төлбөр тооцооны системийн програм-SMS system software 1 ширхэг, КАС-ийн сервер-CA App server 2 ширхэг гэх мэт нийт 2,432,537,016 төгрөгийн үнэ бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийг “ **** ****” ХХК‑д нийлүүлэх, “ **** ****” ХХК 50 хувийн үнэ болох 1,216,268,508 төгрөгийг, 35 сарын хугацаанд, сар бүр 35,000,000 төгрөгт тооцож ****т төлөхөөр тохиролцжээ.

Уг гэрээнд талууд 2015.09.21‑ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 1.1‑д заасан “энэхүү гэрээний зорилго нь худалдан авагчийн худалдан авахаар тохиролцсон тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэснийг, “энэхүү гэрээний зорилго нь хавсралт 1‑д заагдсан тоон телевизийн тоног төхөөрөмж тус бүрийн талыг буюу 50 хувийг худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, гэрээний 2.4‑т заасан “...худалдагч талын Голомт банкны 2105001700 тоот дансанд...” гэснийг “...худалдагч талын Голомт банкны 2105104545 тоот дансанд...” гэж тус тус өөрчилсөн байна.

21. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасан шаардлагад нийцсэн, худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд байгуулсан 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай болон түүнд 2015.09.21‑ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай  гэрээнүүд хорондоо салшгүй холбоотой тул эдгээрт  бичигдсэн эрх, үүрэг адил үйлчилнэ.

22. “ **** ****” ХХК гэрээний хавсралтад заасан нэр бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийн үнэд гэрээний 2.4-т зааснаар 2015.02.23‑ны өдрөөс 2016.02.23‑ны өдрийг хүртэл нийт 455,000,000 төгрөгийг ****т төлсөн боловч **** Nagra gas‑ийн тоног төхөөрөмж 2016.02.01‑ний өдрөөс “ **** ****” ХХК‑д шилжүүлэн өгчээ.

23. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах боловч гэрээ цуцалсан үндэслэлийн талаар буюу гэрээний талуудын нэг тал үүргээ зөрчсөнөөс эсхүл өөр нөхцөл байдал байсан эсэхийг маргаан гарсан тохиолдолд  шүүх хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийнэ.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуульчилжээ.

24. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч **** маргааны зүйл болсонNagra gas‑ийн тоног төхөөрөмжийг хариуцагч “ **** ****” ХХК-д хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлж бодит байдлаар биелүүлээгүй, энэхүү зүйлийг **** ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснээс 05 тоот гэрээ хэрэгжих боломжгүй болсон  гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлээс хариуцагчаас зардал гарч  хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн нь үндэслэл муутай болжээ.

25.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

26. Хуулийн зохицуулалттай нийцүүлэн талуудын хооронд байгуулсан 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээний 3.1-д “Аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд хохирол учирсан бол учирсан хохирлоо буруутай талаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 5.1-д “Худалдагч тал худалдсан тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тогтоосон хугацааг хожимдуулбал түүнд үүргээ биелүүлэх болон биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг төлөхийг худалдан авагч шаардах эрхтэй”, 6.3-т “Энэ гэрээний нөхцөлийг зөрчсөнөөс аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал хохирлыг арилгана. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал батална” гэж тохиролцжээ.

27. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “ үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох орлогыг хохиролд тооцохоор заасан байна.

Талуудын хооронд байгуулсан 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээ хэрэгжих боломжгүй болсон, уг гэрээ цуцлагдсанд “ **** ****” ХХК буруугүй бөгөөд тоног төхөөрөмжийг гэрээгээр шилжүүлэн авсан бол “ **** ****” ХХК-д 1 сарын үйлчилгээний төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 30,000,000 төгрөгийг төлөхгүй байсан гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гэрээний үүргээ зөрчсөн ****аас арилгуулахаар шаардах эрхтэй.

28. Гэрээний үүргээ нэхэмжлэгч **** хэрэгжүүлээгүйгээс  “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК‑иуд харилцан бие биедээ албан бичиг хүргүүлж, гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, “ **** НD” ХХК, ****, “ **** ****” ХХК нар нь 2016.01.26‑ны өдөр харилцан тохиролцож, Швейцарь Улсын Nagravision SA компанийн зөвшөөрлийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, энэхүү гэрээ байгуулагдсанаар **** компани татан буугдаж, ****ын бүх эрх, үүрэг гол хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч ****т шилжихээр, эрх шилжүүлэгч **** “...смарт карт бүхий HRDP-хиймэл дагуулын төхөөрөмжийг ашиглах эрх, системийн суурилуулалт, тохиргоо, Gas headend төхөөрөмж, түүний программ, холбогч суурь программын эзэмшил, төхөөрөмжийг ашиглах эрх, системийн суурилуулалт болон тохиргоо, засвар үйлчилгээ...” зэрэгтэй холбоотой бүхий л эрх, үүргийг “ **** ****” ХХК‑нд шилжүүлэх, “ **** ****” ХХК нь шилжүүлсэн эрх, үүргийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцсон баримтууд хэрэгт авагджээ.

29. “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-тай 2016.10.01‑ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, “ **** ****” ХХК өөрийн байранд байршиж буй Nagra gas системд “ **** ****” ХХК‑ийн хэрэглэгчийн бүртгэл болон түүний төлбөр тооцооны системийг нь зогсолтгүй, тасралтгүй, найдвартай ажиллагаагаар хангах үйлчилгээг 2016.10.01‑ний өдрөөс 2017.04.01‑ний өдрийг хүртэл үзүүлэх, “ **** ****” ХХК-аас 1 сарын үйлчилгээний төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 30,000,000 төгрөгийг “ **** ****” ХХК‑д төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Энэхүү гэрээнд талууд 2017.01.02‑ны өдөр нэмэлт оруулж, үндсэн гэрээний 1.1-д заасан үйлчилгээн дээр нэмж, **** нь **** талын сувгийн нэр болон цагийг Nagra gas системд бүртгэх, **** тал нь энэхүү үйлчилгээг нэмж авсантай холбогдуулан **** талд НӨАТ ороогүй дүнгээр 5,000,000 төгрөгийг сар бүр, үндсэн гэрээний 2.2-т заасан сарын төлбөр дээр нэмж төлөх, ...энэхүү нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний салшгүй нэгэн хэсэг болох талаар тохиролцсон байна.

30. “ **** ****” ХХК дээрх гэрээнд заасан үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, харин “ **** ****” ХХК 2016.10.01-ний өдрөөс 2020.06.25‑ны өдрийг хүртэл 1,716,000,000 төгрөгийг “ **** ****” ХХК‑д төлсөн талаар зохигч маргаагүй.

31. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно”, мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасан.

Хэрэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018.05.29-ний өдрийн 03/805, 2018.10.09-ний өдрийн 02/1433, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2018.10.10-ны өдрийн 1/552, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 2018.10.10-ны өдрийн 2018/20 дугаар техникийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгүүдээр Nagravision gas системийн толгой сервер болон хэрэглэгчийн хүлээн авагч төхөөрөмж нь хоорондоо салшгүй холбоотой, Nagravision системд техникийн саатал гарсан тохиолдолд хэрэглэгчийн төхөөрөмж нь бие даан ажиллах боломжгүй болох нь нотлогдсон.

Дээрх байдлаар Nagravision gas системийн толгой сервер болон хэрэглэгчийн хүлээн авагч төхөөрөмж нь хоорондоо салшгүй холбоотой, Nagravision системгүйгээр хэрэглэгчийн төхөөрөмж нь бие даан ажиллах боломжгүй нь тогтоогдсон байна. 

32. Өөрөөр хэлбэл хариуцагч 2015.09.21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан сеттоп бокс, смарт картууд 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон NMX програмын сервер-Dell сервер 1 ширхэг, Нууцлалын КАС, системийн програмCA, system software 1 ширхэг, төлбөр тооцооны системийн программ-SMS system software 1 ширхэг, КАС-ийн сервер-CA App server 2 ширхэг гэх мэт 75 төрлийн тоног төхөөрөмжийг 50 хувийн өмчлөгч болж чадаагүйн улмаас гэрээ цуцлагдсантай холбогдуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах, Nagra cas системд хэрэглэгчийн бүртгэл, төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, төлсөн төлбөрийг 2018.10.22-ны өдрөөр тооцож, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг **** гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон хариуцагчид учирсан хохиролд  хамаарна.

33. Хариуцагч “ **** ****” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан үндэслэл, журмын дагуу тоолсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “ **** ****” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймээс сөрөг нэхэмжлэлийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

34. Харин хохирлын хэмжээг  хариуцагч “ **** ****” ХХК-ийн  “ **** ****” ХХК-д сар бүр 35,000,000 төгрөгийг төлөх үүргийнхээ хүрээнд 2016.10.27-ны өдрөөс 2018.10.22-ны өдрийг хүртэл хугацаанд төлөгдсөн 907,500,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг зөрчихгүй байна.

 35.  “ **** ****” ХХК, **** нар  тоноог төхөөрөмж худалдсан гэрээ, түүний үр дагаврыг шүүх хянан шийдвэрлэснээр дуусгавар болж байгаа тул цаашид  “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн болоод төлөх төлбөрийг хохирол гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.

36. Харин  002/2015/09/21 гэрээний дагуу сеттоп бокс, смарт карт худалдан авч, тухайн эд зүйлийг хүлээн авсан, үнэд төлсөн 2,041,631,972 төгрөг төлснөөс хариуцагч хохиролд тооцон  шаардсаныг  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

37. Зохигчийн хооронд байгуулагдсан 001/2015/02/05 дугаартай гэрээнээстатгалзсан тул уг гэрээний дагуу нэр бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийн үнэд “ **** ****” ХХК-ийн төлсөн 455,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан өгөх нь гэрээнээс татгалзасантай холбоотой үр дагаврыг тодорхойлсон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасантай нийцэх тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

38. Дээрхийг нэгтгэн  дүгнэж, нэхэмжлэгч ****аас нийт 1,362,500,000 гаргуулж хариуцагч “ **** ****” ХХК-д олгохоор шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягийн “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,  Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй...” гэх гомдол хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Батхуягийн хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ****т холбогдох сөрөг нэхэмжлэлийн талаарх гомдлын зарим хэсгийгхангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...455,000,000...” гэснийг “...1,362,500,000...” гэж, “...3,713,286,301...” гэснийг “...2,805,786,301...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...2,432,950...” гэснийг  “...6,970,450...”гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Батхуягийн хяналтын журмаар нэхэмжлэгч ****т холбогдох сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан гомдлын зарим хэсгийгхангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,116,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД