Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00749

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00749

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/00309 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах-худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны А блок 1 давхар, 103 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У , хариуцагчийн өмгөөлөгч У.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Астра вилла хотхоны А болон Б блок байрны агааржуулалтын системийг хийх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлж 2017 оны 2 дугаар сард дуусгаж хүлээлгэж өгөөд уг байр нь албан ёсоор ашиглатад орсон. Гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь Монгол улсын хууль, стандартад тохирсон, гэрээний 1 дүгээр хавсралтад тусгагдсан ажлыг хийсний дараа эрхийн болон биет байдлын доголдолгүй агаар сэлгэлтийн систем, 155 м.кв МАК-ийн дүүргэлтийн блок нийлүүлэх гэж заасан. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах тоот бүхий барилгад тээвэрлэн хүргэж, угсралт суурилуулалт хийнэ гэж гэрээний 2.1-д заасан байдаг. Гэрээний 3.2 дах хэсэгт 175 000 000 төгрөгийн тооцоонд 2 өрөө байр болон нэг авто зогсоолыг оролцуулж төлнө гэж заасан байдаг. Манай компанийн зүгээс ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлбөр төлөхийг шаардахад тухайн байрыг эзэмшилд шилжүүлэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Гэрээний 4.4-т зааснаар 3 жилийн баталгаа гаргадаг. Баталгаат хугацаанаас хойш үндсэн үүргийг биелүүлээгүй. Ашиглалтад орсноос хойш бүх байр нь худалдагдаж оршин суугч нар орсон. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш маргаан бүхий байрыг хариуцагч талаас нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талын хүн уг байранд оршин сууж байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш гуравдагч этгээд гарч ирсэн. Бидэнд гуравдагч этгээд рүү байр шилжүүлснийг шүүх хуралдаан болохоос өмнө мэдэгдээгүй байсан. Хариуцагчийн зүгээс худалдсан зүйл байхгүй зээлэнд барьцаалсан гэх учир битүүлэг зүйл хэлж байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанийн нэр дээр энэ орон сууцыг болон автомашины зогсоолыг шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэлийн гэрээ байдаг. Ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн дагуу ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээн өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлыг хүлээлгэж өгсөн гэх баримт байдаггүй. Ажлыг асуудалгүй хийсэн бол шинжээч томилуулахад татгалзах зүйл байхгүй. Мөн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн асуудал байгаагүй, хариуцагч тал өөрөө нотлох ёстой гэх агуулга бүхий зүйл ярьдаг. Гэтэл энэ нь нотлох боломжийн хувьд хэлэхэд бид нар барилгын тухай тусгай мэдлэггүй учир өөрөө нотлох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол түүнд гомдол гаргах эрх нь хэргийн оролцогч нарт олгогддог. Одоогийн байдлаар шүүх хуралдаан хэлэлцэгдэж байгаа учир энэ эрх нь хязгаарлагдаж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөрөнгө нь гуравдагч этгээдийн нэр дээр байгаа учир манайхаас шаардаж болохгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий орон сууцыг 2017 онд худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэгт авагдаагүй зүйлийг яриад байна. Нэгэнт өмчлөгчөөр тогтоолгох асуудалд гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд шилжүүлэх эсэх асуудал яригдах ёстой. Гэтэл гэрээний үүргийн биелэлт буюу ажлын үр дүнд маргаж байгаа учир өмчлөгчөөр тогтоолгох нь эргэлзээтэй гэж үзэж байна. Маргаантай байсан учир хариуцагч тал тус байрыг гуравдагч этгээдэд худалдсан байна. Хэрэв сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчийн гаргаж байгаа шаардлага нь байхгүй гэдгийг шүүхэд нотолбол байрны өмчлөгчийг 100 хувь тогтоох боломж байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны А блок 1 давхар, 103 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1 038 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 038 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаас үзвэл нэхэмжлэл нь үндэслэл болон шаардлага гэсэн хэсэгтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхээс хүсч буй эрх зүйн үр дагавар байдаг. Харин нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль зүйн шалтгаан нөхцөл байдаг. ...Нэхэмжлэгч нь уг ажлыг бүрэн гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэж өгсөн мэтээр бичээд шүүхэд тайлбарлаад байдаг боловч бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэж өгөөгүй. Иймээс ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн тухай баримтыг талууд үйлдээгүй байдаг. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь гэрээний заасны дагуу ажлыг гүйцэтгэж, ажил гүйцэтгэсний хөлсийг авахаар хуульд заасан байна. Ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнгээс шалтгаалан хөлсний хэмжээ тодорхойлогдож болохоор байна. Мөн ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үр дүн доголдолтой үүнийг засварлуулахаар шаардаж болохоор заасан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлд ажлыг зохих журмын дагуу бүрэн гүйцэтгэсэн гэх, хариуцагч нь ажлын гүйцэтгэл доголдолтой гэх талуудын зөрүүтэй хэргийн гол нөхцөл байдлыг шинжээч томилж тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой байхад шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Барилгын ажлын доголдлыг мэргэжлийн хуульч, өмгөөлөгч эсхүл өөр гуравдагч этгээд харж тодорхойлж, тогтоох, бие даан нотлох боломжгүй. Иймээс хариуцагчийн тайлбартаа дурдсан нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл доголдолтой гэх тайлбарыг нотлох зорилгоор агаар сэлгэлтийн систем доголдолтой болохыг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Гэтэл шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шинжээч томилуулах тухай нэг удаагийн хүсэлтийг шүүх хүлээн авсныг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдхүүнээр нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхдээ шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд гомдлыг хэлэлцсэн бүрэлдэхүүн хуульд зааснаас давсан эрх хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ түүнийг нотолсон баримтыг хавсаргаж өгөөгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хуульд зааснаар бол үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч өөрийн шаардлагыг шүүхэд гаргаж дараа нь нотлох баримтаа гаргаж өгөх, эсхүл гаргаж өгөхгүй байх нь ч хэргийн оролцогчийн эрх юм. Сөрөг нэхэмжлэлийг эргэлзээгүйгээр нотолсон баримтгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй юм. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаснаас гадна шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гарснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжсэн нотлох баримт бүрдэх боломжтой болох байсан боловч шүүх үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэсэн нь улсын комиссын актаар тодорхойлогдох мэтээр дүгнэж байгаа боловч уг баримт нь тухайн барилгыг ашиглалтад оруулах боломжтой гэдгийг нотлох болохоос агаар сэлгэлтийн систем доголдолгүй ажиллаж байна гэж нотлохгүй юм. Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд олгогдох ёстой орон сууцыг шаардсан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс үр дүн доголдолтой болсон гэх шалтгаан нөхцлөөс шалтгаалан өмчлөх эрх шилжээгүй байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болохыг хариуцагч нотлох зорилгоор удаа дараа шинжээч томилуулах хүсэлтийг гаргахаар шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалздаг. Хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарладаг. Хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгдөггүй, тогтоолгүй. Хийсвэр байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны 207/1-1 давхарын 3 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах-худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны А блок 1 давхар, 103 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууц, авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

/хх-100-101/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны А блок 1 давхар, 103 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууц болон авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь зохигчид 2 өрөө орон сууц болон авто зогсоолын өмчлөлийн талаар маргаж байгаа тохиолдолд уг орон сууц болон авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хэрэв бүртгүүлсэн бол өмчлөх эрх хэний нэр дээр үүссэнийг тодруулах шаардлагатай. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлээр тодорхойлогдох юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж Астра Вилла хотхоны А блок 1 давхар 103 тоот 60,75 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой нотлох баримтыг гаргуулсан боловч авто зогсоолтой холбоотой баримт хэрэгт авагдаагүйгээс маргааны зүйл болох авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, өмчлөх эрх үүссэн эсэх нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Талуудын маргаж буй авто зогсоолын байршил, дугаар хэмжээ, хэний өмч болох нь тодорхойгүй байгаа нөхцөлд уг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр заасан тул анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдалд хүрэх юм.

 

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/00309 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 040 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ