Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0602

 

2017 оны 8 сарын 23 өдөр                   Дугаар 221/МА2017/0602                          Улаанбаатар хот

        

“М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, А.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.О, гуравдагч этгээд файсон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар ирсэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, “М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “М М” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Файсон” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “М М” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Уг шийдвэр нь хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу цуглуулсан, мөн нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор дүгнээгүй тул хууль ёсны бус гэж үзэж байна.

... Хариуцагч тал болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр үл зөвшөөрч “Уг өргөдөл нь NE-0000 дугаарт бүртгэгдсэн бөгөөд өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэж, энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 18 дугаар зүйлийн 18.2-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд NE-00000 дугаартай өргөдлийн талбай нь улсын тусгай хамгаалалтанд авсан "Бүрдэн булаг" нэртэй газартай 0.99 га талбайгаар давхацсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хангаагүй” гэсэн байх тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 940 дугаартай шийдвэрээр "М М" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч тал Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн 0.99 га талбайгаар давхацсан гэдэгтэй маргаагүй боловч Кадастрын зургийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ноогдох хэмжээнээс ихгүй байна гэж заасны дагуу тооцвол зургийн нарийвчлал нь 10 метрээс ихгүй байна гэсэн агуулгатай байх тул давхцалд тооцогдохгүй гэж маргажээ. Үүнийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талын тайлбарт хэт шүтэн нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр “Тусгай зөвшөөрөл шинээр авах тухай” өргөдлийг зураг зүйн шүүлтэнд тэнцэхгүй буюу улсын тусгай хамгаалалттай газартай уртаашаа 3.2 км, өргөөшөө 2.3-3.3 метр хэмжээгээр буюу 0.99 га хэмжээгээр давхацсан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцээгүй байна” гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж байна.

Учир нь хариуцагч тал болох Кадастрын хэлтсээс тухайн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.2.3-д заасны дагуу хянан шийдвэрлэж ажилласан нь тодорхой байхад буруутгасан нь хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-д тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхыг шаардсан байна. Гэтэл "М М" ХХК-ийн өргөдөл өгсөн газар нь 0.99 га тусгай хэрэгцээний газартай давхцсан байна гэж зураг шүүлтээр батлагдан гарсан нь нотлох баримтаар батлагдсан байдаг.

Мөн анхан шатны шүүх нь “Кадастрын зураглал ба газрын кадатсрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар кадастрын зургийг үйлдэхээр зохицуулсан байна. Гэтэл хариуцагч хуулийн дээрх шаардлагыг хангалгүйгээр хуульд заасан масштабаар даруй 2.7 дахин их нарийвчлалтай зураг зүйн шүүлт хийсэн болох нь ашигт малтмалын кадастрын тойм зураг 1:273936 масштабаар хийгдсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан шүүлт хийсэн бичгийн нотлох баримт болон хариуцагчаас ирүүлсэн тойм зургаар нотлогдож байна” гэж тодорхой бус өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь 1:100000 масштаб нь 1см-т 1 км /1000м/ газар бол 1:273936 масштаб нь 1см-т 2,7 км /2739м/ газар буюу илүү нарийвчлалтай биш, илүү тойм зураг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь мэргэжлийн бус, буруу дүгнэлт хийсэн нь харагдаж байна.

Зургийн масштаб нь талбайн хэмжээнээс хамаарч өөр өөрөөр дүрслэгдэнэ. өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 га-аас багагүй, 150 мянган га-аас ихгүй байна” гэж заасныг үзвэл тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл тус бүрийн талбайн хэмжээнээс хамаарч зурагт харилцан адилгүй дүрслэгдэх учир Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасан 1:100000-ны масштабаас багагүй байхаар дүрслэх боломжгүй юм. "М М" ХХК-ийн өргөдлийн талбай нь 10230,6 га байгаа нь хуульд заасан хамгийн бага хэмжээнээс 409 дахин том учир илүү тойм дүрслэх нь хариуцагч талын зөв гэж үзэж байна.

Мөн хэрэгт хамааралгүй NE-025139, NE-025252 дугаартай өргөдлүүдийн давхцал 0,01-0,22 га байхад тусгай зөвшөөрөл олгосон гэж барьцаж буй дээрх 2 өргөдлийн талбайн давхцал нь "М М" ХХК-ийн өргөдлийн давхцалтай харьцуулж үзвэл 0,01 га нь 99 дахин бага, 0,22 га нь 4,5 дахин бага байгаа учир Ашигт малтмалын газар дээрх өргөдлийг давхцалгүй гэж үзсэн байх боломжтой.

Тухайн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 692 тоот шийдвэрээр өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5 заасныг баримтлан нотлох баримтанд зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, түүнчлэн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь ямар ч нэмэлт ажиллагаа хийгээгүй ба зураг зүйн шүүлтийн нарийвчлалын талаар үзлэг шалгалт ч хийгээгүй урд нь байсан нотлох баримтан дээр л нэг талыг барьсан шийдвэр гарлаа гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ/2017/0446 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... “Хуульд заасан масштабаас даруй 2.7 дахин их нарийвчлалтай зураг” гэдэг нь “М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч “М М” ХХК болон гуравдагч этгээд 2-ын өргөдөл гаргасан талбайн хил, зааг, тэдгээрийн давхцалыг харуулах зорилгоор шүүхэд гаргаж өгсөн зурган баримт болно.

Түүнээс нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зураг зүйн шүүлт хийсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучнаар/-ийн ашигладаг /одоо ч ашиглаж байгаа/ уул уурхайн кадастрын мэдээллийн сан буюу CMCS систем нь хуульд заасан масштабын дагуу өргөдөлд зураг зүйн шүүлт хийж гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, гуравдагчийн өргөдлийн талбайн давхцлыг харуулсан тойм зургийг нэхэмжлэгчийн өргөдөлд зураг зүйн шүүлт хийсэн кадастрын зураглал мэтээр ойлгож, шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болгож дүгнэсэн нь алдаатай шийдвэр /дүгнэлт/ болсон.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “М М” ХХК-ийн Д аймгийн Э сумын Х нэртэй талбайд гаргасан ХА-19750-001Е, 26732 өргөдлийг төрийн захиргааны байгууллага хянан шийдвэрлэх явцад буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.3-т заасны дагуу зураг зүйн шүүлт хийх явцад үүссэн маргаан болно.

Гэтэл анхан шатны шүүхээс өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т заасан тухайн талбай орших аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах процесс, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын е-д заасан аймаг, нийслэлийн Засаг даргын нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх бүрэн эрх зэрэг холбогдох хуулиудаар тогтоосон журам /процедур/-ыг алгасаж /зөрчиж/ шууд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Учир нь:

1. Нэхэмжлэгч “М М” ХХК нь анх шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “М М” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Файсон” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Ингэснээр тухайн газарт “Файсон” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрлийг хэрхэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

2. Хэрэгт хэд хэдэн кадастрын зураг авагдсан байхад шүүх “хариуцагч хуульд заасан масштабаас даруй 2.7 дахин их нарийвчлалтай зураг зүйн шүүлт хийсэн болох нь нотлогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр бусад кадастрын зургуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болох тодруулбал, хариуцагчаас ирүүлсэн “М М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн талбай нь улсын тусгай хамгаалалттай газартай 3,2 км урт, 2,8-3,3 м өргөн, нийт 0,99 га талбайгаар давхацсан талаарх 1:100 масштабтай зургийг ямар учраас нотлох баримтаар үнэлээгүй нь болох нь тодорхойгүй байна.

Энэ нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасны дагуу хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухайгаа шүүхийн шийдвэрт бүрэн тусгаагүй болохыг харуулж байх төдийгүй ямар учраас зөвхөн 1:273936 масштабтай кадастрын зургийг нотлох баримтаар үнэлсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.3, 19.4, 19.6-д тус тус зааснаас үзэхэд хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, аймаг, нийслэлийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх бөгөөд дэмжсэн хариу өгсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгч “М М” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн шаардлагууд энэ тохиолдолд хэрхэн хангагдсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ”, 5.3.2-т “жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар”, 5.4-д “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж кадастрын зургийн нарийвчлал болон кадастрын зургийг ямар масштабаар үйлдэх асуудлыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, ямар учраас шүүх Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.3.2, 5.4 дэх заалтууд нь хүсэлтэд дурдсан талбай тусгай хэрэгцээний газартай давхацсан эсэх талаар захиргааны байгууллага хэрхэн шүүлт хийх, ямар хэмжээний давхцалыг давхцалд тооцох эсхүл тооцохгүй байж болох зэрэг асуудлыг зохицуулсан зохицуулалт гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН