Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/02792

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        12          14                                       182/ШШ2021/02792              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц.Ц, 

Нэхэмжлэгч: СД ХХК,

            Нэхэмжлэгч: ЖИ ХХК нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: СК ХХК-п холбогдох,

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353 төгрөг гаргуулах тухай хэргийг, нэхэмжлэгч Ц.т холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 4,168,286,301 төгрөг гаргуулах тухай СК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДТВ ХХК-ийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Цнь 2013 онд ДХХК-ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа NAGRA gas нэртэй төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирсэн бөгөөд, уг төхөөрөмжийг Орбитод байрлах ДХХК-ийн онцгой объектод байрлуулсан байдаг. Тиймээс энэхүү төхөөрөмж нь нэхэмжлэгч Ц.Ц-нмэдэх, түүний эзэмшлийн төхөөрөмж гэсэн үг. Энэхүү төхөөрөмжтэй холбогдож нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч СК ХХК нь 2013 оны 11 сараас эхлэн сеттоп бокс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллаж, Ц.Цнь 3,058,177,116 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг сеттоп бокс, 461,060,850 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг смарт карт буюу нийт 3,519,237,966 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СКХХК‑нд нийлүүлэх, СКХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн байдаг. Үүний дагуу Ц.Цнь сеттоп бокс, смарт картыг нийлүүлж эхэлсэн, СКХХК төлбөрийг дутуу хагас төлж явсан. Гэрээний дагуу СКХХК‑иас шилжүүлсэн зарим мөнгө нэхэмжлэгч хоёр компанийн дансанд шилждэг, мөн тус компаниудтай зарим тооцоог хийдэг байсан. Учир нь Ц.Цнь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигч юм. Ийнхүү бид 2015.09.21‑ний өдрийн байдлаар өмнө үүссэн 2013.11.29‑ний өдрөөс эхлэн 2015.09.21‑ний өдрийг хүртэлх нийлүүлэлт болон төлбөр төлөлтийн талаар тооцоо нийлсэн.

Тооцоо нийлэхэд Ц.Цнь 30,000 ширхэг сеттоп боксноос 2,742,045,415 төгрөгийн үнэ бүхий 27,140 ширхэг сеттоп боксыг, 30,000 ширхэг смарт картнаас 418,086,974 төгрөгийн үнэ бүхий 27,410 ширхэг смарт картыг буюу нийтдээ 3,160,132,389 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СКХХК‑нд нийлүүлсэн байдаг. Эндээс СКХХК нь 2013 оны 12 сараас 2014 оны 12 сарыг дуустал 599,808,019 төгрөг, 2015 оны 01 сараас 2015.09.22‑ны өдрийг хүртэл 635,449,041 төгрөг, нийт 1,235,257,060 төгрөгийг СДХХК болон ЖИХХК‑иудын дансаар Ц.Цт төлсөн байдаг. Харин СКХХК нь нийлүүлсэн сеттоп боксноос 87,661,417 төгрөгийн үнэ бүхий 845 ширхэг сеттоп боксыг 2013.11.29‑ний өдрөөс 2015.07.07‑ний өдрүүдийн хооронд гэмтэлтэй байсан шалтгаанаар манайд буцаасан. Гэхдээ Ц.Цнь 2860 ширхэг, 316,131,701 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, 2590 ширхэг, 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт буюу нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СКХХК‑нд нийлүүлээгүй дутуу байсан.

Ингээд талууд  эцсийн байдлаар 2015.09.21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр талууд өмнөх тооцооны үлдэгдлийг 1,924,875,328 төгрөг болохыг баталгаажуулж, Ц.Цнь энэхүү гэрээг байгуулснаас хойш 359,105,577 төгрөгийн үнэ бүхий 2860 ширхэг сеттоп бокс, /үүн дотор смарт карт нь багтдаг гэсэн үг/‑ыг СКХХК‑нд нийлүүлэх, СКХХК нь нийт 2,283,980,905 төгрөгийг Ц.Ц-т төлөх үүргийг хүлээсэн. Бид гэрээний дагуу дутуу сеттоп бокс, смарт картыг СКХХК‑нд ямар нэгэн эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй шилжүүлж, гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн. СКХХК сеттоп бокс, смарт картыг өнөөдрийг хүртэл хэрэглэж, ашиглаж байна. СКХХК нь энэ гэрээнээс хойш 805,684,912 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 1,478,295,993 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Бид төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон энэ шаардлагад хамаарахгүй гэрээг үндэслэн төлбөр төлөхөөс татгалзсан байдаг. Тийм учраас бид гэрээний 6.4‑т зааснаар үлдэгдэл төлбөр болох 1,478,295,993 төгрөгөөс хоног тутамд 0,01%‑ийн алданги тооцож, 1 хоногийн 147,829 төгрөг, 840 хоногийн алданги нийт 124,176,360 төгрөг, бүгд 1,602,472,353 төгрөгийг Иргэний хуулийн 243.1, 232.6‑д зааснаар хариуцагч СКХХК‑иас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдаж байхад нэхэмжлэгч Ц.Цнь манай компани дээр ирж “би гурвалсан үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий тоон телевизийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа, танайх тоног төхөөрөмжийн тал үнийг төлөөд хамтдаа 50/50 хувиар эзэмшье, танай компанийн хот даяар тавигдсан байгаа шилэн кабелийн сүлжээг ашиглан хэрэглэгч нарт үйлчилгээ үзүүлье” гэсэн санал гаргасныг манай компанийн зүгээс зөвшөөрч бидний хооронд салшгүй холбоо бүхий хоёр гэрээ байгуулагдсан юм. Эхний гэрээ нь 2015.02.16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ болно. Тус гэрээгээр СКХХК нь иргэн Ц.Ц-с маргаж буй сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг 1,216,268,508.58 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр худалдан авсан тоног төхөөрөмжөө хүлээн авч холбогдох техникийн суурилуулалт, зүгшрүүлэлтийг хийж бэлтгэсний дараа дагалдах зүйл болон тоон телевизийн сеттоп боксыг худалдан авахаар Ц.Цтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу сеттоп боксын үнийг төлж байсан. Тус хоёр гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй юм. Гэтэл Ц.Цнь сеттоп боксын удирдлага болох тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж бидэнд худалдсан тоног төхөөрөмжөө өөрийн хувьцаа эзэмшдэг ДХХК-д хууль бусаар шилжүүлж өгсөн учраас манай компанийн хувьд их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: СКХХК нь Ц.Ц-тай хамтын ажиллагааны хүрээнд студийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015.02.16-ны өдөр 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд зааснаар гэрээний зүйлийг 2015.02.11-ний өдрийн дотор нийлүүлэх, СКХХК нь 1,216,268,508 төгрөгийг сар бүр 35,000,000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсоны дагуу гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл бид 2015 оны 02 сараас 2016 оны 02 сарыг хүртэл нийт 455,000,000 төгрөг төлсөн байдаг. Энэхүү тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулах ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу Сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээ байгуулж, СКХХК нь гэрээний үүргээ мөн зохих ёсоор биелүүлж үнийг төлж байсан. Гэрээний явцад Ц.Цнь 2015.09.23‑ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлснийг үндэслээд талууд гэрээний 1.1‑д заасан харилцааг тодорхой болгож, 2.4‑т заасан төлбөр шилжүүлэх дансыг өөрчилсөн. Харин Ц.Ц-нгаргасан хамтран ажиллах гэрээг ДХХК болгон өөрчлөх тухай хүсэлтийг дагуу ямар нэгэн өөрчлөлт ороогүй, учир нь манай компани Ц.Ц-н50%‑ийг ДХХК шилжүүлэн авч, манай компанитай гэрээ байгуулах талаар ДХХК‑иас албан бичиг авчирч өгөхийг Ц.Ц-с хүссэн боловч авчраагүй. Тиймээс манай компанийн зүгээс тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг ДХХК‑тай байгуулснаар 2015.02.16‑ны өдрийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй талаар Ц.Цт 2015.10.23‑ны өдрийн 01/318 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл Ц.Ц нь тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж, гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДХХК-д 2016.01.26-ны өдөр шилжүүлэн өгсөн байсныг манай компани хожим олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний үнийг Иргэний хуулийн 249.1‑д зааснаар төлөхөө зогсоосон. Бид Ц.Ц-с хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төхөөрөмжийг ашигламаар байгаа бол ДХХК-тай гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөр төл гэж тулган шаардаж, манай компанийг аргагүй байдалд оруулсан учир ДХХК-тай Nagra gas системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2016.10.01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэх нэртэй гэрээ байгуулж сар бүр 35,000,000 төгрөгийг ДХХК-д төлөх болсон. Ийнхүү бид Ц.Ц-нгэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас 2016.10.01‑ний өдрөөс 2020.06.25‑ны өдрийг хүртэл Д ХХК‑нд нийт 1,716,000,000 төгрөгийг төлж хохирч байна. Өөрөөр хэлбэл Ц.Ц гэрээний үүргээ биелүүлсэн байсан бол бид танихгүй компани болох Д ХХК‑тай гэрээ байгуулж, түүнд сар бүр 38,500,000 төгрөг төлөхгүй байсан юм.

Түүнчлэн манай байгууллага 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээний дагуу Ц.Ц-т 1,997,286,301 төгрөг төлж хохирохгүй байсан. Учир нь 2015.02.16‑ны өдрийн 05 дугаар гэрээ, 2015.09.21‑ний өдрийн 21 дугаар гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох, техникийн хувьд бие биенээсээ шууд хамаарал бүхий, үндсэн бүрдэл тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй, энэ нь хэрэгт авагдсан мэргэжлийн байгууллагуудын албан бичгээр нотлогдоно. Ийнхүү Ц.Ц нь 2015.02.16‑ны өдрийн 05 дугаар гэрээний үүргээ ноцтой зөрчиж, бидэнд мэдэгдэлгүй, тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДХХК‑нд шилжүүлсний улмаас 2015.09.21‑ний өдрийн 21 дугаар гэрээ ач холбогдолгүй болж байгаа юм. Тодруулбал, сеттоп бокс нь тоног төхөөрөмжөөс салангид үл ашиглаж болох бүрдэл эд юмс бөгөөд сеттоп боксын өмчлөл нь удирдах тоног төхөөрөмжөө дагаад ДХХК‑нд шилжсэн ба уг сеттоп боксын хэрэглэгчдээс төлсөн төлбөрийг манай компаниар дамжуулан сар бүр ДХХК авч байгаагаар энэхүү үйл баримт давхар нотлогдож байгаа. Мөн нэхэмжлэгч Ц.Цнь тоног төхөөрөмжийг СДХХК, ЖИХХК‑ийн өмчлөлийн эд хөрөнгө байсан, хувьцаа эзэмшигчийн хувьд манай байгууллагатай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Харин 2016 оны эрх шилжүүлэх гэрээгээр тоног төхөөрөмжийг ДХХК‑нд шилжүүлсэн гэх боловч тус байгууллагын төлөөлөгч нь тухайн тоног төхөөрөмж 2013 оноос компанийн эзэмшлийн газарт угсрагдсан буюу ашиглаж байсан талаар тайлбарласан. Эндээс үзвэл Ц.Цнь анхнаасаа бусдын эзэмшилд байсан, өөрийн захиран зарцуулах эрхгүй, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг манай компанид худалдсан гэж үзэхээр байна.

Иймд бидний хооронд байгуулагдсан гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон, үүнд нэхэмжлэгч Ц.Цбуруутай учраас гэрээнээс татгалзаж, түүнээс Иргэний хуулийн 261.1, 219.1, 227.1 болон гэрээнд заасны дагуу хохирол нэхэмжлэх эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч Ц.Цт 2015.02.16‑ны өдрийн 05 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг, ДХХК‑нд төлсөн 1,716,000,000 төгрөг, 2015.09.21‑ний өдрийн 21 дугаар гэрээний дагуу төлсөн 1,977,286,301 төгрөг, нийт 4,168,286,301 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ц-сгаргуулж манай компанид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д СКХХК нь иргэн Ц.Ц-стоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлсон. СКХХК нь иргэн Ц.Ц-н худалдаж авсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гэрээ байгуулж байсан болохоос биш хамтран худалдаж аваагүй гэдгийг дээрх гэрээний зорилгоос тодорхой харагдана. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг иргэн Ц.Ц нь Nagravision SA компаниас худалдан авсан бөгөөд СКХХК энэ харилцаанд ямар ч хамааралгүй. Энэ тоног төхөөрөмж ганц ширхэг бөгөөд гуравдагч этгээдийн хэлснээр ДХХК‑ийн тусгай объектод байрлаж байгаа, энэ төхөөрөмжийг Ц.Ц захиран зарцуулах эрхтэй, ДХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр энэ асуудал хөндөгдөж байгаа.

Ц.Цнь 2015.10.22-ны өдөр СКХХК-д 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба СКХХК-ийн захирал А.Э нь 2015.10.23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд ДХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд үүний дагуу СКХХК нь ДХХК-тай 2016.10.01-ний өдөр 16/149 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас тоон телевизийн студийн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Үүний улмаас Ц.Ц-т 455 сая төгрөг төлж, ДХХК‑нд мөнгө төлж хохирсон зүйл байхгүй. Хариуцагч өөрөө хүсээд ДХХК‑тай гэрээ байгуулсан, үүний үндсэн дээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, ашиг орлогоо хүртэж байгаа, тэгээд ч ДХХ‑нд төлсөн мөнгийг Ц.Ц хариуцах үндэслэлгүй. Харин Ц.Ц 455 сая төгрөгийг гэрээний төлбөр зогссоноос хойш ДХХК‑тай гэрээ байгуулах хүртэлх хугацаанд тоног төхөөрөмж ашиглаж байсны төлбөрт суутган авсан.

            Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015.09.21-ний өдөр байгуулсан 002/2015/09/21 тоот гэрээ нь тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг СКХХК-иас төлж барагдуулахаар хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний хавсралтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд сеттоп бокс, смарт картыг нийлүүлсэн тооцоог нийлж талууд баталгаажуулсан байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь тооцоотой байсан зүйлсээ тооцоо нийлж баталгаажуулсан, энийг хариуцагч төлөх ёстой байтал буцааж нэхээд байгааг ойлгохгүй байхаас гадна хохирол биш юм. ДХХК-ийн хувь нийлүүлэгчдэд өөрчлөлт орсонтой холбогдуулан өмнөх гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулах талаар хариуцагчид мэдэгдсэн албан бичиг хүргүүлэхэд ДХХК-тай гэрээ байгуулсны дараа өмнөх гэрээг цуцлах саналтай гэсний дагуу ДХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ашиг орлоготой ажилласаар л байна. СКХХК нь ДХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу СКХХК нь шаардах эрх байхгүй.

Харин маргааны зүйл болсон 5, 21 дугаартай гэрээнүүд хоорондоо харилцан хамааралтай, бүрдэл төхөөрөмж, эд хөрөнгүүд биш юм. Учир нь бид 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт картыг дангаар нь хариуцагчид нийлүүлэхээр байдлаар худалдаж ирсэн. Харин 2015 онд студийн тоног төхөөрөмжийг худалдах асуудал яригдсан байгаа. Тус тусдаа ажиллах боломжтой эд хөрөнгүүд, энэ талаар нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа мэргэжлийн байгууллагуудын албан бичгийг дүгнэлт гэж үзэхгүй. 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох сөрөг нэхэмжлэл биш, уг нь тусдаа асуудал байгаа юм. Хэрэв хариуцагч өөртөө хохирол учирсан гэж үзсэн бол тухайн үедээ яагаад шүүхэд хандаагүй, биднээс шаардаагүй юм бэ. Харин биднийг гэрээний төлбөрийг нэхэх үед сая сөрөг нэхэмжлэл гаргасан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цнь ДХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2013 онд NAGRA gas төхөөрөмжийг анх Монголд оруулж ирсэн. Энэ объект нь программын төрлийн хувьд систем гэж явдаг. Энэ нь 2013 оноос хойш ДХХК‑ийн онцгой объект болох орбитод байршилтай, сувгуудыг дамжуулдаг гадны сервер буюу 1 ширхэг объект байдаг бөгөөд бид арчилгааг нь хариуцдаг, хариуцсан гадаад компанид нь сар бүр төлбөр төлдөг юм. Ерөнхийдөө Ц.Цнь энэхүү объектыг эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй. Зохигчдын маргааны зүйл нь ДХХК‑ийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотойгоор үүссэн. Өөрөөр хэлбэл 2015 оны 09 сард Ц.Цнь хувьцаа эзэмшигч байхаа больж, өөр хүн ДХХК‑ийн хувьцаа эзэмшигч болсон. Тийм учраас талуудын хооронд байгуулагдсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хувьд санал бодлоо солилцсоны үндсэн дээр гэрээ цуцлагдсан. Ингээд ДХХК нь 2016.01.26-ны өдөр СЭДХХК болон Швейцарь Улсын хуулийн этгээд болох Награвишн компанитай харилцан тохиролцож Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Награ CAS төхөөрөмжийг Награвишн компанийн зөвшөөрөлтэйгээр ДХХК-д шилжүүлсэн. Учир нь Награ CAS системийг технологийн хувьд СКХХК-ийн тодорхой тооны хэрэглэгч ашиглаж байсан тул Награ CAS системд уг хэрэглэгч нарын бүртгэл болон түүний төлбөр тооцооны систем, сувгийн нэр түүний цагийг бүртгэн ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлэх талаар ДХХК болон СКХХК-ийн хооронд гэрээ байгуулах шаардлага гарсан.

Үүний дагуу Хамтран ажиллах тухай гэрээг байгуулах бидний хүсэл зоригийн илэрхийллийг СКХХК-ийн Ерөнхий захиралА.Энар нь хүлээн авч, уулзалт хэлэлцээрийг хийж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан болно. Энэ хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд гэрээгүй буюу ямар нэгэн төлбөргүйгээр үйлчилгээг СКХХК нь ДХХК-иас авсан. СКХХК нь тухайн гэрээний үнийн дүнгээр хохирсон зүйл байхгүй, манай зүгээс үзүүлж буй ашиглалт үйлчилгээ /хүнтэй холбоотой зардал, цахилгаан болон бусад үйлчилгээ/-ний төлбөрт төлж буй төлбөр юм. Өөрөөр хэлбэл ДХХК-ийн сервир дээр байрлаж 30,000 хэрэглэгчээсээ тухайн төлбөрийг хангалттай олж байгаа. Түүнчлэн Награ CAS төхөөрөмж, сеттоп бокс, смарт карт хоорондоо харилцан хамааралтай эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Тэгээд ч цаг хугацааны хувьд сеттоп бокс, смарт карт хоёрыг 2013 оноос эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлж байсан байна, энэхүү гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх л байх. Харин маргаан хэзээ үүссэн гэхлээр 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйл болсон тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Ц.Цманай байгууллагад шилжүүлснээр үүссэн гэж харагдаж байгаа. Тийм учраас энэ хоёр гэрээг хоорондоо харилцан хамааралтай гэж үзэхгүй. Мөн хариуцагч нь гэрээний дагуу манай компанид төлбөр төлснөөр хохирсон зүйл байхгүй, үүнийг нэхэмжлэгч нар хариуцах үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, СДХХК, ЖИХХК нь хариуцагч СКХХК-д холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,478,295,993 төгрөг, алданги 124,176,360 төгрөг, нийт 1,602,472,353 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч СКХХК нь нэхэмжлэгч Ц.Ц-гт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд буюу 2015.02.16‑ны өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 455,000,000 төгрөг, ДХХК‑нд төлсөн 1,716,000,000 төгрөг, 2015.09.21‑ний өдрийн 21 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг, нийт 4,168,286,301 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.

 

            Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

            Нэхэмжлэгч нар дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид СКХХК‑нд 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт карт худалдаж, СКХХК нь төлбөрийн зарим хэсгийг төлж ирсэн, ингээд 2015 онд тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрийн хэмжээ болон нэмж худалдах сеттоп бокс, смарт картын хэмжээ, үнийг тооцож, 2015.09.21‑ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, энэхүү гэрээний дагуу бид 2860 ширхэг сеттоп бокс, смарт картыг хариуцагчид нийлүүлж, гэрээний үүргийг биелүүлсэн, нийлсэн эд хөрөнгөөс ямар нэгэн эд хөрөнгийн болон эрхийн зөрчил үүсээгүй, харин хариуцагч СКХХК нь төлбөрийг төлж байснаа энэхүү шаардлагад хамаарахгүй 2015.02.16-ны өдрийн 05 тоот тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр төлөхийг зогсоосон, бид төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан, тийм учраас бид гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг, гэрээнд заасан алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

            Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд 2015.09.21,  2015.02.16‑ны өдрийн гэрээнүүдийн зүйл хоорондоо салшгүй холбоотой, бид гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж явсан, гэтэл нэхэмжлэгч Ц.Ц2015.02.16‑ны өдрийн гэрээний зүйл болсон тоног төхөөрөмжийг манай байгууллагад мэдэгдэлгүй ДХХК‑нд шилжүүлсэн байсан, өөрөөр хэлбэл үндсэн тоног төхөөрөмжгүйгээр сеттоп бокс, смарт карт ажиллах боломжгүй, нэхэмжлэгч Ц.Цманай байгууллагыг аргагүй байдалд оруулж бид ДХХК‑тай гэрээ байгуулж, манай байгууллагын нэрээр айл өрхүүдэд тараагдсан байсан сеттоп бокс, смарт картыг ашиглан үйлчилгээ үзүүлж, ДХХК‑нд төлбөр төлж, мөн нэхэмжлэгч Ц.Цт тоног төхөөрөмжийн төлбөр төлж хохирч байна гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

            Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, нэхэмжлэгч Ц.Цнь ДХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2013 онд Nagra gas төхөөрөмжийг анх Монголд оруулж ирсэн бөгөөд энэ нь ДХХК‑ийн онцгой объект болох орбитод байршилтай, сувгуудыг дамжуулдаг гадны сервер буюу 1 ширхэг объект байдаг, нэхэмжлэгч Ц.Цнь 2015 оны 09 сараас ДХХК‑ийн хувьцаа эзэмшигч байхаа больж, студийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг хэрэгжих боломжгүй болсон гэж харагдаж байна, харин түүнээс өмнө тоног төхөөрөмжөөс хамаарахгүйгээр талуудын хооронд байгуулагдсан сеттоп бокс, смарт картын үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх ёстой байх, гэхдээ бид энэхүү гэрээний харилцаанд ямар ч хамааралгүй гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч Ц.Цнь 2013 онд ДХХК-ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа Nagra gas нэртэй төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирсэн байх ба, энэхүү төхөөрөмж нь Орбитод байрлах ДХХК-ийн онцгой объектод байрладаг байна. Уг төхөөрөмжтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Цг, хариуцагч СКХХК нь 2013 оны 11 сараас эхлэн сеттоп бокс худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж, нэхэмжлэгч Ц.Цнь 3,058,177,116 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг сеттоп бокс, 461,060,850 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг смарт карт буюу нийт 3,519,237,966 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг хариуцагч СКХХК‑нд худалдах, хариуцагч СКХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн байжээ. Энэ талаар бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч зохигчид маргаагүй болно.

 

            Ийнхүү нэхэмжлэгч Ц.Цнь сеттоп бокс, смарт картыг нийлүүлж эхэлсэн, хариуцагч СКХХК төлбөрийг нэхэмжлэгч СДХХК болон ЖИХХК‑ийн дансаар шилжүүлэн төлж байсан ба, зохигчид 2015.09.21‑ний өдрийн байдлаар өмнө үүссэн 2013.11.29‑ний өдрөөс 2015.09.21‑ний өдрийг хүртэлх сеттоп бокс, смарт картын нийлүүлэлт болон төлбөр төлөлтийн талаар харилцан тооцоо нийлсэн байна.

 

            Тооцоо нийлсэн баримтууд болох гэрээ, гэрээний хавсралт, зарлагын баримт зэргээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Цнь 30,000 ширхэг сеттоп боксноос 2,742,045,415 төгрөгийн үнэ бүхий 27,140 ширхэг сеттоп боксыг, 30,000 ширхэг смарт картнаас 418,086,974 төгрөгийн үнэ бүхий 27,410 ширхэг смарт картыг буюу нийтдээ 3,160,132,389 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг хариуцагч СКХХК‑нд нийлүүлсэн /худалдсан/, хариуцагч СКХХК нь 2013 оны 12 сараас 2014 оны 12 сарыг дуустал 599,808,019 төгрөг, 2015 оны 01 сараас 2015.09.22‑ны өдрийг хүртэл 635,449,041 төгрөг, нийт 1,235,257,060 төгрөгийг нэхэмжлэгч СДХХК болон ЖИХХК‑иудын дансаар нэхэмжлэгч Ц.Цт төлж, 87,661,417 төгрөгийн үнэ бүхий 845 ширхэг сеттоп боксыг 2013.11.29‑ний өдрөөс 2015.07.07‑ний өдрүүдийн хооронд гэмтэлтэй байсан шалтгаанаар нэхэмжлэгч Ц.Цт буцаажээ.

 

            Улмаар нэхэмжлэгч Ц.Цнь 2860 ширхэг, 316,131,701 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, 2590 ширхэг, 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт буюу нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг хариуцагч СКХХК‑нд нийлүүлээгүй, дутуу үлдээсэн байна.

 

Ийнхүү зохигчид 2015.09.21-ний өдөр 002/2015/09/21 /цаашид 21 тоот гэрээ гэж товчилно/ тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба, энэхүү гэрээгээр талууд өмнөх тооцооны үлдэгдлийг 1,924,875,328 төгрөг болохыг баталгаажуулж, нэхэмжлэгч Ц.Ц нь 2860 ширхэг, 316,131,701 төгрөгийн үнэ бүхий тоон телевизийн сеттоп бокс, 2590 ширхэг, 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт буюу нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж болох сеттоп бокс, смарт картыг хариуцагч СКХХК‑нд нийлүүлэх /худалдах/, хариуцагч СКХХК нь нийт 2,283,980,905 төгрөг /1,924,875,328 төг + 359,105,577 төг/‑ийг нэхэмжлэгч Ц.Цт төлөх үүргийг хүлээсэн.

 

            Зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээнийх харилцаанд нийцсэн байх ба, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Ц.Цнь 21 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.2, 2.4, 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д заасны дагуу 2860 ширхэг, 316,131,701 төгрөгийн үнэ бүхий кабелийн тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж болох сеттоп бокс, 2590 ширхэг, 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт буюу нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байдлаар нэхэмжлэгч СДХХК‑ийн нэрээр, 2015.09.30‑ны өдрөөс 2015.11.06‑ний өдрүүдэд хариуцагч СКХХК‑нд хүлээлгэн өгч, үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлжээ.

 

            Харин хариуцагч СКХХК нь 21 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 5 дугаар зүйлийн 5.3, 5.5, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-сбиет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж болох сеттоп бокс, смарт картыг хүлээн авсан байх ба, төлбөр төлөх үндсэн үүргийг зохих ёсоор, шударгаар бүрэн төлж дуусгах ёстой байтал уг үүргээ бүрэн биелүүлээгүй, биелүүлээгүй шалтгаанаа хариуцагч тал “2015.02.16-ны өдрийн 05 тоот гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Ц биелүүлээгүй, 21 тоот, 05 тоот гэрээний зүйлүүд хоорондоо салшгүй холбоотой байхад нэхэмжлэгч Ц.Цнь 05 тоот гэрээний зүйл болсон студийн тоног төхөөрөмжийг бидэнд мэдэгдэлгүй ДХХК-нд шилжүүлсэн” гэсэн шалтгаанаар зогсоосон гэж тайлбарласан.  

 

Хариуцагч СКХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд Nagravision системийн студийн тоног төхөөрөмж, хэрэглэгчийн тоног төхөөрөмж болох сеттоп бокс, смарт карт нь хоорондоо харилцан хамааралтай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тус тус хандсан байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018.05.29-ний өдрийн 03/805 дугаар, 2018.10.09-ний өдрийн 02/1433 дугаар албан бичгүүд, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2018.10.10-ны өдрийн 1/552 дугаар албан бичиг, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 2018.10.10-ны өдрийн 2018/20 дугаар техникийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгүүдээр, Nagravision gas системийн толгой сервер болон хэрэглэгчийн хүлээн авагч төхөөрөмж нь хоорондоо салшгүй холбоотой, Nagravision системд техникийн саатал гарсан тохиолдолд хэрэглэгчийн төхөөрөмж нь бие даан ажиллах боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан “...хоёр гэрээний зүйл хоорондоо салшгүй холбоотой биш, харилцан хамааралтай болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт байхгүй...” гэх агуулга бүхий тайлбарууд үгүйсгэгдэв.

 

            Өөрөөр хэлбэл, 21 тоот, 05 тоот гэрээнүүдийн зүйл буюу Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмж, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж буюу сеттоп бокс, смарт карт нь бие биенээсээ харилцан хамааралтай байх боловч, энэхүү харилцан хамаарал 05 тоот тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ бодит байдлаар биелэгдээгүй, нэхэмжлэгч Ц.Цнь энэхүү гэрээний зүйлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-нд шилжүүлсэнтэй холбогдон үүссэн зөрчил байна гэж үзлээ.

 

            Тодруулбал, 21 тоот худалдах, худалдан авах гэрээний зүйл нь 2013 оны худалдах, худалдан авах гэрээний харилцаа, талуудын тооцоо нийлсэн, нэмэлтээр худалдах сеттоп бокс, смарт карт байх бөгөөд энэхүү 21 тоот гэрээг талууд өмнө нь үүссэн гэрээний харилцааг дүгнэх байдлаар хийсэн, энэ үед талуудын хооронд Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмж, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж буюу сеттоп бокс, смарт картын харилцан хамааралтай байдлын талаар ямар нэгэн зөрчил үүсээгүй, маргааны зүйл болоогүй байх ба, энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Цнэгэнт биелүүлсэн, харин хариуцагч СКХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.4‑т заасан 2,283,980,905 төгрөгийн төлбөр төлөх үүргээс 805,684,912 төгрөгийг төлсөн, үлдэх 1,478,295,993 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цт төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Ц.Цнь төлбөр төлөхийг түүнээс шаардаж байжээ.

 

            Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2015.09.21‑ний өдрийн 21 тоот худалдах, худалдан авах гэрээ, гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтууд, СДХХК‑ийн зарлагын баримтууд, тоон телевизийн хүлээн авагчийн гарын авлага, ЖИХХК‑ийн хариуцагч СКХХК‑иас төлбөр хүлээн авсан тухай нягтлан бодогчийн тооцоолол /2015 оны 01 сараас 09 сар/, 2016.11.10‑ны өдрийн нэхэмжлэгч Ц.Ц-схариуцагч СКХХК‑нд төлбөр төлөх талаар мэдэгдсэн мэдэгдэл, 2016.10.13‑ны өдрийн 01/229, 2016.12.26‑ны өдрийн 01/287 тоот хариуцагч СКХХК‑иас нэхэмжлэгч Ц.Цт хүргүүлсэн төлбөр тооцооны тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

            Ийнхүү нэхэмжлэгч Ц.Цт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,478,295,993 төгрөгийг хариуцагч СКХХК‑иас шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч СКХХК нь төлбөр төлөх үүрэгтэй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

Зохигчид 21 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзвал буруутай тал нөгөө талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж тохиролцсон байх ба, энэхүү тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч Ц.Цнь хариуцагч СКХХК‑иас гүйцэтгээгүй үүрэг болох 1,478,295,993 төгрөгийн 0,01%‑тай тэнцэх алданги буюу 1 хоногийн 147,829 төгрөг, нийт 840 хоногийн алдангид 124,176,360 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Уг зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6‑д заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон алдангийн шинжийг агуулаагүй, алданги гэхээс илүүтэйгээр хуулийн 232.5‑д заасан торгуулийн шинжийг агуулж байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4‑т зааснаар алданги, тогууль нь анзын төрөл байх ба, хуулийн 232.5‑д зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж ойлгоно.

 

Тиймээс 21 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.4‑т заасан зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1‑д заасан үгийн шууд утгаар тайлбарлан, зохигчдыг торгууль төлөх талаар харилцан тохиролцсон гэж шүүх үзсэн, нэхэмжлэгч Ц.Цнь гэрээний 6.4, Иргэний хуулийн 232.5‑д зааснаар торгууль шаардах эрхтэй, хариуцагч СКХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан, төлөөгүй болох нь нэгэнт тогтоогдсон тул тэрээр гүйцэтгээгүй үүрэг болох 1,478,295,993 төгрөгийн 0,01%‑тай тэнцэх торгууль буюу 147,829 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч СКХХК-иас 21 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,478,295,993 төгрөг, торгууль 147,829 төгрөг, нийт 1,478,443,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлээс үлдэх 124,028,531 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч СДХХК, ЖИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Ц.Цнь нэхэмжлэгч СДХХК‑ийн 90%‑ийн хувьцаа эзэмшигч, тус компани нь 2 гишүүнтэй, мөн нэхэмжлэгч ЖИХХК‑ийн 50%‑ийн хувьцаа эзэмшигч, тус компани нь 2 гишүүнтэй болох нь СДХХК болон ЖИХХК‑ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмүүдээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Цнь нэхэмжлэгч СДХХК, ЖИХХК‑ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хариуцагч СКХХК‑тай байгуулсан 21 тоот худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцсон, ийнхүү оролцохдоо гэрээний зүйл болсон тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж болох сеттоп бокс, смарт картыг өөрийн нэрээр хариуцагч СКХХК‑нд шилжүүлж, гэрээний төлбөрийг хүлээн авч, холбогдох тооцоог хийж байжээ.

 

Харин нэхэмжлэгч нар нь энэ үйлдлээрээ Ц.Ц, СКХХК‑ийн хооронд үссэн 21 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй этгээд биш байх бөгөөд, хариуцагч СКХХК‑тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, түүний өмнө ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1‑д зааснаар нэхэмжлэгч нарын хүсэл зориг 21 тоот худалдах, худалдан авах гэрээнд илэрхийлэгдээгүй, нэхэмжлэгч СДХХК, ЖИХХК‑ийн эрх ашгийг хариуцагч СКХХК ямар байдлаар зөрчөөгүй байх тул СДХХК, ЖИХХК‑ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2‑т заасан нэхэмжлэгч этгээд гэж үзэхгүй юм.

 

            2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

            Хариуцагч тал гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зохигчдын хооронд байгуулагдсан 2015.02.16-ны өдрийн 05 тоот тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Цнь студийн тоног төхөөрөмжийн 50%‑ийг манай компанид худалдах, манай компани нь төлбөр төлөх үүрэг хүлээж, энэхүү гэрээний дагуу нийт 455,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цт төлсөн, мөн 2015.09.21-ний өдрийн 21 тоот сеттоп бокс, смарт карт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, эдгээр хоёр гэрээний зүйл нь хоорондоо салшгүй холбоотой, студийн тоног төхөөрөмжгүй сеттоп бокс, смарт картыг ашиглах боломжгүй, гэтэл нэхэмжлэгч Ц.Цнь 05 тоот гэрээний үүргийг зөрчиж, студийн тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДХХК‑нд шилжүүлснийг бид хожим мэдсэн, тиймээс энэ гэрээ үргэлжлэх боломжгүй болсон, ингээд бид аргагүйн эрхэнд ДХХК‑тай гэрээ байгуулж түүнд сар бүр төлбөр төлөх болсон, ийнхүү энэ хоёр гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Цт төлбөр төлж хохирч байгаа, гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч Ц.Цнь өөрийн эзэмшлийн биш эд хөрөнгийг бидэнд зарж, хохирол учруулсан гэж үзэж байгаа тул хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

            Нэхэмжлэгч тал дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд 2015.02.16-ны өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Цнь өөрийн эзэмшлийн, ДХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа оруулж ирсэн студийн тоног төхөөрөмжийг хариуцагчид худалдах үүрэг хүлээсэн болохоос биш Х

хамтран худалдаж авсан зүйл байхгүй, харин ДХХК‑ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Цнь 2015.10.22-ны өдөр СКХХК-нд гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн, хариуд нь СКХХК нь ДХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн, ингээд СКХХК нь ДХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас Ц.Цт төлбөр төлж хохирсон зүйл байхгүй, харин Ц.Ц455 сая төгрөгийг гэрээний төлбөр зогссоноос хойш ДХХК‑тай гэрээ байгуулах хүртэлх хугацаанд тоног төхөөрөмж ашиглаж байсны төлбөрт суутган авсан, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015.09.21-ний өдрийн 21 тоот гэрээний дагуу СКХХК нь дутуу төлбөрөө төлөх үүрэгтэй байтал төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа нь ойлгомжгүй, эдгээр хоёр гэрээ хоорондоо харилцан хамааралтай биш гэж мэтгэлцсэн.

 

            Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, нэхэмжлэгч Ц.Цнь ДХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2013 онд Nagra gas төхөөрөмжийг анх Монголд оруулан ирж, ДХХК‑ийн онцгой объектод байршуулсан, сувгуудыг дамжуулдаг гадны сервер буюу 1 ширхэг объект байдаг, нэхэмжлэгч Ц.Цнь 2015 оны 09 сараас ДХХК‑ийн хувьцаа эзэмшигч байхаа больсон, түүнчлэн ДХХК нь 2016.01.26-ны өдөр СЭДХХК болон Швейцарь Улсын хуулийн этгээд болох Награвишн компанитай харилцан тохиролцож эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр NAGRA CAS системийн удирдлага манай байгууллагад шилжин ирж, үүний үндсэн дээр манай байгууллага, СКХХК‑тай тохиролцож гэрээ байгуулсан, түүнээс биш СКХХК нь Ц.Ц-сболоод манай байгууллагад төлбөр төлөөд хохирсон зүйл байхгүй, NAGRA CAS төхөөрөмж, сеттоп бокс, смарт карт хоорондоо харилцан хамааралтай эсэхийг тогтоосон зүйл байхгүй гэж тайлбарласан.

           

            Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч СКХХК нь 2015.02.16-ны өдрийн 001/2015/02/05 /цаашид 05 дугаар гэрээ гэж товчилно/ тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр, нэхэмжлэгч Ц.Цнь гэрээний хавсралтад заасан, NMX програмын сервер-Dell сервер 1 ширхэг, Нууцлалын КАС, системийн програм–CA, system software 1 ширхэг, Төлбөр тооцооны системийн програм-SMS system software 1 ширхэг, КАС-ийн сервер-CA App server 2 ширхэг гэх мэт нийт 2,432,537,016 төгрөгийн үнэ бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийг хариуцагч СКХХК‑нд нийлүүлэх, хариуцагч СКХХК нь 50%‑ийн үнэ буюу 1,216,268,508 төгрөгийг, 35 сарын хугацаанд, сар бүр 35,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.Цт төлөхөөр тохиролцжээ.

 

Зохигчид 2015.09.21‑ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 1.1‑д заасан “энэхүү гэрээний зорилго нь худалдан авагчийн худалдан авахаар тохиролцсон тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэснийг, “энэхүү гэрээний зорилго нь хавсралт 1‑д заагдсан тоон телевизийн тоног төхөөрөмж тус бүрийн талыг буюу 50%‑ийг худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, гэрээний 2.4‑т заасан “...худалдагч талын Голомт банкны 2105001700 тоот дансанд...” гэснийг “... худалдагч талын Голомт банкны 2105104545 тоот дансанд...” гэж тус тус өөрчилсөн байна.

 

   Зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасан шаардлагад нийцсэн, Худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой болохыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад мөн адил дүгнэсэн.  

 

Нэхэмжлэгч Ц.Цнь 05 тоот гэрээний хавсралтад заасан нэр бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байдлаар хариуцагч СКХХК‑нд хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлээгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Цнь дээр дурдсан үндсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагч СКХХК нь гэрээний хавсралтад заасан нэр бүхий 75 төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Ц.Ц-схүлээн аваагүй байх боловч тэрээр 05 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэн, 2015.02.23‑ны өдрөөс 2016.02.23‑ны өдрийг хүртэл нийт 455,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цт төлж байгаад “Nagra gas”‑ийн тоног төхөөрөмж 2016.02.01‑ний өдрөөс ДХХК‑нд шилжсэнтэй холбоотойгоор төлбөр төлөх үүргээ 2016 оны 03 сараас эхлэн зогсоожээ.   

 

Улмаар нэхэмжлэгч Ц.Цнь 2015.09.23-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээр 05 тоот гэрээг өөрийн хувь эзэмшдэг ДХХК болгон өөрчлөх хүсэлтэй байгааг хариуцагч СКХХК-нд мэдэгдсэн, түүнчлэн ДХХК нь 2015.10.09‑ний өдөр А15/528 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц.Цт шаардлага хүргүүлсэн байх ба, уг шаардлага нь “Тус компанийн хөрөнгө оруулагчдын гэрээний дагуу Nagra media access CLK системийн 150‑аас доошгүй суваг бүхий 500,000 хэрэглэгчийг хангаж, Hardware тоног төхөөрөмж ДХХК‑ийн өмчлөлд шилжих тохиролцоо хийгдсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар та СКТВ ХХК‑тай эрхийн зөрчилтэй гэрээ байгуулж хамтран өмчлөхөөр тохиролцсон тохиролцоогоо цуцлаагүй, тоног төхөөрөмжийг компанийн өмчлөлд бүрэн шилжүүлээгүй байна. ...Тиймээс СКХХК‑тай байгуулсан гэрээг нэн даруй цуцлаж, тоног төхөөрөмжийг ДХХК‑ийн өмчлөлд шилжүүлэх замаар дээр дудсан эрхийн болон бусад зөрчлүүдийг нэн даруй арилгахыг шаардаж байна ...” гэсэн агуулгатай байна.  

 

Тиймээс нэхэмжлэгч Ц.Цнь энэхүү 05 тоот гэрээг цуцлах тухай албан бичгийг хариуцагч СКХХК‑нд хүргүүлсэн, хариуцагч СКХХК нь 2015.10.23-ны өдрийн 01/318 тоот албан бичгээр “...05 тоот худалдах, худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд ДХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна...” гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлж байснаас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан 05 тоот гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгч Ц.Цхариуцагч СКХХК‑нд зохих ёсоор мэдэгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Ц-нирүүлсэн гэрээ цуцлах тухай саналд хариуцагч СКХХК‑иас хариу хүргүүлсэн 2015.10.23‑ны өдөр энэхүү гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1‑д зааснаар цуцлагдсан байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, 05 тоот гэрээ, 21 тоот гэрээний харилцан хамаарлын талаарх зөрчил нь Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах тухай 05 тоот гэрээ бодит байдлаар хэрэгжих боломжгүй болсон, гэрээ цуцлагдсан 2015.10.23-ны өдрөөс талуудын хооронд үүссэн гэж үзэхээр байх ба, хоёр гэрээний зүйл болсон эд хөрөнгийн харилцан хамаарлын талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх нэгэнт дүгнэсэн бөгөөд зөрчил үүссэн цаг хугацаа, талуудын хооронд өмнө нь үүссэн байсан гэрээний харилцаа, тооцоо нийлсэн байдал зэргийг харгалзан 21 тоот, 05 тоот гэрээний үүргүүдийг тус тусад дүгнэх боломжтой байна гэж үзсэн болно.

 

Түүнчлэн С ХХК, хувьцаа эзэмшигч Ц.Ц, ДХХК нь 2016.01.26‑ны өдөр харилцан тохиролцож, Швейцарь улсын Nagravision SA компанийн зөвшөөрлийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, энэхүү гэрээ байгуулагдсанаар С компани татан буугдаж, Ц.Цын бүх эрх, үүрэг гол хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ц.Цт шилжихээр, эрх шилжүүлэгч Ц.Цнь ...смарт карт бүхий HRDP-хиймэл дагуулын төхөөрөмжийг ашиглах эрх, системийн суурилуулалт, тохиргоо, Gas headend төхөөрөмж, түүний програм, холбогч суурь програмын эзэмшил, төхөөрөмжийг ашиглах эрх, системийн суурилуулалт болон тохиргоо, засвар үйлчилгээ зэрэгтэй холбоотой бүхий л эрх, үүргийг ДХХК‑нд шилжүүлэх, ДХХК нь шилжүүлсэн эрх, үүргийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 

Энэхүү эрх шилжүүлэх гэрээг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ДХХК нь хариуцагч СКХХК‑нд зохих албан бичгүүдийг, хариуцагч СКХХК нь зохих хариунуудыг харилцан бие биедээ хүргүүлснээр гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, хариуцагч СКХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК нь 2016.10.01‑ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан байх ба, уг гэрээгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК нь өөрийн байранд байршиж буй Nagra gas системд хариуцагч СКХХК‑ийн хэрэглэгчийн бүртгэл болон түүний төлбөр тооцооны системийг нь зогсолтгүй, тасралтгүй, найдвартай ажиллагаагаар хангах үйлчилгээг 2016.10.01‑ний өдрөөс 2017.04.01‑ний өдрийг хүртэл үзүүлэх, хариуцагч СКХХК нь 1 сарын үйлчилгээний төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 30,000,000 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК‑нд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Зохигчид дээрх гэрээнд 2017.01.02‑ны өдөр нэмэлт оруулж, үндсэн гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан үйлчилгээн дээр нэмж ДДЭШ нь Ц.Ц талын сувгийн нэр болон цагийг Nagra gas системд бүртгэх, Сансар тал нь энхэүү үйлчилгээг нэмж авсантай холбогдуулан ДДЭШ талд НӨАТ ороогүй дүнгээр 5,000,000 төгрөгийг сар бүр, үндсэн гэрээний 2.2 дугаар зүйлд заасан сарын төлбөр дээр нэмж төлөх, ...энэхүү нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний салшгүй нэгэн хэсэг болох талаар тусгасан байна.  

 

Ийнхүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК нь гэрээний дагуу үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, хариуцагч СКХХК нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж, 2016.10.01ий өдрөөс 2020.06.25‑ны өдрийг хүртэл 1,716,000,000 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК‑нд төлжээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2015.02.16‑ны өдрийн 05 тоот гэрээ, гэрээний хавсралтууд, 2015.09.21‑ний өдрийн нэмэлт өөрчлөлт,   төлбөрийн даалгаврууд, 2016.06.03‑ны өдрийн 01/124, 2016.10.04‑ний өдрийн 01/221  дугаар СКХХК‑иас нэхэмжлэгч Ц.Цт хүргүүлсэн төлбөр тооцооны тухай мэдэгдлүүд, зохигчдын бие биедээ болон гуравдагч этгээд ДХХК‑иас нэхэмжлэгч Ц.Цболон хариуцагч СКХХК‑нд тус тус хүргүүлж байсан албан бичгүүд, шаардлагууд, 2016.01.26‑ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ /англи, монгол хэл дээр/, 2016.10.01‑ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017.01.02‑ны өдрийн нэмэлт гэрээ, СКХХК‑иас ДХХК‑нд төлбөр төлсөн төлбөрийн даалгаврын баримтууд, ДХХК‑нд байгаа Nagravision үндсэн програмын сервер, сеттоп бокс зэргийг харуулсан гэрэл зургууд, 2015.09.23-ны өдрийн нэхэмжлэгч Ц.Ц-нхүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Цнь маргааны зүйл болсон Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмж болох 1 ширхэг сервер объектыг 2013 онд анх ДХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч байхдаа Монгол улсад оруулж ирэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-ийн онцгой объект болох Орбитод байрлуулсан талаар өмнө нь шүүх дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-ийн тайлбар үндэслэл бүхий байх ба, нэхэмжлэгч Ц.Цнь энэхүү тоног төхөөрөмжийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан “...тухайн тоног төхөөрөмж 2013 оноос ДХХК-ийн эзэмшлийн газарт угсрагдсан буюу ашиглаж байсан талаарх гуравдагч этгээдийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Цнь анхнаасаа бусдын эзэмшилд байсан, өөрийн захиран зарцуулах эрхгүй, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг манай компанид худалдсан гэж үзэхээр байна...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.

 

Харин нэхэмжлэгч Ц.Цнь маргааны зүйл болсон Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмжийг хариуцагч СКХХК-нд худалдах, худалдан авах тухай 05 тоот гэрээний үүргээ бодит байдлаар биелүүлээгүй, энэхүү гэрээний зүйлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-нд эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэнтэй холбоотойгоор 05 тоот гэрээ хэрэгжих боломжгүй болж, нэгэнт цуцлагдсан байх бөгөөд, “цуцлах” гэсэн ухагдахууны дор өгсөн, авснаа буцаах замаар гэрээний харилцааг дуусгавар болгох татгалзах эрхийг ойлгох учиртай, гэрээнээс татгалзснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэдэг онцлогтой.     

 

Тиймээс хариуцагч СКХХК нь 05 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирол, зардлыг нэхэмжлэгч Ц.Ц-сшаардах эрхтэй ба, энэхүү шаардах эрхийн хүрээнд хариуцагч СКХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2015.02.16‑ны өдрийн 05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг, ДХХК‑нд төлсөн 1,716,000,000 төгрөг, 2015.09.21‑ний өдрийн 21 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг, нийт 4,168,286,301 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2018.10.22-ны өдөр, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 2018.03.20-ны өдөр тус тус шүүхэд гаргасан, өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйл нь 2015 оны 21 тоот, 05 тоот худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой, хариуцагч тал энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жилийн хугацаан дотор гаргажээ.

 

Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...хэрэв хариуцагч өөртөө хохирол учирсан гэж үзсэн бол тухайн үедээ яагаад шүүхэд хандаагүй, биднээс шаардаагүй юм бэ. Харин биднийг гэрээний төлбөрийг нэхэх үед сая сөрөг нэхэмжлэл гаргасан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдав.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 05 тоот гэрээ нэгэнт цуцлагдаж, дуусгавар болсон учраас хариуцагч СКХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Цт төлсөн 455,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, нэхэмжлэгч Ц.Цнь буцаан төлөх үүрэгтэй байх тул, түүний гаргасан “455 сая төгрөгийг гэрээний төлбөр зогссоноос хойш ДХХК‑тай гэрээ байгуулах хүртэлх хугацаанд тоног төхөөрөмж ашиглаж байсны төлбөрт суутган авсан” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин хариуцагч СКХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-тай харилцан тохиролцож, 2016.10.01‑ний өдөр Хамтран ажиллах гэрээг нэгэнт байгуулсан, энэхүү гэрээний дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХХК-иас үйлчилгээ авсан, үйлчилгээ авсны төлөө, гэрээний үүргээ биелүүлж түүнд 1,716,000,000 төгрөг төлсөн явдал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-нгэм буруутай үйлдэл буюу 05 тоот гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хариуцагч СКХХК-иас гарсан зардал буюу хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.   

 

Түүнчлэн шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ц.Цийг 21 тоот гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлсэн гэж, харин хариуцагч СКХХК-ийг 21 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, алданги төлөх үүрэгтэй болохыг тогтоосон тул хариуцагч СКХХК нь энэхүү 21 тоот гэрээний дагуу хэрэглэгчийн тоног төхөөрөмж болох сеттоп бокс, смарт карт худалдан авсны төлбөрт 1,997,286,301 төгрөг төлснөөр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирсон гэж үзэхгүй, энэ нь 05 тоот гэрээ цуцлагдаж, түүнээс татгалзсантай холбоотой хариуцагч СКХХК-иас гарсан зардал биш юм.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч СКХХК-ийг бодит байдлаар хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд, түүний хохирол болгон шаардсан ДХХК‑нд төлсөн 1,716,000,000 төгрөг, 2015.09.21‑ний өдрийн 21 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг, нийт 3,713,286,301 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цхариуцан төлөх үүрэггүй, энэ талаарх шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ц-с455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч СКХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,713,286,301 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэгдүгээр хавтсанд байгаа, шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийсэн, 130‑138 дугаар хуудасны Төрийн банк, ХААН банк, Хас банк ХХК‑ийн дансны хуулгууд,

162 дугаар хуудасны Татварын ерөнхий газрын 2016.05.31‑ний өдрийн 03‑1/3114 тоот СКХХК‑нд зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, 164 дүгээр хуудасны СКХХК‑иас Ц.Цт хүргүүлсэн 2016.06.30‑ны өдрийн 01/160 дугаар төлбөрийн баримт авах тухай албан бичиг, 205‑206 дугаар хуудсанд байгаа 2010.09.27‑ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ,

Хоёрдугаар хавтсанд байгаа, шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийсэн, 52‑91 дүгээр хуудасны Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн хариуцагч СКХХК‑ийн татварын тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2 хуудас баримт, 103‑107 дугаар хуудасны Татварын ерөнхий газраас ирүүлсэн ДХХК‑ийн Санхүүгийн тайлан, 115‑145, 155‑158, 168‑190 дүгээр хуудсанд байгаа банкуудаас ирүүлсэн нэхэмжлэгч Ц.Цнь данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолтууд, дансны хуулгууд, 196‑223 дугаар хуудсанд байгаа хариуцагч СКХХК‑ийн 2015, 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангууд, 235‑236 дугаар хуудсанд байгаа 2015.02.16‑ны өдрийн Хамтран ажиллах гэрээ,

Хоёрдугаар хавтасны 250 дугаар хуудаснаас гуравдугаар хавтасны 1‑17 дугаар хуудсанд байгаа гуравдагч этгээд ДХХК‑ийн 2016 оны санхүүгийн тайлан, шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийсэн, 208‑242 дугаар хуудасны хариуцагч СКХХК‑ийн 2019‑2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтуудыг хэргийн үйл баримтад шууд хамаарахгүй байна гэж үзсэн тул  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5‑д зааснаар хариуцагч СКХХК‑иас 1,478,443,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлээс үлдэх 124,028,531 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч СДХХК, ЖИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1‑д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-с455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч СКХХК‑нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,713,286,301 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 8,170,312 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 21,473,231 /4,695,450 төг + 2,432,950 төг + 4,200,450 төг + 10,144,381/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СКХХК-иас 7,550,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт, нэхэмжлэгч Ц.Ц-с2,432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч СКХХК-нд тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Т.ЭНХТУЯА