Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00765

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00765

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-ын хариуцагч МД ХХК--д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 84 806 739 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намъянжүгийн гудамжинд баригдаж буй M-Square худалдаа, үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт 4А-76 тоот 5.795 мкв талбайг худалдаж авахаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МД ХХК--тай худалдааны талбай худалдах, худалдан авах №14/25 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 130 ам.доллар буюу 1.796 ханшаар 19 989 480 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21 000 ам.доллар буюу 1 808 ханшаар 37 968 000 төгрөг нийт 57 957 480 төгрөг бэлнээр бүрэн төлсөн. Гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр улирал хүртэл нийт 3 жил хүлээлээ. Бидний хувьд хохиролтой, цаашид барилга баригдахыг хүлээхгүй тул гэрээг цуцалж, дээрх төлсөн 57 957 480 төгрөгийг гэрээний 7.1-д заасны дагуу торгуулийн 115 915 төгрөгийг, 57 957 480 төгрөгийг тухайн үед ам.долларын ханш 1 796, 1 808 төгрөг тус тус тооцож нийт 32 130 ам.долларыг төлсний бодит хохирол болох ханшийн зөрүүнд 2018 оны 12 дугаар сарын Монгол банкны ханшаар 32 130 ам.доллар 2 635.88 төгрөгөөр тооцож 84 690 824 төгрөг гэж бодоход 26 733 344 төгрөгийн хохирол учирсан. Иймд МД ХХК--аас 84 806 739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хэрэгжүүлж буй M-Square худалдааны төвийн 4 дүгээр давхрын 4А-76 тоот 5.975 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 5 544 ам.доллартай тэнцэх монгол төгрөг буюу 57 957 480 төгрөгийг тушааж Л.Б- нь манай компанитай харилцан тохиролцож, талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрснөөр 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажил гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтөлнө гэж дагуу талбайн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам.долларыг монгол төгрөгөөр тооцож авдаг. Гэрээнд М-Square худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатаж, зогсолтгүй ажилласаар 80 хувийн гүйцэтгэлд хүргэж ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Иймд Л.Б- та манай компанийн борлуулалтын хамгийн анхны үнээр, хамгийн сайн давхарт, хамгийн ашигтай талбайг авсан байгаагаа ахин нэг бодож төдийгөөс өдий хүртэл хүлээчхээд буцааж мөнгөө авснаас ашиглалтад оруулсны дараа борлуулбал худалдан авсан төлбөрөө хэд дахин нөхөх боломж байгааг анхааран талбайгаа өөртөө үлдээхийг санал болгож байна. МД ХХК- нь нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжилсэн 32 130 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 989 480 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 37 968 000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний баримттай нийт 57 957 480 төгрөг тушаасан бөгөөд манай компани нэг ч ам.доллар аваагүй тул ам.долларын ханшийн зөрүүг манай байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Л.Б-ын нэхэмжлэлээс ам.долларын ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК--аас 86 806 739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581 983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг бодит байдалд мөнгөөр төлсөн байхад долларын ханшийн зөрүү тооцож ам.доллараар төлбөр тооцоо хийсэн болгож гадаадын мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцооны хэрэглээнд оруулсан илт хууль зөрчсөн хууль бус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Худалдааны талбайг худалдах, худалдан авах гэрээ-д нийт талбайн үнэ 32 130 ам.доллар гэж заасан боловч нэхэмжлэгч тал төлбөрөө төлөхдөө нийт 57 957 480 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал ам.долларыг бидэнд өгөөгүй. Манай компани нэхэмжлэгч талаас бэлэн ам.доллар аваагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр маргааны үйл баримтын бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан нь нотлох баримтуудыг буруу үнэлсэн, гадаадын мөнгө тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэхийг хориглосон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тодруулбал, хэргийн материалд авагдсан баримтуудад нэхэмжлэл тал гадаад валют, ам.доллараар төлбөр төлсөн, тооцоо хийсэн баримт байхгүй. Харин 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 19 989 480 төгрөгийг төлсөн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 37 968 000 төгрөгийг бэлнээр төлсөн атал шүүгч гадаад валютын ханшийн зөрүүг хөрвүүлэн бодож тооцож шийдвэрлэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг дагаж мөрдөөгүй, энэхүү хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэдэг тул мөнгөн төлбөрт мөнгөний ханшийг тооцож болохгүй учраас Монгол төгрөгөөр төлсөн төлбөрийг Монгол төгрөгөөр нь буцааж өгөх ёстой бөгөөд гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар хориглосон байхад валютын ханшийн лавлагаанд тулгуурласан нэхэмжлэлийн шаардлага шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг дагаж мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын 58 073 395 төгрөгийг хангаж шийдвэрлэж хууль шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч МД ХХК--д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 32 130 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 84 806 739 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь нийт 57 957 480 төгрөг тушаасан бөгөөд манай компани нэг ч ам.доллар аваагүй тул ам.долларын ханшийн зөрүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14/25 дугаартай Худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ-гээр Л.Б- нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, M-Square худалдаа үйлчилгээний төвийн 4 давхарт 5 795 м.кв талбайг худалдан авч, үнэд 32 130 ам.долларыг төлөх, МД ХХК- нь барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулан, гэрээнд заасан талбайг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргийг харилцан тохиролцжээ. /хх5-8/ Талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний худалдан авагч тал Л.Б- нь 32 130 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 130 ам.доллар, мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21 000 ам.долларыг тус тус төлөхдөө ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэн нийт 57 957 480 /19 989 480+37 968 000/ төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 9, 44-45/

 

Нэхэмжлэгчийн ...гэрээний 5.1, 7.1-д заасны дагуу барилгыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч 2018 оны 4 дүгээр улирал хүртэл нийт 3 жил хүлээсэн, цаашид барилга хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй гэх тайлбарыг болон гэрээний дагуу 57 957 480 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иймд худалдагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа олгож, хүлээсэн боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн тул нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Талууд гэрээний үнийг ам.доллараар тогтоосон боловч төлбөрийг тухайн үүрэг гүйцэтгэх өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн гүйцэтгэхээр дээрх гэрээний 2.3 дахь хэсэгт тохиролцсон, мөнгө шилжүүлсэн баримтад энэ талаар тусгасан, энэ нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд талууд гэрээний үнийг ам.доллараар тогтоосноор Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлсөн 32 130 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 84 690 824 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 7.1-д ...гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасны дагуу 115 915 төгрөгийн торгуулийг нэхэмжилсэн ба нийт 84 806 739 төгрөг /84 690 824 + 115 915/-ийн шаардлага гаргасан байна.

 

Нэг тал гэрээнээс нэгэнт татгалзсан нөхцөлд нөгөө талаас гэрээнд зааснаар торгууль шаардах эрхгүй, шүүх 115 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу тул нэхэмжлэлийг хангасан дүнгээс 115 915 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэлийг 84 690 824 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй байх ба шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 86 806 739 төгрөг гэж бичсэн нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болох гэрээнээс татгалзах, татгалзсаны үр дагаврыг арилгахтай холбоотой хэрэглэвэл зохих хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт зөв хэрэглээгүйг залруулж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг тогтоох хэсэгт оруулна.

 

Харин гэрээнд төлбөрийг ам.доллараар тохирсон боловч төлбөр төлөх үеийн төгрөгтэй харьцах ханшаар тооцож, төлбөрийг төгрөгөөр гүйцэтгүүлсэн, гэрээний энэ заалтын дагуу ам.доллараар төлсөн төлбөрөө нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон төгрөгөөр буцаан шаардаж байгааг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй тул шийдвэрт уг заалтыг баримтлах шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс 84 690 824 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 115 915 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01094 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК--аас 84 690 824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-од олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 915 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын 581 990 төгрөг гэснийг 581 404 төгрөг гэж тус тус

өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 163 980 төгрөгөөс 581 990 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 581 990 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ